Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2019/00918

 

 

   

 

 

      2019 оны 04 сарын 08 өдөр

             Дугаар 184/ШШ2019/00918

                Улаанбаатар хот

 

   

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Х.М.Т.Г-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Т.ХХК-д холбогдох,

 

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 3,400,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ц.Н, Х.С, хариуцагч Т ХХК-ийн захирал Э.Е, хариуцагчийн өмгөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                

Нэхэмжлэгч Х.Х.М.Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Монгол улсын Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг.

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800,000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,000,000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,500,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Т ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 38 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2009-2012 оны хооронд 3,400,000 төгрөгийг авлага үүсээд байна.

Дээрх хувь хэмжээний дагуу Т ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгийн дагуу тус тус хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэх шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн. Шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл тус компани нь хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 3,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 11 дүгээр тогтоолоор цуцлагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3,400,000 төгрөг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан 2 хувийн төлбөр биш бөгөөд энэ нь Шуудангийн тухай хуульд заасан тогтоосон хувь хэмжээгээр төлөх төлбөр юм. Мөн энэ нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээтэй холбоотой төлбөр биш юм.

Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь харилцааны холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 6.1.12-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоохоор заасан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Зохицуулах хороо давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээтэй байхаар заасан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй төлбөр Шуудангийн тухай хуулиар тогтоож мөрдүүлсэн төлбөр юм. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын 2.1-д зааснаар сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хариуцна гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагаас Т ХХК-ийг төлбөрөө төлөхийг  2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгүүдээр шаардаж байсан ба анх 2017 оны 9 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаанд хамаарна.

Иймд Т ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн захирал Э.Е шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд  нь албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-д төвлөрүүлэх үүрэг хүлээдэг байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд 2008-2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нийт 3,400,000 төгрөгийн өглөг үүссэн байна. Иргэн Энхтүвшин овогтой Есөнбилэг миний бие 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уг Т ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан иргэн Балган овогтой Батмонголоос 1,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед Монгол банкны мэдээллийн сан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа, Татварын ерөнхий газрын лавлагаа гэх мэт холбогдох байгууллагуудаас  өр төлбөргүй талаар лавлагаа аван өр төлбөр шүүхийн маргаангүйг шалгасан байдаг.

Бидний хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу Т ХХК-ийн эрхийг шилжүүлж авахаас өмнө бий болсон аливаа өр төлбөрийг компанийн эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцна гэж заасан байдаг. Иймд нотлох баримтыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх төлбөрийг тухайн үеийн компанийн хувьцаа эзэмшигч байсан иргэн Б.Боос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн чиг үүргийн санд төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй байгаа юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа ч хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х.М.Т.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Т ХХК нь улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 2009 оны 9 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд эзэмших эрхтэй болсон бөгөөд мөн хорооны тогтоолоор 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон болох нь хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, хязгаарлалт хийх тухай” 38 дугаар тогтоол, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 11 дугаар тогтоол, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2009 онд 800,000 төгрөгөөр, 2010 онд 1,000,000 төгрөгөөр, 2011, 2012, 2013 онуудад 1,500,000 төгрөгөөр тус тус тогтоосон болох нь хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр тогтоол, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолууд болон мөн хорооны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/36 дугаар албан бичгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Х.М.Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгө болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хувь хэмжээгээр бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй. Хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Э.Е нь Т ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Боос шилжүүлэн авсан. Эрх шилжүүлэх гэрээгээр өр төлбөрийг Б.Б хариуцна. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн чиг үүргийн санд төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ...” гэж тайлбарлан маргажээ.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 5.4.4-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь тусгай сангийн төрөлд хамаарч байна.

 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сангийн ангилалд хамаарах бөгөөд энэхүү тусгай сангийн нийтлэг эх үүсвэр нь хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө, гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж,  байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого болон бусад эх үүсвэрүүдээс бүрдэхээр хуульчлагджээ. 

 

            Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар бүх  нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь дээр дурдсан эх үүсвэрүүдээс гадна харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэхээр заасан бөгөөд хуулийн дээрх заалтад заасан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь  тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын  2 хувьтай тэнцүү байна гэж хуульчлагдсан.

 

Нэхэмжлэгч Х.Х.М.Т.Г нь 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарласан бөгөөд Шуудангийн тухай хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийг шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар харилцаа холбооны зохицуулах хороо нь давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрхтэй гэж заажээ.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилготой ба тус сан нь хандив, зээл, тусламжийн хөрөнгө болон бусад хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэхээр хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч Х.Х.М.Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч Т ХХК-ийг хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон бөгөөд дээр дурдсан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд албан татвар, хураамж төлөх үүрэг хүлээхээр зохицуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар сан нь гишүүнчлэлгүй хуулийн этгээд бөгөөд сангийн хөрөнгийн эх үүсвэрт татвар, хураамж хамаарахгүй байхаар энэ хууль болоод бусад хууль тогтоомжид заасан байна.

Үүргийн эрх зүйн хувьд үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Үүрэг үүсэх үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугар зүйлийн 8.1-д заасан үндэслэлээр үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд заасан хууль, тогтоолд журамд зааснаар хариуцагч Т ХХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй.

Өөрөөр хэлбэл шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөх үүрэг хүлээлгээгүй байхад хөрөнгө төвлөрүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн үйлчилгээний сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-д зааснаар Х.Х.М.Т.Г нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд Шуудангийн тухай хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлэх ба журамд зааснаар хөрөнгө төвлөрүүлэх эрх нь аж ахуй эрхлэгчээс хөрөнгө төвлөрүүлэхийг шаардах эрхийг бий болгохгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т ХХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул зохигчдын маргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна. Учир нь хүчин төгөлдөр шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116. 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  Х.Х.М.Т.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР