Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 284

 

МАГАДЛАЛ

 

2018.01.24                                                     Дугаар 284                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Ч.Ц-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Н Ч д ? дүгээр хорооны ? байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-? дугаарт бүртгэгдсэн 158,6 м.кв талбай бүхий үйлчилгээний байрны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай. Төлбөр төлөгч Л.Э-ээс 234 250 590 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “О И” ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5283 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Ц-н өмчлөлийн Н Ч д ? дүгээр хорооны ? байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн     Y-? дугаарт бүртгэгдсэн 158 м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг 392 612 914 төгрөгийн 70 хувь болох 274 829 039 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 44, 45, 46, 47, 48 дугаар зүйлүүд заасан журмыг дараах байдлаар зөрчиж, өмчлөгч Ч.Ц миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаан оруулах тухай Баянзүрх дүүргийн а ш г Д.А 2017 оны 02 дугаар сарын   09-ний өдрийн 09 тоот тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар дурдаагүй байгаа явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ч.Ц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээлэлийн хэрэгслээр олон нийтэд мэдээлээгүй үйлдэл, эс үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд миний өмчлөлийн Н Ч д ? дүгээр хорооны ? байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний байрны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь мөн өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний өмчлөлийн тус байрны 2 дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 07 дугаар сарын    18-ны өдөр зохион байгуулсан байна. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсний дараа олж мэдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн энэхүү үйлдэл нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иймд өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан миний өмчлөлийн байрны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б315/1318 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Л.Э-н үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч д ? дүгээр хороо ? байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ? дугаарт бүртгэлтэй 158,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 164/01 тоот актаар битүүмжилж, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэлийг өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 164/01 тоот актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг авч шинжээч томилон үнэлүүлж, үнэлсэн үнэлгээний мэдэгдэлийг 2015 оны 06 дугаар сарын15-ны өдрийн 3/21995 албан тоотоор мэдэгдсэн. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/16833 албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнийн 70 хувиар тооцон 274 829 039 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлуулаглаагүй тул төлбөр төлөгч Ч.Э-н барьцаа хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 392 612 914 төгрөгийн 50 хувь буюу 196 306 457 төгрөгөөр оруулсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргагасан тайлбартаа: Мэдэгдсэн мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч ярьж байна. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ ч байхгүй, мэдэгдэл ч байхгүй. Мэдэгдэл дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар заалтыг зөрчсөн гэдэг. Шийдвэр, тогтоолын талаар юуг дурдахыг зааж өгсөн ба мэдэгдлийн талаар зохицуулсан зохицуулалт биш. Тухайн үеийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт мэдэгдлийг шуудангаар хүргүүлнэ гэж заасан байдаг. Оршин суугаа газрын хаяг руу мэдэгдлийг явуулсан байдаг. Нэхэмжлэгч тал ерөнхийдөө хугацаа хожих гэж байна. Хоёрдох дуудлага худалдааг мэдээгүй гэдэг. Шүүхэд ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргасан гэдгээ хариуцагч талдаа мэдэгдээгүй. Тийм учраас 2 дахь дуудлага худалдаа хүчинтэй байна. Ерөнхийдөө ажиллагаатай холбоотой хуулийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль өөрчлөгдсөн. Шинэ хуулиараа 7 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой ба энэ заалтыг зөрчсөн. Ямар учраас ажиллагаа зөрчсөн нь ойлгомжгүй, хариуцагч тал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж цахим хаягт байршуулсан байдаг. 14 хоногтоо мэдээлсэн нь харагдаж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/14 тоот, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/78 тоот тогтоолуудад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар, мөн дуудлага худалдаа явагдах газрын хаягийн талаар заагаагүй байгаа нь алдаа буюу "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 46.1.1, 46.1.2 дугаар зүйл зөрчигдсөн болохыг шийдвэртээ дүгнэж дурдсан хэрнээ тэрхүү алдаа, зөрчил нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн явдалд гомдолтой байна.

Учир нь төрийн байгууллага, тэр тусмаа хууль хяналтын байгууллагын аливаа шийдвэр, тогтоол, үйл ажиллагаа нь бүхэлдээ холбогдох хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл журмын дагуу явагдах ёстой. Хуулийн шаардлага хангаагүй, хуулиар тогтоосон журам нөхцлийг зөрчсөн аливаа байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийг засаж залруулах, хүчингүй болгох, түүний улмаас эрх ашиг нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах нь шүүхийн байгууллагын чиг үүрэг гэж миний бие ойгож байна. Гэтэл анхан шатны шүүх нь нэг талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээр дурдсан үйл ажиллагаа хууль зөрчсөн болохыг дүгнэж, тогтоосон хэрнээ, нөгөө талаа түүний улмаас бусдын эрх ашиг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгохгүй хэмээн зөвтгөж буйд гомдолтой байна. Мөн хавтаст хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэл нь өмчлөгч Ч.Ц д хүрэлгүйгээр, буцаагдсан болохыг нотлох шуудангийн байгууллагын нотлох баримт бичгээр байсаар байхад хоёр дахь дуудлага худалдааны талаар Ч.Ц д мэдэгдсэн гэж үзнэ хэмээн анхан шатны шүүх дүгнэж буй явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Ц нь НШШГГ холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Э-с 232 928 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О и” ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Ч д ? дүгээр хороо, Бага тойруугийн ? байрны ? тоотод орших улсын бүртгэлийн Ү-? дугаартай, 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 10-12/

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үйлчилгээний зориулалттай объектыг 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураан авч, хөрөнгийн үнэлгээний “Б т” ХХК-ийг шинжээчээр томилж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан объектыг 392 612 914 төгрөгөөр үнэлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 274 829 039 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаагаар уг объект нь борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь буюу 196 306 457 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хуулийн дагуу явагджээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд нэг, хоёр дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө олон нийтэд Өнөөдөр сонинд мэдээлэл тавьж нэхэмжлэгч нь анхны дуудлага худалдаанд гомдол гарган, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байсан үйл баримт тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нарт шуудангаар хүргүүлсэн баримт хэрэгт авагдаж, мөн албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ