Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00932

 
 

 

Уулсзаамар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01378 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1874 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Уулсзаамар ХХК

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба

 

нэхэмжлэл: 2014.09.25-ны өдөр зохион байгуулсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулгын хяналтын журмаар 2020.09.30-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаа, Б.Батмөнх, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007.05.25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Баян-Өндөр сан ХЗХ-ны төлбөрт Баян-Өндөр инвест ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сум, Галт нэртэй газарт байрлах 28,66 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хохирогч нарын төлбөрт тооцон төлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 49.9 кг химийн цэвэр алтны нөөцтэй, MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийн үнэлгээг Тресаммит ХХК-иар гаргуулж, 383,031,066.95 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааны ажиллагааг 2014.09.25-ны өдөр зохион байгуулахаар зарласан бөгөөд манай компани дээрх дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, дэнчинд 38,604,000 төгрөг төлсөн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014.09.25-ны өдөр ашигт малтмал ашиглах MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийн анхны үнийг 383,031,066.95 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Дуудлага худалдааны оролцогч Дэвшилтворлд трейд ХХК нь уг тусгай зөвшөөрлийг 1,711,000,000 төгрөгөөр худалдан авах хамгийн өндөр үнэ санал болгосноор ялагч болсон. Ордын нөөцийн тухайд Аадгай трейд ХХК нь 2002 онд дээрх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт буй алтны нөөцийг 49,9 кг химийн цэвэр алтны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байдаг. Гэтэл энэхүү нөөцийн талаар дуудлага худалдааны нэг оролцогч Дэвшилтворлд трейд ХХК нь ноцтойгоор төөрөгдсөн нөхцөл байдлын улмаас дуудлага худалдаанд оролцсон. Улмаар уг нөөцийн зах зээлийн үнэлгээний талаас илүү гарах үнээр худалдан авах тухай байж боломгүй өндөр үнийн саналыг гаргахад хүрч байсан нөхцөл байдлын талаар дуудлага худалдааны нөгөө оролцогч болох Уулсзаамар ХХК 2018.04 сард бусдаас олж мэдсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Дэвшилтворлд трейд ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Азгэрэл нь өөрийн компанийн хөрөнгө оруулагчдад MV-017274 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн алтны нөөцийн талаар үндэслэлгүй худал мэдээллийг өгч, тэдний итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд нөөц тогтоосон эрх бүхий этгээдийн үйлдсэн нөөцийн тайлан холбогдох баримт бичгүүдийг засварлаж, өөрчлөн танилцуулснаар тус компани дуудлага худалдаанд оролцох шийдвэрийг гаргахад хүрчээ. Ингэхдээ Аадгай трейд ХХК-ийн тайланд нөөцийг 49,9 кг гэж дурдсаныг 749,9 кг болгон өөрчилжээ. Үүний улмаас Дэвшилтворлд трейд ХХК-ийн хөрөнгө оруулагчид төөрөгдөж, дуудлага худалдаанд орж, улмаар үлэмж өндөр үнийг санал болгосноор ялагч болсон. Ялагч болсноор ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч уг талбай дахь нөөц бүртгэгдээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой нөөцийн асуудлууд хөндөгдөх болж, нөөц тогтоогдсон баримт бичгүүдтэй Дэвшилтворлд трейд ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Вэй Сиень Жөү, Ли Дай Дун нар нь танилцсанаар нөөц эргэлзээтэй болохыг олж мэдсэн байна. Энэ хууран мэхэлсэн Г.Азгэрэлийн үйлдэлд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 2017.05.16-ны өдөр 213 дугаар тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолд Аадгай трейд ХХК-ийн 2002 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгагдсан 49.9 кг гэдгийг урд талд 7 гэсэн тоог нэмж ордын нөөцийг 749.9 кг химийн цэвэр алт гэж өөрчилсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон талаар дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулж буй дуудлага худалдаа нь ИХ-н 197.1-д заасны дагуу үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж буй хэрэг юм. ИХ-р тогтоосон хэлцлийн нийтлэг журам, зохицуулалт уг дуудлага худалдаа, түүний үр дүнд байгуулагдсан албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээнд хамааралтай үйлчлэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа нь гэрээ хэлцлийн гол нөхцөл, үнийг тогтоох ажиллагаа буюу гэрээний салшгүй нэг хэсэг юм. Дээр дурдсан нөөцийн мэдээллийг өөрчилсөн нөхцөл байдалд үндэслэн дуудлага худалдааны ялагч Дэвшилтворлд трейд ХХК болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны хооронд байгуулсан дээр дурдсан гэрээг хууль зүйн талаас нь үнэлбэл ИХ-н 59-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, Дэвшилтворлд трейд ХХК-ийн хувьд болон 58 дугаар зүйлд заасан ноцтойгоор төөрөгдөж хийсэн хэлцэл юм. Хэрвээ Г.Азгэрэл нөөцийн талаарх худал мэдээллийг хөрөнгө оруулагчдаа өгөөгүй байсан бол Дэвшилтворлд трейд ХХК нь уг дуудлага худалдаанд оролцохгүй байх байсан. Улмаар үндэслэлгүй өндөр үнийг хэлж, бодитой мэдээллийн үндсэн дуудлага худалдаанд оролцож үнийн санал гаргасан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх бүрэн боломжтой байсан юм. Хэрэв албадан дуудлага худалдаанд оролцож ялагч болсон этгээд ордын нөөцийн талаар төөрөгдөөгүй тохиолдолд өндөр үнийн санал гаргаж ялагч болохгүй байж болох байсан бөгөөд харин нэхэмжлэгч албадан дуудлага худалдааны ялагч болох боломжтой байсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн. Уг албадан дуудлага худалдааны оролцогч эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа сонирхогч этгээд тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Дэвшилтворлд трейд ХХК-ийн хооронд байгуулсан албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг ИХ-н 56.4-т ...сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, мөн хуулийн 57.3-т ...гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. ШШГТХ-н 2002 оны хуулийн 39.4-т ...үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг ИХ-н 197-д заасан журмаар явуулна гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба ИХ-н Үнэ хаялцуулах ажиллагаа гэсэн 197 дугаар зүйлд заасан хэлцлийн нийтлэг журам, зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс Дэвшилтворлд трейд ХХК нь ялагч болж нэхэмжлэгч Уулсзаамар ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2014.09.25-ны өдөр зохион байгуулсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Тус алба нь Баянгол дүүргийн шүүхийн 2007.05.25-ны өдрийн 155 дугaap шийтгэх тогтоолоор Баян өндөр сан хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч С.Самбалхүндэв, Р.Баярмаа нараас 16,515,115,355 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий 1416 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9.1.13-д ...мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн, худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцохоор шийдвэрлэсэн Төв аймгийн Заамар сумын Галт нэртэй газарт байрлах MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг тус албанаас 2014.09.25-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Дээрх албадан дуудлага худалдааны алтны нөөцийн хэмжээг өөрчилж, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн 170200246 тоот хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж дуусаагүй байна. Уулсзаамар ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд дээрх ажиллагаагаар эрх ашиг нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. ШШГТХ-н 51-д ...албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Тиймээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн Уулсзаамар ХХК-д шаардах эрх байхгүй. Нэхэмжлэгч тал сонирхогч этгээд учир дуудлага худалдааны гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гомдол гаргах эрхтэй гэж байна. Энэ дуудлага худалдаанд 6 компани оролцсон байдаг.. үнийн санал хэлсэн дарааллыг харахаар Дэвшилтэдворлд трейд ХХК 1,711,000,000 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдааны ялагч болсон. Харин Уулсзаамар ХХК-ийн хувьд 1,688,000,000 төгрөгийн үнийн санал хэлж 4-т жагссан. Уулсзаамар ХХК дуудлага худалдаанд орохынхоо өмнө тухайн хөрөнгийн талаар зохих мэдээллийг авсан байдаг. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эхний дуудлага худалдаанд оролцохдоо уг талбайд тогтоогдсон 49.9 кг, дуудлага худалдааны доод үнийн тооцоо судалгааг хийж, нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолно гэж заасан. Тэгэхээр 49.9 кг алтны нөөцтэй байсан байна. Зах зээлийн үнэлгээгээр 3,500,000,000 төгрөгийн үнийн дүнтэй алт байсан байна. Нэхэмжлэлдээ ингэж дурдчихаад одоо болохоор дуудлага худалдааны зохих мэдээллийг аваагүй гээд байна. Тухайн дуудлага худалдаанд оролцож буй сонирхогчдын мэдээлэл болон дуудлага худалдаанд орж байгаа хөрөнгийн байршил тодорхой мэдээллүүдийг дуудлага худалдааны зар дээр тусгаад тухайн шийдвэр гүйцэтгэгчийн нэр, утас тавигддаг. Мөн дуудлага худалдаанд орохын өмнө шинжээчийн тайланг дуудлага худалдааны оролцогчдод танилцуулдаг. Иймд Уулсзаамар ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2020/01378 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13, 197.24 дэх хэсэгт заасныг баримтлан Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2014.09.25-ны өдөр зохион байгуулсан ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдах албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд даалгаж, Уулсзаамар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан Уулсзаамар ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1874 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан, 2014.09.25-ны өдөр зохион байгуулагдсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Уулсзаамар ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалын ХЯНАВАЛ хэсэгт Нэхэмжлэгч Уулсзаамар ХХК нь төлбөр авагч, төлбөр төлөгч биш байх тул Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас явуулсан дуудлага худалдааны ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй этгээд байна гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Тодруулбал, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007.05.25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Баян-өндөр сан ХЗХ-ны төлбөрт Баян өндөр инвест ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сум, Галт нэртэй газарт байрлах 28.66 гектар талбай бүхий ашигт малтмалын М\/-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хохирогч нарын төлбөрт тооцон төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2014.09.25-ны өдөр 49.9 кг химийн цэвэр алтны нөөцтэй Ашигт малтмалын М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Тус дуудлага худалдаанд М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийн үнэлгээг 383,031,066 төгрөгөөр үнэлсний дагуу нэхэмжлэгч Уулсзаамар ХХК 38,604,000 төгрөгийн дэнчин төлснөөр оролцсон. Гэвч дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Дэвшилтворлд трөйд ХХК-ийн захирал өөрийн компанийн хөрөнгө оруулагчдад М\/- 017274 тусгай зөвшөөрөлтэй талбайн алтны нөөцийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл өгч тэдний итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд 49.9 кг гэж нөөц тогтоосон холбогдох баримт бичгүүдийг 749.9 болгон засварлаж өөрчилснөөр Дэвшилтворлд трейд ХХК-ийн хөрөнгө оруулагч төөрөгдөж дуудлага худалдаанд хэт өндөр үнийг санал болгосноор ялагч болсон. Улмаар Дэвшилтворлд трейд ХХК нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албатай 2014.12.08-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь ИХ-н 59-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл юм. Дэвшилтворлд трейд ХХК-ийн хувьд ИХ-н 58-д зааснаар ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл юм. Ийнхүү Дэвшилтворлд трейд ХХК-ийн захирлын хууран мэхлэх үйлдлийн үр дүнд байгуулагдсан Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг ИХ-н Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэсэн 59.4, мөн хуулийн Хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн 56.4-д тус тус зааснаар Уулсзаамар ХХК албадан дуудлага худалдаанд оролцсон оролцогчийн хувьд сонирхогч этгээдийн хувиар 2014.09.25-ны өдрийн Ашигт малтмалын М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад дуудлага худалдаанд оролцогч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг давж заалдах шатны шүүх хязгаарлаж зөвхөн төлбөр авагч, төлбөр төлөгч л нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007.05.25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгч нь С.Самбалхүндэв, Р.Баярмаа нар, харин төлбөр авагч нь нэр бүхий хадгаламж зээлийн хоршоодын хохирогч нар юм. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинээр эрх зүйн харилцаа үүсэж тухайн харилцаанаас үүссэн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх дүгнээгүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарын оролцсон албадан дуудлага худалдаа байна мэтээр ойлгож шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Тухайн албадан дуудлага худалдааг явуулснаар дуудлага худалдаанд Уулсзаамар ХХК, Дэвшилтворлд трейд" ХХК, Ирмүүн Аз ХХК, Эм Давлю ХХК зэрэг хуулийн этгээдүүд оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, Уулсзаамар ХХК 2014.09.25-ны өдрийн Ашигт малтмалын М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдаанд оролцсон оролцогчийн хувьд сонирхогч этгээдийн хувиар тус дуудлага худалдааны талаар гомдол гаргах эрхтэй байтал давж заалдах шатны шүүх дуудлага худалдаа бус төлбөр төлөгч, төлбөр авагчийн талаар дүгнэлт хийсэн хуульд нийцэхгүй байна. Хоёрдугаарт:Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт Уулсзаамар ХХК-ийг ШШГТХ-н /2002 он/ хуулийн 34.4 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан 2014.09.25-ны өдрийн Албадан дуудлага худалдааны тэмдэглэл-с үзэхэд дуудлага худалдаанд нийт 6 этгээд оролцсон байх ба 3 дугаартай Уулсзаамар ХХК нь хоёр дах өндөр үнийн санал өгсөн этгээд биш байна гэжээ. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ "Уулсзаамар ХХК-ийг 2014.09.25-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зохион байгуулсан Ашигт малтмалын МХ/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдаанд оролцсон байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө 2 дах өндөр үнийн санал хэлээгүй учир гуравдагч этгээд биш байна гэж илт хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Гэтэл Уулсзаамар ХХК нь хариуцагчаас зохион байгуулсан Ашигт малтмалын М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдаанд худалдан авагч болохын тулд үнийн санал гарган дэнчин төлж оролцсон тул ИХ-н 197.1-д үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно, 197.6-д үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна, 197.24-д хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна, 197.26-д энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар уг дуудлага худалдааны үнэ хаялцуулах ажиллагааны оролцогч, эрх ашиг нь хөндөгдөж байгаа сонирхогч этгээд юм. Харин Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Ашигт малтмалын М\/-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа ИХ-н Үнэ хаялцуулах ажиллагаа гэсэн 197-р зүйлд заасан хэлцлийн нийтлэг журам, зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс Дэвшилтворлд трейд ХХК нь ялагч болж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Эрх нь зөрчигдсөн гуравдагч этгээд Уулсзаамар ХХК-ийн хувьд ШШГТХ-н /2002 он/ 34.4-д энэ хуулийн 34.3 дах хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй гэж зааснаар дуудлага худалдааны оролцогч тухайн худалдааны улмаас эрх нь хөндөгдсөн гэж үзвэл гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж зохицуулсан. Харин дуудлага худалдаанд оролцсон оролцогчдын хоёр дах үнийн санал гаргасан оролцогч нь гуравдагч этгээд түүнээс хойш үнийн санал гаргасан оролцогч нь гуравдагч этгээд биш гэж зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хэрэв давж заалдах шатны шүүх шиг ингэж дүгнэх юм бол Үндсэн хуульд зааснаар хууль шүүхийн өмнө эрх тэгш оролцох боломжийг хязгаарласан үйлдэл болно. Гуравдугаарт. Нэхэмжлэгч Уулсзаамар ХХК-ийн зүгээс ХХША-ны явцад Дэвшилтворлд трейд ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шүүх хүлээн авч гуравдагч этгээдээр Дэвшилтворлд трейд ХХК-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийг гардуулалгүй, гуравдагч этгээдийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь ХХША-ны журам зөрчсөн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Уулсзаамар ХХК нь 2018.05.02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдсан 2014.09.25-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа ...эрүүгийн хэргийн шүүхээс... MV-017274 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж хохиролд тооцохоор шийдвэрлэсэн байна... дуудлага худалдаа явуулах зарыг 30-с доошгүй хоногийн өмнө гаргасан нь тогтоогдоогүйгээс гадна худалдан борлуулах ажиллагааг эд хөрөнгийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэх талаар хуульд заасан байхад хариуцагч 1 жил 5 сар 23 хоногийн дараа явуулсан нь хуульд нийцээгүй...мөн үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.. гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...дуудлага худалдаанд Дэвшилтворлд трейд ХХК ялж...үнийг төлөх, тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэрээ байгуулагдсан байна... нэхэмжлэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч биш тул дуудлага худалдааны ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй этгээд байна... гуравдагч этгээд гэж үзэх боломжгүй...учир нь Уулсзаамар ХХК нь хоёр дахь өндөр үнийн санал өгсөн этгээд биш байна.... гэсэн байна.

 

1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

а/. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Уулсзаамар ХХК 2014.09.25-ны өдөр Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах албадан дуудлага худалдаанд оролцогч байх бөгөөд 2014.09.25-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгахыг шаардсан нэхэмжлэлийг 2018.05.02-ны өдөр гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гуравдагч этгээд гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж буй төлбөр авагч, төлбөр төлөгчөөс бусад этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь албадан дуудлага худалдаа явагдах үед үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.3, 39 дүгээр зүйлийн 39.6 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 70 дугаар зүйлийн 70.2.3.,122 дугаар зүйлийн 122.3-г зөрчихгүй юм.

 

Уулсзаамар ХХК албадан дуудлага худалдаанд оролцогч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

б/. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007.05.25-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Баян-Өндөр сан Хадгаламж зээлийн хоршооны төлбөрт Баян-Өндөр инвест ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт байрлах ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж хохирогч нарын төлбөрт олгохоор шийдвэрлэсэн /хх1-н 25, хх2-н9/, зохигч маргаагүй байх тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй гэж дүгнэв.

 

в/. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...дуудлага худалдааны ялагч нь алтны нөөцийг 749.9 кг гэж төөрөгдсөний улмаас өндөр үнийн санал өгч ялсан... алтны нөөцийг 49.9 кг гэж мэдсэн бол тийм өндөр үнийн санал хэлэхгүй.. нэхэмжлэгч ялагч болох байсан.. гэх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах, улмаар магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг тогтоохдоо алтны нөөцийн хэмжээг 749.9 кг гэж тооцоогүй, дуудлага худалдааны мэдээллийг хариуцагч өөрчилсөн гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримтгүй байна.

Дуудлага худалдааны ялагч болон нэхэмжлэгчийн санал болгосон үнийн зөрүүг буруу ташаа мэдээлсэн гэх алтны хэмжээтэй харьцуулвал үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх агуулга бүхий гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.

г/. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагаа явуулсан байна.

 

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

 

Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагаа хийж, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчөөгүй, Дэвшилтворлд трейд ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх байдал тогтоогдоогүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хамаарахгүй байна.

 

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Уулсзаамар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдсан 2014.09.25-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгах /хх1-н 1., хх2-н 17/-г шаардсан бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг өөрчилсөн баримт хэрэгт байхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Уулсзаамар ХХК-ийн гаргасан нэг буюу ..албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгах.. шаардлагыг орхигдуулж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1874 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...шийдвэрийг хүчингүй болгож .. гэснийг ...шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасныг баримтлан.. гэж, ...албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Уулсзаамар ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож... гэснийг ...албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай Уулсзаамар ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.. гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ