Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0005

 

 О.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.Г Хохирогчийн өмгөөлөгч Б.М Шүүгдэгч О.С Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолтой, О.С холбогдох,  эрүүгийн хэргийг хохирогч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Б овогт О-н С.

Шүүгдэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  аймгийн     сумын     дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.....” гэх нэртэй газарт ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт О-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.д зааснаар иргэний хариуцагч      аймгийн       сумын засаг даргын тамгын газраас 4.356.212 төгрөг гаргуулан хохирогч Л.Б-д олгож, эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Б давж заалдах гомдолдоо: “Хохирогч Л овогтой Б миний бие Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн     оны     дүгээр сарын      -ны өдрийн       тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хохирогч Л.Б миний шүүгдэгч О.С тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээд нь уг тээврийн хэрэгслийг эзэмшигч      аймгийн      сумын Засаг даргын тамгын газар болох нь тогтоогдож байхад Гамшгаас хамгаалах сангаас “тусламж” хэлбэрээр олгосон мөнгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч төлсөн гэж үзэн хохирлын асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг шийдвэрлэхдээ байгууллага, албан тушаалтны бусдад гэм хор учруулсан асуудалтай холбон тайлбарлаж, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байгууллага нь ажил олгогч, хохирол учруулсан этгээд нь уг байгууллагын ажиллагсад гэж ойлгогдохоор шийтгэх тогтоолд тусгагдсан нь ойлгомжгүй. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах үүрэгтэй, уг тогтоолд тусгагдсан 3.000.000 төгрөг нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч     аймгийн      сумын Засаг даргын тамгын газраас гараагүй, Гамшгаас хамгаалах сангаас олгосон тусламж бөгөөд уг тусламжтай холбоотой асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулсан байдаг. Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг үнэлж гэм хорын хохиролд 100.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар дурдсан боловч дээрх мөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолдоо тусгаагүйд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 380 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гэм хорын хохиролд 3.667.474 төгрөгийг      аймгийн      сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр    аймгийн    суманд гарсан ой хээрийн түймэр унтраах онцгой ажиллагааны үеэр      маркийн      улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед авто машины замгүй газарт машины хүндрүүлэгч салж ухарснаас осол гарсан байдаг. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолд “... 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Энэ хэрэг нь анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа орж байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч Ч.Б-г оролцуулсан бөгөөд шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байсан. ...Тээврийн хэрэгслийг газар дээр нь очиж үзэх гэтэл тухайн тээврийн хэрэгслийг газар дээрээс нь хөдөлгөсөн байсан учраас жолоочийн мэдүүлэг болон тухайн хэрэг гарах үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлэг хүрээнд дүгнэлт гаргасан... Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг яаж гаргасан бэ хэмээн асуухад ... жолоочийн мэдүүлгийг үндэслэн гаргасан... Хурдны хайрцагийн араас хүндрэлтэй залгагддаг өөрөө салдаг гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ гэхэд ... гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн. Тухайн цаг үед уруудаж өгсөж явахад гэнэтийн тохиолдлоор эвдрэл гарсан байх боломжтой... жолооч тухайн үед гар тормоз татаад хөл тормоз гишгэсэн байх үед машин өөрөө гулсан байна. Энэ үед жолооч өөр ямар арга хэмжээ авч болох байсан бэ гэж асуухад ... өөр ямар ч арга хэмжээ авах боломжгүй... Замын хөдөлгөөний дүрэм маш олон заалттай бид ярилцаж байгаад уг заалтыг сонгосон. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталж гарга гэсэн учраас.... гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэргийн гол нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл уг хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт таамаглал дээр тулгуурласан байгаа нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл жолооч зогсоох арга хэмжээ аваагүй талаар мэдүүлэг огт байхгүй. Нэгэнт жолооч зогсоох боломжит бүх арга хэмжээг авсан байхад замын нөхцлөөс шалтгаалан машин зогсох боломжгүй байгаа үед түүнийг буруутгах нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч О.С-г хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дууссан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэжээ хэмээн дүгнэсэн байдаг. Миний бие О.С-г гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаагүй. Шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон үед хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэсэн заалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг үүсгэхээс эхлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаа орох бөгөөд үүнд анхан шатны шүүх ажиллагаа ч орно. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж байгаа. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж мөн хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгү й болгож өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Г дүгнэлтдээ: “ Шүүгдэгч О.С-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А, хохирогч Л.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.С-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Шүүгдэгч О.С нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Устын ам” гэдэг газарт гарсан түймрийг унтраахаар        маркийн            улсын дугаартай автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2.д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдох тул шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид ял оногдуулсан нь буруу байна. Иймд шүүгдэгч О.С-д холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Устын ам” гэдэг газарт гарсан түймрийг унтраах зорилгоор     аймгийн      сумын Засаг даргын тамгын газрын     маркийн машиныг жолоодож, машины тэвшин дээрээ ус ачиж, түймэр унтраах ажилд оролцож байсан тамгын газрын ажилтнуудыг кабиндаа суулгаад уул өөд өгсөж яваад онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Л.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан        аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг О.С нь зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан талаарх дүгнэлт гаргах эрх бүхий мэргэшсэн шинжээчдийн дүгнэлтүүд болон гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-н “...Шүүгдэгч О.С-д холбогдох хэргийн шинжээчийн дүгнэлт нь таамаглалд тулгуурласан эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хохирогч Л.Б-н нэхэмжилсэн хохирлын баримтуудыг нэг бүрчлэн тооцож, эрүүл мэндэд нь учирсан шууд хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигчээс гаргуулж, гамшиг ослын үр дагаврыг арилгах сангаас Сумын засаг даргын тамгын газрын гаргасан хүсэлтийн дагуу хохирогчийн эмчилгээний зардалд олгосон 3 000 000 төгрөгийг шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож,     сумын Засаг даргын тамгын газраас 4 356 212 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд “...Аймаг нийслэл, сум, дүүрэг нь тухайн жилийн төсвийнхөө 1 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах,гамшгаас хамгаалах арга хэмжээнд тусгана...” гэж заасан бөгөөд дээрх мөнгийг төсвийн хөрөнгөнөөс олгосон эмчилгээний зардал гэж дүгнэж шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-н давж заалдах гомдлын “...Шүүгдэгч О.С-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хэсгийг хүлээн авч, хохирогч Л.Б-н “...Хохирлыг буруу тооцож гаргуулсан тул гэм хорын хохирлын 3 667 474 төгрөгийг     аймгийн     сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дугаар зүйлийн 2 .д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүгдэгч О.С-д холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д зааснаар хэрэгсэхгүй болгож, О.С-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Хохирогч Л.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА