Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

2019          10            01                                              2019/ДШМ/986

 

Ү.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч Б.Дайчинхүү,

хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалай,

иргэний хариуцагч С.Сүнжидмаагийн өмгөөлөгч Н.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1156 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Ү.У-т холбогдох 2015 2501 3076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Ү-ийн У, 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн .................... хороо, ... дугаар хэсэг, ...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../;

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр Ү.У нь “Женкон групп” ХХК-ийн захирал Б.Дайчинхүү, “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаа нарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 470 тонн арматур төмөр нийлүүлэхээр тохиролцож, үнэнд нь шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б дүгээр байрны 92 тоот 38.61 м.кв 1 өрөө, 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг С.Сүнжидмааг байхгүй үед 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт түүний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад зарж борлуулан, барьцаанд тавьж Б.Дайчинхүү, С.Сүнжидмаа нарын харилцан тохирч, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэн Б.Дайчинхүүд 440.852.700 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б дугаар байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцнуудыг зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн, улмаар уг хуурамч баримт бичгийг ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт хохирогч С.Жанчивдоржийн барьцаанд тавьж 200.000.000 төгрөг авч, 80.000.000 төгрөгийг өөртөө ашиглан, 120.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.Сүнжидмаад шилжүүлэн, түүнд 200.000.0000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ү.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ү.Ут холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Ү.Ут холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ. Түүнчлэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцыг С.Сүнжидмаа 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Мөнх-Одоос “орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан баримт хэрэгт авагдсан бөгөөд дээрх байр нь хохирогч Б.Дайчинхүүгийн хохиролд тооцогдож байгаа нь ойлгомжгүй бөгөөд Б.Мөнх-Од гэх этгээдээс гэрчийн байцаалт авч, шаардлагатай ажиллагааг хийх.

Хэрэгт шалгагдвал зохих этгээдүүдийг шалгалгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон Б.Алтанзаяагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хохирогчид хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулаагүй орхигдуулсан. Нөгөөтэйгүүр түүний энэ хэрэгт хэрхэн яаж оролцсон оролцоог нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэсэн өмгөөлөгч Б.Энхдалай болон хохирогч Б.Дайчинхүү нарын гаргасан хүсэлт нь үндэслэлтэй байна.

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1211 тоот шүүгчийн захирамжид дурдсан “С.Жанчивдорж, Ү.У нарыг танилцуулсан гэх Д.Сэргэлэнг хэрэгт хэрхэн яаж оролцсон үйлдэл оролцоог нарийвчлан шалгах шаардлагатай гэснийг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, Д.Сэргэлэн нь Ү.Уаас авах байсан 80.000.000 төгрөгийг авахын тулд хохирогч С.Жанчивдоржийг яллагдагч Ү.Утай хэрхэн хэзээ, яах гэж танилцуулсан  талаар шалгаж тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ү.У нь 28 тонн буюу 25.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий арматурын төмрийг хохирогч Б.Дайчинхүүд өгсөн гэсэн нь хэний, хэнд төлөгдөх хохиролд хэрхэн тооцсон нь ойлгомжгүй орхигдуулсныг дахин шалгах шаардлагатай гэж үзлээ. Түүнчлэн С.Сүнжидмааг иргэний хариуцагчаар татахдаа хэрэгт цугларсан ямар нотлох баримтуудыг үндэслэж иргэний хариуцагчаар тогтоосон нь ойлгомжгүй байна. ...” гэж үзээд Ү.Ут холбогдох эрүүгийн 2015 2501 3076 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: Яллагдагч Ү.Ут холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг нарийвчлан тогтоосон бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь:

           1. Яллагдагч Ү.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дайчинхүүд дээрх 2 орон сууц буюу 440.852.700 төгрөг, хуурамч бичиг баримт ашиглан хохирогч С.Жанчивдоржид барьцаанд тавьж 200.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан Б.Дайчинхүүгээс “Орхонтуулын өгөөж” ХХК-д шилжүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, иргэн Ү.Уаас иргэн С.Жанчивдоржид орон сууц шилжүүлсэн гэрээ, зээлийн гэрээний хавсралт зэрэг баримтаар тогтоогдсон.

2. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцыг Ү.У нь зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн, улмаар уг хуурамч баримт бичгийг ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт хохирогч С.Жанчивдоржид барьцаанд тавьж 200.000.000 төгрөг авсан. Энэ хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа учир дээрх орон сууцыг түрээсэлж байгаа ба хохирогч Б.Дайчинхүүгийн хохиролд тооцогдоогүй байна.

3. Иргэн Б.Алтанзаяа энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад тус дүүргийн прокурорын газраас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгон эрүүгийн 2015 2501 3076 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн ирүүлсэн бөгөөд хэргийн оролцогч нараас дээрх тогтоолд гомдол гаргаагүй болно.

4. Гэрч Д.Сэргэлэн нь яллагдагч Ү.Уыг хохирогч С.Жанчивдоржтой танилцуулсан талаар удаа дараа гэрчээр мэдүүлэг өгч хавтаст хэрэгт шалгагдсан, мөн анхан шатны шүүх хуралд оролцож энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн.

5. Ү.У нь хохирогч Б.Дайчинхүүтэй “тооцоо нийлсэн акт”-д 28 тонн арматурыг хохиролд тооцохгүй гэж баримт үйлдэн гарын үсэг зуран хэрэгт хавсаргасан байна.

Түүнчлэн С.Сүнжидмаа нь хохирогч Б.Дайчинхүүгээс авсан үл хөдлөх хөрөнгөд тулгуурлан бэлэн мөнгөтэй болж үйл ажиллагаа явуулах зорилготой байсан боловч хэрэгжээгүй бөгөөд түүний эзгүйд Ү.У нь үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлж мөнгө авсан үйлдэлд С.Сүнжидмааг хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний хариуцагчаар татсан болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1156 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй, эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Сэргэлэнгийн үйлдлийн хувьд мөнгөө олж авахын тулд мөнгөтэй хүн олж ирээд У-т танилцуулсан. С.Жанчивдоржоос мөнгө шилжиж орж ирснийг хойш 30 минутын дараа 80 сая төгрөг нь Сэргэлэн рүү шилжсэн байдаг. Үйлдэл яг нэг дор болоод байдаг. Тэгэхээр Сэргэлэн энэ хэрэгт иргэний хариуцагчаар орж ирэх ёстой. Яагаад гэвэл хэдийгээр бусдаас авлагатай байсан ч гэсэн авлагаа авахдаа хууль бус аргаар авч болохгүй юм. Шууд залилагч гэж үзэхээсээ илүүтэйгээр С.Жанчивдоржийн 80.000.000 төгрөгийг Сэргэлэн хариуцах ёстой. Сэргэлэн нь У-аас 80.000.000 төгрөгийн авлагаа хууль зүйн дагуу нэхэмжлэх ёстой гэж харж байна. У Сэргэлэнд 80.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Одоо 80.000.000 төгрөг нь ороод залилан хийсэн гээд явдаг. У хүнд мөнгөө өгөхийн тулд хүмүүсийн мөнгийг аваад дунд нь хохирсон. Үндсэндээ С.Жанчивдоржийн 80.000.000 төгрөгийг Сэргэлэн хариуцах нь тодорхой болсон. Яллагдагч Ү.Уыг 404.000.000 төгрөгийг Б.Дайчинхүүгээс залилсан, 200.000.000 төгрөгийг С.Жанчивдоржоос залилсан, нийт 604.000.000 төгрөг төлнө гэж яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Дайчинхүү уг хэргийн хохирогч биш. Б.Дайчинхүүгийн өмчлөх эрх нь субъектив байдлаар С.Жанчивдоржид шилжиж очсон болохоос биш ашиглах, эзэмших эрх нь анхнаасаа Б.Дайчинхүүд байсан. Одоо ч хэвээрээ байгаа. С.Жанчивдорж 200.000.000 төгрөгөө төлчихөөд байр ч үгүй, мөнгө ч үгүй байгаа. Мөнх-Од гэх хүний тухай анхан шатны шүүх хуралд хохирогч Б.Дайчинхүү тайлбарлаж чадаагүй. “Мөнх-Од гэх хүн яагаад Сүнжидмаатай худалдах, худалдан авах гэрээ хийж байраа шилжүүлсэн бэ, уг байр таны байр уу, Мөнх-Одын байр юм уу” гэхэд Б.Дайчинхүү хариулж чадаагүй. Тэгэхээр эргэлзээ төрсөн. Мөнх-Одыг шалгахгүйгээр Б.Дайчинхүүг уг хэргийн хохирогч гээд шийдвэрлэчихээр Мөнх-Од гэх хүн дараа нь гарч ирээд маргаан үүсгэхийг үгүйсгэхгүй. Иймд захирамж үндэслэлтэй. 25.200.000 төгрөгийг хохирогч Б.Дайчинхүүд өгсөн, Б.Дайчинхүү уг мөнгийг хүлээж авсан гэх бүх мэдүүлгүүд нь хавтас хэрэгт байдаг. Сүүлд тооцоо нийлэхэд 25.200.000 төгрөгийг аваагүй гэдэг. Хохирогч Б.Дайчинхүүд арматур төмөр болон мөнгө өгөх ёсгүй. Зөвхөн байруудыг Жанчивдоржийн нэрээс шилжүүлж өгөх ёстой байгаа. Мөнгөөр тооцоо хийгдээд байгаа нь эргэлзээтэй байна гээд шалгах шаардлагатай гэсэн захирамжийн заалт үндэслэлтэй юм. Прокурорын эсэргүүцэлд Мөнх-Одын талаар дурдаж тайлбарласан зүйл байхгүй. Мөнх-Одын талаар анхан шатны шүүх хурал дээр тодорхой яригдсан, энэ талаар шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хэрвээ давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 5 дахь заалтад Б.Дайчинхүү нь хохирогч уу, иргэний нэхэмжлэгч үү гэдгийг тогтоож шалгах шаардлагатай гэдэг зүйлийг нэмэлтээр оруулж өгнө үү. Учир нь Б.Дайчинхүү материаллаг байдлаар хохироогүй. Б.Дайчинхүү субъектив өмчлөх эрхээ сэргээлгэх юм бол материаллаг хохирол нь Б.Дайчинхүүд өөрт нь байгаад байдаг” гэв.

Хохирогч Б.Дайчинхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэргэлэнг шалгах шаардлагатай. Сэргэлэн гэх хүн Ү.Ут мөнгө зээлсэн байдаг. Сэргэлэн мөнгөө авахын тулд Ү.Уыг мөнгөтэй хүнтэй танилцуулсан. Тэр танилцуулсан хүнээс Ү.Уыг мөнгө аваад надад өг гэсэн байдаг. Тэгээд 80.000.000 төгрөгийг Сэргэлэн авсан байдаг. Энэ талаар би мөрдөн байцаагчид олон удаа хэлж байсан. Гэтэл Сэргэлэнгээс 2 удаа гэрчийн мэдүүлэг аваад явуулсан байсан. Шүүгчийн захирамжид дурдсан Сэргэлэн гэх хүнийг шалга гэсэн заалт үндэслэлтэй. Мөн хэргийг анхнаас нь зохион байгуулсан Сүнжидмаа иргэний хариуцагч болсныг гайхаж байна. Энэ хэрэгт маш олон хүн холбогдож байсан. Нэг нэгээрээ байхгүй болсон. Сүүлд нь Ү.У гэх ганц хүн хэргээ үүрээд явъя гэж тохиролцсон байх. Алтанзаяаг шалгах нь үндэслэлтэй. Тухайн үед надад байр өглөө гээд гарын үсэг надаар зуруулаад авсан байдаг. Түүнийг прокурор үндэслээд Алтанзаяагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгоод явуулсан байгаа. Гэтэл одоо хүртэл би тэр байраа аваагүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Прокурор хүлээж аваагүй” гэв.

Хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэрэгт авагдсан баримтаар Сэргэлэн, С.Сүнжидмаа гэдэг хоёр хүн анхнаасаа нийлээд явсан болох нь харагддаг. Сэргэлэнг шалгах ёстой. С.Жанчивдорж гэх миний үйлчлүүлэгчээс 200.000.000 төгрөг авах ажиллагааг Сэргэлэн хийсэн байдаг. Хохирогч Б.Дайчинхүүгийн ярьдаг үнэн. Хууль бус ажиллагааны үр дүнд Сэргэлэн 80.000.000 төгрөгийн орлого олсон. Мөн 120.000.000 төгрөгийн арматур төмрийг авсан. Прокурорт Сэргэлэн гэх хүнийг яагаад татахгүй байгаа юм бэ гэдэг гомдлыг маш олон удаа гаргасан” гэв.

Иргэний хариуцагч С.Сүнжидмаагийн өмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Сүнжидмааг Америк улс руу явсан хойгуур яллагдагч Ү.У, Алтанзаяа, Бурмаа гэсэн хүмүүс нийлж хохирогч Б.Дайчинхүүгийн байрыг барьцаанд тавьж ашигласан байдаг. С.Сүнжидмааг ирэхэд Бурмаа гэх хүний дансанд 118.000.000 төгрөг байсан байдаг. Түүнийг нь С.Сүнжидмаа аваад хэлснээрээ Худалдаа хөгжлийн банкинд аккредитив данс нээгээд, арматур төмөр авсан байдаг. Уг арматур төмрийг Төмөрбаатар, Сэргэлэн гэх хүмүүс авсан. Энэ талаар шалгаж өгнө үү гээд мөрдөн байцаагчид хэлсэн боловч шалгаагүй байдаг. Түмэн-Өлзий гэх хүн ч байдаг. 120.000.000 төгрөгийг хариуцвал зохих хүмүүс бол Сэргэлэн, Төмөрбаатар гэдэг хүмүүс байгаа. Сэргэлэн өнөөдрийг хүртэл огт шалгагдаагүй. С.Сүнжидмаа хохирол төлөх гэхээр хохирлын асуудал маш тодорхойгүй байсан. Сэргэлэн, Төмөрбаатар гэх хүмүүсийг шалгаж өгөөч гэхээр шалгалтын ажил явуулалгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Одоо нэгэнт иргэний хариуцагчаар тогтоогдсон тул С.Сүнжидмаа нь 120.000.000 төгрөгөө яаралтай төлнө гэсэн амлалт өгсөн байгаа. Сүнжидмаа шууд байдлаар уг залилангийн гэмт хэрэгт оролцоогүй, бизнес хийж байсан л хүн байдаг” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ү.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо,7 дугаар хороолол, 42в байрны 17а тоот 128.92 м.кв бүхий орон сууц Бадарчины Мөнх-Одын нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 18/ олгогдсон байна.

Дээрх орон сууц нь Б.Дайчинхүүгийнх боловч Б.Мөнх-Одын нэр дээр байсан талаар Б.Дайчинхүү мэдүүлж байх бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаа, Б.Мөнх-Од нар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж /1хх 17/, орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 69/ “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгджээ.

С.Сүнжидмаа, Б.Мөнх-Од нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж хуулийн дагуу үйлдэгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.Мөнх-Одыг заавал гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 106б байрны 92 тоот 38.61 м.кв бүхий орон сууцыг  2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Орхонтуулын өгөөж” ХХК нь иргэн Г.Оюунсүрэнд 79.150.500 төгрөгөөр худалдсан бэлэн мөнгөний орлогын баримт /2хх 169/, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн ажилтан Б.Алтанзаяа нь уг орон сууцыг Г.Амарболдод худалдсан гэрээ /1хх 75/ тус тус хэрэгт авагдсан байна. Б.Алтанзаяаг дээрх орон сууцтай холбоотой асуудлаар яллагдагчаар татаж шалгасан боловч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах учраас гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг хянах эрх шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Харин шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд  зааснаар Б.Алтанзаяа, Д.Сэргэлэн, Г.Оюунсүрэн нарын хэнийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татагдвал зохих эсэх асуудлыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болсон үйл баримтын талаар тодруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох боломжтой байна.

Мөн хохирогч Б.Дайчинхүү нь шүүгдэгч Ү.Уаас 28 тонн арматурын төмрийг аваагүй гэж мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ү.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1156 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ү.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ