Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 149/2018/00239/И |
Дугаар | 001/ХТ2021/01160 |
Огноо | 2021-10-05 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2021/01160
Д.П-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар магадлалтай,
Д.П-ийн нэхэмжлэлтэй
Д.Б-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнх-Эрдэнэ
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, №0121356 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 49,154,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сард Мандал сумын 7 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай барилгаа зарах гэж байхад Д.Б бид нар луу өөрөө залгаад бид нарт туслахаар болж, бид барилгаа Д.Б-ийн нэр дээр шилжүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Д.Б-ийн нэр дээр шилжүүлэн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч ашиглахаар болсон. Ер нь бол энэ санааг Д.Б өөрөө санаачилсан юм. 2017.05.22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Д.Б-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж, 2017.05.30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс Д.Б 20,000,000 төгрөгийг авч бид үлдэх 150,000,000 төгрөгийг нь авсан. 150,000,000 төгрөгөөс бид Хас банкны зээл 79,000,000 төгрөгийг төлж үлдэх мөнгөөр нь бизнес эрхэлсэн. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл бид зээлээ төлж байсан. Энэ хугацаанд 19,210,000 төгрөгийг банкинд төлсөн байсан. Үүнээс хойш бид зээлээ төлж чадахгүй байсан тул Солонгос улс руу 2018.03.06-ны өдөр яваад 2018.05.25-ны өдөр буцаж ирсэн. Энэ хооронд Д.Б та нар зээлээ төл эсвэл байшин саваа сулла гэсэн байсан. Тэгээд хүү маань бид нарт хэлээд бид нар барилгаа зарахаар болсон. Бид нар Д.Б-тэй ярилцаж тохироод хажуу талын газраа авч үлдье, тэгээд 235,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. 235 сая төгрөгөөс Худалдаа хөгжлийн банкинд 145,607,000 төгрөгийг, Д.Б-ийн бидний өмнөөс банкинд төлсөн 11,473,000 төгрөг, татварт 4,700,000 төгрөгийг, нотариат болон бусад зардалд 66,000 төгрөг, нийт 161,846,000 төгрөг болсныг 235,000,000 төгрөгөөс хасч тооцоход 73,154,000 төгрөг үлдэж байгаа. Үүнээс Д.Б-ийн бидэнд бэлнээр өгсөн 24,000,000 төгрөгийг хасч тооцоод одоо үлдэх 49,154,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, №0121356 дугаартай газрын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Д.П түүний нөхөр н.Шархүү нартай олон жил найзалж нөхөрлөж явсан хүн юм. Энэ хоёрыг хүнд нөхцөлд орчихсон байх үед нь байгаа боломжоороо тусалъя гэж бодсон. Надад ямар нэгэн заль шунал байгаагүй. Тэгээд би энэ хоёрын үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, банкнаас өөрийн нэр дээр зээл авч өгөхөөр болсон юм. Д.П надад 150,000,000 төгрөг байхад болно гэсэн. Тэгээд бид нар 2017.05.22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулсан. Тэгээд би Худалдаа хөгжлийн банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан. Би 170,000,000 төгрөгийн зээл аваад 150,000,000 төгрөгийг нь Д.П-д өгөөд өөрөө 20,000,000 төгрөгийн зээлийг авснаа төлж дуусгасан. Эхний 3 сарын буюу 2017 оны 06, 07, 08 дугаар сарын төлөлтөө хийсэн. 2017 оны 09, 10, 11, 12 дугаар сард 10,442,000 төгрөгийг энэ хоёр дутуу төлсөн. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл 16,251,860 төгрөгийг би төлсөн. Энэ хоёр зээлээ төлөхгүй байсан учир эрсдлээс гарахын тулд уг барилгыг зарахаар хүн хайж эхэлсэн. Тэгээд М.Мөнх-Эрдэнэд гэдэг залууд уг барилгыг үзүүлж зарахаар болсон. Энэ тухайгаа Д.П-ийн хүү Ш.Хэрлэнд мэдэгдсэн. Тэгээд Д.П надтай Солонгос улсаас яриад бид ярилцаж тохироогүй. Дараа нь бид дахин яриад зарахаар болсон. Тэгээд би уг барилгыг М.Мөнх-Эрдэнэд 235,000,000 төгрөгөөр зарахаар болж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 235,000,000 төгрөгөөс 144,500,000 төгрөгөөр нь банкных нь зээлийг хаасан. Мөн энэ хоёрын өмнөөс банкинд төлсөн 12,609,860 төгрөг, татварт 4,764,000 төгрөгийг төлөөд уг барилгын халаалт дулааны төлбөр болон бусад төлбөрт 10 сая төгрөгийг М.Мөнх-Эрдэнэд суутгуулж үлдээсэн. Мөн бэлнээр 24,000,000 төгрөгийг Д.П-ийн дансанд хийсэн. Ингээд нийт 198,873,860 төгрөгийг би Д.П-д төлсөн гэж үзэж байгаа юм. Нэхэмжилж байгаа 49,154,000 төгрөгийг төлөхгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018.04.17-ны өдөр Сэлэнгэ аймаг, Мандал сумын 7 дугаар баг /Аш дэлгүүрийн баруун талд/ байрлалтай 468.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 336 м.кв газрын хамт Д.Б-ээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкнаас 2018.04.30-ны өдөр 235,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаа хөгжлийн банкинд 165,603,669 төгрөгийн барьцаанд байсан нэг иргэний өмч болох ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шүүх цагдаа зэрэг байгууллагад маргаантай асуудал байнга эсэхийг шалгаж үзээд худалдан авсан. Барилгын төлбөрийг бүрэн төлсний дараа барилгын зургийг надад өгөхөөр тохирсон байсан боловч одоог хүртэл өгөөгүй. Гэтэл уг үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч холбоогүй Д.П гэх хүн гарч ирээд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Одоогийн байдлаар уг барилгын засвар үйлчилгээнд гаргасан зардал 20 ширхэг баримтаар 29,478,740 төгрөгийн, баримтгүйгээр 2,700,000 төгрөгийн зардал гарчихаад байна. Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлөлт 280,051,027 төгрөг болсон. Одоогоор уг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан 235,000,000 төгрөг ороод нийт 312,229,767 төгрөг болоод байна. Д.П гэдэг хүн ажил дээр хүрч ирээд намайг луйвар хийсэн гэж хэлж ярьдаг. Миний хувьд бол Д.Б-д 235,000,000 төгрөгийг нь бүрэн өгсөн. Би уг үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч хүн. Барилгын үнэ 235,000,000 төгрөгөөс надад уг барилгатай холбоотой дулаан цахилгааны үнэнд 10,000,000 төгрөгийг суутгуулж үлдээсэн. Тэр мөнгөнөөс 3,000,000 орчим төгрөг нь надад байгаа. Уг мөнгийг би барилгын зураг өгвөл өгч болно. Би Д.Б-д барилгын үнийг бүрэн төлчихөөд байхад надад барилгын зургийг одоо болтол өгөхгүй байна. Мөн улсын комисст хүлээлгэж өгөөгүй барилгыг надад зарсан байсан. Энэ нь надад үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа. Энэ хэрэг маргаан дууссаны дараа би шүүхэд нэхэмжлэл гаргах болно” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ээс 49,154,000 төгрөгийг гаргуулах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, №0121356 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.П–ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.07.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 403,720 төгрөгийг, 2018.09.11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Д.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.П-ээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 353,720 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Бид Д.Б-тэй холбоо барьж 235,000,000 төгрөгт байраа заръя, тал газраа үлдээхээр ярьж тохироод байсан. Тэр үед Д.Б надад хэлэхдээ “та бид 2-ын дунд байгаа тооцоогоо та мэдэж байгаа үлдэгдэл мөнгө /235 сая/ өгч авах тухайгаа ярина” гэсэн. Би ч 235,000,000 төгрөгөөс банкинд 145,607,000, Д.Б миний өмнөөс банкинд төлсөн 11,473,000 төгрөг, татвар нотариатад төлсөн 4,764,000 төгрөг хасаад 73,156,000 төгрөг авна гэж бодсон. Ингээд бид Солонгост байгаа учир бэр, хүү нартаа хэлээд зөрүү мөнгөө аваад аавынхаа дансанд хийгээрэй гэж захисан. Миний бэр Алтанцэцэг Д.Б-тэй уулзаад энэ тухай хэлэхэд нь “тэгэлгүй яахав би миний дансанд мөнгө оронгуут чамд хэлнэ“ гэж хэлсэн байдаг. ...Бид Солонгос улсаас ирээд хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгийг минь зарчихсан юм чинь уулзаж учраад мөнгө төгрөгийнхөө тооцоог хийх байх гэж хүлээсэн, гэтэл таг чиг байхаар нь утасдаж хэзээ уулзах тухай асуухад янз бүрийн арга саам хийж байгаад уулзсан. ...ингээд уулзаад тооцоогоо нийлсэн, бүгд таарч байсан. ...Бид эцэст нь 24,000,000 төгрөг бэлнээр авсан ба 73,156,000 төгрөгөөс 24,000,000 төгрөгийг хасч 49,156,000 төгрөгийг зараагүй үлдээсэн газрыг авах хүсэлт гаргасан юм. Одоо зараагүй үлдээсэн газар Д.Б-ийн нэр дээр гэрчилгээ нь гарсан байгаа. Бид 2 хүүгийнхээ хамт 3 давхар барилгын 3 давхарт амьдарч байсан. Барилгын өргөтгөл хийхдээ хашаа байшингаа зарсан байсан. Учир одоо хүүгийнхээ хашаа байшинд амьдарч байна. Ямар ч бизнесийн эх үүсвэргүй хэцүү байдалд орсон. Өрөө төлөхийн тулд тэтгэврийн зээлээ 3 жилээр авсан байсан. Ийм хэцүү байдалд орсон бидний маргааныг үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалд “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл боловч нэхэмжлэгч Д.П нь тодорхой шалтгааны улмаас шилжүүлэн өгсөн үл хөдлөх хөрөнгийг худалдсан үнээс нь өөрийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх эрх өөрөөр хэлбэл эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Д.Б-д олгосноор урьд байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Д.П-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна...” гэжээ. Анхан шатны шүүх ч ингэж дүгнэсэн ба энэ нь учир дутагдалтай байна. Д.П нь банкны барьцаанд байсан өөрийн болон хүү Ш.Хэрлэнгийн өмчлөлийн 468.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 336 м.кв талбай бүхий газрын хамт уг үл хөдлөх хөрөнгө, газрыг бусдад алдахгүй зээлээ төлж өөрийн өмчлөлд үлдээх зорилгоор Д.Б-ийн “...миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлчих дараа нь банкны зээлээ төлөөд өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд аваарай... гэж санал тавьсныг зөвшөөрч Д.Б-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Эхний хэдэн сарын банкны төлөлтийг Д.П банкинд төлсөн байдаг ба дараа нь бизнесийн үйл ажиллагаа доголдолд орж, улмаар зээлээ төлөх зорилгоор Солонгос улсыг зорьж очсон боловч мөн зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна. Д.Б Д.П рүү Солонгос улсад байхад нь утасдаж “...зээлээ төл өө, төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүл...” гэсэн шаардлага тавьсан учир аргагүй эрхэнд заръя гэсэн шийдэлд хүрсэн ба уг объектыг 235,000,000 төгрөгөөр зарсан. Д.П зарахыг зөвшөөрсөн үндэслэл нь банкны өр, зээлийг дарах, үлдэгдэл мөнгийг буцааж авахаар тохиролцсон байдаг. Энэ тал дээр анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь дүгнэлт огт хийгээгүй, шийдвэртээ тусгаагүй. Нэхэмжлэлийн гол шаардлага нь худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах эсвэл 235,000,000 төгрөгийн үлдэгдэл 49,154,000 төгрөгийг гаргуулъя гэсэн байдаг. ... Д.П, Д.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн бөгөөд харин анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэж байгаа нь чухам ямар нотлох баримтын хүрээнд дүр үзүүлэн хийсэн хэлцэл яаж, ямар хэлбэрээр, ямар нотлох баримтаар хожим хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.П нь Д.Б-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, №0121356 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 49,154,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд “...Д.П, Д.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн, ...хуулийг буруу хэрэглэсэн. ...Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг гаргасан.
Гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Д.П нь Ш.Хэрлэнтэй хамтран өмчлөх Сэлэнгэ аймаг, Мандал сумын 7 дугаар баг /Аш дэлгүүрийн баруун талд/ байрлалтай 468.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 336 м.кв талбай бүхий газрын хамт Д.Б-ийн нэрээр банкнаас зээл авах зорилгоор 2017.05.22-ны өдөр түүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Д.Б шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалан өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авч, 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.
Нэхэмжлэгч дээрх зээлийг зохих журмын дагуу төлж байсан боловч санхүүгийн боломжгүй, бизнесийн үйл ажиллагаа нь доголдсоны улмаас төлж чадахгүйд хүрсэн бөгөөд энэ байдлаас гарахын тулд зохигч үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж банкнаас авсан зээлээ төлөх талаар харилцан тохиролцжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл боловч Д.П үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Д.Б-д олгосноор урьд байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр болсон гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Банкнаас зээл авах зорилгоор 2017.05.22-ны өдөр талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүд Д.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тул Д.П бусдад худалдахыг Д.Б-д зөвшөөрснийг дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг олгосон хүсэл зоригийн илэрхийлэл, түүний агуулгаас зөрүүтэй дүгнэлт хийсний улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2018.04.17-ны өдрийн гэрээгээр Д.Б нь 235,000,000 төгрөгөөр Сэлэнгэ аймаг, Мандал сумын 7 дугаар баг /Аш дэлгүүрийн баруун талд/ байрлалтай 468.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 336 м.кв талбайтай газрын хамт М.Мөнх-Эрдэнэд худалдахаар харилцан тохиролцсон нь тогтоогджээ.
М.Мөнх-Эрдэнэ гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 235,000,000 төгрөгийг Д.Б-д төлснөөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхтэй болжээ.
Тиймээс Д.П М.Мөнх-Эрдэнэд үл хөдлөх эд хөрөнгийн зарсан үнэ 235,000,000 төгрөгөөс өөрийн өр төлбөрөө тооцож, Д.Б-ийн бэлнээр өгсөн болон түүнээс гаргасан хохирлыг хасаж үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй.
Хяналтын шатны шүүх “...Д.Б-ээс 195,846,000 төгрөгийн зардал гарсан байна...” гэж хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, тогтоосон үлдэгдэл төлбөрөөр тооцож хариуцагчаас 39,154,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, №0121356 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.П-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ээс 39,154,000 төгрөгийг гаргуулж Д.П-д олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,120 төгрөгийг Сэлэнгэ аймаг, Мандал сумын Төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, Д.Б-ээс 353,720 төгрөгийг гаргуулж Д.П-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 353,720 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД