Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 106

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо             

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Жаргалсайхан

  Улсын яллагч А.Золзаяа нарыг оролцуулав.

     Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаалт  явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 89-р зүйлийн 89.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Булганбаатар, Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 201601000096 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, ээж, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Түшиг сум Жаргалмандах 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 123 тоот шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар хянан харгалзсан, 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1, 79-р зүйлийн 1-т зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 289 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар, 2010 оны оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Доржийн Булганбаатар /РД:МН-75122873/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд  1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 3 дугаар баг 44 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар /РД:МХ-82041455/,

 

Холбогдсон хэргийн талаар

    Шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар ОХУ-аас адуу мал авч ирэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилийн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрших 597 дугаар тэмдэгийн 1 дүгээр туслах тэмдгээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү тус тус морин уналгаар гарч 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хилийн 597 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт  холбогджээ.

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

         Шүүгдэгч Д.Булганбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө Мөнхбаатар бид 2 манайхаас хөдөлж Ар хөндий гэх газраар явж байгаад Оросын хилийн наагуур уулан дундуур явж байтал баахан үхэр мал харагдсан. Тэгээд Оросын хилтэй ойрхон байгаагаа мэдээд буцаж яваад Оргил гэдэг айлд сууж байтал хилийнхэн орж ирсэн. Бид 2 эвэр түүх гэж уул руу явсан. Санаатайгаар хил нэвтрээгүй...” гэ мэдүүлэг

Шүүгдэгч М.Мөнхбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.... Би Зэлтэрт очихдоо морьны наймаа хийх гэж очсон боловч Булганбаатар намайг “2-уулаа эвэрт явчихаад ирэх үү” гэхэд нь тэгье гээд цуг явсан. Хи давснаа мэдээгүй...” гэх мэдүүлэг      

Гэрч  Э.Чинзоригийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хилийн 0243 дугаар ангийн Хилийн төлөөлөгчийн алба хариуцсан ажилтан орчуулагчаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж байна.... Намайг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Хилийн 02 дугаар заставт Заставын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад 08 цаг 20 минутанд Төвөөс хилийн 597 дугаар тэмдэгийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү Монгол улсын 2 иргэн нэвтэрч ОХУ-ын иргэн хараад зугатаасан гэсэн мэдээ ирсний дагуу “буундаа” командаар тусгай томилгоот бүлгийг гаргаж эрлийн ажиллагааг эхэлсэн. Тусгай томилгоот бүлгийн энгийн ажилтан Гантөмөр, түрүүч Нямдорж, түрүүч Улаанхүү нэг нь хэн байсныг санахгүй байна. Бид заставын байрлалаас Хужир хилийн харуул хилийн 597 дугаар тэмдэгийн  чиглэлд автомашинтай гарсан. Би 598 дугаар тэмдэгт дээр Гантөмөр, Улаанхүүг хяналт тавих, мөр хянуулахаар үлдээж, Нямдоржийн хамт ОХУ-ын хилийн албаны хүмүүстэй мөр хүлээлцэхээр явсан. Хилийн 597 дугаар тэмдэгийн баруун талаар 600м газарт ОХУ-ын хилийн албаны хүмүүстэй мөр хүлээлцсэн. Биднийг мөр хүлээлцэхээс өмнө  манай заставаас гарсан мотоциклтэй нутгийн гүнээр хаалт манааны үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Чинбатын бүлэг хил зөрчин орж ирсэн Булганбаатар, Мөнхбаатар нарыг саатуулж байсан. ОХУ-ын хилийн албан хаагчидтай мөр хүлээлцэхэд ОХУ-ын талаас Баяраамов.Р.А, Цырендондопов.В.Н, нар байсан. тэд манай иргэн Юговын мэдээлснээр шалгалтын ажиллагаа явуулахад 2 морьтой хүний мөр ОХУ-ын тал руу орсон байсан мөрийг дагаж явсаар байгаад ОХУ-ын талаас гарч Монгол улсын хил рүү  гарсан мөр байсан гэсэн. Тэгээд манайд хүлээлгэн өгсөн. Хил зөрчигч Булганбаатар, Мөнхбаатар нар нь морин уналгаар Хилийн 597/1 дүгээр тэмдэгээс  зүүн тийш 600 метр орчим газраар Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч 597/1 дүгээр тэмдэгээс баруун тийш 1000 метр газраа ОХУ-ын талаас Монгол улсын нутаг дэвсгэр лүү орсон байсан.  

Булганбаатар, Мөнхбаатар нарын улсын хилээр нэвтэрсэн газарт хилийн багана, тэмдэгт тор байхгүй, зогоон байдаг. Зогоон нь ойн зурвас бүхий модгүй хэсэг. Хил зөрчигчдийн хил нэвтэрсэн газраас 600метр 597/1 дүгээр тэмдэг, бас хамгийн ойрхон харуулын цэг  Хужир нь хил зөрчигчдийн гарсан, орсон газраас 6-7 км-т байрладаг. Манай хариуцсан 2 дугаар заставын бүсэд зориулалтын мөр хянах зурвас тор байхгүй. Булганбаатар, Мөнхбаатар нарын ОХУ-ын тал руу орсон газарт ОХУ-ын хил, тор, тэмдэгт байхгүй тэр зогоон даваад л ОХУ-ын хил рүү орж байна гэсэн үг. Хоёр улсын тэр хэсэгт хилийн багана, тор байхгүй, зөвхөн зогоон байдаг. Зогоон гэдэг нь ойн огтолсон зурвас юм. Хил явж байгааг илтгэсэн модыг нь авсан зурвас юм” гэх мэдүүлэг /хх-н 109 тал/

Гэрч Б.Баттүвшингийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “ Би 2014 оны 11 дүгээр сараас хойш шуурхай жижүүрээр ажиллаж байна. Намайг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед ОХУ-талаас “Хилийн 597 дугаар тэмдэгийн чиглэлээр 2 морьтой Монгол иргэн ОХУ-ын гүн рүү 3.5 км нэвтэрч бэлчээрт байсан адууг хулгайлах гэж байгаад Орос иргэдийг хараад зугатаасан” гэсэн  мэдээлэл ирсний дагуу шуурхай ажиллагааны бүлэг зэвсэг бусад хэрэгслийг авч  09 цаг 30 минутанд бэлэн болсон. Шуурхай ажиллагааны бүлэг 4 хүнтэй байсан. Бүлэгт а/х Баттүвшин, а/а Баатарчулуун, а/а Сэлэнгэ, д/а Дашдорж, эрлийз нохой гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. Шуурхай бүлэг 09 цаг 50 минутанд ангийн байрлалаас гарч, Шаамар, Зүүнбүрэн, Монстойн давааг давж, Хонгор овоо, Шар хадаар эрлийн ажиллагааг хийж байхад Нутгийн гүнд үүрэг гүйцэтгэж байсан заставын манаа хилийн ойролцоо байх Оргил гэдэд айлд морьтой 2 хүн ирсэн байна гэж мэдээлсэн. Мэдээллийн дагуу Оргил гэдэг айлаар очиход Мөнхбаатар. Булганбаатар гэдэг хүмүүс цай уугаад сууж байсан. Тэгээд хил дээр очиход д/ч Чинзоригоор ахлуулсан манаа хилийн шугамын дагуу хилээр орсон, гарсан мөр илрүүлэхээр үүрэг гүйцэтгэж байсан.Тэгээд д/ч Чинзоригтой хамт ОХУ-ын хилийн албаны хүмүүстэй хил зөрчигчдийн орсон, гарсан мөрийг хүлээлцсэн. Мөр хүлээлцээд  Монгол улсын тал руу орсон мөрийг үнэрч нохой ашиглан  улсын хил дээрээс нутгийн гүн рүү мөрдөлт хийсэн.Мөрдөлт хийгээд хилийн 597 дугаар тэмдэгийн чиглэлээр уулын амаар уруудан Шар хад нэртэй газрын араас давж , тухайн 2 иргэн байсан айлд хүрч очсон. Очиход 0243 дугаар ангийн Тагнуулын тасгийн дарга д/х Алтангэрэл, а/д Золбаяр нар хил зөрчсөн гэх этгээдүүдийн хамт байж байсан. Эрлийн нохой ашиглан мөрдөлт хийж тухайн 2 этгээдийг улсын хил зөрчсөн болохыг баталгаажуулсан.  Бид нар хил зөрчсөн 2 иргэнийг Тагнуулынханд хүлээлгэн өгсөн байгаа.” Гэх мэдүүлэг /хх-н 111 тал/

Гэрч Б.Чинбатын 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.   “ Би хилийн 0243 дугаар ангийн 0243 дугаар салбарт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс   жагсаалын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. Би 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад өглөөний 08 цаг 20 минутанд ангийн шуурхай жижүүрээс “ хилийн 597 дугаар тэмдэгийн чиглэлээр хилийн зөрчил гарсан байж болзошгүй байна гэсэн мэдээлэл ОХУ-ын талаас ирсэн, эргүүлээ яаралтай  яриул” гэсэн. Би а/х Эрдэнэсайхан руу залгаж төвөөс ирсэн мэдээллийг илтгэсэн. Тэгээд а/х Эрдэнэсайхан төвтэй холбоонд орж заставын бие бүрэлдэхүүнийг “Буундаа” командаар ажиллуулж 4 бүлэгт хувааж намайг т/ч Анхбаяртай хамт мотоцикл уналагатайгаар хилийн 596-598-р тэмдэгийн чиглэлд хаалт манааны үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон. Би т/ч Анхбаярын хамт 08 цаг 40 минутанд заставын байрлалаас гарч хүйтний аманд байрлах Хужирын хилийн харуулаар дайрж Шар хадны аман дахь Алтангэрэл гэдэг айлынд очиж “энүүгээр 2 морьтой хүн явж харагдсан уу” гэж асуухад хүн харагдсангүй гэж хариулж байсан. Тэгээд цааш Оргилын малчин Сумъяагийнхаас асуухаар  ороход гадаа нь 2 хөлстэй хүрэн зүсмийн морь байж байсан. Би Сумъяагийнд орж Булганбаатар, Мөнхбаатар нараас “хаанаас хаа хүрч явна “ гэж асуухад “өчигдөр өглөө Зэлтэрээс Түшиг гарч эвэр түүж явна” гэж хариулж байсан. Тэгэхээр нь “Та 2 хаагуур явж хаанаас ирсэн юм бэ” гэж асуухад урдаас ирлээ гэж хариулсан. Тэгээд би Сумъяагаас “Энэ 2 хүн танайд хаанаас хэзээ ирсэн бэ” гэж асуухад “цагийн өмнө хойд талаас давж ирсэн” гэж хэлсэн, би тэгэхээр нь заставд 10 цаг 20 минутанд энэ тухай мэдэгдсэн. Тэгээд удалгүй а/х Эрдэнэсайхан ирж тэдгээр хүмүүсийг заставын байрлал авч явсан. т/ч Анхбаярт 2 морийг унуулаад био өөрөө мотоциклоор заставын байрлалд ирсэн. Тэгээд Тагнуулын албаны хүмүүстэй буцаад Оргилын өвөлжөө рүү явж өвөлжөө дээр нь байж байхад а/х Баттүшингээр ахлуулсан эрлийн нохойтой бүлэг хил зөрчигчдийн мөрөөр орж ирсэн. Тэгээд хил зөрчсөн хүмүүс үнэнээ хэлж хаагуур  хил зөрчсөнөө ярьсан.

Мөнхбаатар, Булганбаатар нарын улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн газарт хилийн тор инженерийн байгууламж байхгүй, уулын оройгоор байдаг, тэнд зөвхөн зогоон байдаг, хил зөрчигчид зогооноор морин уналгаар улсын хилээр нэвтэрсэн байсан, бид нар хил дээрээс мөрийг нь морины мөртэй нь тулгаж, мөн үнэрч нохойгоор тэднийг хил нэвтэрсэн болохыг тогтоосон.” гэх мэдүүлэг /хх-н 122 тал/

Гэрч Н.Сэлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “ ...Би хилийн албаны нохой сургагч мэргэжилтэнгээр ОХУ-д 2012 онд төгсч ирээд Хилийн 0243 дугаар ангийн эрлийн нохойн сургагчаар одоог хүртэл ажиллаж байна. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед ангийн холбооноос хилийн зөрчил шалгахаар шуурхай бүлгийг цуглар гэсэн дохио өгсөний дагуу би өөрийн ОХУ-д сургасан “Норд” гэдэг нохойн хамт шуурхай эрлийн багт ажилласан. Шуурхай бүлгийг а/х Баттүвшин ахалж ажилласан. Шуурхай бүлэг ангийн байрлалаас 09 цагийн үед гарсан, бид 597 дугаар тэмдэгийн чиглэлд явж байхдаа нэг айлд очсон. Тэр айлын гадаа 2 ширхэг морь байсан. Морьдын эмээлийг нь авсан, морьд хөлстэйгээ нилээд ядарсан байсан. Тэр айл руу бүлгийн дарга орж уулзсан, би тэр айлд ороогүй гадаа нь хүлээж байсан. Тэгээд удалгүй бүлгийн дарга гарч ирээд 597 дугаар тэмдэгийн зүг явсан. Биднийг очиход ОХУ-ын хилийн албаны хүмүүс мөр хүлээлцэх гээд ирчихсэн байсан. Тэгээд мөр хүлээлцэж дуусаад ОХУ-ын талаас Монгол улсын нутгийн гүн рүү явсан мөрийг мөшгин уулын энгэрийг дагаж уруудаад нэг жалга руу орсон. Тэгээд жалгаараа явж байгаад шороон машины зам руу орсон. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө цас орж газар бага зэргийн нойтон цастай байсан. Тэгээд мөрөө дагаж шороон замаар хэсэг явж байгаад Зүүн гар тал руугаа салж мод руу орсон.тэгээд модон дундуур мөрөө даагж уулаар өгсөж уруудаж явсаар байгаад өмнө нь ирсэн байшинтай айлд явж очсон. Нохой шууд тэр 2 морь байсан уяан дээр явж очсон. Хил зөрчигчид морин уналгаар Хилийн 597/1 тэмдэгийн чиглэлээр ОХУ-ын талаас Монгол улсын нутаг дэвсгэр лүү орж 6 орчим км явж байгаад түрүүний 2 морьтой залуугийн байсан айлд очсон. Тэгж тэр 2 залууг хиил зөрчсөн болохыг тогтоосон. Миний Норд нэртэй нохой нь 2012 онд ОХУ-ын албаны эрлийн үнэрч нохойн сургалтанд хамрагдаж ирсэн даруйдаа Хилийн албаны сургалтанд амжилттай хамрагдсан, нохойн сургалтыг хуваарийн дагуу хийдэг, хил хамгаалах байгууллагын арга хэмжээнд амжилттай оролцсон, мөн гадаад дотоодын зочид төлөөлөгч нарт нохойн ур чадварыг харуулсан үзүүлэх тоглолт хийж Хил хамгаалах байгууллагын болон анги салбарынхаа нэрийг өндөрт өргөж яваа албаны эрлийн үнэрч нохой юм....” гэх мэдүүлэг /хх-х 124 тал/

Гэрч Ж.Ганбаатарын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.  “.....Би 2006 оноос хойш хил хамгаалах байгууллагад хилийн албаны чиглэлээр ажиллаж байна. Одоо хил хамгаалах ерөнхий газрын хойд хэсгийн хилийг хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байна.

Монгол улсын хилийг хуурай газарт хилийн тэмдэгт багана, тор инженерийн байгууламж Монгол улсын хилийг зааглаж байдаг. Мөн усан хилтэй газрууд байгаа усан хилийг усны голдрилын дагуу зохицуулсан байдаг. Монгол улсын хилийг заагласан газарт хилийн багана тэмдэгт байгаа, харин бүх газарт тор байхгүй. Хилийн багана тэмдэгт нутгийн орчин онцлогоос шалтгаалан  2.3 километрийн зайтай байдаг. Гэхдээ  багана тэмдэгийн зай харилцан адилгүй байдаг. Уул нь бүх газар тортой бол хилийн зөрчил гарах нь бага байх байсан. Гэвч хөрөнгө, эдийн засаг, байгаль экологийн асуудлаас болоод бүх газар торон хилийн зурвасыг байгуулах боломжгүй байдаг.

ОХУ-тай Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрээр хиллэдэг хэсэгт хилийн торон зурвас байгаа, гэхдээ бүрэн биш хилийн зөрчил гарч болзошгүй хэсэгт хилийн торон зурвас тавьсан байгаа......... Булганбаатар,Мөнхбаатар нарын улсын хилээр нэвтэрсэн хэсэгт торон зурвас байхгүй. Тэдний хилээр нэвтэрсэн газарт хилийн зогоон буюу ойн бүсэд улсын хилийн тодорхой байлгах зорилгоор ойн модыг зурваслан огтолсон хэсэг байдаг. Зогоон гэсэн үг хилийн нэр томъёонд байхгүй. Ойн бүсэд хилийг тодорхой байхаар гаргасан 3-5 метрийн өргөнтэй ойн бүсэд мөр хянах зурвасыг хүмүүс зогоон гэж хар ярианы хэллэгээр яриад байгаа юм. Энэ тухай Хилийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 15-2-т “ Улсын хилийн шугам дайран гарсан ойг улсын хил тод харагдахаар зурваслан огтолж, цэвэрлэж байна гэж заасан байдаг.....” гэх мэдүүлэг /хх-н 132 тал/

Гэрч Т.Сумъяагийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Би Оргил гэдэг ахынхаа малыг малладаг. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын зүүн энгэрт малаа хараад гайгүй өвстэй газраар малаа хариулдаг. Намайг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө өвөлжөөний урд морио эмээллэж байхад баруун хойд зүгээс Булганбаатар, Мөнхбаатар нар ирсэн. Би ирсэн цагийг нь санахгүй байна ойролцоогоор 9-10 цагийн үед ирсэн. Унаж ирсэн морьд нь ядарсан байсан. Би Булганбаатараас “ хаа хүрээд ирэв” гэж асуухад Булганбаатар эвэрт явж байгаад ирлээ гэж хариулсан. Тэгээд хоол унд хийж байхад хилийн албаны хүмүүс мотоциклтэй ирсэн. Тэгээд тэр 2-той уулзаж байгаад аваад явсан. Хилийн албаны хүмүүс тэр 2-ыг хил давсан байна гээд аваад явсан. Булганбаатар, Мөнхбаатар нар хоёулаа хээр хүрэн морьтой байсан. Тэр 2-ын морьд нь нилээд ядарсан, хөлстэй байсан .....” гэх мэдүүлэг /хх-н 115 тал/

Гэрч Ц.Отгонтүйн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Түшиг сумын засаг даргаар 2013 оноос хойш ажиллаж байна. Манай сум нутгийн хойд хэсгээрээ ОХУ-ын нутаг дэвсгэртэй хиллэдэг. Манай сумын иргэд ихэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Түшиг сум 2 багтай, Жаргалмандах 1 дүгээр баг, Ар нуга 2 дугаар баг. Нийт 1790 орчим иргэдтэй. Би ажлаа авсанаас хойш сар бүрийн 4 дэх долоо хоногийн 4 дэх өдрийн 11 цагт иргэдэдээ төрийн байгууллагын ажлыг танилцуулж яриа хийдэг. Энэ дээр хилийн албаны хүмүүсээс хил хаагуур явж байгааг тайлбарлаж яриа хийгдэг. Хилийн зурвас 15 км, зурвасаас дотогш 100км газрыг хилийн бусэд тооцно. Бид нар чинь хилийн бүс, зурваст амьдарч байгаа шүү гэдгийг тайлбарлаж яриа хийдэг. Бид нар хилийн албаны туслах хүчний хувьд хилийн бүсийн хууль тогтоомжийг зөрчихгүй байх талаас яриа хийдэг. Хүн бүрт энийг хүргэхийн тулд гэрээр нь хүртэл явж байсан удаатай. Түшиг сумын иргэд малаа хаагуур бэлчээвэл зохих вэ, хаагуур болохгүй вэ гэдгийг мэддэг....... Д.Булганбаатарын хувьд хил хаагуур явдаг гэдгийг мэдэх байх, Яагаад гэвэл Булганбаатар энэ сумын уугуул иргэн, мэдэхгүй байна гэж байхгүй” гэх мэдүүлэг /хх-х 126 тал/

Гэрч Д.Хишигчулууны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн.1970-аад онд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд ирсэн. Хуучин Зэлтэрийн сангийн аж ахуй байхад нь ирж тракторчин хийж байсан. Тэгээд энд ажиллаж амьдраад байж байна. Би улсын хил хаагуур явж байгааг мэднэ. Манай сум хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг. Зүүн тийшээ Ар хөндий, Бооц, Гурван хувил, баруун тийшээгээ Байв, Хар гуя, Гурамсан гэх газрууд ОХУ-тай хиллэдэг. Би зогоон гэж мэднэ. Зогоон гэж хилийг хэлээд байгаа юм, ой модыг огтолсон хэсгийг хэлдэг юм. Сумын захиргаанаас хил байгаа гэсэн яриа, сургалт энэ хилийн цэргийн ангийн хүмүүс авчирч хийдэг. Самар жимсний үеэр энд тэндгүй хяналт гараад хилтэй ойрхон байна шүү буц гэдэг, хилийн албаны хүмүүс энэ тухай анхааруулдаг. Хилийн албаны зүгээс хилийн албан хаагчид морь маланд явж байхаар энүүгээр мал бэлчээхгүй шүү гэж анхааруулж байдаг...... Энэ сумын иргэд хил хаагуур явдгийг бараг бүгд мэднэ. Залуучууд бүр сайн мэдэх байх. Сум орон нутгийн байгууллага, хилийн албаны хүмүүс байнга хил хаана байгааг хэлж байхад мэдэхгүй хүн гэж юу байхав” гэх мэдүүлэг /хх-н 128 тал/

Гэрч Ш.Энх-Амгалангийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Түшиг сумын уугуул иргэн..... Манай сум хойд талаараа ОХУ-тай хиллэдэг, яг энэ манай талын уул чинь өөрөө хил яг энэ уулан дээгүүр хил явж байгаа. Манай сум чинь хилийн зурваст байдаг. Би зогоон гэдгийн мэднэ. Зогоон нь Орос, Монголын хилийн шугамыг хэлдэг. Зогоон нь хил юм. Хилийн манаа энд хил байгаа шүү гэж анхааруулдаг. Сумын захиргаанаас энд хил байгаа гэж жилдээ 1,2 удаа сургалт хийдэг. Цагдаа, хилийн албаны хүмүүс ирээд энэ хилийн тухай, хилийн хууль энэ тэрийг тайлбарлаж, хаагуур хил явж байгааг хэлж яриа хийж байсан. Хилийн албаны хүмүүс байнга хил ойрхон байгааг сануулдаг. Манай энэ Байвын ам гэдэг газар ОХУ-ын нутагтай хиллэдэг. Тэр газар бол яг энэ уулын энгэрт байдаг сумын төвтэй маш ойрхон. Энэ сумын иргэд хил хаагуур явдаг гэдгийг бүгд мэднэ. Энэ Зэлтэрт хилээ хаагуур явж байгааг мэдэхгүй хүн гэж байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 129 тал/

Гэрч Ц.Пүрэвхүүгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “ Би Сэлэнгэ аймгийн уугуул иргэн бишээ. Би 2008 оноос хойш Сэлэнгэ аймгийн Түшиг суманд ирж суурьшсан. Манай эхнэр Түшиг сумын уугуул иргэн. Би улсын хил хаагуур явж байгааг мэднэ. Энэ суманд хил хаагуур явж байгааг мэдэхгүй хүн байхгүй. Энэ хилийн заставаас хилийн албаны хүмүүс энд хил байгаа шүү гэж байнга анхааруулдаг. Хилийн албаны хүмүүс ажлаа сайн хийдэг. Сум нутгийн захиргаанаас энд хил байгаа шүү гэж сургалт явуулдаг. Хилийн албаны хүмүүс иргээд та нар хилийн зурваст амьдарч байгаа шүү. Та нар хилийн туслах хүчин шүү гэж ярьсан байсан. Хилийн манааны цэргүүд хил ойрхон байна шүү буцаарай гэж байнга анхааруулдаг. Орос руу орчихвол ийм хариуцлагатай шүү гэж анхааруулдаг. Бүгд хил давж болохгүйг мэднэ” гэх мэдүүлэг /хх-н 130/

Гэрч Г.Өлзийсайханы 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Түшиг сум маань хилийн зурваст байрладаг. Заставын зүгээс Түшиг сумын засаг даргатай  хамтран хилийн хууль тогтоомжийг тайлбарласан яриа сургалт явагддаг. Түшиг сумын бүх иргэн хил хаагуур явж байгааг мэднэ. Бид нар байнга харуул манаанд явж байхдаа хил ойрхон байгааг сануулан хилийн зөрчил гаргахаас сэргийлэн ахнааруулдаг. Мөн хилийн тухай хууль тогтоомжийг танилцуулан хил зөрчихгүй байх баталгаа авдаг. Бид нар хилийн бүсэд амьдарч байгаа бүх иргэдийн судалгааг улирал бүрт хийж хийх бүртээ хилийн хууль тогтоомжийг танилцуулдаг..... Д.Булганбаатар нь сумын уугуул иргэн. Булганбаатар хил хаагуур явж байгааг мэднэ ..... “ гэх мэдүүлэг /хх-н 131 тал/

  

 

Хилийн дэглэмийн зөрчлийн материал  /хх-ийн 4-12 дугаар тал/

Хилийн 2 дугаар заставын хариуцсан чиглэлээр гарсан хилийн зөрчлийг шалгах үед авсан зураг  /хх-ийн 24-32 дугаар тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр тал/

Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-дийн ул мөрийг илрүүлсэн баримтжуулсан акт, Монгол улсын Сэлэнгэ хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөгчийн туслах, ОХУ-ын бүрэн эрхэт төлөөлөгч нарын туслахын хэмжээний туслахын уулзалтын тэмдэглэл,   /хх-ийн 40-49 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 51-54 дүгээр тал/

Эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 55-58 дугаар тал/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр тал/

Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-дийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт  /хх-ийн 62-69 дүгээр тал/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-95 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 97-103 дугаар тал/

Шүүгдэгч М.Мөнхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154 дүгээр тал/

 Шүүгдэгч Д.Булганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155 дугаар тал/

Таслан сэргийлэх тогтоол /хх-ийн 160-167 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р багийн засаг даргын тодорхойлт /хх-ийн 168-173 дугаар тал/

Тагнуулын ерөнхий газрын албан тоот /хх-ийн 175-176 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын лавлагаа /хх-ийн 183-184 дүгээр тал/

Утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн  186-211 дүгээр тал/

Шүүгдэгч М.Мөнхбаатарыг 2016-05-20-нд сэжигтнээр /хх-ийн 140-142 тал/ 2016-07-26-нд яллагдагчаар /хх-ийн 143-145 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд

Шүүгдэгч Д.Булганбаатарыг 2016-05-20-нд сэжигтнээр /хх-ийн 146-148 тал/ 2016-07-18-нд яллагдагчаар /хх-ийн 150-153 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудад дүгнэлт хийж:

Шүүгдэгч нарын гэм буруугийн байдал болон

  оногдуулах ял шийтгэлийн талаар

Шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилийн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрших 597 дугаар тэмдэгийн 1 дүгээр туслах тэмдгээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү тус тус морин уналгаар гарч 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хилийн 597 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Гэрч Э.Чинзоригийн /хх109-110/ гэрч Б.Баттүвшингийн /хх111/, гэрч Б.Чинбатын /хх 122-123/, Н.Сэлэнгийн /хх124/, Ж.Ганбаатарын /хх132/, Т.Сумъяагийн /хх115/, Ц.Отгонтүйн /хх125-126/, Д.Хишигчулууны /хх128/, Ш.Энх-Амгалангийн /хх129/, Ц.Пүрэвхүүгийн /хх130/  мэдүүлгүүд, Хилийн дэглэмийн зөрчлийн материал  /хх-ийн 4-12 дугаар тал/, Хилийн 2 дугаар заставын хариуцсан чиглэлээр гарсан хилийн зөрчлийг шалгах үед авсан зураг  /хх-ийн 24-32 дугаар тал/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр тал/, Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-дийн ул мөрийг илрүүлсэн баримтжуулсан акт, Монгол улсын Сэлэнгэ хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөгчийн туслах, ОХУ-ын бүрэн эрхэт төлөөлөгч нарын туслахын хэмжээний туслахын уулзалтын тэмдэглэл,   /хх-ийн 40-49 дүгээр тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 51-54 дүгээр тал/, Эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 55-58 дугаар тал/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр тал/, Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-дийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт  /хх-ийн 62-69 дүгээр тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-95 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 97-103 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р багийн засаг даргын тодорхойлт /хх-ийн 168-173 дугаар тал/, Тагнуулын ерөнхий газрын албан тоот /хх-ийн 175-176 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын лавлагаа /хх-ийн 183-184 дүгээр тал/, Утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн  186-211 дүгээр тал/ зэрэг болно.  

Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, тухайн орон нутгийн иргэдийн гэрчийн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.            

Шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2-д зааснаар “...урдчилан үгсэн тохиролцсон бүлэг хууль бусаар улсын хил нэвтрэх...” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нарын урдчилан үгсэн тохиролцсон байдал нь хавтаст хэрэгт шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө асууж авсан тайлбар, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

Иймээс шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2-д заасан ...урдчилан үгсэн тохиролцсон бүлэг хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Булганбаатар нь урд өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан боловч сүүлийн шийтгэх тогтоолоор ял эдэлж хугацаа дуусч суллагдан гарч ирснээс хойш Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай байдал өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Булганбаатар М.Мөнхбаатар нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч урдчилан үгсэж тохиролцон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаатар урд өмнө хорих ял биечлэн эдэлж байгаагүй, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Булганбаатар нь урд өмнө хорих ял биечлэн эдэлж байсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлэхээр заав.

Шүүгдэгч Б.Булганбаатар, М.Мөнхбаатар нар  бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн .... унаа хөсгийг ....эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана..” гэж заасан тул шүүгдэгч нарын хууль бусаар улсын хил нэвтрэх үйлдлийг гүйцэтгэхэд гэмт үйлдлийн явцыг түргэтгэх, гүйцэтгэх боломж бололцоог бий болгосон морин уналгыг буюу түүний үнийг ямар хүний эзэмшлийн эд хөрөнгө болох талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байдлаас хамааран шүүгдэгч нараас гаргуулахаар тогтов.

Үүнд: Шүүгдэгч Д.Булганбаатарын унаж явсан дөл саран тамгатай хүрэн зүсмийн 12 настай адуу нь түүний ээж Б.Алтанцэцэгийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь гэмт хэрэг шалгах явцад тогтоогдсон, Б.Алтанцэцэг уг эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул Б.Алтанцэцэгт битүүмжлэлээс чөлөөлж буцаан олгож, Д.Булганбаатараас түүний үнийг буюу 200.000 төгрөгийг гаргуулж, М.Мөнхбаатарын унаж явсан гурвалжин тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 850.000 төгрөгний үнэ бүхий адуу нь түүний өөрийн эзэмшлийн болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байх тул хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.