Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01151

 

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын

                                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2051 дүгээр магадлалтай,

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй

Монгол-Асфальт ХХК-д холбогдох 

350,490,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь 2012.03.13-ны өдөр Монгол-Асфальт ХХК-тай асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээ байгуулан ажилласан. Энэхүү гэрээний дагуу 2012.04.15-ны өдрөөс эхлэн 2012.10.31-нийг хүртэлх хугацаанд 6491 тонн асфальтобетон хольц нийлүүлэхээр тохирч 500,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан атлаа гэрээний дагуу үүргээ биелүүлж асфальтобетон хольц нийлүүлээгүйгээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 350,490,538 төгрөгийн хохирол учраад байна. Иймээс Монгол-Асфальт ХХК-иас 350,490,538 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол-Асфальт ХХК нь 2012.03.13-ны өдөр Нийслэлийн авто замын газартай №А-2012/07 тоот асфальтобетон хольц нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээний урьдчилгаа төлбөрт 500,000,000 төгрөгийг хүлээн авсан ба Монгол-Асфальт ХХК нь 2013.12.13-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газартай тооцоо нийлсэн актаар 350,490,538 төгрөгийн үлдэгдэл тооцоотой гарсан. Талуудын хооронд байгуулагдсан 2012.03.13-ны өдрийн асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээний нэг тал нь Нийслэлийн авто замын газар байна. Гэтэл тус дүүргийн шүүхэд дээрх гэрээтэй холбоотой маргааны нэхэмжлэгчээр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэхээр байна. Энэ талаарх баримтыг ч нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012.03.13-ны өдрийн асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээ нь 2012.04.15-ны өдрөөс эхлэн 2012.10.31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шаардах эрх үүссэн үеэс буюу 2015.10.31-ний өдрөөс өмнө шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал 2019.04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн Монгол-Асфальт ХХК нь 2012.03.13-ны өдрийн асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тул Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Монгол-Асфальт ХХК-д холбогдох 350,490,538 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2051 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Асфальт ХХК-иас 350,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр хяналтын гомдолдоо: шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 82 дугаарын зүйлийн 82.2 дахь заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй мөн хуулийн 82.3 дах заалтыг анхаарч үзсэнгүй. Тухайлбал давж заалдах шатны шүүхийн магадлал хянавал хэсэгт Хэдийгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байгаа боловч хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүссэн төлбөрийг төлөх талаар санал гаргасан нь хуульд харшлахгүй гэж үзнэ. гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн дээрх 82.2 дахь заалт нь мөн хуулийн 82.3 дахь заалттайгаа нягт уялдаа холбоо бүхий хамтад нь тайлбарлаж хэрэглэгддэг заалтууд болно. Хэрэгт авагдсан баримтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Монгол-Асфальт ХХК-д төлбөр төлөх шаардлагыг санаатайгаар хүргүүлэн улмаар хариу санал авч байгаа нь Иргэний хуулийн дээрх 82.2 дахь заалттай нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг шүүх хэрэглэх ёстой байтал анхаарч үзсэнгүй. Тухайлбал Монгол-Асфальт ХХК нь 2012.03.13-ны өдөр Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулсан байхад Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь уг маргаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь шинээр байгуулагдсан агентлаг төдийгүй, 2012 онд ажиллаж байсан Нийслэлийн авто замын газрын эрх, үүргийг залгамжлан авсан тухай баримт хэрэгт авагдаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019.12.09-ний өдөр товлогдсон Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй Монгол-Асфальт ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг явуулахдаа шүүх хуралдааны нарийн бичиггүй явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйл, 87 дугаар зүйл, 99 дүгээр зүйл, 169 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Монгол-Асфальт ХХК-д холбогдуулан 350,490,538 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч гэрээний нэг тал биш, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Нийслэлийн Авто замын газар болон Монгол-Асфальт ХХК-ийн хооронд 2012.03.13-ны өдөр асфальтбетонон хольц нийлүүлэх №А-2012/07 гэрээ байгуулагдсан, гэрээний хугацааг талууд 2012.04.15-ны өдрөөс 2012.10.31-ний өдөр хүртэл байхаар тохиролцжээ. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. 

а/ Гэрээний 4.3-т заасны дагуу нэхэмжлэгч 500,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг Монгол-Асфальт ХХК шилжүүлсэн, харин гэрээний 1.4-т заасан 6491 тонн асфальтобетон хольц нийлүүлэх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй болох нь 350,490,538 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тухай 2013.12.10-ны өдрийн тооцоо нийлсэн бичгийн баримт, Нийслэлийн аудитын газрын 2013.03.05-ны өдрийн НАГ-АХ/2013СА-04-11 акт зэргээр тогтоогдож байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2018.05.07-ны 1/1049 тоот төлбөр барагдуулах албан шаардлагын хариуд Монгол-Асфальт ХХК-иас 2018.05.17-ны өдрийн 02/18 тоот албан бичгээр ...тооцооны үлдэгдлийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх замаар өр авлагыг барагдуулах санал байна... гэсэн хариуг хүрүүлсэн байна. Энэ талаар зохигч маргаагүй болно. 

Хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг буцаан төлж барагдуулах саналыг нэхэмжлэгчид хүргүүлж байсан тул хэн аль нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ.  

Монгол Улсын Засгийн газрын 2016.08.03-ны өдрийн 8, 2019.03.21-ний өдрийн 100 дугаартай тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2018.05.18-ны өдрийн А/450 дугаартай захирамж зэргийг үндэслэн хоёр шатны шүүхээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газрыг Нийслэлийн авто замын газрын эрх залгамжлагч, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

б/ Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байгаа боловч хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүссэн төлбөрийг төлөх талаар санал гаргасан нь хуульд харшлахгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ. 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3-т заасныг давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хангагдахгүй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ, мөн зүйлийн 51.4-т Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ...үйлдэнэ гэж тус тус зохицуулжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.

3. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэрээнээс татгалзсантай холбоотой үлдэгдэл төлбөр 350,490,538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримталсан нь оновчгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг хяналтын шатны шүүхээс залруулна. 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зөв гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2051 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Монгол-Асфальт ХХК-иас 350,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол-Асфальт ХХК-иас 1,910,400 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,910,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                       

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ 

                                             ШҮҮГЧИД                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ

                                                                                     Д.ЦОЛМОН 

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД