Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1005

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй                                                                                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00852 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Б.Г нарт холбогдох

Гэрээний үүргийн биелэлтэд 67 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Г-гийн Ч.Г-д холбогдох 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ,  2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г түүний эцэг Б.Ба нар нь 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр надтай харилцан тохиролцож 150.000.000 төгрөгийг зээлсэн авсан бөгөөд уг мөнгийг миний бие Б.Г, Б.Б нарт “Зоос гоёл” ХХК-ийн өрөөнд бэлнээр хүлээлгэж өгсөн билээ. Дараа нь буюу 2010 оны 8 дугаар сардаа 6.000.000 төгрөг, мөн 20.000.000 төгрөгийг зээлж авсан. Үүний дараа 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний бие Б.Г, Б.Б нарт зээлүүлсэн 156.000.000 төгрөг болон 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Б.Г-тай тус тус нөхөж хийсэн билээ. Ингээд 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б.Баатарчулуун дахин мөнгө хэрэгтэй байна зээлүүлээч гэсний үндсэн дээр 10.000.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 186.000.000 төгрөгийг Б.Гүндсамбуу, Б.Б нар надаас зээлсэн юм. Дээрх төлбөрөөс Б.Г, Б.Б нар нь алтаар тооцож дараах төлбөрийг буцааж төлсөн. Үүнд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 42.460.000 төгрөгийн алтыг өгсөн боловч үүнээсээ 4.600.000 төгрөгийг мөнгөгүй боллоо гээд тэр доор нь буцааж авсан. Үлдэгдэл нь 37.860.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 24.800.000 төгрөгийн алт, 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгийн алт, 2013 онд 15.000.000 төгрөгийн алтыг тус тус төлсөн бөгөөд нийт төлсөн төлбөр нь 118.160.000  төгрөг болж байгаа. Б.Г, Б.Б нар нь дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 67.840.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дээрх үлдэгдэл төлбөрийг алтаар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч дүрстэй бичлэг хийсэн бөгөөд уг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймд Б.Г, Б.Б нараас 2011 оны 2 дугаар сарын     26-ны өдрийн 156.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 67.840.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Г нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Тус цагдаагийн хэлтсээс тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан байна. Нэхэмжлэлд заасан төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан гэжээ.

 

Хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г Увс аймгийн Сагил сум Харгайтын нугаг дэвсгэрт байрлах 1652.54 гектар талбайтай МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй “Геопро Монгол” ХХК-ийг ажлуулдаг бөгөөд 2010 онд алт олборлохоор Ч.Г-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, А талаас Иргэн Ч.Г-, Б талаас “Геопро Монгол” ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Г нар 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “Геопро Монгол” ХХК нь А талтай адил хэмжээний хөрөнгө оруулж, уурхайн үйл ажиллагааг явуулах, Ч.Г нь хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээгээр Ч.Г нь 150.000.000 төгрөг оруулахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлж, 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын “Геопро Монгол” ХХК-д шилжүүлэн өгсөн. Б тал болох “Геопро Монгол” ХХК нь мөн 100.000.000 төгрөг орчим хөрөнгийг оруулж, өөрсдийн техник хэрэгсэл болон түрээсийн тоног төхөөрөмжөө трайлер түрээслэн, шатахуун түлш, ажилчид, гэр бааз зэргийг тээвэрлэн Увс аймгийн Сагил суманд очиж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон. Гэтэл нутгийн иргэд эсэргүүцэж, улмаар үйл ажиллагаагаа эхлүүлж, чадаагүй. Үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй хэдэн сарын хугацаа өнгөрч, маш их алдагдал хүлээж, цаашид мөн алдагдал хүлээхээр байсан тул үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг талууд хамтран гаргаж нутаг буцсан. Ажил зогссонтой холбоотойгоор Ч.Г нь өөрийн оруулсан 100.000.000 төгрөг дээрээ Б.Г-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулъя гэж шаардлага гаргаж, миний зүгээс хоёулаа гэрээгээ байгуулсан “Геопро Монгол” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан шүү дээ гэхэд заавал байгуулахгүй бол болохгүй гэсээр байгаад энэхүү 2011 оны 2  дугаар сарын 26-ны өдөр хоёр удаа зээлийн гэрээг хүү, алданги нэмж тооцож, 156.000.000 төгрөг болгож байгуулсан. Иймд Иргэний хуулийн холбогдох дараах зүйл, заалтуудын дагуу зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ. 

 

Хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд талуудын хүсэл зориг нь тус алт олборлох үйл ажиллагааг хамтарч ажиллах, ашиг олох зорилгод тулгуурлаж байгаа юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Г тус мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй бөгөөд “Геопро Монгол” ХХК-ийн алт олборлох хамтын үйл ажиллагаанд захиран зарцуулсан. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 156.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулах үед зээлдэгч гэх Б.Г-д мөнгийг шилжүүлж өгсөн зүйл байдаггүй. Иймд 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 156.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2011 он 2 дугаар сарын    26-ны өдөр байгуулсан “Барьцааны гэрээ”, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөгийн Зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд болон хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талууд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа боловч ямар нэг хариуцлагаас зайлсхийхийн тулд зээлийн гэрээ хийсэн бол хоёр дах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хоёр дах гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохиролцсон байх ёстой. Ч.Г, Б.Г, Б.Б нар нь 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Увс аймгийн Сагил сумын Харгайтын нутаг дэвгэрт байрлах МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй 162.54 гектар талбайд алт олборлох. Хөрөнгө оруулах хийх талаар тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу Ч.Г 150.000.000 төгрөгийг Б.Г, Б.Б нарт өгсөн хэдий ч уг гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй, олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй, ямар ч үр дагавар үүсгээгүй зогссон байдаг. Уг гэрээний 4.3-д уурхайн үйл ажиллагаа явагдахгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд 150.000.000 төгрөгийг хөрөнгө оруулагч талд нэн яаралтай буцааж өгөх талаар тусгасан зохицуулалт байна. Үүний дараа Ч.Г-гаас Б.Г, Б.Б нар нь нэмж 36.000.000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцаад харилцан тохиролцож 156.000.000 төгрөг 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би зээлийн гэрээний хүү, алдангийг нэхэмжлэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.Г, Б.Б нараас 67.840.000 төгрөгийг гаргуулах тухай Ч.Г-гын нэхэмжлэлийг, Б.Г-гийн Ч.Г-д холбогдуулан 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 156.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”,  2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 150 төгрөг, хариуцагч Б.Г-гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 975 900  төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд "Геопро Монгол" ХХК гэж бичигдсэн хэдий ч Б.Г оршин суугаа хаягаараа гэрээ байгуулсан ба гэрээнд "Геопро Монгол" ХХК-ийн захирал гэсэн үг байхгүй, зөвхөн Б.Гүндсамбуу хувь хүнээрээ гарын үсэг зурсан байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан 150.000.000 төгрөг хүлээн авсан баримтад дээр иргэн Б.Г, Д.Б нар гарын үсэг зурж мөнгө хүлээн авсан. Ийм байхад шүүх Б.Г, Д.Б нарыг хамтран ажиллах гэрээний оролцогч бус этгээд гэж үзсэн нь буруу байна. Мөн 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ч.Гантулга, Б.Г, Б.Б нартай Увс аймгийн Сагил суманд байрлах тусгай зөвшөөрөлтэй талбайд алт олборлох хөрөнгө оруулалт хийх талаар харилцан тохиролцож уг гэрээний дагуу хөрөнгө оруулалт болох 150.000.000 төгрөгийг Б.Г, Д.Б нарт бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх хамтран ажиллах гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй учраас гэрээний дагуу шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг Ч.Г нь буцаан Б.Г, Д.Б нараас шаардсан боловч өгөөгүй учраас талууд уг төлбөрөө хэрхэн төлөх талаар тохиролцоод Б.Г-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг энэ талаар талууд маргадаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан агуулгаас харахад зээлийн гэрээ байгуулсан өдрөө мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгөх талаар зохицуулсан зүйл байхгүй бөгөөд талууд өмнөх өр төлбөрийн асуудлаа харилцан ярилцаж шийдвэрлээд өөрсдийн хүсэл зоригийн хүрээнд 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж уг гэрээнд үндэслэн 2011 оны 7 дугаар сараас 2013 он гартал нийт 4 удаагийн төлөлтөөр 118.160.000 төгрөгт дүйцсэн төлбөрийг алтаар төлсөн байдаг. Энэ тохиолдолд талуудын хүсэл зориг хүчинтэй юм. Шүүх хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа тээврийн зардалд зээлсэн 6.000.000 төгрөгийг, мөн 20.000.000 төгрөгийг зээлсэн гэх шаардлагыг нэхэмжлэгч хэзээ шилжүүлсэн талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн бөгөөд 6.000.000 төгрөгийг Д.Б-ны Хаан банкны дансанд шилжүүлсэн баримт хэрэгт хавсаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Харин 20.000.000 төгрөгийн тухайд Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн цагдаагийн газар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ миний данс руу 20.000.000 төгрөгийг Гантулга хийсэн гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх эрүүгийн журмаар шалгуулахад өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үнэлэх хууль зүйн боломжгүй гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад хуульд заасан арга хэрэгслээр цугларсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үнэлэхгүй байх талаар хуульд хориглосон заалт байхгүй байна. Эрүүгийн хэргийн явцад цугларсан гэрчийн мэдүүлэг нь энэхүү хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангаж байгаа учраас шууд нотлох баримт биш гэж үзэх хууль зүйн боломжгүй гэсэн шүүхийн үндэслэл нь буруу юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан ба энэхүү хугацаа нь ямар тохиолдолд түр зогсох, тасалдах талаар хуульд зохицуулсан байна. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх 2016 оны 9 дүгээр сард дууссан гэж үзсэн бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэж байгаа бөгөөд уг үндэслэлээ нотлуулахаар нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.Баатарчулууны үлдэгдэл мөнгийг төлнө 2 кг алтаар төлчихнө гэх үүргийг хүлээн зөвшөөрсөн   дуу   дүрстэй   бичлэгт   шүүхээр   хуульд   заасны   дагуу   үзлэг   хийлгэж баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Тиймээс хуулийн шаардлагаар бол 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолох нь зүйтэй. Шүүх уг бичлэгийг хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 840 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ,  2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хариуцагч тал төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байсан гэх 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дүрс, дууны бичлэг бүхий хуурцагт /CD/ үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. /хх-ийн 33/

 

Дүрс, дууны бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт  заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм.

 

Шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн байх боловч хөндлөнгийн гэрч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан эрх, үүргийн тайлбарлан өгөөгүй, үзлэгийн тэмдэглэлд дүрс, дууны бичлэг бүхий хуурцагт /CD/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаагүй зэргээр мөн хуулийн 48 дугаар зүйл, 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна. /хх-ийн 35/

 

 Тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн байна. Үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн үнэлж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг  алдааг залруулах, уг нотлох баримтын талаар дүгнэх боломжгүй юм.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүрс, дууны бичлэг бүхий хуурцагт /CD/-г хавсаргасан байх боловч уг хуурцагт /CD/-г үзлэгийн тэмдэглэлд болон хэрэгт хавсарган ирүүлээгүй байна. /хх-ийн 2/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн        497 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

                               ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Н.БАТЗОРИГ