Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01310

 

******* нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 374 дүгээр магадлалтай, 

******* нэхэмжлэлтэй,

*******д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,354.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Р.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 10 дугаар сард *******ын гуйсны дагуу iPhone Xs Мах маркийн 2 ширхэг гар утсыг өөрийн танилаасаа зээлээр авч *******д худалдсан. Ингэхдээ iPhone Xs Мах маркийн 256GВ-тай 2 ширхэг гар утсыг, тус бүрийг 3,800,000 төгрөгөөр тооцож нийт 7,600,000 төгрөгөнд, мөн 2 ширхэг гэр 40,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцоод гар утсыг *******д тухайн өдрөө өгсөн. ******* нь төлбөрийг 7 хоногийн дотор төлнө гэж хэлчхээд төлөөгүй. 2018 оны 12 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл 2,640,000 төгрөгөө өгөхгүй алга болсон. ******* төлбөрөө төлөхгүй байсан учир түүнд өгсөн 2 ширхэг гар утасны үнийг ломбардаас зээл авч төлсөн бөгөөд энэ тухайгаа *******д хэлэхэд би ломбардны хүүг чинь өгнө удахгүй төлбөрөө төлж дуусгана гэдэг байсан. Би 2018 оны 10 сараас 2019 оны 08 сар хүртэлх хугацааны ломбардны хүүнд нийтдээ 1,644,168 төгрөг төлсөн. Иймд *******аас гэрээний үүрэгт 2,640,000 төгрөг гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 1,644,168 төгрөг, эрэн сурвалжлуулах зардалд 70,200 төгрөг нийт 4,354,368 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 сард миний танил Ц.Тэлмүүн нь утас худалдан авах талаар надад хэлсэн. Би нэхэмжлэгчийг утас худалдан борлуулдгийг мэдэх учир Ц.Тэлмүүнийг дагуулан Р.Оюунчимэг эгч дээр очсон. Ингээд Ц.Тэлмүүн нь 2 утсыг 7,640,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, мөнгийг дараа төлөхөөр ярилцсан. Гэтэл хэд хоногийн дараа Р.Оюунчимэг над руу утастаж утас худалдан авсан найз чинь мөнгөө одоо болтол төлөөгүй байна гэсэн. Ингээд би Ц.Тэлмүүнтэй холбогдож мөнгийг нь төлүүлэх талаар ярилцсан боловч мөнгөө өгөхгүй байсаар 2018 оны 12 сар хүргэсэн. 2018 оны 12 сарын 11-ний өдөр Ц.Тэлмүүн нь надад 5,000,000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг нь би өөрийн данснаас Ц.Тэлмүүнээс утасны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг төлсөн эсэхийг миний зүгээс мэдэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан утсыг Ц.Тэлмүүн авсан. Иймд миний хувьд утсыг худалдан аваагүй учраас нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******аас 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Р.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлээс 1,714,368 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 57,190 /тавин долоон мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 374 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 2 сарын 14-ны 374 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдаж буй хөрөнгийн өмчлөгч, эсхүл өмчлөгчөөс тухайн хөрөнгийг бусдад худалдах эрхийг авсан байхыг шаардана. Гэтэл О.Оюунчимэгийн хувьд тухайн худалдан борлуулсан хөрөнгийн өмчлөгч биш байсан, үүнийгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулах шаардлагаа нотолсон бичгийн нотлох баримтдаа ч тодорхой дурдсан байгаа. Мөн өмчлөгчөөс эрх шилжүүлэн авсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Нөгөө талаас худалдан авагчийн тухайд О.Оюунчимэгийн хувьд тухайн худалдан борлуулсан хөрөнгийн өмчлөгч биш байсан,байхад өөрийн эзэмшлийн компанийн данснаас мөнгө шилжүүлсэн, таньдаг байсан гэсэн үндэслэлээр худалдан авагч мөн гэж тодорхойлсон нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч *******ын хувьд худалдагч, худалдан авагч нарыг аль алийг нь таньдаг болохын хувьд уг 2 талыг хооронд уулзуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг худалдан борлуулсан гэх 2 ширхэг утасны баталгааны хуудсыг өөрт үлдэх хувийг шүүхэд гарган өгөх боломжтой байсан. Гэтэл гаргаж өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч талаас *******ыг барааг худалдан авсан талаар нотлоогүй, нотлох баримт гаргаагүй байхад шүүхээс худалдан авсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудад гэрээнд зааснаар болон хуульд зааснаар үүрэг үүсч, уг үүргээс шууд шалтгаант холбоотойгоор шаардах эрхийг үүсгэж байдаг. Гэтэл зохигчид нь дээрхийн аль ч тохиолдолд эрх зүйн харилцаанд ороогүй байтал шүүхээс шаардах эрхийг тодорхойлж, үүгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэр,Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 14-ны 374 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 

ХЯНАВАЛ 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Шүүхүүд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзэж, Иргэний хуулийн 243, 219 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэжээ.  

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Маргааны үйл баримтаас үзвэл, 2018 оны 10 дугаар сард ******* нь Р.Оюунчимэгээс  2 ширхэг гар утас, утасны гэрийн хамт худалдан авсан, 7 хоногт багтааж 7,640,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,640,000 төлөгдөөгүй байгаа талаар маргаангүй байна.

Хариуцагч ******* нь ...гар утсыг Ц.Тэлмүүн авсан, би үнийг төлөх үүрэг хүлээхгүй... гэж маргасан, харин ...Р.Оюунчимэгийг гар утас зардаг гэдгийг мэддэг, түүнээс утас авсан... хэмээн энэ тухайд маргаагүй, өөрөө тайлбартаа тодорхой мэдүүлж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.  

...*******ыг таньдаг учраас утсыг түүнд өгсөн, Ц.Тэлмүүнийг танихгүй тул Ц.Тэлмүүнд утсыг өгөх үндэслэл байхгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна ...Тэлмүүн нь 2 утсыг 7,640,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, мөнгийг дараа төлөхөөр ярилцсан... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох хангалттай үндэслэл гэж үзэхээргүй байна.  

Хариуцагч *******ын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Апекс кредит ХХК-ийн ХААН банкин дахь дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компаниас гар утасны үнэ 5,000,000 төгрөгийг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэн, шүүх Р.Оюунчимэг, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Хохирол гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэх шаардлагагүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр ...О.Оюунчимэгийн хувьд тухайн худалдан борлуулсан хөрөнгийн өмчлөгч биш ..., нэхэмжлэгч талаас *******ыг барааг худалдан авсан талаар нотлоогүй ..., зохигчид нь аль ч тохиолдолд эрх зүйн харилцаанд ороогүй байтал шүүхээс шаардах эрхийг тодорхойлсон... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын
14-ний 374 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

                             ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

 

                Б.МӨНХТУЯА

 

                                Х.СОНИНБАЯР

 

                                Д.ЦОЛМОН