Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0640/З |
Дугаар | 128/ШШ2021/0720 |
Огноо | 2021-11-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2021/0720
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: М Ерөнхийлөгч
Нэхэмжлэлийн шаардлага: М Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч, магистраар төгсөж, 2009 онд хуульчийн сонгон шалгаруулалт өгч хуульч болсон. Тэр хугацаанаас хойш тасралтгүй татвараа төлж ирсэн, төрийн байгуллага болох Гаалийн байгууллагад ажиллаж байсан. 2021 онд Монголын өмгөөлөгчдийн холбооноос Цагдаагийн ерөнхий газарт хандан лавлагаа гаргуулахад би 2015 онд Гаалийн байгууллагад ажиллаж байхдаа 2 жилийн тэнсэн ял авч, ялаа эдэлсэн.
Үүнийг Монголын хуульчдын холбоонд Монголын өмгөөлөгчдийн холбоо уламжлахад Монголын хуульчдын холбоо тушаал гаргахдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Уг заалтад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа гэсэн нь би тухайн үйл ажиллагаа болох шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажиллаж байгаагүй ба гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон.
Монголын хуульчдын холбооны мэргэжилтэн надаас холбогдох нотлох баримтаа авч ир гэсэн. Та 2015 онд хуульч болсон байна гэсэн ба 2009 онд болсноо мэдэгдсэн боловч намайг татвараа төлсөн байна гэдэг үндэслэлээр миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргасанд би хүсэлт гаргахад 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариу өгсөн.
Мөн уг мэдэгдэл, хүсэлтэд хариу бичиж тушаалын дугаар 82, 83, гэсэн зөрүүтэй, мөн тушаалын он, сар 2020, 2021 гэх зэргээр байх тул тус үндэслэлийг харгалзан хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монголын хуульчдын холбоо нь холбогдох хууль болон Хуульчдын холбооны дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн, хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд Холбоо нь хуурийн хэрэгжилтийг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас гишүүн хуульчдад холбогдуулан ял шийтгэгдсэн эсэх талаар лавлагааг гаргуулан авч, улмаар гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг батлан гаргаж, мөрдүүлсээр ирсэн.
Нэхэмжлэгч Б.Д нь С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8б/650 дугаартай лавлагаагаар тогтоогддог.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах төрлөөр үл хязгаарлагдах бөгөөд үг, үсэг, агуулгын хувьд Хуульч хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тодорхой хуульчилж өгсөн байдаг.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Б.Д нь Х Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаал батлагдахаас өмнө Хуульчдын нэгдсэн бүртгэлийн 2403 дугаарт бүртгэлтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч байсан.
Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 21 дүгээр тогтоолын Хавсралт 1-ээр батлагдсан Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам-аар зохицуулдаг бөгөөд тус журмын 1.3 дугаар зүйлийн 3-т холбооны гишүүний болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг гишүүний болон хуульчдын нэгдсэн бүртгэл гэнэ хэмээн тодорхойлсон ба мөн журмын 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хуульч өөрөө хүсэлт гаргасан бол гишүүнчлэлийн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр заасан. Харин ийнхүү өөрийн хүсэлтээрээ хуульчийн гишүүнчлэлийн эрх болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуульчийн гишүүний татварыг Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монголын Хуульчдын холбооны гишүүний татварын журам-ын 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөхөөр журамласан.
Гэтэл нэхэмжлэгч Б.Д нь төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хуульчийн эрхээ түдгэлзүүлэхээр тус Холбоонд хүсэлтээ ирүүлж байгаагүй ба гишүүний үүргээ биелүүлсээр байсан нь түүнийг хуульчаар ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д-с М Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан М Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч Б.Д нь Монголын Хуульчдын холбооны 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2403 дугаарт бүртгэгдсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд М Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Д-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2403 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д ... хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно, Эрүүгийн /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж /хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн/ үйлдсэн бол .... санаатай үйлдсэн гэж үзнэ, 268 дугаар зүйлийн 268.1-д Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл Эрүүгийн хуульд заасан Хээл хахууль авах гэмт хэрэг нь санаатай үйлдэгдэх гэмт хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь хуульчаар ажиллаж байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8б/650 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Б.Д нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа гэсэн нь би тухайн үйл ажиллагаа болох шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажиллаж байгаагүй ба гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон гэж тайлбарлах боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг; ойлгохоор зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрх зөвшөөрөлтэй хуульч тул хуульчаар ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2403 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосон М Ерөнхийлөгчийн тушаал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д ...хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно. гэж заасанд нийцсэн байна.
Иймд Б.Д-с М Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан М Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-с М Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан М Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН