Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 102/2014/07921/И |
Дугаар | 184/ШШ2019/01012 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2019/01012
2019 оны 04 сарын 17 өдөр Дугаар 184/ШШ2019/01012 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ф ХХК,
Хариуцагч: М ХХК нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 87.683.136 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, М ХХК-ийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Г нь Ф ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 30.000 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, тээвэрлэсэн тонн/км-ийн хөлс болон зардлыг гэрээний 5.2-т зааснаар 3,3 ам.доллараар тооцож авах, улмаар 30.000 тонн баяжмал тээвэрлэж дуусвал 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашиныг чиргүүлийн хамтаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Миний бие Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зайд нийт 8.547,81 тонн баяжмал тээвэрлэсэн, хоёр улсын хил хооронд буюу 14 км зайд нийт 18.882,95 тонн баяжмал тээвэрлэсэн. Ажиллах хугацаандаа гэрээний 5.2-т заасны дагуу 3,3 ам.доллараар тооцуулан нийт 88.154,09 ам.долларыг тухайн цаг үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн, 124.089.751 төгрөг авахаас хөлс 17.906.615 төгрөг, дугуй сэлбэгийн зардалд 18.500.000 төгрөг, нийт 35.906.615 төгрөг авсан ба одоо 87.683.136 төгрөг авах дутуу байна. Машин эвдэрсэн, түүнчлэн 30.000 тонн баяжмалыг бүрэн тээвэрлээгүй тул машин болон түүний үнийг нэхэмжлэхгүй, харин зөвхөн гэрээний 5.2-т заасан тохиролцооны дагуу тонн/км-ыг 3,3 ам.доллараар тооцож гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний бие хариуцагч Ф ХХК-тай гэрээ байгуулсан, харин М ХХК-иас хөлсөө авдаг байсан, тус компанийн баяжмалыг тээвэрлэдэг байсан тул аль нь хариуцах ёстойг мэдэхгүй байна. Иймд энэ хоёр компаниас хоёулангаас нь нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь М ХХК болон Н.Г нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, Ф ХХК болон Н.Г-ын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Түүнчлэн Н.Г-той байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2012 оны 3 дугаар сард цуцлагдсан. Учир нь барьцааны гэрээг манай зүгээс хүчингүй болгосон. Барьцааны гэрээ хүчингүй болсноор Ажил гүйцэтгэх гэрээ мөн хүчингүй болно. Гэрээг цуцласнаас хойш буюу 2012 оны 3 дугаар сараас хойш Н.Г-ыг 1 сарын 1.000.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар болсон. Нийт Н.Г-д 35.906.615 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь энэ гэрээний үүргийг хариуцах ёсгүй. Учир нь манай компани М ХХК-д Норд бенз маркийн автомашиныг зээлээр худалдсан юм. Улмаар М ХХК-ийн нэр дээр автомашин эзэмшигчийн бүртгэл шилжээгүй байсан учир намайг эзгүйд манай менежер Б.Ц-д М ХХК-иас хүсэлт тавьж, Б.Ц нь Н.Г-той гэрээ байгуулсан байсан. Манай компани Н.Г-той гэрээ байгуулах ямар нэг хүсэл зориг байгаагүй, нэг ч төлбөр Н.Г-д төлж байгаагүй ба М ХХК-иас Н.Г-д төлбөр төлдөг байсан. Мөн М ХХК-иас бичгээр хүсэлт гаргасны дагуу бид Н.Г, Н.Б нарын барьцааны гэрээг цуцалж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байсан тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбарт дурдсанчилан манай компани нь энэ гэрээний дагуу Н.Г-ын өмнө үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Түүнчлэн манай компанийн менежер Б.Ц нь надаас зөвшөөрөл авалгүй Н.Г-той гэрээ хийсэн тул Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ф ХХК болон Н.Г нарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Н.Г миний бие "Ф ХХК-ийг надтай гэрээ байгуулахыг шаардаагүй бөгөөд М ХХК болон Ф ХХК-ийн тохиролцоог мэдээгүй, зөвхөн гэрээ байгуулсаны үндсэн дээр хөлс төлбөрөө л авах зорилготой байсан. Гэрээ байгуулах үед Ф ХХК-ийн Ц, М ХХК-ийн Н нар бүгд байсан. Миний хувьд хэнтэй гэрээ байгуулах нь чухал биш, хөлсөө л авах нь чухал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч М ХХК, Ф ХХК-иудад холбогдуулан, 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.2-т заасан хөлс төлбөрт 87.683.136 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.1
Хариуцагч М ХХК, Ф ХХК-иуд нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, гэрээний дагуу төлөх ёстой хөлс төлбөрийг төлж барагдуулсан, гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба хариуцагч Ф ХХК нь маргаан бүхий гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж, уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ. /хх (1)-7-11 дүгээр тал/
Талууд, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ээр, нэг тал нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 138 км замаар төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, нөгөө тал нь харилцан тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Гэрээ байгуулах талаар нийтэд хандсан саналын дуудлагад: Шинэ автомашин, өндөр цалин хөлс, Автомашиныг урьдчилгаа төлбөргүйгээр 100 хувь лизингээр авах боломж, Та 30.000 тонн ачаа тээвэрлэ, тэгээд автомашин таных зэргээр, сонирхсон этгээдтэй гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, түүнчлэн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.9-д: Ажил гүйцэтгэгч нь нийт 30.000 тонн баяжмалыг зөвхөн захиалагчийн заасан маршрутын дагуу тээвэрлүүлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн харилцан тохиролцсон зэргээс үзвэл, үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн байгууллагын эдийн засгийн үр ашигт байдлыг тооцож, улмаар тодорхой тоо, чанар, хэмжээ бүхий ажлын үр дүнг гүйцэтгүүлэх, хүлээн авахыг хүссэн, улмаар үр дүнд тохирсон хариу төлбөр буюу хөлс төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын материалжсан үр дүн байхаас гадна тодорхой тоо, чанар, хэмжээ бүхий ажил, үйлчилгээний үр дүн байж болох талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т хуульчилжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь дээр дурдсанаар тодорхой тоо чанар бүхий ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхэд чиглэдэгээрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээнээс ялгагддаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зүйл
____________________________
1. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд, 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамтаар нэхэмжилж байгаа талаар бичигдсэн боловч агуулга нь 87.683.136 төгрөг дутуу байгаа гэх үндэслэлээр, уг мөнгийг нэхэмжилсэн, улмаар шаардлагаа тодруулсан /хх (1)-53 дугаар тал/, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 30.000 тонн ачих болзол хангаагүй гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг, эсхүл түүний үнийг нэхэмжлээгүй, нэхэмжилхээс татгалзсан ба зөвхөн гэрээний 5.2-т заасан хөлс төлбөрийг нэхэмжилж байгаа талаар тайлбарласан. /2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
нь зөвхөн ажил үйлчилгээ байдаг ба энэ ажил үйлчилгээгээр тодорхой зорилгод хүрэхийг талууд чухалчилдаггүй, үр дүн нь тодорхой бус байдаг бол ажил гүйцэтгэх гэрээний зүйл бол үр дүн байдаг бөгөөд талууд энэхүү ажлын үр дүн-д ач холбогдол өгсөн байдаг байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх хариуцагч М ХХК-ийн тайлбар үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-нд нэхэмжлэгч Н.Г болон хариуцагч Ф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц нар гарын үсэг зурж, Ф ХХК-ийн тэмдгийг дарж баталгаажуулсан байна. /хх (1)-7-11 дүгээр тал/
Хэдийгээр гэрээнд Ф ХХК-ийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх боловч хариуцагч Ф ХХК нь М ХХК-ийн хүсэлтийн дагуу, өөртөө бус, М ХХК-д эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгоор, М ХХК-ийг төлөөлж уг гэрээг байгуулсан болох нь хариуцагч нарын тайлбар, Ф ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ, М ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тооцоо, Тодорхойлолт баримтууд, М ХХК-иас Ф ХХК-д хүргүүлсэн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/173 дугаартай Хүсэлт гаргах нь гэсэн тэргүү бүхий албан бичиг, Н.Г, Б.О нарын Хаан банк дахь дансны хуулга, Ф ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/048 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/79 дугаартай, Хүсэлт гаргах нь гэсэн тэргүү бүхий албан бичиг, Шуурхай зар сонины 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №51 дугаарт хэвлэгдсэн М ХХК-ийн гэрээ байгуулах саналын дуудлага, М ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/00239 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг баримтуудаар тогтоогдож байна. /хх (1)-31-32,120,121,191,205-211,213,214 (2)-112-113,129 дүгээр тал/
Хариуцагч М ХХК-иас хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг Ф ХХК-д олгосон бичмэл баримт хэрэгт авагдаагүй боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар, төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар болон бичгээр мэдэгдэх замаар бүрэн эрх олгож болдог байна.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т: Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. гэж зааснаар, төлөөлөгч нь гуравдагч этгээдтэй хэлцэл хийхдээ төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс хийдэг боловч хууль тогтоогч мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх талаар хуульчилсан байгаагаас үзвэл төлөөлөгч нь гуравдагч этгээдтэй хэлцэл хийхдээ өөрийн нэрийн өмнөөс мөн хийж болохыг зохицуулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т зааснаар, хэлцлийн нөгөө тал /Н.Г/-д хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүсэхээр хуульчилжээ. Хариуцагч Ф ХХК, эсхүл М ХХК-ийн алинтай нь хэлцэл хийх нь нэхэмжлэгч Н.Г-д ач холбогдолгүй, тэрээр гэрээгээр тохирсон хөлс төлбөрийг авах сонирхолтой байсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул дээр дурдсанаар, гэрээнээс бий болох үр дагавар буюу гэрээний үүргийг төлөөлүүлөгч М ХХК-д хариуцах нь зүйтэй юм.
Иймд, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч нь төлөөлөгч Ф ХХК бус, төлөөлүүлэгч М ХХК байсан гэж үзэх бөгөөд гэрээнээс бий болох үр дагавар буюу гэрээний үүргийг М ХХК хариуцах учиртай.
Хариуцагч Ф ХХК болон М ХХК-иуд нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзсэн ба хариуцагч Ф ХХК-ийн хувьд дээрх үндэслэлээс гадна зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч талууд /Ф ХХК, Н.Г/ нь уг хэлцлийн дагуу эрх зүйн үр дагавар бий болгохыг хүсээгүй байдаг тохиолдол юм.
Харин хэлцлийн зөвхөн нэг тал болох Ф ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу өөртөө үүрэг үүсгэхийг хүсээгүй, энэ дотоод хүсэл зоригийг нөгөө тал /Н.Г/-д мэдэгдээгүй бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ф ХХК нь дотоод бодол, хүсэл зоригоо гадагш илэрхийлэхдээ хэлцэл хийгч нөгөө тал /Н.Г/-даа мэдэгдээгүй, нөгөө талдаа ойлгогдохуйц, зөв илэрхийлж чадаагүй бол хэлцэл хийж байгаад итгэж үнэмшсэн этгээд буюу хэлцлийн нөгөө тал болох Н.Г-ын итгэл үнэмшил нь хуулийн дээрх зохицуулалтаар хамгаалагддаг байна.
Нэхэмжлэгч буюу Ажил гүйцэтгэх гэрээ-ний нөгөө тал болох Н.Г нь хариуцагч Ф ХХК-ийн дотоод хүсэл зоригийг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч компаниуд нь өөрсдийн дотоод үйл ажиллагаа, хүсэл зоригоо Н.Г-д ойлгогдохуйц байдлаар илэхийлсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
Иймд дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагч Ф ХХК болон М ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм.
Хариуцагч Ф ХХК нь дээрх үндэслэлээс гадна мөн зохих эдгээдийн зөвшөөрөл аваагүй хэлцэл буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох менежер Б.Ц гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар, шүүхийн шийдвэр нь аливаа этгээдийн зөрчигдсөн эрх-ийг сэргээхэд чиглэдэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан, хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэсэн хуулийн зохицуулалт нь зөрчигдсөн эрх-ийг сэргээх субъектив эрх биш боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө чөлөөтэй тодорхойлох эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага-ын хэмжээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй юм.
Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагчийн шаардлагыг бие даасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж үзсэн болно.
Хариуцагч Ф ХХК-ийн зүгээс, маргаан бүхий гэрээнд гарын үсэг зурсан Б.Ц-ыг компанийн менежер, гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд хэмээн тайлбарлах боловч Ф ХХК-ийн бусад этгээдтэй байгуулсан гэрээнүүдэд Б.Ц нь Гүйцэтгэх захирал гэсэн нэрээр гэрээ байгуулж байжээ. /хх (1)-154-173 дугаар тал, Хас банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн шугамын гэрээ, Фидуцийн гэрээ, 185-188 дугаар тал, М ХХК-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ/
Түүнчлэн хариуцагч Ф ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-нд гарын үсэг зурсан Б.Ц-г Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан компанийн эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж, Компанийн тухай хуулийг зөрчсөн хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.
Хэрэв Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зураагүй гэж үзвэл буруутай этгээд нь Н.Г бус, хариуцагч Ф ХХК өөрөө, эсхүл түүний ажилтан Б.Ц байх боломжтой. Иймд, эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зураагүйн хариуцлагыг энэ талаар мэдэх боломжгүй, эсхүл мэдээгүй этгээд болох Н.Г-д хүлээлгэж болохгүй юм.
Нөгөө талаас, Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан тул, компанийн гадагшаа чиглэсэн харилцаа /гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах/-г Компанийн тухай хуулиар зохицуулахгүй. Харин гадагшаа чиглэсэн буюу гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулах ёстой.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Ф ХХК-ийн ажилтан Б.Ц гэгч нь Гүйцэтгэх захирал гэх нэрээр, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-нд гарын үсэг зурж, Ф ХХК-ийн тэмдгийг дарж баталгаажуулсан байх ба гэрээ байгуулж буй нөгөө тал болох Н.Г нь Б.Цэрэнбалтав гэгчид Ф ХХК-иас эрх олгогдсон эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байжээ.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д: Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний нэг тал /Ф ХХК/-ын дотоод харилцаан дахь алдаа дутагдал, зөрчлийг гадаад харилцаанд /Н.Г/ халдаахаас сэргийлсэн, гэрээ байгуулж буй гуравдагч этгээдийн итгэл үнэмшлийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт юм.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хариуцагч Ф ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шийдвэр гаргах боломжгүй байна.
Түүнчлэн, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд маргаан бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан өөр бусад үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Г нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д зааснаар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл, 138 км замаар, нийт 8.189,49 тонн төмрийн хүдрийн баяжмалыг тээвэрлэсэн болох нь баримтаар тогтоогджээ. /хх(1)-68, 69, 70, 71, 74, 79 дүгээр тал, хх(2)-129 дүгээр тал/
Улмаар, маргаан бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч тал болох М ХХК нь тээврийн маршрутыг өөрчилж, богино зайнд буюу Монгол Улсын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл баяжмалыг тээвэрлүүлэхээр гэрээний 1.6-д заасан нөхцөлийг өөрчлөхөөр санал гаргасныг гүйцэтгэгч тал болох Н.Г нь бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч, 14 км-ийн урт зайнд төмрийн хүдрийг тээвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Гаалийн ерөнхий газрын лавлагаа баримтаар тус тус тогтоогдож байна. /хх(2)-62-63, 87 дугаар тал/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.
Талууд ийнхүү Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д заасан нөхцөлийг хэлэлцэн тохиролцож өөрчилсөн боловч гэрээний хариу төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байна.
4.1 Хариуцагч М ХХК нь, нэхэмжлэгч Н.Г-д 1 сарын 1.000.000 төгрөг өгөхөөр гэрээний хариу төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан гэх боловч хариуцагч нь энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 01/32 дугаартай М ХХК-ийн захирлын тушаал баримт, 2015 оны 6-р сар, Унагад уурхай цалингийн задаргаа баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Г шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас хойш үйлдэгдсэн баримт байна. /хх(1)-118-119 дүгээр талууд/
Мөн хавтаст хэрэгт М ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15/23 дугаартай Тооцоо баримт, 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/32 дугаартай Тодорхойлолт баримтууд тус тус авагдсан ба хариуцагч М ХХК-ийн зүгээс, Ажил гүйцэтгэх гэрээ-ний хариу төлбөрийн нөхцлийг Н.Г-д 1 сард 1.000.000 төгрөгийн цалин олгох-оор өөрчилсөн болохыг нотлоно хэмээн тайлбарласан. /хх (1)-120-121 дүгээр тал/
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, 2012 оны 3 дугаар сард гэрээг цуцалж /гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан/, цалин-гийн системд шилжсэн, үүнээс өмнө буюу 2012 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлс төлбөрийн нөхцөл өөрчлөгдөөгүй 2 гэх боловч М ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15/23 дугаартай Тооцоо баримтад 2012 оны 3 дугаар сараас өмнөх хугацааны бүх хөлс төлбөрийг цалин хэмээн бичиж олгож байсан, мөн гэрээнд өөрчлөлт оруулсан гэх 2012 оны 3 дугаар сараас хойш буюу 2012 оны 5 дугаар сард харилцан тохиролцсон гэх 1.000.000 төгрөгөөс илүү төлбөр болох 2.849.053 төгрөгийн хөлсийг Н.Г-д төлж байсан байна.
Мөн хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэгчийг Гэрээт түрээсийн жолооч гэж нэрлэдэг байсан талаар тайлбарласан. Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулсан гэх 2012 оны 3 дугаар сараас хойш үйлдэгдсэн баримт болох М ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15/23 дугаартай Тооцоо баримт, 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/32 дугаартай Тодорхойлолт баримтад мөн л Гэрээт түрээсийн жолооч гэх нэр томъёог хэрэглэж байжээ.
Дээрх баримтуудаас гадна хариуцагч М ХХК нь гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж, Н.Г-ыг тогтмол цалинтай жолоочоор ажиллуулах болсон гэх 2012 оны 3 дугаар сараас хойш буюу 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Н.Г-ын Хаан банк дахь 549547.... тоот дансанд М ХХК-иас Б, Г сэлбэгт гэх гүйлгээний утгатайгаар 7.000.000 төгрөгийг шилжүүлж байсан байна.
Дээр дурдсан баримтууд нь, 2012 оны 3 дугаар сараас гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, 1 сард 1.000.000 төгрөгийн цалинтайгаар Н.Г-ыг ажиллуулах болсон гэх хариуцагч М ХХК-ийн тайлбарыг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримт-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг байна.
Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хариу төлбөрийн нөхцлийг талууд өөрчлөөгүй, анхны хүсэл зориг хэвээр үлдсэн гэж үзнэ.
4.2 Хариуцагч М ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, Н.Г-той байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээг цуцалснаар үндсэн үүрэг буюу Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг дуусгавар болно хэмээн өөрийн татгалзлаа үндэслэжээ.
______________________________
2. Мон лаа ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/79 дугаартай хүсэлтийн дагуу Фотон карс ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/048 дугаартай Барьцааны гэрээ цуцлах тухай албан бичгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хүргүүлж, Н.Баярсайхантай байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлснөөр уг барьцаагаар хангагдах үндсэн үүрэг болох Н.Баярсайхан болон Н.Ганболд нартай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон /хариу төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөн/ хэмээн Мон лаа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг 2012 оны 3 дугаар сард дуусгавар болгосон гэх тайлбараа үндэслэдэг.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д: Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, барьцааны эрх нь үндсэн үүргийг дагалдаж үүсдэг эрх гэж үзэхээр байна. Ийнхүү барьцааны эрх нь үндсэн үүргээ дагалдаж үүсдэг тул барьцааны эрх нь үндсэн үүргийн хүчинтэй байдлаар тодорхойлогдох боловч, үндсэн үүрэг нь эргээд барьцааны эрхийн хүчин төгөлдөр байдлаар тодорхойлогддоггүй байна.
Иймд 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон барьцааны гэрээ дуусгавар болсноор, үндсэн үүрэг болох Ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон гэх хариуцагч М ХХК-ийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.
4.3 Хариуцагч М ХХК нь, Зар мэдээ сонины 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаарт нийлтэгдсэн зарын 5 дахь хэсэгт: Түлш, дугуй, сэлбэгийн зардлаас хэмнэсэн мөнгөө та өөрөө ав гэж зар өгсөн тул нэхэмжлэгч Н.Г-той байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.2-т заасан: Дугуйнд 3 сар дутамд олгох-1.3 ам.доллар, Сэлбэг, засвар үйлчилгээнд 1 сар дутамд олгох-1 ам.доллар-ын тухай тохиролцоо нь Н.Г-д тухай бүр олгох зардал төлбөр бус, харин М ХХК-ийн төсөвлөсөн зардлыг Н.Г хэмнэсэн нөхцөлд, хэмнэсэн зөрүүг олгох тухай тохиролцоо гэж тайлбарлажээ.
Гэрээний нөхцөлийн талаар талууд маргасан тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар, түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой. Гэрээний үгийн шууд утга ойлгомжгүй бол мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээний бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулах замаар утгыг тайлбарладаг байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.2 дахь хэсэгт: Захиалагч нь тээврийн хөлс, зардлыг тээвэрлэсэн хүдрийн хэмжээнээс хамаарч дараах үнэлгээний дагуу дор дурдсан хугацаанд ажил гүйцэтгэгчид бодож олгоно гэж тохиролцжээ. Өөрөөр хэлбэл гэрээний энэ хэсэгт бичигдсэн Тээврийн хөлс, зардал гэх ойлголт нь хоёрдмол утга санаа агуулаагүй, ойлгомжтой бичигдсэн байна.
Харин Зар мэдээ сонины 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаарт нийтлэгдсэн хариуцагч М ХХК-ийн зарын агуулга нь: Тодорхой бус этгээдүүдэд хандсан, гэрээний санал болохыг шууд заагаагүй агуулгатай байх тул уг илэрхийллийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т зааснаар гэрээ байгуулах саналын дуудлага гэж үзнэ.
Гэрээ байгуулах саналын дуудлага нь тухайлсан этгээдтэй, хожим байгуулсан гэрээний санал биш тул гэрээний нөгөө талд эрх зүйн үр дагаврыг бий болгодоггүй.
Иймд Зар мэдээ сонинд нийтлэгдсэн: Түлш, дугуй, сэлбэгийн зардлаас хэмнэсэн мөнгөө та өөрөө ав гэсэн илэрхийллийг, Н.Ганболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулах Мон лаа ХХК-ийн гэрээний санал гэж үзэж, улмаар энэ саналын дагуу гэрээний төлбөрийн нөхцөл /5.2/-ийг талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй тул хариуцагч М ХХК-ийн энэ татгалзал мөн хууль зүйн үндэслэлгүй юм.
Нөгөө талаас, хариуцагч М ХХК нь гэрээний 5.2-т: дугуй, сэлбэгийн зардал гэж бичсэн нийт 2,3 ам.долларыг, М ХХК-ийн зүгээс дугуй, сэлбэгэнд төсөвлөсөн зардлыг Н.Г хэмнэсэн нөхцөлд, хэмнэсэн зөрүүг олгох тохиролцоо гэж тайлбарлажээ. Гэтэл гэрээнд: сэлбэг-1 ам.доллар, дугуй-1.3 ам.доллар гэж зардлыг тодорхой бичсэн байх ба энэхүү бичвэр нь, хожим талууд тооцоо нийлж, хэмнэсэн зөрүү-г олгох тухай тодорхой бус үнийн дүнгийн тохиролцоо бичигдсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хожим хэмнэсэн зөрүү-г олгохоор тохиролцсон бол урьдчилан тодорхой үнийн дүнг гэрээгээр тохиролцох боломжгүй юм.
Түүнчлэн, хэрэв талууд хожим хэмнэсэн зөрүү-г олгохоор тохиролцсон бол захиалагч буюу хариуцагч М ХХК нь дугуй болон сэлбэгийн хэмнэлт гаргаагүй учраас төлбөр төлөхгүй гэх өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч М ХХК биелүүлээгүй.
Дээр дурдсанаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Н.Г нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д заасан нөхцөлөөр буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зам 3- аар, нийт 8.189.49 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэжээ.
Түүнчлэн, захиалагч М ХХК нь тээврийн маршрутыг өөрчилсний улмаас гүйцэтгэгч Н.Г нь Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомт хооронд 14 км зам 4-аар, нийт 18.882,95 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэсэн байна. Ийнхүү богино зай /14 км/-нд тээвэр хийх ажлын хөлсийг талууд тусгайлан тохиролцоогүй, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний тохиролцоог өөрчлөөгүй байх тул захиалагч М ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.2-т заасан хөлсийг төлөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний тээврийн маршрут өөрчлөгдсөнөөс өөр бусад хүсэл зориг өөрчлөгдөөгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 30.000 тонн баяжмалыг тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгээгүйд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Н.Ганболдыг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдоогүй, түүний хийж гүйцэтгэсэн ажилд захиалагч М ХХК ямар нэгэн ашиг сонирхолтой гэж үзэхээр /тээвэрлүүлсэн ачааг М ХХК хүлээн авч, захиран зарцуулсан/ байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар, захиалагч М ХХК нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнд дүйцэх хөлсийг Н.Г-д төлөх үүрэгтэй юм.
Харин ийнхүү гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүнд дүйцэх хөлс-ийг тооцохдоо, гэрээ байгуулсан талуудын анхны хүсэл зоригийг алдагдуулж болохгүй юм. Иймд, богино зай /14 км/-нд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийн нэгж /тонн/км/-ийг, Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д анх тохирсон зай хэмжээ буюу Элстэй уурхайгаас
_______________________________
3. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Элстэй уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зайтай болох нь Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/1144 дугаартай албан бичгээр тогтоогдсон.
4. Монгол Улсын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл 14 км зайтай, уг зайнд тээвэрлэлт хийсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
Ханги боомт хүртэлх 138 км замд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийн нэгжид шилжүүлж тооцох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, захиалагч М ХХК нь Элстэй уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км замын тээвэр хийлгэсний төлөө, 1 тонн/км-ийн хөлсөнд 3.3 ам.долларыг гүйцэтгэгчид төлөх хүсэл зоригтой байсан ба уг хүсэл зоригийн илэрхийллийг гүйцэтгэгч хүлээн авч гэрээ байгуулсан байна.
Дээр дурдсанаар, 14 км зайнд, 18.882,95 тонн баяжмал тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг хэмжих нэгжийг 138 км зайнд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг хэмжих нэгж рүү шилжүүлж тооцвол 1.917,05 тонн/км ажлын гүйцэтгэл гарч байна. /18.882,95 тонн/(138 км/14 км)/
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгчийн 14 км зайнд 18.882,95 тонн баяжмал тээвэрлэсэн ажлын үр дүн нь, 138 км зайнд 1.917,05 тонн баяжмал тээвэрлэсэн ажлын үр дүнтэй тэнцүү байна.
Иймд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Н.Г-ыг, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д харилцан тохиролцсоны дагуу нийт 10.106,54 тонн /1.917,05тонн + 8.189,49тонн/ баяжмалыг гэрээний дагуу тээвэрлэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Н.Г нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 35.906.615 төгрөгийг М ХХК-иас авсан, өөр мөнгө аваагүй гэх үйл баримтыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар тогтоогдсон гэж үзнэ.
Талууд гэрээний дагуу төлөх хариу төлбөрийг америк доллараар тохиролцсон, үүрэг гүйцэтгэгч М ХХК нь төлбөр төлөх энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Н.Г-ыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны гадаад валютын өсөлтөөс бий болох эрсдлийг хүлээх учиртай юм. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны гадаад валютын эрсдлийг үүрэг гүйцэтгэгч М ХХК-д хариуцуулах боломжгүй юм.
Иймд, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэгч Н.Г шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдрийн ханш 5-аар тооцвол М ХХК-ийн гүйцэтгэх ёстой хариу төлбөрийн нийт хэмжээ 61.746.633 төгрөг болно. Энэ үнээс М ХХК-ийн өмнө төлсөн 35.906.615 төгрөгийг хасаж тооцвол 25.840.018 төгрөг болох тул энэ үнийг хариуцагч М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Г нь 87.683.136 төгрөгийн үнэтэй нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 596.365 төгрөг төлөх байсан боловч 596.000 төгрөг төлсөн байна. Харин хариуцагч Ф ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг
____________________________
5. Нэхэмжлэл гаргасан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1.851,39 төгрөг байсан ба энэ ханшийн мэдээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий баримт гэж үздэг.
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т: Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тооцох гэж заасантай нийцэхгүй байна.
Шүүх, талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрийн талаарх маргаж буй хэмжээг 25.840.018 төгрөгөөр тогтоосон тул хариуцагч Ф ХХК-ийг 25.840.018 төгрөгийн маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхэд хүргэнэ. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Ф ХХК-иас 25.840.018 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан М ХХК-иас 25.840.018 төгрөгийг гаргуулан Н.Г-д олгож, нэхэмжлэлээс 61.843.118 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ф ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Фс ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596.000 төгрөгийг, хариуцагч Ф ХХК-иас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Г-оос 365 төгрөгийг, хариуцагч Ф ХХК-иас 216.950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч М ХХК-иас 287.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР