Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2018/03004/И |
Дугаар | 582 |
Огноо | 2019-04-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “АЛТ” ХХК
Хариуцагч: Д.Э нарт холбогдох,
“Тт” ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, тус компанийн гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Тт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т, өмгөөөлөгч Ш.Энхтөр, хариуцагч Д.Э, хариуцагч “А л т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхмандах, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бат-Энх, гэрч Б.Санжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тт” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гүйцэтгэх захирал С.Т-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А л т” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхмандах, гүйцэтгэх захирал Д.Э нар нь “А л т” компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч байх үедээ “Т т” ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө авч ажиллаж байсан юм. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу компанийн “Нууцыг хадгалах”, “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний дагуу үүрэг, хариуцлагаа хүлээж байсан. Гэвч ийнхүү ажиллаж байхдаа "Т т” ХХК-ийн үйл ажиллагааны процессууд, бизнесийн моделийг, гадаад хамтрагчид, үйлчлүүлэгчдийн мэдээллийг хуулбарлан хулгайлан авч, дээрх “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ижил төсөөтэй компани үүсгэн байгуулахад шаардлагатай мэдээлэл, баримт материалыг цуглуулахаар хоорондоо үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтгайгаар хамтран гүйцэтгэсэн болох нь харагдаж байна.
Б.Мөнхмандах нь ажлаас халагдах хүсэлтээ гаргахдаа хүнтэй сууж байгаа тул хөтчөөр ажиллаж гадагшаа явах боломжгүй болсон гэдгээ амаар хэлж, өөрийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэн суралцах шалтгаанаа өргөдөлдөө бичиж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн. Д.Э 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали улс руу явж суралцана гэж хэлээд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ 2 хүн “А л т” ХХК-ийг байгуулах үйл ажиллагааг аль эрт эхэлсэн төдийгүй Д.Эийн ажлаас чөлөөлөгдсөн 2 дахь өдөр, Б.Мөнхмандах ажлаас чөлөөлөгдөөгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийг байгуулж, гэрчилгээг авсан байдаг.
Энэ нь “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний үүргээ зөрчсөн төдийгүй, бусдын бүтээсэн оюуны бүтээл, хүч хөдөлмөрийг ёс зүйгүй хулгайлан авч, хуурч мэхлэн худлаа хэлж байсан нь 2 хүний өгсөн өргөдөл, “А т” ХХК-ийн гэрчилгээгээр нотлогдож байна. “Т т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Г.Ариунтунгалаг нар “А л т” компани дээр очиж аялалын хөтөлбөрийг авахад Д.Э өөрөө “Т т” ХХК-ийн Тайланд чиглэлд явдаг” Бангкок-Патаяа” аялалын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хуулбарласан хэвлэмэл “А л т” ХХК-ийн хөтөлбөрөө өгч аялалаа тайлбарласан байдаг. Үүнийг тулган үзэхэд бүх зүйлс адилхан байгаа төдийгүй аялалын хөтөлбөрийн дэс дарааллыг ч алдагдуулалгүйгээр шууд хуулбарласан байдаг. “Т т” ХХК-ийн гадаад аялалын чиглэлүүдэд ижил аялал зохион байгуулж байгаа нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон тул үүнийг зогсоох талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан.
“А т” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхмандах нь “Т т” ХХК-ийн Тайландад хамтран ажилладаг “S.V.D Express Limited Partnership” компанийн орон нутгийн хөтөч Даадаатай уулзаж өөрийн компанитай хамтран ажиллах тухай ярилцсан байдаг. Энэхүү уулзалтын талаар тус компанийн захирлын бидэнд мэдэгдсэн албан бичиг, уулзалт хийж байх үеийн фото зураг ирүүлснийг баримтаар өгсөн. Мөн “Т т” ХХК-ийн ОХУ-ын хамтран ажиллагч “Тэнгэри ресорт” компанийн захиралтай манай компанийн ОХУ-ын чиглэлд хөтчөөр ажиллаж байсан Н.Булганаар зуучлуулан уулзаж, хамтран ажиллахаар тохиролцож чадсан төдийгүй, одоо тус “Тэнгэри ресорт” ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Үүнийг компанийн захирал Наташа Захарова нотолж, “Т т” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Санжидмаад мессенжэрээр бичиж харьцаж байсан ба үүнийг гэрч Б. Санжидмаа гэрчилж байгаа.
Аялал жуулчлалын салбар маш амаргүй, өрсөлдөөний дунд үйл ажиллагаа нь явагддаг. Бид олон улсад хамтран ажиллах аялал жуулчлалын итгэлтэй, хариуцлагатай, найдвартай түншээ сонгож өөрийн жуулчдаа хариуцуулахын тулд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж, олон улсын үзэсгэлэн яармагт оролцох шаардлагатай байдаг. Тухайн улсад жуулчинд үзүүлэх аялалын хөтөлбөр зохиохын тулд маршрутыг нь гаргаж судалгаа хийх, монгол жуулчдын онцлогт таарч тохирсон үзвэр, үйлчилгээ, хоол, зочид буудал гээд бүхий л зүйлтэй биечлэн танилцах, сонгох, хамтрагч компанидаа өөрийн стандартаа танилцуулах, харилцан хүлээн зөвшөөрөх гэх зэрэг их ажпын ард аялалын нэг чиглэл нээгдэж, аялал зохион байгуулах боломж нөхцөл бүрддэг. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд харилцан итгэл хүлээх, монгол аялагчдын хүсэлт, сэтгэл зүй, хоол унд гээд бүх зүйлийн талаар мэдлэг туршлагатай болгоход бид ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байж бүтдэг ажил юм. Үүнийг хөтчөөр ажиллаж байсан нэг хүн шууд хуулбарлаж аваад харилцагч дээр нь очиж хамтран ажиллах санал тавиад байгааг өмнө нь “Т т” ХХК-д ажиллаж байсан давуу байдал, танил царайгаа ашиглаж үйлдэж байгааг хулгай хийж байгаатай зүйрлэхүйц үйл ажиллагаа, бусдын бүтээсэн зүйлийг хулгай хийж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.
Түүнчлэн “Т т” ХХК-тай олон жил хамтран ажилласан үйлчлүүлэгчдийг өөрийн компаниар аялуулахаар ятган уулзалт хийж байсан талаар тухайн компаниуд мэдээлсэн. Аялал жуулчлалын компанийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь үйлчлүүлэгчид байдаг. Тэгвэл энэ 2 хүн "Т т” ХХК-ийн нууцад хамаарах мэдээллээс өөрсдийн хуулж хулгайлан авсан үйлчлүүлэгч нарын мэдээллийг ашиглан өөрсдийн компаниар аялуулах үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зарим жишээ хэлэхэд: “Гүн зэгэстэй” ХХК, “Шунхлай” ХХК, Улаанбаатар Дулаан цахилгаан станцын ажилтнууд нь Тайланд, Бали чиглэлд аялаад ирсэн тухай бидэнд мэдэгдсэн. Энэ бүгдээс харахад манайд ажиллаж байхдаа Монгол Улсын хуулиар хамгаалагдсан компанийн бизнесийн нууц, оюуны өмч, хөтөлбөр, төслүүдийг хуулбарлан хулгайлж аваад Монгол Улсын хууль, дүрэм, талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчин ёс суртахуунгүйгээр худлаа ярин, хууран мэхэлж байна. “А л т” ХХК нь Аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан 1 жилээс доошгүй хугацаанд гаднаас жуулчин Монголд аялуулсан туршлагатай компани “аутбаунд” буюу гадаад орон руу монгол жуулчдыг илгээж ажиллах эрх олгогддог журмыг байгуулагдсан цагаасаа эхлэн зөрчсөн.
Хариуцагч Д.Э-ээс “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай” гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Д.Э нь “Т т” компанид ажиллахаас өмнө аялал жуулчлалын мэргэжлээр ажиллаж байгаагүй, ажлын туршлага байхгүй байсан нь түүний ажилд орохыг хүссэн хувийн анкет дээрээ өөр байгууллагад ажиллаж байсныг тэмдэглэсэн байдлаас харагдах бөгөөд энэ нь “Жи Мобайл” компанийн албан тоот, өмнөх ажлын газрын тодорхойлолт, өөрийн гараар бичиж өгсөн анкет, өргөдөл зэрэг нь нотолно.
Д.Э нь аялал жуулчлалын ямар ч туршлагагүй, гадагшаа жуулчин аялуулах тухай ойлголт, мэдлэг байхгүй, Монгол улсынхаа хилээр ч гарч үзээгүй байсан бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.Санжидмаа өөрийн биеэр дадлагажуулан зааварлаж сургасан, үүнийг гэрч Б.Санжидмаа гэрчилнэ. Д.Э ажиллаж байхдаа алдаа гаргаж, компанид хохирол учруулсан байдаг ба тэрээр миний бие группт байдаг нагац эгч, охинтойгоо өрх толгойлон амьдардаг учраас гэр орноо тэжээн тэтгэдэг амьдралын хэцүү хүнд нөхцөлд амьдардаг байдлыг нь харгалзан Д.Эийн гаргасан алдаануудыг уучилж, дахин боломж олгохоор шийдвэрлэж, үргэлжлүүлэн ажиллуулж, санхүүгийн хохирлыг өөрийн боломжоор барагдуулах нөхцөлийг олгож, өөрийн хүсэлт өргөдлийнх нь дагуу хэдэн он дамжуулан цувуулан төлөх нөхцөлийг бүрдүүлж, хохирлыг түүний нэрийн өмнөөс компани барагдуулан өгч байсан.
Түүнчлэн амьдралд нь дэм болгох, туслах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор Д.Э-т 21 338 281 төгрөгийн урамшуулал олгож байсан. Харамсалтай нь энэ мөнгөөрөө хөтөч Б.Мөнхмандахтай нийлж гэрээгээ зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 30-нд ажпаас худлаа хэлж халагдаад, 2 хоносны дараа 2017 оны 11 дүгээр сарын 02-нд энэхүү компанийг байгуулж, гэрчилгээг нь авсан байна. Д.Эийг сургаж туршлагатай боловсон хүчин болгож бэлтгэх, гадаад оронд аялуулах, цалин, урамшуулал зэрэгт “Т т” ХХК-иас ний 90 000 000 гаруй төгрөг зарцуулсан. Иймд “Т т” ХХК-ийн бүхий л материалыг хуулбарлан авч, компани байгуулах хүсэлт, материалаа бүрдүүлсэн, харилцагчдын мэдээллийг хулгайлсан төдийгүй, манай олон жилийн харилцагч томоохон компаниудтай уулзаж, манай компанид ажиллаж байсан байдлаа ашиглан зарим компанийг өөрийн байгуулсан компаниар аялуулсан нь баримтуудаар харагдаж байна. Эдгээр бусармаг үйлдлүүд нь “Т т” ХХК-ийн удирдлагын итгэлийг олж, үнэнч ажиллана хэмээн харилцан тохиролцож байгуулсан “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай” гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул гэрээнд заасан үнийн дүн болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна.
Хэдийгээр “А л т” ХХК нь өөрийгөө нээлттэй зах зээл дээр ажиллаж байгаа гэж тайлбарлаж байгаа ч хүний олон жилийн бүтээл болох оюуны хөдөлмөр, хөлс хүчээ гарган хамтран ажилладаг үнэ цэнэтэй үйлчлүүлэгч, их хэмжээний хөрөнгө заран байж олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгээс бий болгодог харилцагчид, удаан хугацааны судалгаа, туршлага, хөрөнгө хүчээр өөрийн үйлчлүүлэгч нарт тохируулан бий болгодог аялалын хөтөлбөр, маршрутыг хулгайлан авсан, өрсөлдсөн үйлдэл гэж үзэж байгаа болно. Жишээлбэл, жуулчид буулгадаг зочид буудал, хооллодог ресторан, зоогийн газар зэрэг нь дурын хүн гадаад улсад дуртай газраа бүлэг жуулчин буулгаж хооллож ундлаад явдаг амар хялбар ажил биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ ажлыг хийж гүйцэтгэх өөрийн үйлчлүүлэгчдэд хүргэх олон шатны ажлыг хөлс хүчээ гарган хийж хамтрагчдаа нэр хүндээ олж авсан ажлыг хөтчөөр ажиллаж байсан хүн, аялалын захиалга хийж ажилладаг ажилтан нар хулгайлан хуулбарлан авснаа огт тоохгүй, ёс зүйгүй, эрээ цээргүй үйлдлээ байдаг л зүйл мэтээр, Монгол улсад ингэж л ажилладаг гэсэн байдлаар тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч “А л т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхмандахаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “А л т” ХХК-иас гадаад харилцагчтай харилцахгүй, ижил төрлийн маршрутаар аялал хийхгүй байхыг даалгах гэсэн шаардлага гаргасан. Энэ шаардлага нь нотлох баримтаар батлагдсан байх ёстой бөгөөд тайлбараас нь хэлэхэд намайг хүнтэй суух гэж ажлаас гарсан гэх мэт аман байдлаар ховыг шинжтэй зүйл ярьж байна. Тиймээ, би хүнтэй суусан, бие давхар байна. Өөр яах ёстой юм бэ. Би тус компанид 6 гаруй жил хөтөч хийсэн. Д.Э болон бусад хөтөч нартай “Мэдээлэл задруулахгүй байх тухай” гэрээг хийсэн байдаг. Надтай хийх гэхэд нь тайлбараа өгч байсан. Энэ ажил нь 1-2 сарын хугацаанд, 4-5 сар хүртэлх хугацаанд ажилгүй байх тохиолдол байдаг. Энэ хугацаанд дотоод болон гадаадын аялалд бусад компанийн аялалаар хөтчийн шугамаар ажилладаг байсан. Надаас захирал өнгөрсөн саруудад юу хийсэн бэ гэхэд нь би аялалд явсан, би орчуулга хийсэн гэж хэлдэг байсан. Тийм учраас би “Мэдээлэл задруулахгүй, нууц хадгалах” гэрээнд байгаа нөхцөлүүд миний ажлын онцлогтой уялдахгүй байсан учраас гэрээний заалтаа өөрчлөх юм бол би энэ гэрээнд гарын үсэг зурж болно гэдгээ хэлж байсан.
2017 оны 11 дүгээр сарын 14-нд улсын бүртгэлийн газраас манай компани гэрчилгээ авсан. Энэ компанийг үүсгэн байгуулахад би, хувь эзэмшигч Н.Амарбаясгалан, Д.Э бид 3, Үндсэн хуульд заасан эрхийн дагуу, мөн үүргээ ухамсарлаж байгуулсан бөгөөд магадгүй та нарт буруугаар ойлгогдож, сэтгэл санааг чинь хямрааж, хардах үйлдэл гаргасан бол хүлцэл өчье.
Манай компани дээр төлөөлөгч Н.Ариунтунгалаг, Г.Хулан 2 нь ирээд гэрээ аваад явсан гэж байна. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл юм. “S.V.D-Express Partnership Limited” гэдэг Тайландын компани болон ОХУ-ын “Тэнгэри трэвел” ХХК-ийн талаар зайлшгүй тайлбар хэлбэл, Тайландын компанийн Монголын зах зээлийг хариуцсан чөлөөт хөтөч Даадаатай уулзсан нь үнэн боловч энэ тус компанийн үндсэн ажилтан биш. Энэ хүн миний найз бөгөөд эгчийн харьцаатай. Нэхэмжлэгчээс өгсөн зураг дээр би, Даада, хөтөч, манай эгч байна. Би тэр үед Тайланд-Лаосын чиглэлд өөрсдийн зардлаар явж аялал судалсан. Мөн тухайн жилдээ Энэтхэг улсын үзэсгэлэнд явсан, Турк улсын чиглэлд явж аялал судлаад одоо манай компани тус чиглэлд аялал хийж байна.
Бид нар ч гэсэн судалгааны дагуу аялалаа гаргаж байгаа. Тэр зураг дээр байгаа эрэгтэй хүн нь манай харилцагч “Triplink PC Limited Partnership” компанийн захирал юм. Даадаа гэдэг найз минь “S.V.D-Express Partnership Limited” компанитай намайг холбосон биш, Тайландын “Triplink PC Limited Partnership” компанитай намайг холбож, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээ хийгээд хамтарч ажиллаж байгаа.
Манай компани “S.V.D-Express Partnership Limited” компанитай хамтарч ажилласан зүйл байхгүй. Наташа Захарова бол ОХУ-ын “Тэнгэри трэвел” ХХК-ийн захирал бөгөөд би ээжтэйгээ хамт Хонг Конгийн чиглэлд энэ хүнтэй хамт аялж байсан. Би хэнтэй уулзах, нөхөрлөх нь миний эрх бөгөөд тэр эрхийн дагуу би харилцдаг. Манай компани ажил хэрэг бизнесийн журмаар нэг ч удаа та хүн явуулаач, надад аялал өгөөч, би Байгаль нуур руу хүн явуулъя гэж “Тэнгэри трэвел” ХХК-тай харьцаж байгаагүй.
Манай компани Байгаль нуур-Улаан-Үүдийн чиглэлд өөр хамтрагч байгууллагатай харьцдаг, өөр баазад буудаг. Намайг харилцсан гэх мэт тийм бүдэг мессенжерийг нотлох баримтаар өгөөд, үүнтэй холбоотой гэрчээр хүн оролцуулж байгаад харамсалтай байна. Би Наташа Захаровагаас хүлцэл өчиж, энэ тодруулгыг өгөөч гэж хүссэний дараа хэрэгт өгсөн тодорхойлолтыг хүлээж авсан. ОХУ-д байхдаа надаас хүмүүс гадагшаа явах мэдээлэл хүсэхэд би 1 удаа Наташатай холбож өгсөн тохиолдол бий. Үүнийг л Наташа батлах байх. Түүнээс Б.Мөнхмандах болон “А л т” ХХК захиалга өгөөд мөнгийг нь шилжүүлээд жуулчин явуулсан зүйл байхгүй. Хөтөлбөрийг бид ч бас нарийн судалсан, “Т т” ХХК-тай давхцсан, үг булаасан гэсэн зүйл хэлж байна. Аялалын хөтөлбөрийг оюуны өмчөөр патентжуулсан гэрчилгээ байхгүй. Бид Энэтхэгийн Катманду гэх мэт нарийн чиглэлийг гаргадаг, би өөрөө судалдаг. Аялалын ажил чинь заримдаа 2-3 сар ажилгүй, орлогогүй үе ч байдаг, өр зээлтэй хүн өөр юу хийх вэ, өөр компанид хөтчөөр ажиллаад хувиараа ч болтугай хөтчөөр явахыг бодно.
“А л т” ХХК-ийн зүгээс “Т т” ХХК-ийн харилцагчийг нь булаасан, өрсөлдсөн зүйл байхгүй. Би “Т т” ХХК-ийг хүндэтгэдэг. С.Т захиралтай ийм байдлаар уулзана гэж бодсонгүй. “Т т” ХХК-ийн харилцагчийг бид манайхтай хамтраач гээд байгааг юугаар нотлоод байгаа юм бэ, “Шунхлай” ХХК-ийн ямар захирал, мөн цахилгаан станцын ямар ажилтан танд манайхтай хамтарч ажиллах гэж тохирсон гэж хэлсэн юм бэ, нэр устай нь хэлмээр байна. Мөн манай компани нь 2018 оны 11 дүгээр сарын 02-нд гадаад орон руу жуулчин илгээх тур операторын ангиллын гэрчилгээг авсан бөгөөд хэрэгт өгсөн. Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д.Э-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгсөөд, “Наран трэйд” ХХК болон “Жи мобайл” ХХК-д ажиллаж байсан. 2013 оны 07 сард тус компанид мэргэжлийн ажилд орох анкет өгч, би 11 сард ажилд орсон. Би 1-3 жил ажиллана гэдэг хүснэгтийг дугуйлсан. Энэ талаар надаас асуухад нь тухайн үед би цаашдаа найзуудтайгаа нийлээд аялал жуулчлалын бааз нээх төлөвлөгөөтэй байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан. Ингээд үндсэн ажилтан болсон бөгөөд 2014 оны 06 сард надтай “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээг байгуулсан. Энэ гэрээг анх танилцуулахдаа энэ гэрээний нөхцөл заалтуудыг надад тайлбарлаж өгөөгүй, маш тулгуу, хүчээр шахуу нэг өрөөнд суулгаж байгаад байгуулж байсан, би С.Лхамжав гэдэг захиралд нь 10 жил гэдэг хэцүү байна, би өөрөө аялал жуулчлалын чиглэлээр төгссөн, би энэ компанид ажиллаж байгаад халагдсаны дараа би юу хийх вэ, энэ хугацаанд хоосон байх юм уу гэхэд би энэ хугацааг ярилцана, чи ямар ч байсан гарын үсгээ зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан.
Би тус компанид ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байсан нь үнэн, өөрөө хариуцлагаа хүлээж 3 сарын дотор “ХААН банк” ХХК-иас зээл аваад төлбөрийг төлсөн. “Т т” ХХК нь тухайн жилд бүтэн онгоц авсан байсан бөгөөд онгоц дүүрэхгүй байсан учраас ажилтан бүрийг нэг нэг хүнийг ол, аялуул гэж шаардсан. Үүний дагуу ажилтнуудын ойрын төрлийн хүмүүсийг аялуулж байсан, би бас ээжийгээ аялуулсан. Гэвч төлбөрийг нь би цалингаасаа төлсөн. Миний цалин бага, зээл төлдөг байсан учраас энэ аяллын төлбөрийг он дамнуулан төлж байсан нь үнэн.
Би “Т т” ХХК-иас маш их зүйл сурсан, намайг сайн бэлтгэж байсан, би сайн ч ажилласан гэж боддог. Эхний 1-2 жилд мэргэшээд, 3 дахь жилээс миний норм төлөвлөгөөгөө биелдэг болсон, 4 дэх жилээс нилээд сайн туршлагатай болсон. Компани өөрөө урамшуулал тогтоож олгох журмын дагуу надад 21 сая төгрөгийн урамшуулал олгохооор шийдвэрлэж, татварыг нь суутгаад 17 сая төгрөгийг надад бэлэн өгсөн. Үүнд би одоо ч гэсэн талархдаг. Энэ бол 2015-2016 онд ажилласан ажлын үр дүн байсан. Ингээд 2016-2017 онд би ажлаа хийж байсан бөгөөд Австрали улс руу явахаар хөөцөлдөж байсан нь үнэн, энэ тухай “Тт” ХХК-ийн удирдлага хэлж байгаагүй. Австрали улсаас хариу ирсэн, тэр үед би 2017 оны урамшуулал олгогдох байх, тэр мөнгөө өмнөх урамшуууллын мөнгөний хамт сургалтын зардалд төлөх боломжтой гэж бодож байсан бөгөөд хамт ажиллаж байсан 2 ажилтанд энэ тухай хэлсэн байсныг захирал сонссон байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөөний Даваа гарагийн хурал дээр миний хариуцлагаас үл хамаарах, надтай холбоогүй асуудлаар намайг буруутгасан. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд С.Т захирал чи иймэрхүү байдалтай байх юм бол ажлаа хүлээлгэж өг, одоо гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаръя гээд өргөдлөө одоо өг гэсний дагуу бичиж өгөөд ажлаас гарсан. Өргөдлөө өгч амжаагүй байхад миний системийн эрхийг хаасан, нярав хажууд зогсоод бүх зүйлийг чамаас хурааж ав гэсэн гээд надаас 1 цаг хүрэхгүй хугацаанд бүх зүйлийг хурааж авсан. Би тэр өдрийн дотор ажлыг хүлээлгэж өгөөд гарсан. Намайг “А л т” ХХК-ийг “Т т” ХХК-д ажиллаж байх хугацаанд байгуулсан гэж байна. Би энэ үед ажлаас халагдсан байсан. “А л т” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхмандах, н.Амарбаясгалан нар санал тавьсан бөгөөд бид хамтарч ажиллахаар болсон. Би өвчний группт байдаг нагац эгчтэйгээ, охинтойгоо хамт Толгойтод амьдардаг. Амьдралын нөхцөл байдлаа бодож тус компанид орсон. Би Үндсэн хуульд зааснаар хүн сурч хөдөлмөрлөх, ажил хөдөлмөр эрхлэх, хувийн аж ахуй нэгж байгуулах эрхтэй. Иймд надаас 50 000 000 төгрөг гаргуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тт” ХХК нь хариуцагч “А л т” ХХК, Д.Э нарт холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах, хариуцагч Д.Эээс “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай” гэрээний 4.1-д зааснаар 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Эт холбогдох гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч “А л т” ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлийн үндэслэлээ “тус компанийн үүсгэн байгуулагч нар болох Б.Мөнхмандах, Д.Э нар манай компанид хөдөлмөрийн гэрээний дагуу аялалын хөтчөөр ажиллаж байхдаа байгууллагын бүхий л үйл ажиллагааны мэдээлэл, аяллын дүрэм, журам, хөтөлбөр, удирдамж, зөвлөмж, аялал жуулчлалын гэрээ, бусад маягт, баримт бичгүүд, байгууллагын нууцад хамаарах үнэт зүйлс, манай байгууллагын харилцагч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүний мэдээллийг хуулбарлан авч, тэдэнтэй өөрсдийн байгуулсан компанитай хамтран ажиллах хүсэлт тавих, үйлчлүүлэгчдийг өөрийн компаниар үйлчлүүлэхийг ятгаж хүсэх, хамтрагч харилцагчдыг хулгайлах, булаах, бусдын бизнесийн процесс, моделийг зохион байгуулалттайгаар хуулбарлан хулгайлж байгаа нь манай байгууллагын эрх ашгийг хөндөж сөргөөр нөлөөлсөн, удирдлагуудыг хууран мэхэлж, манай бүх мэдээллийг ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг байгуулан өрсөлдөн ажиллаж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдсон” гэж,
Хариуцагч Д.Э-т холбогдуулсан нэхэмжлэлийн үндэслэлээ “хөдөлмөрийн гэрээний 8.3-т заасан хөдөлмөрийн харилцаа дууссанаас хойш 3 жилийн дотор ажилтан аливаа шалтгаанаар ажиллах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, олж авсан мэдээ, мэдээлэл, мэдээллийн бааз, материал зэргийг нууцлах чандлан хадгалах үүргийг хүлээж, “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай” гэрээний 4.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 10 жилийн хугацаанд “Тт” ХХК-тай өрсөлдөхгүй байх, уг гэрээний 3.2.1-3.2.3-т заасан өрсөлдөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг ноцтой зөрчсөн учраас 50 000 000 төгрөг гаргуулна” гэж тус тус тодорхойлжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар үл зөвшөөрч, хариуцагч “А л т” ХХК-иас “манай компанийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу явуулж байгаа аялалын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн зүйлгүй, аялалын чиглэл, судалгаа нь нэхэмжлэгчийн аялалын чиглэлтэй болон түүний харилцагч нартай давхцсан, харилцагч, үйлчлүүлэгч нарыг булаасан зүйл байхгүй, нотлох баримтгүй, аялал жуулчлалын салбарт аялалын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний газрууд нь зөвхөн нэхэмжлэгчийнх бус бүх л улсын жуулчдад нээлттэй байдаг учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,
хариуцагч Д.Э-ээс “Би аялал жуулчлал менежментийн мэргэжил эзэмшиж, 2013 оноос хойш нэхэмжлэгч компанид өөрийн хүч хөдөлмөр, оюун бодлоо зориулан ажилласан, 2017 оны 10 дугаар сард миний хариуцлагаас үл шалтгаалах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, амьдралын шаардлагаар “А л т” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилласан. “Мэдээлэл задруулахгүй байх, өрсөлдөхгүй байх тухай” гэрээг байгуулсан, тухайн үедээ ажилд орох гэж байгаа хүн гарын үсэг зур, гэрээ хий гэсний дагуу гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 10 жил мэргэжлээрээ ч ажиллах боломжгүй болгож Үндсэн хуульд заасан миний эрх ашгийг хохироосон хүчин төгөлдөр бус гэрээ болсон, би нэхэмжлэгч компанийн харилцагч нарыг өөрийн ажилладаг компанитай холбож өгөх, аялалын хөтөлбөр, гэрээг нь авч ашигласан зүйл байхгүй тул 50 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй“ гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг татгалзаж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хариуцагч Д.Э-т холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг батлан, Д.Эээс 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, харин хариуцагч “А л т” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хариуцагч Д.Э нь 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч байгууллагад аялалын зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХГ-17/02 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд орохыг хүсэгчийн анкет, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Д.Эийн “Тт” ХХК-д ажилд орохыг хүссэн хүсэлт, “Нууц хадгалах тухай гэрээ”, “Нууцын баталгаа”, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17/42 тоот “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” “Тт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Д.Эийн D 201233769 тоот бакалаврын диплом хавсралт, зохигдын тайлбар, гэрч Н.Булганы мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/07 тоот “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-нээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч Д.Э нар нь ажил олгогчийн дотоод мэдээллийг бусдад алдахгүй байх, зах зээл дэх өрсөлдөөнд ажил олгогчийн байр суурийг хадгалж үлдэх зорилгоор мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх талаар харилцан тохиролцон 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/07 тоот “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээг байгуулсан нь гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан нэрлэгдээгүй гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхээр байна.
Уг гэрээний 3.1-д “Энэ гэрээг хүчинтэй байх хугацаанд ажилтан Энхчимэг би ...энэхүү гэрээний ...өрсөлдөхгүй байх нөхцөлүүдийг дагаж мөрдөхийг зөвшөөрөв” гэж, 3.2-т “Өрсөлдөөн гэдэг нь дараахь төрлийн бизнесийг эзэмших буюу бизнес эрхлэх, ажиллах, үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. 3.2.1. Ажил олгогчтой ижил төрлийн /аялал, жуулчлалын/ үйл ажиллагаа явуулдаг компанид орж ажиллахыг, 3.2.2. ...Ажилтан өөрөө эсхүл бусадтай хамтарч аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх компани байгуулах, 3.2.3. ...Ажилтан өөрөө эсхүл бусдаар дамжуулан аялал жуулчлалын компанид зөвөлгөө өгөх болон бусад хэлбэрээр хамтран ажиллах” гэж, 3.3-т “...гэрээний 5.1-д заасан хугацаанд 3.2.1-3.2.3-т заалтуудад орсон чиглэлийн дагуу ямар ч үйл ажиллагаа эрхлэхгүй байхыг хүлээн зөвшөөрч байна” гэж, 5.1-д “энэ гэрээ...хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацаанд болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл цуцлагдсанаас хойш ажилтан Энхчимэг би 10 жилийн хугацаанд ажил олгогч /“Тт” ХХК/-тай өрсөлдөхгүй байна” гэж, 4.1-д “Ажилтан Энхчимэг би энэхүү гэрээний 3.2.1-3.2.3 заалтуудад орсон өрсөлдөхгүй байх үүргээ зөрчвөл 50 000 000 төгрөгийг ажил олгогч /”Тт” ХХК/-д төлөхийг зөвшөөрөв” гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж, 202 дугаар зүйлийн 202.1.-д “ Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, 202 дугаар зүйлийн 202.2.-т “...иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна....202.2.2.-т “үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон...” заажээ.
Үүнээс үзэхэд талуудын хоорондохь “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-ний 5.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсоны дараа 10 жилийн хугацаанд гэрээний 3.2.1-3.2.3 заалтуудад заасан үйл ажиллагааг явуулахгүй, эрхлэхгүй байх үүргийг хариуцагч Д.Э хүлээсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…” гэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах...” гэж тус тус заасантай нийцээгүй, зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, гэрээнд дан ганц Д.Э үүрэг хүлээхээр заасан, хариуцагч нь өөрийн эзэмшсэн аялал жуулчлалын менежмент мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхийг урт хугацаанд хязгаарлаж, түүнд хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг тохиролцсон нь хүчин төгөлдөр бус болжээ.
Иймд нэхэмжлэгч талд хариуцагч Д.Э дээрх гэрээний дагуу буюу хүчин төгөлдөр бус гэрээний стандарт нөхцөлийн дагуу 50 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй болно.
2.Хариуцагч “А л т” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 02-нд аялал жуулчлал эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдаж, аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулж байгаа болох нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Үүсгэн байгуулагч нарын анхны уулзалтын тэмдэглэл” гэх баримт, 2017 оны 11 дүгээр сарын 14-нд олгогдсон 6247938 регистрийн дугаартай, 000154947 тоот “А л т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОТО-1477/с дугаартай гадаад орон руу жуулчин илгээх тур оператор ангиллын гэрчилгээ, тус компанийн “Бангкок-Патаяа-Ко Самит” чиглэлийн аялалын хөтөлбөр, “Итгэлт хамба-Улан-Үд-Байгал нуурын аялал” чиглэлийн аялалын хөтөлбөр, 208 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Тайланд улсын “Triplink PC Limited Partnership” компани болон “А л т” ХХК-ийн хооронд байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” орчуулгын хамт, “Тайланд-02”, “Натранг-02” гэсэн хариуцагч байгууллагын бусадтай байгуулдаг аялал жуулчлалын гэрээний загварууд, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.
Нэхэмжлэгч тал нь өөрийн компанитай хамтран ажилладаг Тайланд улсын “S.V.D. Express Limited partnership” /Си Ви Ди Экспресс партнершип/ компанийн тодорхойлолт, гэрэл зураг, тус компанитай 2016 оны 05 дугаар сарын 09-нд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” орчуулгын хамт, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ОХУ-ын “Тэнгэри трэвел” ХХК болон нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, Монголын аялал жуулчлалын холбооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 125 тоот тодорхойлолт, хариуцагч “А л т” ХХК-ийн “Тайланд /Бангко, Патаяа/ аялал” гэсэн аялалын хөтөлбөр, мөн “Т т” ХХК-ийн Тайландын /Бангко, Патаяа/ аялал” гэсэн аялалын хөтөлбөр зэргийг нотлох баримтаар гарган, гэрч Б.Санжидмаагийн мэдүүлгээр гэрчлүүлэн, гадаад орон руу жуулчин илгээх зөвшөөрөлгүйгээр гадаадад аялалын үйл ажиллагааг явуулж Монгол улсын хууль, дүрэм журмыг зөрчдөг, ОХУ-ын “Тэнгэри трэвел” ХХК-ийн захирал Наташа Захароватай хөтөч Н.Булганаар зуучлуулан уулзаж, хамтран ажиллахаар тохиролцсон, бидний хамтран ажилладаг “S.V.D. Express Limited partnership” /Си Ви Ди Экспресс партнершип/ компанитай хамтран ажиллахаар тохиролцож манай байгууллагатай өрсөлдөх үйл ажиллагааг явуулсан гэж мэтгэлцэж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “бараа бүтээгдэхүүн гэж...бүх төрлийн ажил, үйлчилгээ...зэргийг”, 4.1.3.-т “ аж ахуй эрхлэгч гэж Монгол улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг”, 4.1.4.-т “өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт, хийж байгаа аж ахуй эрхлэгчийг...” гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Т т” ХХК, хариуцагч “А л т” ХХК-ийн хэн аль нь аялал жуулчлалын үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлсон өрсөлдөгч аж ахуй эрхлэгч гэж үзнэ.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд 12.1.3.-д “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах”, 12.1.5.-д “патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр...үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах”, 12.1.10.-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах...арга хэрэглэх” гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.1.-д аж ахуй хэрэглэгчээс өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулахыг хориглосон бөгөөд 11.2.3.-т “ өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч “А л т” ХХК-иас аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн эсэхийг, түүнчлэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 11.2., 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан аж ахуй эрхлэгчээс хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар шалгуулж тогтоолгон, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 26.2.-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, тус газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах зохицуулалттай байна.
Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх бөгөөд дээрх хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэгч нь өөрийн компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах тухай шаардлагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж шийдвэрлүүлэх, түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байх тул уг шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ирэгний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан эрхийн дагуу хариуцагч Д.Эт холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн хариуцагч Д.Э-ээс гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч “Ай ланд тревэл” ХХК-д холбогдох, “Тт” ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эт холбогдох зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.
Хэрэгт нэхэмжлэгч талаас Н.Булгантай байгуулсан 03/23 тоот, “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”, Б.Мөнхмандахтай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ХШ-16/011 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “Жи мобайл” хХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/3847 тоот тодорхойлолт, тус компанийн ерөнхий захирлын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/257 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, ХААН банкны депозит дансны хуулгууд, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Т т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 тоот тогтоол,2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Д.Эийн байгууллагадаа гаргаж байсан өргөдөл, “Жуулчин” ХХК, “Хаан трэвел” ХХК, “Нью жуулчин турс” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК-ийн аялалын хөтөлбөрүүд, гадаад хэл дээрх Б.Санжидмаа болон Захарова Н.Ч. нарын фейсбүүкээр харилцсан цахим захидал гэх баримт, ОХУ-ын “Тэнгэри трэвел” ХХК-иас “А л т” ХХК-д ирүүлсэн гэх огноо тодорхойгүй, эх хувиас орчуулсан эсэх нь тодорхойгүй тодорхойлолт зэрэг нь нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 202 дугаар зүйлийн 202.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Тт” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эт холбогдуулан гаргасан “Тт” ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасныг баримтлан хариуцагч “А л т” ХХК-д холбогдуулан “...“Т т” ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аялалын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 2000 төгрөгийг буцаан гаргуулж “Тт” ХХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА