Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

иргэдийн төлөөлөгч: Г.Бээжинсүрэн,

хохирогч: Г.Очирхүү,

шүүгдэгч: Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /2171/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошуут овогт Баатарсүрэнгийн Отгонбаярт холбогдох, эрүүгийн 2016 2602 1452 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, түүний 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 8 дугаар гудамж 352 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШБ 81110968, Хошуут овогт Баатарсүрэнгийн Отгонбаяр.

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Осеаn” нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хамт явсан найз эмэгтэй “А.Лхагвадуламын өгзөгнөөс нь барьж, дарж уналаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Отгонбаяр мэдүүлэхдээ:

            Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө найз А.Лхагвадуламтай хамт “Ocean” бааранд ороод тус бүр 2 шил пиво авч, уусан. Бид 2 бүжгийн талбайд бүжиглэж байхад Г.Очирхүү манай найзын өгзөгнөөс базаад, дээрээс нь дарж унасан. Тэгээд тэр босохгүй байхаар нь би араас нь татаж босгоход тэр намайг цохих гэж далайн, “ална шүү” гэж дайрахаар нь айж сандарсандаа барьж байсан пивоны шилээр 1 удаа цохьсон. Би ууж байсан шилтэй пивоо бариад бүжиглэж байсан юм. Тухайн үед хохирогчийн нүүр цус болоогүй байсан. А.Лхагвадулам надаас тусламж гуйсан эсэхийг санахгүй байна. Тэгээд хамгаалагч биднийг салгасан. Удалгүй цагдаа ирээд намайг саатуулах байр руу авч явсан. Намайг цагдаа руу явахын өмнө найз А.Лхагвадулам надад “Г.Очирхүү миний өгзөгнөөс базсан” гэж надад хэлсэн юм. Гэхдээ Г.Очирхүү түүний өгзөгнөөс базаж байхыг нь би хараагүй. Би Г.Очирхүүгийн толгой руу шилээр цохисноо хүлээн зөвшөөрч байна. Харин түүний нүүрэнд яагаад гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Тэр надад цохиулахаас өмнө болон хойно нь гэмтэл авсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн эгч, түүний 2 охинтой нь хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг төлсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Очирхүү мэдүүлэхдээ:

Би 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр найзтайгаа уулзаж, гэрийнхээ ойролцоо 1 шил пиво уусан. Тэгээд би ганцаараа “Ocean” баар руу явсан. Тэнд ажилладаг найзтайгаа уулзаад 1-2 пиво уугаад, бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Гэтэл Б.Лхагвадулам нь бүжиглэж байгаад эргэхдээ миний хөлөнд тээглээд унах гэхэд би түүнийг унагахгүй гэж барьж авах гэсэн боловч түүнийг дийлээгүй, тэр газар унасан. Би түүний дээрээс нь дарж унасан. Гэтэл Б.Отгонбаяр миний малгайтай цамцны малгайнаас нь татахад би нуруугаараа дээшээ хараад газар унахад миний хавирга руу өшиглөсөн. Энэ үед найз А.Лхагвадулам нь Б.Отгонбаярыг “боль” гэж хорьж, түүнийг надаас холдуулсан. Би дөнгөж босч ирээд байж байтал Б.Отгонбаяр пивоны шилээр миний толгой руу цохиход шил нь хагарч, шилний хагархай миний хацар, хамрыг зүссэн байсан. Б.Отгонбаяр пивоны шил хаанаас авсныг мэдэхгүй. Тэр анх бүжиглэж байхдаа пивоны шил гартаа бариагүй байсан. Сүүлд ширээн дээрээс авсан байх. Би Б.Отгонбаяр руу уурлаж довтлоогүй, найзынх нь өгзөгнөөс базаагүй. Энэ хэрэг гарахаас өмнө болон дараа нь би гэмтэл аваагүй, өөр хүнд зодуулаагүй. Миний биед учирсан гэмтлийг Б.Отгонбаяр учруулсан. Би гэмтсэн даруйдаа Гэмтлийн эмнэлэгт очиж, оёдол тавиулсан. Би тухайн үед бага зэрэг согтуу байсан ч гэсэн өөрийгөө авч явах чадвартай байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч надад 1 000 000 төгрөг өгч, миний хохирлыг барагдуулсан. Эмэгтэй хүнийг шоронд явуулах сонирхолгүй байна. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Батдэлгэр мэдүүлэхдээ:

“...Би 2016 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ажил дээрээ байхад найз Г.Очирхүү нь гаднаас манай бааранд үйлчлүүлэхээр орж ирсэн байсан. Ингээд бид нэг нэгнийхээ мэндийг мэдээд, би хөгжмөө тавиад зогсож байсан. Г.Очирхүү нь ганцаараа орж ирсэн ба бага зэргийн согтуу байсан. Тэгээд ганцаараа ширээн дээр сууж байгаад 2-3 шил пиво уунгаа бүжиглэж байгаа харагдсан. Гэнэт хүмүүс нэг газар бөөгнөрөөд бужигналдаад, хамгаалагч нар ирчихсэн харагдсан. Хөгжим тавьчихсан байсан болохоор юу болсныг мэдэхгүй. Тэгтэл найз Г.Очирхүүгийн нүүр нь цус болчихсон байхаар нь очоод асуутал “шилээр хүн цохичихлоо” гэж байсан. Би хөгжмийн ард сууж байсан тул ойртож харж чадаагүй. Тэгсэн найз Г.Очирхүүг юунаас ийм болгосон талаар ажилчид хяналтын камерын бичлэг шүүж хальтхан харахад Г.Очирхүү нь ганцаараа бүжиглэж байтал хажуугаар нь 2 охин зөрөөд гарч байгаа харагдсан. Тэгээд бүжиглэж байгаад санаандгүй байдлаар биед нь хүрсэн байж магад. Тэр хоёр охины нэг нь Г.Очирхүүг газар түлхэж унагаагаад цохиж байгаа харагдсан. Цохиулсаны дараа над дээр ирж уулзаагүй ба нүүр хэсгээрээ цус болчихсон байсан. Зүүн талын хацар хэсэгт зүсэгдээд ангайсан байдалтай, цус гарсан байсан” гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-А.Лхагвадулам мэдүүлэхдээ:

“...Би тухайн орой буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны орой өөрийн найз Б.Отгонбаярын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ocean” бааранд очиж орсон юм. Тэр үед цаг 23 болж байсан тэгээд бид 2 орж нэг ширээн дээр суугаад хүн тус бүрийн 2 шил пиво захиалж уусан. Тэр хоорондоо бүжгийн талбай дээр бүжиглэж байсан юм. Ерөнхийдөө бол согтоогүй байсан. Ингээд бүжгийн талбай дээр бид 2 урд урдаасаа хараад бүжиглээд байж байтап миний ард зогсож байсан нэг залуу миний өгзөгнөөс базаад байхаар нь би эргэж хараад арагш нь түлхтэл намайг араас тэвэрч аваад дээрээс дараад унасан. Тэр үед манай найз Б.Отгонбаяр нөгөө залууг татаж босгосон. Тэгтэл нөгөө залуу Б.Отгонбаяр луу дайраад цохих гээд байхаар нь тэр гартаа барьж байсан пивоны шилээр нэг удаа цохьсон. Тэгээд л цагдаа хүрч ирээд Б.Отгонбаярыг аваад явсан. Тэр залуу бол нилээд согтсон байсан. Харин Б.Отгонбаяр бид 2 бага зэрэг л согтолттой, өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Найз Б.Отгонбаяр нь намайг өмөөрч, хохирогч Г.Очирхүүг татаж босготол, найз Б.Отгонбаярын урдаас хэл амаар доромжлоод, цохих гээд байхаар нь Б.Отгонбаяр аль гартаа барьж байсныг санахгүй байна, ууж байсан пивоны шилээрээ толгой руу цохьсон” гэжээ. (хэргийн 12, 13, 62 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ууганбаяр мэдүүлэхдээ:

“...Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-аас 5 дугаар сарын 03-ны өдрийн 03 цагийн орчимд “Осеаn” бааранд зодоон болоод гэсэн дуудлагыг хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч М.Гантөмөрийн хамт авсан даруйдаа очсон. “Осеаn” баарны гадаа хэрүүл болсон байдалтай, Галсандорж овогтой Очирхүү нь “намайг үл таних эмэгтэй пивоны шилээр нүүрний баруун зүүн шанаа болон зүүн нүдний орчимд 1-2 удаа цохисон” гэсэн. Цохисон гэх эмэгтэй нь согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байдалтай хэрэлдээд овог, нэр, нас, гэрийн хаягийг асуухад хэлэхээс татгалзаж, маргалдаад байсан. Ингээд Г.Очирхүүг пивоны шилээр цохисон гэх эмэгтэйг авч яван, Төмөр замын эмэгтэйчүүдийн Эмээлт-120 саатуулах байранд саатуулсан. Зодуулсан Г.Очирхүүг яаралтай гэмтлийн эмнэлэг рүү явахыг зөвлөж, хуулийн дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулахыг зөвлөсөн. Зүүн талын хацрын арьс нь зүсэгдэж, унжсан байдалтай, их хэмжээний цус гарсан, нүүрэнд  2-3 газар зүсэгдэж, язарч, цус гарсан байдалтай, нүүр нь нилээн эвгүй болчихсон байсан. Намайг очиход пивоны шил байхгүй гадаа хэрэлдээд зогсож байсан. Зодоон бааран дотор болсон Г.Очирхүүг цохисон гэх эмэгтэй “цуг явж байсан хүнийг хоргооход нь хэрэлдээд барьж байсан, пивоны шилээр цохисон” гэж байсан” гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-М.Гантөмөр мэдүүлэхдээ:

“...дуудлага ирсний дагуу очиж шалгахад баарны гадаа хэрүүл маргаан болсон байдалтай, Г.Очирхүү нь нүүрээ дарсан байдалтай, их хэмжээний цус
гарсан байсан тул юу болсон талаар асуухад бааранд үйлчлүүлж байхад “үл таних эмэгтэй миний нүүрэн тус газар барьж байсан пивоны шилээрээ нэг удаа цохьсон, тэрнээс болоод нүүрнээс цус гараад байна гээд зогсож байсан, зүүн талын хацрын
хэсэгт арьс нь зүсэгдэж унжсан, нүүрний бусад газар 2-3 шарх үүссэн байдалтай байхаар нь яаралтай гэмтлийн эмнэлэгт очихыг зөвлөсөн. Намайг пивоны шилээр
цохисон гэх эмэгтэй энэ байна гэж заасны дагуу зодсон гэх эмэгтэй нь овог, нэр,
регистрийн дугаар, нас, гэрийн хаягаа хэлэхгүй, татгалзаад, та энэ хүнийг юугаар цохисон юм гэхэд манай найзыг өдөөд байхаар нь барьж байсан пивоны шилээр нүүр лүү нь цохисон гэж хэлээд, ямар нэгэн зүйл хэлэхгүй, эсэргүүцэл үзүүлээд байхаар нь саатуулах байранд хүргэхээр авч явсан” гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч-Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ:

“...Гаргасан дүгнэлтэнд байгаа хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт нь тухайн цаг үед авсан байх боломжтой ба шинжилгээнд хамрын яс хугарч, таславч мурийсан гэсэн байсан тул дүгнэлтэд тусган бичсэн. Дух баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий болон зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт шарх гэмтэл нь пивоны шилээр цохиж хагарах үед хагарсан жижиг хэсгээс болж үүсэх боломжтой. Зүүн доод зовхи дотор буланд цус хуралт нь шархнаас болж үүссэн байх магадлалтай. Шарханд оёдол тавьсан байсан тул ирмэг зүйлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Гэмтлийн эмчийн үзлэгт оношинд тархи доргилт, нүүрэнд олон тооны няцарсан шарх гэсэн байсан тул мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж дүгнэлт гаргасан” гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дүгээр сарын 05-ны өдрийн 6040 дугаартай дүгнэлтэд:

“1. Г.Очирхүүгийн биед хамар ясны далд хугарал, таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт шарх, зүүн доод зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

2016 оны 9 дугаар сарын 01-ний өдөр камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...02:23:52 секундээс 02:23:56 секундэд Б.Отгонбаяр, А.Лхагвадулам нар нь цагийн зүүний дагуу хохирогч Г.Очирхүүгийн зогсож байгаа зүгт эргэх ба 02:23:59 секундэд хохирогч Очирхүү гараараа зааж би зүгээр дифузер налаад зогсож байхад Лхагвадулам нь миний хөлөн дээр хальт гишгээд хойш тархиараа унах гэхээр нь би гараас нь барьж авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд 02:24:03 секундэд сэжигтэн Б.Отгонбаяр нь хохирогч Г.Очирхүүгийн өмсөж явсан цамцны ар хэсгээс хойш татаж газар ар нуруу хэсгээр нь унагаах үйлдэл хийж байх ба энэ үед цаад талд газар унасан А.Лхагвадулам босож ирж байв. 02:24:06 секундэд хохирогч Г.Очирхүү нь босох оролдлого хийх үед Б.Отгонбаяр нь нүүрэн хэсэг дээр дарж, ахин хойш нуруугаар нь газар налуулах үед А.Лхагвадулам нь Б.Отгонбаярын зүүн гарын бугуй хэсгээс татах үед сэжигтэн Б.Отгонбаяр нь баруун хөлөөрөө хохирогч Г.Очирхүүгийн нуруу тус газар нэг удаа өшиглөх үед А.Лхагвадулам нь голоор орж салгахад хохирогч Г.Очирхүү нь газраас босож ирэх ба энэ үед Б.Отгонбаярыг А.Лхагвадулам нь хориглосон байдалтай зогсох үед компьютерийн дэлгэцийн баруун доод буланд сэжигтэн Б.Отгонбаяр нь зогсох ба Г.Очирхүүг босож ирэх үед 02:24:11 секундэд Б.Отгонбаяр нь баруун гартаа барьж байсан пивоны шилээр Г.Очирхүүг цохиж авах ба энэ үед Г.Очирхүү нь энэ бичлэг дээр байгаа. Намайг цохисон Б.Отгонбаяр нь миний нүүрэн тус газар /духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, хамар орчим/-т цохиж байна. Тэгэхэд пивоны шилэнд байсан пиво болон шил нь хагарч толгойн дээд хэсгээр цацарч байгаагаар бичигдсэн байсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэжээ. (хэргийн 56, 57 дугаар хуудас)

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: 

Б.Отгонбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл уусан үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Осеаn” бааранд бүжгийн талбайд бүжиглэж байсан Г.Очирхүүг “хамт явсан найз А.Лхагвадуламыг дарж уналаа” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан, түүнийг өшиглөн, улмаар пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт шарх, зүүн доод зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан нь хохирогч Г.Очирхүү, гэрч А.Лхагвадулам, Т.Ууганбаяр, Н.Батдэлгэр, М.Гантөмөр, шинжээч Ш.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6040 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Г.Очирхүүг пивоны шилээр 1 удаа цохьсоноо хүлээн зөвшөөрч байх боловч түүнийг цохисон шалтгаанаа “тэр манай найзын өгзөгнөөс базаад, дээрээс нь дарж унасан. Тэгээд тэр босохгүй байхаар нь би араас нь татаж босгоход тэр намайг цохих гэж далайн, “ална шүү” гэж дайрахаар нь айж сандарсандаа барьж байсан пивоны шилээр 1 удаа цохьсон. Би ууж байсан шилтэй пивоо бариад бүжиглэж байсан юм гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нь

хохирогч Г.Очирхүүгийн “Б.Лхагвадулам нь бүжиглэж байгаад эргэхдээ миний хөлөнд тээглээд унах гэхэд би түүнийг унагаахгүй гэж барьж авсан боловч түүнийг дийлээгүй. Тэр газар унахад нь би дээрээс нь дарж унасан. Гэтэл Б.Отгонбаяр миний малгайтай цамцны малгайнаас нь татахад би нуруугаараа дээшээ хараад газар унахад миний хавирга руу өшиглөсөн. Энэ үед найз Б.Лхагвадулам нь Б.Отгонбаярыг “боль” гэж хорьж, түүнийг надаас холдуулсан. Би дөнгөж босч ирээд байж байтал Б.Отгонбаяр пивоны шилээр миний толгой руу цохиход шил нь хагарч, шилний хагархай миний хацар, хамрыг зүссэн байсан, тэр анх бүжиглэж байхдаа пивоны шил гартаа бариагүй байсан. Сүүлд ширээн дээрээс авсан байх,

гэрч Н.Батдэлгэрийн ...найз Г.Очирхүүг юунаас ийм болгосон талаар ажилчид хяналтын камерын бичлэг шүүж хальтхан харахад Г.Очирхүү нь ганцаараа бүжиглэж байтал хажуугаар нь 2 охин зөрөөд гарч байгаа харагдсан. Тэгээд бүжиглэж байгаад санаандгүй байдлаар биед нь хүрсэн байж магад. Тэр хоёр охины нэг нь Г.Очирхүүг газар түлхэж унагаагаад цохиж байгаа харагдсан. Цохиулсаны дараа над дээр ирж уулзаагүй ба нүүр хэсгээрээ цус болчихсон байсан. Зүүн талын хацар хэсэгт зүсэгдээд ангайсан байдалтай, цус гарсан байсан,

 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр камерын бичлэгт дахин үзлэг хийсэн 02:23:52 секундээс 02:23:56 секундэд Б.Отгонбаяр, А.Лхагвадулам нар нь цагийн зүүний дагуу хохирогч Г.Очирхүүгийн зогсож байгаа зүгт эргэх ба 02:23:59 секундэд хохирогч Очирхүү гараараа зааж би зүгээр дифузер налаад зогсож байхад Лхагвадулам нь миний хөлөн дээр хальт гишгээд хойш тархиараа унах гэхээр нь би гараас нь барьж авсан. 02:24:03 секундэд сэжигтэн Б.Отгонбаяр нь хохирогч Г.Очирхүүгийн өмсөж явсан цамцны ар хэсгээс хойш татаж газар ар нуруу хэсгээр нь унагаах үйлдэл хийж байх ба энэ үед цаад талд газар унасан А.Лхагвадулам босож ирж байв. 02:24:06 секундэд хохирогч Г.Очирхүү нь босох оролдлого хийх үед Б.Отгонбаяр нь нүүрэн хэсэг дээр дарж, ахин хойш нуруугаар нь газар налуулах үед А.Лхагвадулам нь Б.Отгонбаярын зүүн гарын бугуй хэсгээс татах үед Б.Отгонбаяр нь баруун хөлөөрөө хохирогч Г.Очирхүүгийн нуруу тус газар нэг удаа өшиглөх үед А.Лхагвадулам нь голоор орж салгахад хохирогч Г.Очирхүү нь газраас босож ирэх ба энэ үед Б.Отгонбаярыг А.Лхагвадулам нь хориглосон байдалтай зогсох үед компьютерийн дэлгэцийн баруун доод буланд Отгонбаяр нь зогсох ба хохирогч Г.Очирхүүг босож ирэх үед 02:24:11 секундэд сэжигтэн Б.Отгонбаяр нь баруун гартаа барьж байсан пивоны шилээр хохирогч Г.Очирхүүг цохиж авах ба энэ үед хохирогч Г.Очирхүү нь энэ бичлэгэн дээр байгаа. Намайг цохисон Б.Отгонбаяр нь миний нүүрэн тус газар /духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, хамар орчим/-т цохиж байна. Тэгэхэд пивоны шилэнд байсан пиво болон шил нь хагарч толгойн дээд хэсгээр цацарч байгаагаар бичигдсэн байсан гэснийг тэмдэглэлд тусгаж, цааш үргэлжлүүлэн хийхэд бичлэг дээр байгаа дүрсний цаад хэсэгт хохирогч Г.Очирхүү гараа өргөж байх ба түүний наад талд сэжигтэн Б.Отгонбаяр нь баруун гартаа барьж байсан пивоны шилээрээ далайгаад хохирогч Г.Очирхүүг цохих ба Б.Отгонбаяр, Г.Очирхүү нарын баруун талд А.Лхагвадулам салгах маягтай голоор орох ба хохирогч Очирхүүг пивоны шилээр цохисоны дараа Лхагвадулам нь Отгонбаярыг салгаж, түлхсээр дүрс бичлэгийн баруун доод булангаар орж байх ба хохирогч Очирхүү нь хар өнгийн дээр дээрээс нь давхарлаж тавьсан дефузерний наад талд налсан, толгойгоо барьсан байдалтай зогсох гэсэн тэмдэглэл,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан СиДи бичлэгээр тус тус үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгчийн бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, хохирогч Г.Очирхүүгийн эрх чөлөөнд халдаж, улмаар пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, танхайрсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

 

            Г.Очирхүү нь толгойн компьютер томограф хийлгэсэн төлбөрийн 80 000 төгрөг, эм тариа авсан тухай 21 200 төгрөг, нийт 101 200 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч Б.Отгонбаяр гэм хорын хохирлын төлбөрт 1 000 000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

   согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, хохирогчид учирсан гэмтэл нь түүний ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өмгөөлөгч М.Цэнгүүн нь Б.Отгонбаяр, найз А.Лхагвадуламыг газар дарж, унагасан Г.Очирхүүгийн зүй бус ажиллагаанаас хамгаалж, найздаа туслах явцдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан учир түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилнэ үү гэсэн хүсэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.