Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00025/И |
Дугаар | 91 |
Огноо | 2019-03-29 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 91
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт И.Д /РД: ............../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, .................
Нэхэмжлэгч: ******* овогт Н.О /РД: .............../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, ..................
Хариуцагч: ******* овогт Ц.М /РД: ................./, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг, ..................
Газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч Ц.М , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Д , Н.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М нь цалингийн зээл авахад тус болооч гээд И.Д , Н.О нарын Г-1105003806 бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээг Капитал банкинд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан тавьсан. Энэхүү зээлийг Ц.М ийг төл гэж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрээр 6 110 950 төгрөгийг Ц.М , Р.Н нарт олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.М эс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 6 140 950 төгрөгийг данснаас нь татаж авч төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Энэ зээлийг авахаас 2 жилийн өмнө би Ц.М гийн ахынх нь Хаан банк ХХК-аас авсан 2 000 000 төгрөгийн зээлийг төлж барагдуулж байсан. Газрын гэрчилгээ бусад гэрчилгээг авах гэж төлсөн юм. Ахынх нь зээлийг дурдсан шалтгаан нь би Хаан банкных нь зээлийг төлсөн боловч тэр мөнгийг ч надад өгөөгүй. Би Капитал банкнаас барьцаанд гэрчилгээ тавьж нэмж 47 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Тэр үед намайг компанидаа тоног төхөөрөмж авсан гэж гэр бүлээрээ гүтгэж шүүхээр шийдвэрлүүлж 6 000 000 гаруй төгрөгийн өрөнд оруулж байсан. Үүнийг би төлсөн. Үүнээс хойш 4 жил болж байна. Ээжийн газрын гэрчилгээг өгөөгүй. Капитал банк ХХК-аас газрын гэрчилгээгээ авах гэхээр М-д хамаатай гээд гэрчилгээгээ авч чадахгүй байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл өгсөн. Та нарын өр зээл хүүг би л төлдөг байсан. Өнөөдөр надад худлаа хэлж над руу гүтгэхээ болилдоо. Тэгж болохгүй шүү дээ. Үйлдвэр ажиллаж байхад 2 жилийн хугацаанд 200.000.000 гаруй төгрөг төлчихсөн байсан. Хөрөнгө оруулсан гэдэг байдлаар хүн гүтгэхээ боль. Гэрчилгээгээ хурдан авмаар байна. Газар дээрээ буумаар байна. Айлын хашаанд байдгийг мэдэж байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 6 000 000 гаруй төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага яагаад ч Булганчимэгт өгчихсөн юм. Тэгж болохгүй шүү дээ гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний охинтой хамтран амьдарч байх хугацаанд өөрийн эзэмшлийн “*******” ХХК-д эргэлтийн хөрөнгө хэрэгтэй гэж гуйсан тул би цалингийн зээл авч өгч байсан. Тухайн үед гарсан цалингийн зээлээс би нэг ч төгрөг аваагүй бөгөөд барьцааны хөрөнгөө Г.М өөрөө зохицуулна гэсэн тул би оролцоогүй. Дамдинсүрэнгээс газраа барьцаанд тавьчих гэж гуйсан удаагүй. Сүүлд миний охин М.Б Г.М эс тусдаа амьдрах болсон ба энэ үед Г.М эс миний нэр дээрх зээл болон охины цалингийн зээлийг төлөөгүй шүүхэд хандсан ба гаргуулсан. Гэвч 2 жилийн хугацаанд охин минь өөрийн цалингийн зээл, миний цалингийн зээлийг төлөх гэж хувь хүнээс хүүтэй мөнгийг зээлсэн байсныг төлсөн. Ингээд үндсэн зээл төлөгдөхгүй байсаар Капитал банк шүүхэд өгч миний бие хүлээн зөвшөөрч, тодорхой орлогогүй ч сар бүр 200 000 төгрөг төлж байна. Иймд нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон тогтмол хугацаанд төлбөр хийж байгаа тул тодорхой хугацааны дараа тэр газар чөлөөлөгдөх тул дахин нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. 6 000 000 төгрөг гарсан гээд байгаа нь тухайн үед нэхэмжлэгчээр Булганчимэг оролцож байсан. Шүүхийн шийдвэр гарсан чинь 6 000 000 төгрөг надад ирээгүй Булганчимэг дээр очсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгнө гээд Булганчимэгт өгсөн. Булганчимэг өөрөө цалингийн зээлтэй. Мөн одоо тэр асуудал нь шүүх дээр явж байгаа. Тэр мөнгөө цалингийн зээлдээ өгөөд дууссан. Капитал банк надаас цалингийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилж шүүхээр шийдүүлсэн шийдвэр нь над дээр гарсан учраас сар бүр шийдвэр гүйцэтгэлийн мөнгө 250.000 гаруй төгрөг би төлж байгаа. Одоо 360 000 гаруй төгрөг үлдсэн байгаа. 6.000.000 төгрөг гэдэг нь энэ 2 л хувааж авсан. Ийм л учиртай. Би И.Д Н.О нарыг би танихгүй. Анх бэр гуйхад 2 хүн ирж байсан. Булганчимэг, Г.М нар очиж авсан байх. Зээлээ төлөөгүй юм чинь гэрчилгээ чөлөөлөгдөхгүй байгаа шүү дээ. 4 сарын дундуур үлдсэн зээлээ төлөөд л дуусна. Манай газрыг бас тавьчихсан л явж байгаа. Би шүүхэд хандаагүй л явж байгаа гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Д , Н.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М д холбогдох “Газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай” иргэний хэрэгт тус шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Капитал банк ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүгчийн захирамж гарсан байна. Хариуцагч Ц.М нь тус банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-2032001685 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, барьцаанд И.Д , Н.О нарын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 637 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг,******* тоотод байрлах 750м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Улмаар Ц.М гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Капитал банк нь Өмнөговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 499 063 төгрөг гаргуулах, захирамжийг сайн дугаар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ц.М хүлээн зөвшөөрч, шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШЗ2018/00183 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч Ц.М тэй гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгийн өмчлөгч нар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан үндэслэл болон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 637 тоот итгэмжлэлээр хөрөнгийг барьцаалуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд барьцааны гэрээгээр гэрээ дуусгавар болох хүртэл зөвшөөрсөн байдаг бөгөөд барьцааны гэрээгээр гэрээ дуусгавар болох хүртэл хугацаагаар энэхүү гэрээний 2.1 дэх заалтын 2 дахь хэсэгт заасан барьцаа хөрөнгүүдийг Ц.М талын эзэмшил, ашиглалтад үлдээх, түүнийг өмчлөх эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтын эх хувийг банканд хадгалуулахаар талууд тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүрэг болон шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул банкны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Одоогоор зээлдэгч нь 381 780 төгрөг 51 мөнгөний өр төлбөртэй байна. Иймд Капитал банкны Өмнөговь салбар хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчтэй барьцааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй Ц.М өр төлбөрөө барагдуулж дуусчих юм бол газрын гэрчилгээг нь өгнө. Өр төлбөрөө барагдуулж дуусаагүй учир газрын гэрчилгээг чөлөөлж өгөх боломжгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Д , Н.О нар нь хариуцагч Ц.М д холбогдуулан газрын гэрчилгээг чөлөөлж албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2018/00183 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.М гээс 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 499 063 төгрөг гаргуулж Капитал банкинд олгох, захирамжийг сайн дураар үл биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Ц.М нь 381780.51 төгрөгийн зээл төлөх үүргээ биелүүлээгүй байгаа, газрын гэрчилгээ Капитал банкины эзэмшилд байгаа үйл баримт тогтоогдож байна.
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр И.Д , Н.О нар Ц.М д Өмнөговь аймаг Даланзадгад сумын *******,******* тоотод байршилтай 000194576 дугаарын гэрчилгээтэй, Г-1105003806 дугаарын бүртгэлтэй 750 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг банкны барьцаанд тавьж зээл авах, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг олгосон болох нь итгэмжлэлээр нотлогдож байна.
И.Д Н.О нарын өмчлөлийн 750 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Ц.М гийн цалингийн зээлийн барьцаанд барьцаалагдан Капитал банкны эзэмшилд байх ба И.Д , Н.О нар нь Ц.М д өөрсдийн өмчлөлийн газраа барьцаанд тавьж зээл авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул Капитал банкийг хууль бусаар газрын гэрчилгээг эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байна
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заасан байх ба Ц.М нь Капитал банкинд цалингийн зээлийн үлдэгдэл 381 780,51 төгрөгийн төлбөртэй болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэжээ.
Ц.М д газрын гэрчилгээ байхгүй, Капитал банк гэрчилгээг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, итгэмжлэл зэргээр нотлогдож байх тул И.Д , Н.О нар нь Ц.М гээс газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулахыг шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн И.Д , Н.О нарын нэхэмжлэлтэй Ц.М д холбогдох газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Д , Н.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ