Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00810

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 28 өдөр                   Дугаар 184/ШШ2019/00810                              Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, хилчин 0 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Г овогт Б-ны Б /регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, хилчин 0 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б з овогт С-ийн Х /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 7 397 954 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 296 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, өмгөөлөгч О.Баяраа /Ү№ 0333/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Г.Бямбажаргал /Ү№ 1637/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б би 2008-2015 онд өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ хувийн мансардтай өвлийн байшин барьсан. ...Өвөлд нь хадам ээжийн байранд гэр бүлийн хамт өвөлждөг. Тог, цахилгаан мөнгө өндөр гардаг тул энэ хашаа байшинг зарах зар өгч, худалдах болж доторх 2 давхрын тавилга эд хогшил зэргийг сулласан байсан юм. 1 давхарт гал тогооны тавилга байсан.

2018 оны 01 сарын 22-ны шөнө хөрш С.Х манай байшин шатаж байна. Танай байшингийн дээвэрт галын дөл орчих шиг боллоо гэж утасдсан. Тэр даруй яваад очтол байшингийн төмөр дээврийг ярж гал унтраагчид галыг унтрааж С.Х-гийн байшин шатсан байсан. Галын дүгнэлтээр С.Х-гийн гэрийн таазны цахилгааны утас богино холбоо үүссэнээс болсон гэсэн. Тухайн үед хохирлыг барагдуулж түргэн засаж өгнө гэж бичгээр баталгаа гаргасан боловч үүргээ  биелүүлээгүй байна.

Гал гарснаас хойш 1 сарын 25-нд галын газрын дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан. Энэ дүгнэлтэд хариуцагч талаас болж гал гарсан байна гэсэн дүгнэлт гарсан. Бид өөрсдөө “*******” ХХК-аар хохирлын үнэлгээг тогтоолгосон ба 7 397 954 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээний ажлын хөлс 296 000 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 1 500 000 төгрөг болсон юм.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулж хохиролыг 6 567 400 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ үнэлгээг зөвшөөрч байна. Манай хоёр айлын байшин хоорондын зай 1 метр хүрэхгүй орчим зайнд баригдсан нь үнэн энэ талаар маргахгүй байна. Бид халамжаас нэг удаагийн буцалтгүй тусламж 1 200 000 төгрөг авсан. Хэрвээ гал гараагүй байсан бол үнэлгээ хийлгүүлэх, өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Энэ бүгд бодит хохирол. Иймээс 8 363 400 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 363 400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр манай байшинд гал гарч Б.Б-ийн байшингийн дээвэрт гал халдаж, дээвэр нь тодорхой хэмжээгээр шатсан боловч түүний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага их байна. Бид ах дүү шиг айл хөрш явсан. Адилхан хохирсон. Халамжаас буцалтгүй тусламж 1 200 000 төгрөгийг бидэнд адилхан өгсөн. 2018 оны 02 сарын 02-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай актаар Б.Бийнд учирсан хохирлыг 3 201 000 төгрөгөөр тодорхойлсон байгаа. Гэтэл үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөн хөрөнгө нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан байна. Хариуцагч өөрөө байшингаа томруулж барихдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хэтэрхий оруулж 1 метр хүрэхгүй газарт барьсан нь барилгын тухай хууль, барилгажилтын норм ба дүрэмд заасан 6-9 метр зайтай барих үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгчийн буруу бөгөөд өөрийн эд хөрөнгөндөө хохирол учирхад түүний буруутай үйлдэл нөлөөлсөн. Гал түймрийг санаатай гаргаагүй болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн. Бид орон гэргүй хоцорч бүгд шатсан ба 50 633 000 төгрөгийн хохирол учирсан. Гал шөнийн 01 цагт гарсан юм.

...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх асуудал нь түүний эрхийн асуудал бөгөөд түүнтэй холбоотойгоор төлбөр төлсөн нь хариуцагчаас шалтгаалсан үйл баримт биш юм. Түүнчлэн өмгөөлөгчид бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэв.

Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудын шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 6 дугаар гудамжны 11 тоотод иргэн С.Х-гийн өмчлөлийн 6х9 хэмжээтэй хашаанд 2018 оны 1 сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн үед гарсан гал түймрийн улмаас хажуу айл болох мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 6 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Б.Б-ийн өмчлөлийн 7х7 хэмжээтэй байшингийн мансардны хэсэг шатаж түүнд эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэлээр 7 397 954 төгрөгийн хохиролыг, өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 296 000 төгрөг нийт 9 193 954 төгрөгийг хариуцагч С.Х-гөөс анх нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, эд хөрөнгөнд учирсан хохиролыг багасган 6 567 400 төгрөгөөр тооцон бусад зардлын хамт нийт 8 363 400 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нь нэхэмжилж байгаа гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, манайх гэр орон, эд хогшил бүгд шатсан, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 45/275 дугаар актаар тогтоосон дүнгээс хэт өндрөөр үнэлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж талуудын хооронд маргаан үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд: Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 1 сарын 30-ны өдрийн 54/275 дугаар шинжээчийн дүгнэлтэд: шинжээч хариулахдаа “...цахилгаанаас гарсан гэж үзэж байна, таазны хэсэгт метр цахилгааны утас явсан тэр хэсгээс гал гарч байсан гэх зэргээс үзэхэд ачаалал, шилжилтийн эсэргүйцэл гэх мэт ...хэт ачаалал үүссэн нь гал гарахад хүргэсэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-8/

2018 оны 02 сарын 02-ны өдрийн 45/275 дугаар бүхий “Нийслэлийн онцгой байдлын газар, Гал түймэр гарсан тухай акт”-ын: “Хоёр. Гал түймэр илрүүлсэн байдал” гэх хэсэгт ...С.Х гэрлийн утаснаас гал хаяж байгааг харснаар гал түймрийг анх илрүүлсэн гэж, ...“Дөрөв. Гал түймэр гарсан шалтгаан“ гэх хэсэгт: шинжээчийн ...2018.01.30-ны өдрийн 54/275 дугаар шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ...цахилгааны хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байх үндэслэлтэй“ гэжээ. /хх-35/

Дээрх акт болон дүгнэлтийг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй байна.

Иймд зохигчдын тайлбар, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн 7х7 хэмжээтэй хувийн сууцны мансардны тодорхой хэсэг шатаж, эд хөрөнгийн хохирол учирхад хариуцагч С.Х-гийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хариуцагч С.Х нь цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ хяналт тавьж, ахуйн чанартай цахилгааны утас, холболтыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийлгэх, Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгч анх байшингаа барихдаа Барилгын тухай хууль болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан шаардлагад нийцүүлж 6-9 метрийн зайтай барих үүргээ зөрчиж, 1 метр хүрэхгүй зайнд тулгаж барьсан нь өөрийн эд хөрөнгөнд хохирол учирхад нөлөөлсөн, түүнчлэн хохирогчийн гэр орон, эд хогшил бүгд шатаж хувийн өмчид нь 50 633 000 төгрөгийн хохирол учирсан” гэж маргажээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “...хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтууд болон хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэхэд:

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирхад хохирогчийн буюу нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл мөн нөлөөлсөн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө барихдаа /хариуцагчаас хожуу барьсан талаар талууд маргаагүй/ болзошгүй аюулаас /гал түймрийн аюул гэх мэт/ урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, урьдчилан тооцоолоогүй, хууль тогтоомжид заасан зохих хэмжээ хязгаарыг буюу байшин хоорондын зайг харгалзан үзээгүй, хууль тогтоомжид заасан барилга хоорондын зайг алдагдуулсан /барилга хоорондын зай 6 метрээс дотогш байгаа талаар маргаагүй/ нь түүний эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан 6 567 400 төгрөгийн хохирлын зарим хэсгийг буюу нэхэмжэлийн шаардлагын 50%-ийг нэхэмжлэгчид өөрт нь хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл ирүүлэхдээ шүүхээс гадуур “Аривжих Эстимейт” ХХК-аар галын хохирлын улмаас учирсан хохирлыг сэргээн засварлах зардлыг 2018 оны 7 сарын 25-ны өдрийн байдлаар 7 397 954 төгрөг гэж тооцон ирүүлсэн ба хариуцагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул түүний хүсэлтээр шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/00275 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Тус дүгнэлтэд: ...2018 оны 1 сарын 22-ны байдлаар 7х7 хэмжээтэй байшинд гал түймрийн улмаас учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнэ 6 567 400 төгрөг гэж дүгнэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас ирүүлсэн 6 567 400 төгрөгийн үнэлгээг зөвшөөрч өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг, үнэлгээний хөлс 296 000 төгрөг, нийт 8 363 400 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.

Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн үүрэг биш, эрх байдаг тул уг зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан бодит хохирол буюу зайлшгүй зардалд оруулж тооцохгүй байхаар хууль зохицуулсан байна.

Түүнчлэн “*******” ХХК-ийн үнэлгээний тайлан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрдүүлж буй бичгийн баримт тул уг зардлыг мөн зайлшгүй зардалд оруулж тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр зардалд хамаарах шаардлага буюу 1 796 000 төгрөгийн шаардлагыг хасаж тооцох нь зүйтэй юм.

Зохигчид аль аль нь Нийгмийн халамжийн сангаас нэг удаагийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 1 200 000 төгрөг авсан болох нь тэдний өөрсдийн тайлбарууд хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтний тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-65/

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг тооцсон бичмэл баримт /”*******” ХХК-ийн үнэлгээ/, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00275 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт/ баримтууд тус тус авагдсан байна.

“*******” ХХК-ийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр, түүний зардлаар, түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн үнэлгээ байх ба нэхэмжлэгч талаас өөрөөс нь гаргаж өгсөн бичмэл баримт тул хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин *******гийн үнэлгээний тайлан нь зохигчийн хүсэлтээр, шүүхийн бүрдүүлж байгаа баримтад тооцогдох учир *******гийн тогтоосон хохирлын үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хамааралтай, эргэлзээгүй гэж үзэх нь зүйтэй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 3 283 700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 079 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зохигчид нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан С.Х-гөөс 3 283 700 /гурван сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 5 079 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-гөөс 67 489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАЯРМАА

 

ШҮҮГЧ                                                                        Б.ХИШИГБААТАР