Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2019/01647

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2019/01647

                     Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А Г нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: М А ХХК-д холбогдох

 

350.490.538 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А Г нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр М А ХХК-тай “Асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээ” байгуулан ажилласан. Энэхүү гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 6491 тонн асфальтобетон хольц нийлүүлэхээр тохирч 500.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан атлаа гэрээний дагуу үүргээ биелүүлж асфальтобетон хольц нийлүүлээгүйгээс А Г т 350.490.538 төгрөгийн хохирол учраад байна. Иймээс М А ХХК-иас 350.490.538.00 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М А ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдөр А Г тай №А-2012/07 тоот “Асфальтобетон хольц нийлүүлэх” гэрээ байгуулж уг гэрээний урьдчилгаа төлбөрт 500.000.000 төгрөгийг хүлээн авсан ба М А ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдөр   А Г тай тооцоо нийлсэн актаар 350.490.538 төгрөгийн үлдэгдэл тооцоотой гарсан. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн “Асфальтобетон хольц нийлүүлэх” №А-2012/07 тоот гэрээний нэг тал нь Нийслэлийн авто замын газар байна. Гэтэл тус дүүргийн шүүхэд дээрх гэрээтэй холбоотой маргааны нэхэмжлэгчээр   А Г оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэхээр байна. Энэ талаарх баримтыг ч нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн “Асфальтобетон хольц нийлүүлэх” №А-2012/07 тоот гэрээ нь 2012 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шаардах эрх үүссэн үеэс буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал 2019 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн М А ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн “Асфальтобетон хольц нийлүүлэх” №А-2012/07 тоот гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тул   А Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

  

Нэхэмжлэгч А Г нь хариуцагч М А ХХК-д холбогдуулан нийт 350.490.538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Асфальтобетон хольц нийлүүлэх” гэрээний нэг тал нь А Г гэтэл шүүхэд А Г нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Засгийн газрын тогтоолоор А Г-ыг А Г болгон өөрчлөн байгуулсан. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхтэй. А Г аас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1049 тоот албан шаардлагыг М А ХХК-д хүргүүлсэн. Үүний дагуу төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа сэргэж байгаа учир хариуцагч нь төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж,

хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний нэг тал нь А Г байна. Гэтэл шүүхэд дээрх гэрээтэй холбоотой маргааны нэхэмжлэгчээр   А Г оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд юм, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэ асуудлыг хариуцахгүй хэмээн тус тус тайлбарлан мэтгэлцэв.

 

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/450 дугаартай захирамж, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолуудаар газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг баталсан байна. Мөн А Г улсын бүртгэлийн гэрчилгээ, А Г дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 72 дугаар тал, 93-34 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч А Г-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

А Г болон хариуцагч М А ХХК нарын хооронд “Асфальтобетон хольц нийлүүлэх гэрээ”-г 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдаж /хх-ийн 4-5/, А Г нь захиалсан асфальтобетон хольц үйлдвэрлэхэд шаардагдах БНД 90/130 маркийн битум худалдан авахад зориулан урьдчилгаа олгох, урьдчилгаа төлбөр үнэ 500.000.000 төгрөгөөр тогтоож, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 6491 тн асфальтобетон хольц нийлүүлэхээр заасан ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигч худалдах,худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба Асфальтобетон хольц нийлүүлэх гэрээний төлбөрийг заасан хугацаанд буюу гэрээ байгуулмагц 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээний урьдчилгаа 500.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэрээнд заасан хугацаа урьдчилгаа төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.

 

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлэхэд М А ХХК нь 350.490.538 төгрөгийг төлөөгүй, тооцоо нийлсэн тухайд талууд маргаагүй болно. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан… үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл А Г-ын шаардах эрх гэрээний дуусгавар болох хугацаа 2012 оны 10 дугаар сарын 31-нд уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд... М А ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1049 дугаартай “албан шаардлага хүргүүлэх” тухай албан бичгийг хүргүүлсэн. М А ХХК-иас Нийслэлийн А Г т 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 02/18 дугаартай албан бичгээр “...өр авлагыг барагдуулах саналтай байна...” гэх хариуг ирүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх тул 2018 оны 05 дугаар сарын 07 өдөр албан шаардлага хүргүүлснийг хөөн хугацааны дотор шаардлага хүргүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Авто Замын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М А ХХК-д холбогдох, 350.490.538 төгрөг гаргуулах тухай А Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ДАВААСҮРЭН