Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч: Т.Наранцэцэг,   

хохирогч: А.Ариунболд,

шүүгдэгч: И.Буянжаргал, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /0086/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ишхүүгийн Буянжаргалд холбогдох эрүүгийн 2016 2602 2326 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1965 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, зээгийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 4 дүгээр байр 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧГ 65050274, Тайж овогт Ишхүүгийн Буянжаргал.

 

Шүүгдэгч И.Буянжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01-02 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ хотхон”, 4 дүгээр байрны гадаа А.Ариунболдыг танхайн сэдэлтээр хутгалан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-И.Буянжаргал мэдүүлэхдээ:

  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А.Ариунболд, Б.Мөнх-Очир бид нар самранд яваад буцаж ирсэн. Тэр хоёр намайг манай гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд манай байрны гадаа байх сааданд архи уугаад юм ярьж байтал хохирогч намайг “самрын муна дийлэхгүй, арчаагүй” гэж хэлэхэд, “би дийлнэ” гэж маргасан. А.Ариунболд намайг сандал дээр хэвтүүлээд, миний цамцны захаар хоолой  боосон. Би боолтыг тавиулах гэхэд дийлэхгүй, амь тэмцээд байсан болохоор халаасанд байсан хутгаар түүний далан тус газарт нь 1 удаа хутгалсан. Тэр боолтоо тавихгүй болохоор дахиад 1 удаа хутгалсан. Би хохирогчийг давуулаад ар нуруунаас нь 2 удаа хутгалсан. Би тухайн үед нилээн согтуу байсан. Хутгыг ууланд явж байхдаа би олоод, халаасандаа хийсэн байсан юм. Дараа нь хутгаа хогийн контейнер руу шидсэн. А.Ариунболд бид хоёрыг маргаж байхад Б.Мөнх-Очир байсан боловч дараа нь явсан байсан. “Энэ хэргийг хаалгамаар” байна гэж би А.Ариунболдтой утсаар яриагүй, түүний утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Хохирогч “намайг боосон” гэж хэлэх юм бол өөрөө хэрэгт орно гэж айгаад, энэ талаараа  хэлэхгүй байна. Тэр намайг сандал дээр сууж байхад эхлээд боосон. Гэхдээ миний хүзүүнд гэмтэл, шарх үүсээгүй, би эмнэлэгт үзүүлээгүй. Би хохиролд 500 000 төгрөг төлсөн, хохирогч надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Хэрвээ надаас хохирол нэхэмжлэх юм бол би төлнө. Би хүн хутгалсандаа гэм буруутай. Үүнийгээ ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Ариунболд мэдүүлэхдээ:

  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр самранд яваад буцаж ирээд, бид нар архи уусан. Тэгээд И.Буянжаргал ахыг гэрт нь хүргэж өгөх гээд Б.Мөнх-Очиртой хамт Москва хорооллын урдах ногоон байр руу явсан. Тэнд очоод авч явсан тал шил архиа орцных нь үүдэнд хувааж уусан. Ууланд явж байхад И.Буянжаргал мунаа үүрч чадахгүй байсан болохоор би үүрсэн юм. Түүнийгээ хэлэхэд И.Буянжаргал ах “чи яасан овоо юм бэ” гээд над руу хутга бариад дайрсан. Би хутгыг нь авах гэж булаацалдан, зууралдсан. Тэгээд сүүлдээ айгаад зугтаасан боловч И.Буянжаргал ах миний нуруу руу 2 удаа хутгалсан. Би И.Буянжаргалын хоолойг боогоогүй. Тухайн үед маргааныг би эхлүүлсэн үнэн. Гэхдээ би их согтоогүй, болсон асуудлыг мэдэж байсан. Архины гайгаар ийм хэрэг болсон. Би эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Эмчилгээтэй холбоотой нийт 1 200 000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 500 000 төгрөгийг И.Буянжаргалаас авсан. Одоо би гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэн нэгний дарамт, шахалтаас болоод би гомдолгүй гэж хэлээгүй, болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Халиун мэдүүлэхдээ:

          “...аав А.Ариунболд шөнө 02 цагийн үед гэртээ согтуу ирсэн ба хувцасны ар талд нь цус болсон байсан. Нуруунаас цус гарсан байхаар нь ээж рүү залгаад хэлэхэд “хэнд хутгалуулсан юм” гэхэд “аав сая Буяа гэх хүнд хутгалуулсан гэнэ” гэхэд ээж “цагдаа дууд” гэсэн. Тэгээд би 102 луу цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд “түргэн дууд” гэсэн” гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Оюунбилэг мэдүүлэхдээ:

“...том охин А.Халиун над руу утасдаад “аав согтуу, нуруунаас нь цус гараад байна, яах вэ” гэсэн. А.Ариунболд нь эмнэлэгт биеийн байдал муу, нэлээн цус алдсан, зүүн гарны доод талд гуурс тавьсан байсан. А.Ариунболд “Буянжаргалын байрны гадаа тэр хутга гаргаж ирээд, миний нуруу руу 2 удаа хутгалсан” гэж хэлсэн. Өчигдөр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр И.Буянжаргал над руу утасдаад, “энэ хэргийг хурдан хаалгамаар байна” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би гомдолтой байна” гээд тасалсан” гэжээ. (хэргийн 33, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Ариунаа мэдүүлэхдээ:

“...А.Ариунболд миний төрсөн дүү юм. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өглөө Р.Оюунбилэг яриад “А.Ариунболд хутгалуулсан байна” гэсэн. Очиход “хагалгаанд орсон, орой уулз” гэсэн. Орой очиж уулзахад тэр “самранд явсан, тэгээд хотод орж ирээд И.Буянжаргал, Б.Мөнх-Очир, өөр нэг нэр хэлж байсан. Тэр хэдэн хүмүүстэй архи уусан, И.Буянжаргалтай самрын мод цохидог мунаас болж, муудалцаад зодолдсон, зугтах гэхэд араас И.Буянжаргал ах над руу хутгалсан” гэж надад хэлсэн. И.Буянжаргалыг яаж таньдаг юм гэхэд “1 дүгээр хорооллын байрны ах юм” гэсэн. Уушгины хагалгаанд орсон биеийн байдал муу байгаа” гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мөнх-Очир мэдүүлэхдээ:

“...би 32 дугаар байрны гадаа явж байхад А.Ариунболд, И.Буянжаргал, Өлзий нар машинаас бууж байхаар нь очоод уулзсан. “Бид хэд самранд яваад ирлээ” гэхээр нь би цэвэр усны саванд хийсэн байсан архиа задлаад бид 4 хувааж уусан. И.Буянжаргал, А.Ариунболд 2 нэг шил архи авч, бид нар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Шинэ хотхон”-ы гадаа ирээд, архиа уусан ба Өлзий гэр лүүгээ орсон. Тэгээд А.Ариунболд, Буянжаргал бид 3 нөгөө архиа ууж байсан чинь тэр 2
хоорондоо мунаас болоод маргалдсан. “Чи дийлэхгүй байж” гээд, яагаад тэр 2-ыг юу ярьж байгаад маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Тэр 2 маргалдаад байхаар нь би яваад өгсөн юм. Сүүлд И.Буянжаргал ахтай уулзахад “би А.Ариунболдыг хутгалчихсан юм, одоо цагдаад шалгагдаж байгаа” гэж байсан. И.Буянжаргалд хутга байсныг мэдэхгүй байна. А.Ариунболд нь И.Буянжаргалыг “муна дийлэхгүй байна” гээд байсан. Тэгээд л маргаан болсон. Намайг байхад зодолдоогүй, хоорондоо хэл амаар маргалдаад байхаар нь би яваад өгсөн юм” гэжээ. (хэргийн 37, 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Өлзийбат мэдүүлэхдээ:

“...бид нар Богд уул руу явж уул руу гарах үед И.Буянжаргал намайг дуудаж, “нэг хутга оллоо яах вэ, та хоол хийх хутга байгаа юу” гэхээр нь би “наад хутгаа авчих” гээд авахуулсан. Тэр хутга нь бор иштэй хутга байсан. Бид хэд Богд ууланд  гарч, самар түүгээд, тэр газраа бид 3 шил архи уусан. Тэгээд буугаад, такси бариад хотод орж ирсэн. И.Буянжаргал, А.Ариунболд нар намайг гэрийн гадаа буулгаад, би гэртээ орсон. Цааш юу болсныг мэдэхгүй. Тэр 2 уг нь гайгүй сайн харилцаатай байдаг, яагаад ийм болсныг мэдэхгүй байна” гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12418 тоот дүгнэлтэд:

“1. А.Ариунболдын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд хий цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

И.Буянжаргал ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

  ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас И.Буянжаргалыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01-02 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ хотхон” 4 дүгээр байрны гадаа А.Ариунболдыг танхайн сэдэлтээр хутгалан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны шөнийн 01-02 цагийн үед орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ хотхон”, 4 дүгээр байрны гадаа А.Ариунболдыг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч И.Буянжаргал нь...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А.Ариунболд, Б.Мөнх-Очир бид нар самранд яваад буцаж ирсэн. Тэр хоёр намайг манай гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд манай байрны гадаа байх сааданд  архи уугаад юм ярьж байтал хохирогч намайг “самрын муна дийлэхгүй, арчаагүй” гэж хэлэхэд, “би дийлнэ” гэж маргасан. А.Ариунболд намайг сандал дээр хэвтүүлээд, миний цамцны захаар хоолой боосон. Би боолтыг тавиулах гэхэд дийлэхгүй, амь тэмцээд байсан болохоор халаасанд байсан хутгаар түүний далан тус газарт нь 1 удаа хутгалсан. Тэр боолтоо тавихгүй болохоор дахиад 1 удаа хутгалсан. Би хохирогчийг давуулаад ар нуруунаас нь 2 удаа хутгалсан. Би тухайн үед нилээн согтуу байсан,

хохирогч А.Ариунболд нь...И.Буянжаргал ах муна үүрч чадахгүй байсан болохоор би үүрсэн юм. Архи ууж байхдаа түүнийгээ хэлэхэд тэр “чи яасан овоо юм бэ” гээд над руу хутга бариад дайрсан. Би И.Буянжаргалтай хутгыг нь булаацалдаад зууралдаж байгаад зугтаахад 2 удаа намайг хутгалсан. Тухайн үед маргааныг би эхлүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба

гэрч Б.Мөнх-Очир...би 32 дугаар байрны гадаа явж байхад А.Ариунболд, И.Буянжаргал, Өлзий нар машинаас бууж байхаар нь очоод уулзсан. “Бид хэд самранд яваад ирлээ” гэхээр нь би цэвэр усны саванд хийсэн байсан архиа задлаад бид 4 хувааж уусан. И.Буянжаргал, А.Ариунболд 2 нэг шил архи авч, бид нар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Шинэ хотхон”-ы гадаа ирээд, архиа уусан ба Өлзий гэр лүүгээ орсон. Тэгээд А.Ариунболд, Буянжаргал бид 3 нөгөө архиа ууж байсан чинь тэр 2 хоорондоо мунаас болоод маргалдсан. “Чи дийлэхгүй байж” гээд, яагаад тэр 2-ыг юу ярьж байгаад маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Тэр 2 маргалдаад байхаар нь би яваад өгсөн юм. Сүүлд И.Буянжаргал ахтай уулзахад “би А.Ариунболдыг хутгалчихсан юм, одоо цагдаад шалгагдаж байгаа” гэж байсан гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд И.Буянжаргалыг хохирогчийн эсрэг танхайн сэдэлтээр бус харин хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогчийн “самрын муна дийлэхгүй, арчаагүй” гэж хэлж, маргаан эхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн хохирогч А.Ариунболдын бие махбодид цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд хий цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ариунболд, гэрч А.Халиун, Р.Оюунбилэг, А.Ариунаа, Б.Мөнх-Очир, Ч.Өлзийбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12418 тоот дүгнэлт, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний 007747 тоот түүхийн хуулбар, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч И.Буянжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар 469 723 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь нотлогдож байна. Шүүгдэгч нь хохирогчид 500 000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн тул түүнийг нотлох баримтын хэмжээнд учирсан хохирол төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон цаашид хийгдэх эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн И.Буянжаргалаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, хохирогчид хойшид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд,

            согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.