Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00852

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр                      Дугаар 183/ШШ2019/00852                        Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г /РД:/,

Хариуцагч: Б /РД:/ нарт холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 67 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Ггийн Ч.Гд холбогдох 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, хариуцагч Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагч Б.Г, Д.Б нарын төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г түүний эцэг Б.Б нар нь 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надтай харилцан тохиролцож 150 000 000 төгрөгийг зээлсэн авсан бөгөөд уг мөнгийг миний бие Б.Г, Б.Б нарт “З” ХХК-ийн өрөөнд бэлнээр хүлээлгэж өгсөн билээ. Дараа нь буюу 2010 оны 08 дугаар сардаа 6 000 000 төгрөг, мөн 20 000 000 төгрөгийг зээлж авсан. Үүний дараа 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний бие Б.Г, Б.Б нарт зээлүүлсэн 156 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Б.Гтай тус тус нөхөж хийсэн билээ. Ингээд 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Б дахин мөнгө хэрэгтэй байна зээлүүлээч гэсний үндсэн дээр 10 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 186 000 000 төгрөгийг Б.Г, Б.Б нар надаас зээлсэн юм. Дээрх төлбөрөөс Б.Г, Б.Б нар нь алтаар тооцож дараах төлбөрийг буцааж төлсөн. Үүнд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 42 460 000 төгрөгийн алтыг өгсөн боловч үүнээсээ 4 600 000 төгрөгийг мөнгөгүй боллоо гээд тэр доор нь буцааж авсан. Үлдэгдэл нь 37 860 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 24 800 000 төгрөгийн алт, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийн алт, 2013 онд 15 000 000 төгрөгийн алтыг тус тус төлсөн бөгөөд нийт төлсөн төлбөр нь 118 160 000  төгрөг болж байгаа. Б.Г, Б.Б нар нь дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 67 840 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд Б.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх үлдэгдэл төлбөрийг алтаар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч дүрстэй бичлэг хийсэн бөгөөд уг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймд Б.Гүнсамбуу, Б.Б нараас 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 67 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Ггийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар шаардлага гаргасан байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр. Уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог. Тухайлбал, талууд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа боловч ямар нэг хариуцлагаас зайлсхийхийн тулд зээлийн гэрээ хийсэн бол хоёр дах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хоёр дах гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохиролцсон байх ёстой. Халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн цаана хэлцэл хийгч талуудын хүсч буй хэлцэл нуугдаж байдаг. Харин хэргийн тухайд Ч.Г, Б.Г, Б.Б нар нь 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Увс аймгийн Сагил сумын Харгайтын нутаг дэвгэрт байрлах МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй 162.54 гектар талбайд алт олборлох. Хөрөнгө оруулах хийх талаар тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу Ч.Г 150 000 000 төгрөгийг Б.Г, Б.Б нарт өгсөн хэдий ч уг гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй, олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй, ямар ч үр дагавар үүсгээгүй зогссон байдаг. Уг гэрээний 4.3-д уурхайн үйл ажиллагаа явагдахгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулагч талд нэн яаралтай буцааж өгөх талаар тусгасан зохицуулалт байна. Үүний дараа Ч Гас Б.Г, Б.Б нар нь нэмж 36 000 000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцаад харилцан тохиролцож 156 000 000 төгрөг 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Ийнхүү байгуулахдаа талуудын хүсэл зориг нэгдсэн, талууд зээлийн гэрээг байгуулахдаа эхний хамтран ажиллах гэрээг халхавчлан нуух хүсэл зориг огт байгаагүй мөнгөн төлбөрийг буцаан төлөх талаараа хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би зээлийн гэрээний хүү, алдангийг нэхэмжлэхгүй байна. Жил болгон би нэхээд 2017 онд арай гэж олж аваад та барьцгүй хүн байна гээд бичлэг хийж авсан. Хариуцагч нь би энэ бичлэгийг чинь хүлээн зөвшөөрч байна. Би 2 кг алт өгөөд намайг хохиролгүй болгоно гэж хэлчхээд дахин сураггүй алга болсон. Энэ хүн хүнд өргүй бол хэзээ ч бичлэг хийлгэж явах хүн биш гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ч.Г, Д.Б, Б.Г Увс аймгийн Саргис сумын Ашиглалтыгн лиценз бүхий талбайд хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулагч 150 000 000 төгрөгийг З компани дээр хүлээлгэж өгсөн. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй. Гэрээнд энэ гэрээ хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрэх юм бол 150 000 000 төгрөгийг нэн даруй буцааж өгөхөөр тохиролцсон байдаг. 1 жилийн дараа хариуцагч нартай тааралдаад мөнгөө авая гээд Б.Гтай 176 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. 10 000 000 төгрөгийг сүүлд нь өгсөн байдаг. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Д.Бы цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ энэ данс руу Ч.Г 20 000 000 төгрөг хийсэн гэж мэдүүлдэг. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.Г утсанд Д.Баас ирсэн мессежид үзлэг хийсэн баримтаар 186 000 000 төгрөг хариуцагч нар авсан нь нотлогддог. Эргэн төлөлтөд 118 000 000 төгрөг төлсөн нь нотлогддог. Хамтран ажиллах гэрээ огт хэрэгжээгүй учраас мөнгөө буцааж авах талаар тохиролцоо хийсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш удаа дараа алтаар төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г Увс аймгийн Сагил сум Харгайтын нугаг дэвсгэрт байрлах 1652.54 гектар талбайтай МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй “Г” ХХК-ийг ажлуулдаг бөгөөд 2010 онд алт олборлохоор Ч.Гтай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, А талаас Иргэн Ч.Г, Б талаас “Г” ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Г нар 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “Г” ХХК нь А талтай адил хэмжээний хөрөнгө оруулж, уурхайн үйл ажиллагааг явуулах, Ч.Г нь хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээгээр Ч.Г нь 150 000 000 төгрөг оруулахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлж, 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын “Г” ХХК-д шилжүүлэн өгсөн. Б тал болох “Г” ХХК нь мөн 100 000 000 төгрөг орчим хөрөнгийг оруулж, өөрсдийн техник хэрэгсэл болон түрээсийн тоног төхөөрөмжөө трайлер түрээслэн, шатахуун түлш, ажилчид, гэр бааз зэргийг тээвэрлэн Увс аймгийн Сагил суманд очиж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон. Гэтэл нутгийн иргэд эсэргүүцэж, улмаар үйл ажиллагаагаа эхлүүлж, чадаагүй. Үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй хэдэн сарын хугацаа өнгөрч, маш их алдагдал хүлээж, цаашид мөн алдагдал хүлээхээр байсан тул үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг талууд хамтран гаргаж нутаг буцсан. Ажил зогссонтой холбоотойгоор Ч.Г нь өөрийн оруулсан 100 000 000 төгрөг дээрээ Б.Гтай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулъя гэж шаардлага гаргаж, миний зүгээс хоёулаа гэрээгээ байгуулсан “Г” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан шүү дээ гэхэд заавал байгуулахгүй бол болохгүй гэсээр байгаад энэхүү 2011 оны 02 сарын 26-ны өдөр хоёр удаа зээлийн гэрээг хүү, алданги нэмж тооцож, 156 000 000 төгрөг болгож байгуулсан. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох дараах зүйл, заалтуудын дагуу зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д заасны дагуу “...хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж тус тус заасан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд талуудын хүсэл зориг нь тус алт олборлох үйл ажиллагааг хамтарч ажиллах, ашиг олох зорилгод тулгуурлаж байгаа юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний онцлог нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөө ашиглаад зогсохгүй захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл Б.Г тус мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй бөгөөд “Г” ХХК-ийн алт олборлох хамтын үйл ажиллагаанд захиран зарцуулсан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  “зээлийн гэрээ нь эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцдог”. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000  000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулах үед зээлдэгч гэх Б.Гд мөнгийг шилжүүлж өгсөн зүйл байдаггүй. Иймд 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 он 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Барьцааны гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дах хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч нарын өмгөөлөгч нараас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Г нь 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн Б.Гүнсамбуугаас 67 840 000 төгрөг нэхэмжилж байна. Анх талуудын хооронд 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хариуцагч Б.Г нь “Г” ХХК-ийг төлөөлж тухайн алт олборлох ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээ хэрэгжээгүй тул үүний дараа нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах шаардлагатай гэхээр нь зээлийн гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч Ч.Гд хөрөнгө оруулсан дүнг төлсөн.  Анх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3 зээлийн гэрээний үүрэг шаардсан байдаг. Талуудын хооронд 2010 онд зээлийн гэрээ байгуулагдаагүй нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар нотлогддог. Хамтран ажиллах гэрээний талууд “Г” ХХК, нэхэмжлэгч Ч.Г нар юм. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Зээлийн гэрээ нь 2011 онд хийгдчихээд мөнгө өгсөн баримт нь 2010 оны хамтран ажиллах гэрээний ар талд байна. Иргэний хуульд зааснаар зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд бодитоор мөнгөн хөрөнгийг зээлдүүлсэн байх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн зээлийн гэрээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тайлбарлахдаа 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 000 000 төгрөгийн 950 грамм өгсөн алтны грамман дээр маргадаггүй. 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1002 грамм, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 261.1 грамм алт өгсөн. Өөрөөр хэлбэл 3 удаагийн алтны төлөлт хийгдсэн гэж шүүхэд тайлбар гаргаж байна. Гэтэл өмнөх шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ нийт 4 удаагийн алтаар тооцож төлбөр авсан тухай дурдсан. Үүнд 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 24 000 000 төгрөгийн алт, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 40 000 000 төгрөгийн алт авсан гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авсан 1002 грамм алтыг нэхэмжлэлдээ бичээгүй байсан. Иймд хариуцагчийн зүгээс 5 удаагийн алтаар тооцоо хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хавтаст хэргийн 4, 5, 6 дугаар талд 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 зээлийн гэрээ, 1 барьцааны гэрээ нотлох баримтаар авагдсан байдаг. Энэ гэрээнүүдийг хариуцагч Д.Б нэхэмжлэгч талтай байгуулаагүй. Талуудын хооронд 100 000 000 төгрөг өгч авсан талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад ил болсон. Гэхдээ энэ гэрээг иргэнээр биш компаниар байгуулсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, энэ хуульд өөрөөр заагаагүй бол гээд 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шаардах эрх үүссэн зээлийн гэрээ байдаггүй. Байгаа ганц гэрээ нь сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байдаг. 156 000 000 төгрөгийг 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр авсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ мөнгийг авснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа нь 8 жил 8 сарын хугацаа өнгөрснөөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 08 дугаар сарын 13-ны дуусгавар болох ёстой. Гэтэл 3 жилийн хугацаа дуусч өнөөдөр 5 жил гаруй болсон. Хавтаст хэргийн 29, 30 дугаар хуудсанд Чингэлтэй дүүргийн Прокурор н.Байгалмаагийн 1326 дугаартай тогтоолд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 8 жил 3 сараар хэтэрсэн учраас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа зогссон хуульд заасан үндэслэл байдаггүй. Талуудын хооронд юу болоод 2 кг алтаар хаана гэж хэлсэн өгүүлбэр нотолгооны хэрэгсэл болох чадваргүй 2 кг алтыг авна авахгүй гэж өрөөндөө айлгаж дарамтлаад утсаараа бичлэг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр мөнгийг өгөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Б.Гтай хийсэн зээлийн гэрээг нөхөж хийсэн гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. 100 000 000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү ийм болох байсан гэдэг байдлаар тайлбарласаар байгаад 156 000 000 төгрөг боллоо гэх баримтыг нөхөж хийсэн. Нэхэмжлэгчийн хэлсэн тухайн үед 300 000 000 төгрөгийг нэхэмжилж цагдаагийн байгууллагад хандсан талаар талуудын шүүхэд хэлсэн тэмдэглэл нотлох баримт болно. Хариуцагч Д.Б 300 000 000 төгрөгийн өр төлбөрийг төлөх чадваргүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, шаардлагын үндэслэл оновчгүй байна. Дээрх зээлийн гэрээнүүд нь дүр үзүүлэх зорилгоор хийгдсэн. Гэрээ байгуулагдснаас хойш 8 жил 8 сарын хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.Г, Д.Б нарт холбогдуулж гэрээний үүргийн биелэлтэд 67 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Б.Г нь Ч.Гд холбогдуулан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”,  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч хариуцагч нар нь 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээ хэрэгжээгүй тул 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Нийт 186 000 000 төгрөгийн гэрээний төлбөрөөс 118 160 000 төгрөгийг хариуцагч нар төлсөн тул үлдэх 67 840 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч Б.Г, Б.Б нар нь зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний төлбөрийг алт хэлбэрээр төлсөн, эдгээр зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь “Г” ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 13-нд хамтран ажиллах гэрээг байгуулсан ба гэрээгээр хөрөнгө оруулагч Ч.Г нь 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэгч  “Г” ХХК  нь  Увс аймгийн Сахил сум, Харгайтын нутаг дэвсгэрт байрлах МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй 162.54 гектор талбайд алт олборлох үйл ажиллагаа 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай явуулаж, 2010 оны 10 дугаар сарын 20-нд хөрөнгө оруулалтын 150 000 000 төгрөгийг гүйцэтгэгч нь хөрөнгө оруулагчид буцаан өгөхөөр тохиролцсон байна.

Дээрх хамтран ажиллах гэрээ нь биелэгдээгүй, гэрээний үнэ 150 000 000 төгрөгийг Б.Г нь гэрээний тал болох “Г” ХХК компаний захирал Б.Г, түүний эцэг Д.Б нарт гэрээг байгуулсан өдрөө өгсөн ба хариуцагч нар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргээ шилжүүлэн 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 156 000 000 төгрөгийн, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээг байгуулсан гэж тайлбарладаг ба энэ үйл баримт нь тогтоогдохгүй, түүнчлэн хамтран ажиллах гэрээний оролцогч бус этгээд болох иргэн Б.Г, Д.Б нартай зээлийн гэрээг хийсэн байгаагаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шилжсэн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ хийсэн 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөнгийг бодитоор аваагүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар үйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба гэрээ байгуулсан өдрөө мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүлээлгэн өгөөгүй байх тул уг зээлийн гэрээг бодитой байгуулагдсан хүчинтэй гэрээ гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа 6 000 000 төгрөгийг тээврийн зардал хэрэгтэй гэж хариуцагч зээлсэн, 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хэзээ шилжүүлсэн талаараа нэхэмжлэгч нь үндэслэл бүхий тайлбараа гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, 10 000 000 төгрөгийг хариуцагч нарт зээлүүлсэн гэх зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийн гэрээ хэрэгт авагдаагүй, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийг хэзээ хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.Г, Д.Б нарыг эрүүгийн журмаар шалгуулахад мэдүүлэг өгөхдөө зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч буцааж өгсөн алтны хэмжээ үнийн дүнд маргадаггүй тул эрүүгийн журмаар шалгагдахад гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэдэг боловч Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт гэж үнэлэх хууль зүйн боломжгүй юм.   

Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-нд тасалдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв зээлийн гэрээг байгуулсан, хамтран ажиллах гэрээний үүрэг нь зээлийн гэрээ гэж үзвэл нэхэмжгчийн шаардах эрх нь сүүлд буюу 2013 оны 09 дүгээр сард төлбөр төлсөн үеэс тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 09 дүгээр сард дууссан байна.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээгээр компаний үүргийг иргэнээр хариуцах хууль зүйн боломжгүй тул дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч талаас зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба тэдгээрийн өмгөөлөгч нараас дээрх гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлбэл тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлав.

Шүүхээс нэгэнт гэрээний үүрэг шаардаж байгаа зээлийн гэрээнүүдийг бодитоор байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзээгүй тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй, нэхэмжлэгч нь 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний талаар шаардлага гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхив. 

Дээрхийг нэгтгэхэд Б.Г, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 67 840 000 төгрөгийг гаргуулах тухай Б.Г үндсэн нэхэмжлэлийг,   Б.Ггийн Ч.Гд холбогдуулан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 497 150 төгрөгийг, хариуцагч Б.Ггаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 975 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.Г, Б.Б нараас 67 840 000 төгрөгийг гаргуулах тухай Ч.Г нэхэмжлэлийг, Б.Ггийн Ч.Гд холбогдуулан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”,  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 150 төгрөг, хариуцагч Б.Ггаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 975 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА