Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01168

 

 

Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02447 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2111 дүгээр магадлалтай, 

Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нарын нэхэмжлэлтэй

Содон хаус проперти ХХК, Б.Санчир, Б.Энхжин нарт холбогдох 

Гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү төлсөн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажил 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хэнмэдэхбаяр Содон хаус проперти ХХК-тай 2018.04.20-ны өдөр X-17/019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг, Хөөврийн 9-13 тоот хаягт байрлах өөрийн газарт 80 м.кв талбай бүхий зуслангийн 2 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэрээг байгуулсны дараа ажил гүйцэтгэгч Содон хаус проперти ХХК-ийн захирал гэх Б.Энхжин, Б.Санчир нар нь өөрийн Sodon house Properti гэсэн page хуудаснаас өөрийн компанийн барьж буй барилгын фото зургуудыг үзүүлэн та 102 м.кв талбайтай зуслангийн байшин зүгээр гэж надад санал болгосон, 102 м.кв талбайтай зуслангийн байшингийн фото зургийг үзээд тэдний саналыг хүлээн зөвшөөрч гэрээний үнийг нийт 107,200,000 төгрөг гэж болгосон. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 80 м.кв талбай бүхий байшин 91,200,000 төгрөг болохоор байсан бөгөөд 102 м.кв болж байгаа талаар амаар тохиролцсон бөгөөд гэрээнд энэ талаар тусгаагүй болно. Содон хаус проперти ХХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2018.04.20-ны өдрөөс эхлэн 2018.07.20-ны өдрийн дотор 3 үе шаттайгаар хийх, хөлсийг мөн 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Б.Хэнмэдэхбаяр гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлж, 2018.04.20-ны өдөр эхний төлбөр болох 27,360,000 төгрөгийг бэлнээр төлж кассын орлогын ордер үйлдэн баталгаажуулж авсан. Бид 2018.04.23-ны өдөр 27,360,000 төгрөг, 2018.05.22-ны өдөр 11,000,000 төгрөг, 2018.06.07-ны өдөр 34,320,000 төгрөг 2018.07.05-ны өдөр 34,320,000 төгрөг нийт 134,360,000 төгрөгийг бэлнээр болон компанийн захирал Б.Энхжингийн Хаан банк ХХК-ийн дансанд зуслангийн байрны мөнгөнд бүрэн төлсөн. Гэрээний дагуу амаар тохиролцсоноор нийт 107,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч одоогийн байдлаар 27,360,000 төгрөгийг илүү төлж давхар хохирсон байна. Гэрээнд заасны дагуу 1 дүгээр үе шатны ажлыг барилгын зураг батлагдсан өдрөөс эхлэн 21 хоногийн дараа барилга угсралтын ажил 30 хувьд хүргэж шалгуулан өгнө, 1 дүгээр үе шатны ажил хийгдсэн гэж үзсэн өдрөөс эхлэн 21 хоног буюу барилга угсралтын ажил 60 хувьд хүргэж шалгуулан өгнө гэж тохиролцсон. Содон хаус проперти ХХК-ийн зүгээс түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээт ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгөлгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна. Дээрх барилга угсралтын ажлыг 40 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж байгаа бөгөөд ажил гүйцэтгэгч Содон хаус проперти ХХК нь цаашид барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч чадахгүй гэж үзэж байгаа тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаж байгаа. Гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэм хор хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Мөн дээрх хугацаанд Содон хаус проперти ХХК-д гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлэхдээ Голомт банк ХХК-иас өөрийнхөө нэр дээр болон эхнэрийнхээ нэр дээр тус тус 40,000,000 төгрөгийн зээл авч төлсөн бөгөөд энэ хугацаанд бид Голомт банк ХХК-д нийт 6,021,485 төгрөгийн зээлийн хүү төлж давхар хохирсоор байгаа болно. Хэрэв Содон хаус проперти ХХК нь гэрээгээр тохирсон барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор, шударгаар барьж гүйцэтгэхээргүй байсан бол банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага надад байхгүй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл банканд хүү төлж хохирохгүй байсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ...Ажил гүйцэтгэгч графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн зөрчил бүрт гүйцэтгээгүй ажлын нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө... гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг нь 2018.07.21-ний өдрөөс хойш тооцвол өнөөдрийг хүртэл нийт 154 хоног болох бөгөөд 16,508,800 төгрөгийн алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй. Иймд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, нийт 99,890,285 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулан надад олгож, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Содон хаус проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээх зөвшөөрөх боломжгүй байна. Содон хаус протери ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани. Б.Хэнмэдэхбаяр нь Содон хаус проперти ХХК-ийн цахим хаяг дээр байсан зарын дагуу 2018 оны 04 дүгээр сарын дундуур утсаар холбогдож барилгын үнэ, м.кв талбайн талаар мэдээлэл авсан. Үүнээс хойш манай компанийн оффис дээр хэд хэдэн удаа өөрсдийн биеэр ирж уулзаж барьсан барилга болон барилгын талаарх мэдээллийг авч Б.Хэнмэдэхбаяр нь 80 м.кв байшинг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд бариулах саналаа хэлж 1м.кв талбайг 990,000 төгрөг, гадна граж маягийн террасыг стандарт 24 м.кв-аар 1 м.кв-ыг нь 500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Б.Хэнмэдэхбаяр нь 2018.04.18-ны өдөр утсаар холбогдож бид гэрээний саналыг хүлээн зөвшөөрч байна. Ханбогд суманд гэрээгээ бэлдээд хүрээд ир гэсний дагуу Содон хаус проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018.04.20-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд суманд очиж 16 цагийн үед Б.Хэнмэдэхбаяртай №X-17/019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Талууд гэрээний дагуу гүйцэтгэгч нь Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2-р баг, Хөөврийн 9-13 тоотод байрлах 80 м.кв талбайтай зуслангийн 2 давхар барилгын ажлыг 2018.04.20-ны өдрөөс 2018.07.20-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай 3 үе шаттайгаар хийж дуусгах, захиалагчийн зүгээс 2018.04.23-ны өдөр гэрээний эхний санхүүжилт болох 27,360,000 төгрөг, 2 дугаар ээлжийн санхүүжилтийг барилгын угсралтын ажил эхэлснээс 21 хоногийн дараа буюу 30 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа 30 хувь болох 27,360,000 төгрөгийг хийх, 3 дугаар үеийн санхүүжилтийг барилга угсралтын ажил 60 хувьд хүрсэн гэж үзсэн тохиолдолд үлдэгдэл 40 хувийг буюу 36,480,000 төгрөгийг санхүүжилтийг төлөхөөр харилцан тохиролцсон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 дүгээр үеийн санхүүжилт 2018.04.23-ны өдөр захиалагч тал эхний 30 хувийн урьдчилгаа болох 27,360,000 төгрөгийг урьдчилгаа хийгдсэн. Ц.Жаргал Б.Хэнмэдэхбаяртай утсаар ярьж нэг барьж байгаагийнх жаахан томруулахаар боллоо, гэж хэлээд Б.Санчиртай Notebook нь дээр 22 м.кв-аар томруулж дахин өөрчлүүлсэн бөгөөд 22 м.кв талбайгаа нийт 21,780,000 төгрөг байхаар амаар тохиролцож урьдчилгаа болгож 11,000,000 төгрөг авч, үлдэгдэл төлбөрийг дотор заслын ажил хийгдэхэд өгөхөөр талууд аман тохиролцоо хийсэн. Манай компанийн зүгээс 2018.05.07-ны өдөр газар шорооны ажлыг эхлүүлж бидний зүгээс дээрх барилгын 1 дүгээр үе шатны ажлыг 2018.05.26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Б.Хэнмэдэхбаяртай ажлын явц болон гүйцэтгэлийн талаар бид байнга уулзаж тайлан тавьдаг байсан. Гэрээний дагуу 2 дугаар ээлжийн ажил эхлэхэд бид гэрээний дагуу тохиролцсон ажлын хөлс болох гэрээний 2 дугаар ээлжийн гүйцэтгэлийг шаардахад одоогоор мөнгөгүй байна, банкнаас зээл авч өгнө, та нар ажлаа хийж бай гэх хариуг Б.Хэнмэдэхбаяр нь өгсөн учир бидний зүгээс өөрсдийн байгаа барилгын материалдаа тулгуурлаж ажлаа аль болохоор зогсоохгүйгээр ажлаа явуулж байсан. Хоёр дугаар ээлжийн санхүүжилт 1 дүгээр ээлжийн ажил дууссанаас хойш 12 хоногийн дараа буюу 2018.06.07-ны өдөр санхүүжилт орж ирсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу бол дээрх санхүүжилт 1 дүгээр үе шатны ажил эхэлсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа 30 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа хоёр ээлжийн санхүүжилт болох 30 хувийн буюу 27,360,000 төгрөгийг санхүүжилтийг олгох ёстой байсан. Хоёрдугаар ээлжийн ажил явц дундаа явж байхад захиалагч зүгээс өөрт хамааралгүй асуудлаар үндэслэлгүй шаардлага тавьж дур мэдэн гражийн хэмжээг өөрчилснөөс болж дээвэр тавих аргагүй болж дахин нурааж шинээр барих болон ажил гүйцэтгэж байгаа ажилчдыг нас, хүйс, бүдүүн нарийнаар ялгаж ажиллаа хийж чадахгүй байна гэж ажил хийхэд хүндрэлтэй болгосон. 2018.06.22-ны өдөр 2 давхрын өнгө шаврын ажил цахилгааны далд монтаж, гражийн өрлөгийн ажлууд дууссанаар өрлөгийн бригад Улаанбаатар хотод ирж 6.24-ний өдөр мужаан болон заслын гэрээт бригад Ханбогд сумруу явуулсан. 2018.07.10-ны өдрөөс эхлэн орсон их хэмжээний бороо уснаас болж барилгын үйл явц удааширсан. Б.Хэнмэдэхбаярын зүгээс 2018.11.20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс Содон хаус проперти ХХК-ийг татгалзсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна. Содон хаус проперти ХХК-ийн зүгээс 2018.08.01-ний өдөр Улаанбаатар хотоос жолооч н.Мөнхтөр, мужаан н.Оюунтөгс нар барилгын ажил дуусгахад шаардлагатай цэвэр усны нөөцийн сав, цахилгаан ялтсан бойлуур хоёроос бусад бүх материалуудыг ачиж Ханбогд руу явуулсан. Захиалагч тал гэрээгээ цааш нь үргэлжлүүлэх сонирхолгүй байгаагаа саналаа тэр даруй буюу тэр дор нь мэдэгдсэн тул бидний зүгээс дээрх гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Бидний барьж байсан барилга 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсан бөгөөд бид барилгыг 2018.08.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж шаардлагатай бүхий л материалыг Улаанбаатар хотоос татан авсан байсан бөгөөд захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж барилгыг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон тул бидний зүгээс дээрх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биднээс нэхэмжилж байгаа үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Содон хаус проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч Б.Хэнмэдэхбаярын ааш авир хэрээс хэтэрч 2018.08.10-ны өдөр манай компанид нярав ажилтай А.Туулсүрэнг зодож, хөнгөн хохирол санаатай учруулж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.07-ны өдрийн 156 дугаартай тогтоол гарч, Б.Хэнмэдэхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ. Дээрх нөхцөл байдлаас болж бидний хооронд байгуулагдсан гэрээ захиалагч Б.Хэнмэдэхбаяраас шалтгаалж цаашид хэрэгжих боломжгүй буюу ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх нөхцөл байдлыг захиалагч Б.Хэнмэдэхбаяр нь бүрдүүлж, хангаж өгөөгүй болох нь нотлогдож байна. Захиалагч Б.Хэнмэдэхбаяр нь манай компанитай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд гэрээг цуцлах болсон нөхцөл байдлыг захиалагч Б.Хэнмэдэхбаяр нь өөрөө бүрдүүлж, гэрээний үүргээ зөрчиж, ийнхүү гэрээг цуцлах шаардлагыг гаргаж байгаа нь тодорхой байх тул манай компанийн зүгээс Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасныг үндэслэн манай компани гүйцэтгэсэн ажилд 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөгийг захиалагч Б.Хэнмэдэхбаяраас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 8.5-д гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалбал гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Үүний дагуу 10,700,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж ойлгож байна. Хэрэгт Ханбогд сумын Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол авагдсан. Бид Содон хаус проперти ХХК-тай байгуулсан гэрээний үр дагавар шаардаж байгаа. н.Будсүрэн гэж хүнтэй Б.Хэнмэдэхбаяр нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Б.Хэнмэдэхбаяр нь 2019.04.23-ны өдрөөс эхлээд 2019.06.08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд энэ дуусаагүй барилгыг н.Нэмэхдорж гэдэг хүнээр ахлуулсан 8 хүнтэй бригадаар барьж дуусгасан ба бараа материалын зардалд 43,607,800 төгрөг, ажлын хөлсөнд 26,100,000 төгрөг төлсөн. Энэ нь Содон хаус проперти ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэдэг нь харагдаж байна. Нийт дүнгээр нь авч үзэхэд 69,452,800 төгрөгийн нэмэлт зардал гаргаж барилгын ажлыг хийж дуусгасан. 107,000,000 төгрөгийн барилга гэж үзвэл тухайн барилга 53 хувьтай гэдэг нь харагдана. Бид нар 2019 оны 4-6 сарыг дуустал хугацаанд бараа материал авсан баримт, н.Нэмэхдоржтой байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримт зэргийг гарган өгсөн. Эдгээрээс Содон хаус проперти ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь харагдана. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэр нь сөрөг нэхэмжлэл гаргаад 10,700,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02447 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Содон хаус проперти ХХК-иас 81,926,148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,964,137 төгрөг, хариуцагч Б.Санчир, Б.Энхжин нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Б.Хэнмэдэхбаяраас 10,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 657,410 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Содон хаус проперти ХХК-иас 567,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2111 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Содон хаус проперти ХХК-иас 49,969,000 төгрөг гаргуулж Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,921,285 төгрөг, Б.Санчир, Б.Энхжин нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 3 дахь заалтын хариуцагч Содон хаус проперти ХХК-иас 567,580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож гэснийг 407,795 төгрөг гаргуулж Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нарт олгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Содон хаус проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,581 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаарзүйл 172.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах гомдлыг гаргаж байна. Содон хаус проперти ХХК нь иргэн Б.Хэнмэдэхбаяртай 2018.04.20-ний өдөр №Х-17/019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу Содон хаус проперти ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Хөөврийн 9-13 тоотод 80 м.кв байрыг барьж хүлээлгэн өгөх, Захиалагч тал 91,200,000 төгрөг төлөхөөр талууд гэрээ байгуулсан бөгөөд захиалагч Б.Хэнмэдэхбаярын хүсэлтээр барилгын талбайг нэмж нэгж м.кв талбай үнийг 500,000 мянган төгрөгөөр тооцож үндсэн гэрээний төлбөр дээр нэмж тооцогдохоор харилцан тохиролцож гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 2.1-д ажил гүйцэтгэлийн үе шат болгонд хийгдэх ажлыг тодорхой зааж өгсөн бөгөөд тус ажлыг хийж гүйцэтгэснээр барилгын ажлын гүйцэтгэлийг хувь хэмжээ хэдэн хувийн гүйцэтгэлтэй болохыг тодорхой заахаар нарийн тодорхой тусгасан. Үүнд: Барилга угсралтын гэрээ-ний 3 дугаар зүйл 3.2, дэх хэсэгт Энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасанчлан ажлын хөлсийг 3-үе шаттайгаар, 3.3-д 1-р үе шат нь 2018.04.23-ны өдөр эхний 30 хувийн төлбөр болох 27,360,000 төгрөгийн санхүүжилт олгоно, бөгөөд 1 дүгээр үед хийгдэх ажил Үүнд: Барилгын суурийн газар шорооны ажил, суурийн хэв хашмал, арматурчлал, цутгалтын ажил, 1-р давхрын өрлөг, бүс бетон арматурчлал, цутгалтын ажлуудыг гүйцэтгэнэ, 3.4-т 2-р үе шат нь Барилга угсралтын ажил эхэлснээс 21 хоногийн дараа буюу 30 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа, нийт үнийн дүнгийн 30 хувь болох 27,360,000 төгрөгийн санхүүжилт олгоно, 2.1-т 2-р үе шат нь 1-р үе шатны ажил хийгдсэн гэж үзсэн өдрөөс эхлэн 21 хоног буюу барилга угсралтын ажил 60 хувьд хүргэж шалгуулан өгнө. Үүнд: 1-р давхрын гадна дотор өрлөгийн ажил, 2-р давхрын гадна, дотор өрлөгийн ажил, цонх суулгалтын ажил /Цонх нь давхрын шилтэй хуванцар вакум цонх байна /Дулаалгатай гадна сайдинг хадах/ Гадна ханын дулаалга нь шүршдэг полиуритан дулаалга байна/ Хөөсөн фасадны ажлуудыг гүйцэтгэнэ, 3-р үе шат барилга угсралтын ажил 60 хувьд хүрсэн гэж үзсэн тохиолдолд үлдэгдэл 40 хувь буюу 36,480,000 төгрөгийн санхүүжилт олгоно мөн 2 дугаар зүйл 2.1 дэх хэсэгт 2-р үе шатны ажил хийгдсэн гэж үзсэн өдрөөс эхлэн 48 хоног үргэлжлэх ба барилгын ажлын гүйцэтгэлийн 100 хувь болгон хүлээлгэж өгнө. Үүнд: Барилгын дээврийн дулаалга, дээврийн цутгалт, 1, 2 үеийн хар цаас наах, фасадны ажлыг бүрэн дуусгах, дотор заслын ажил цэвэр бохир усны холболт цахилгааны холболт /Цахилгаан нь газардуулгатай хийгдэнэ/ тоноглол, дотор хаалга хар шал цутгах, паркетин шал шахах ариун цэврийн өрөөний тоноглол угсралт, Плита наах /Плитаны өнгө, загварыг захиалагчийн хүсэлтийг дагуу ажлын явцад тохиролцоно/ гэж заасан байдаг. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний эхний санхүүжилт нь 2018.04.23-ны өдөр хийгдсэнээр барилгын ажил эхэлж, 2 дахь үеийн санхүүжилт буюу барилгын ажил 2018.06.07-ны өдөр 34,320,000 төгрөг, 3 дугаар үеийн санхүүжилт 2018.07.06-ны өдөр дээрх төлөвлөгөөний дагуу явагдаж гэрээний дагуу дээрх санхүүжилт өгч, авч байсан зэрэг үйл баримт болон Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд шүүхийн талаас огт үнэлж нотлох баримтыг сайтар шинжлэн судлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан бөгөөд нотлох баримтыг тухай хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2 дугаар баг, Хөөврийн 9-13 тоот хаягт байрлах баригдаж байгаа барилгын гүйцэтгэл хэдэн хувьтай болохыг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг шүүх хангаж 2019.01.03-ны өдрийн 00552 дугаартай захирамжаар хөрөнгийн үнэлгээг Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Вендо ХХК-ийн зүгээс шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй бөгөөд 2019.05.01-ний өдөр Хөрөнгө үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь: гэсэн хэсэгт Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргаагүй, Хариуцагч Содон хаус проперти ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 53.3 хувь байгаа бөгөөд 46.7% хувийн ажил гүйцэтгээгүй бөгөөд 49,969,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэв, гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлжээ. Вендо ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.5-д заасан Шинжээчийн дүгнэлт байх ёстой байтал Вендо ХХК-ийн зүгээс Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд 5.1.1-д заасны дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтээр тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хөрөнгө үнэлгээний тайлан-г ирүүлснийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019.05.03-ны өдрийн Вендо ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэж хариуцагч Содон хаус проперти ХХК-иас 49,969,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд Хөрөнгө үнэлгээний тайланд барилгын компаниас тээвэрлэж хүргэсэн, ашиглагдаагүй байгаа бараа материалын үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцон 4,930,670 төгрөгөөр үнэлсэн. Шүүх Вендо ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг хууль ёсны гэж үзэж байгаа юм бол үнэлгээг огтоос шийдвэрт тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах шаардлага гаргасан боловч нэгэнт гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжгүй тул гэрээ цуцлах ойлголт хэрэгжин гэж шийдвэртээ тусгасан бөгөөд нотлох баримтыг бодитойгоор шинжлэн судлаагүй байна.

Хариуцагчийн зүгээс Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйл 8.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх Содон хаус проперти ХХК нь нэгэнт гэрээний дагуу 2018.07.20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул уг гэрээний 8.5-д зааснаар 10 хувьтай тэнцэх алданги нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн. Б.Хэнмэдэхбаяр нь 2018.08.10-ны өдөр Ханбогд суманд барилгын ажлыг удирдаж байсан манай нягтлах А.Туулсүрэнг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан бөгөөд тус хэрэг гарсан орой Би та нараар барилгаа бариулахгүй, эндээс ажилчиддаа аваад зайл гэх мэтээр уурлаж барилга угсралтын гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон нь талаар 2018.12.07-ны өдрийн 2018/ШЦТ156 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь гэсэн хэсэгт хохирогч А.Туулсүрэн гэрч Т.Мөнхсарнай нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байдаг. Шүүхийн шийдвэр, тогтоол байсаар байтал хариуцагч талын тайлбар нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан бөгөөд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г нэхэмжлэгч 2018.08.10 цуцалсан талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйл 176.2.2 заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа болно. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт авагдсан баримтуудыг талуудын тайлбарт дурдсан үйл баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр илт үндэслэлгүй дүгнэлт хийснээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Магадлалын хянавал хэсэгт: ....Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, алданги нь гэрээний үүргийг хангуулах нэг арга бөгөөд цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүх 2018.07.20-ны өдрөөс 2019.11.20-ны өдөр хүртэл нийт 92 хоногийн алдангид 4,957,148 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна... гэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хэргийн бусад үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ. Учир нь, хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018.11.20-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан ба 2018.07.20-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болох ёстой байсан. Харин хариуцагч талын хувьд гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээгээр тохирсон барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ нэхэмжлэл гаргах хүртэл биелүүлээгүй байсан байхад шүүхээс гэрээ цуцлагдсан тул 92 хоногийн алданги шаардах эрхгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээг талууд хэзээ цуцалсан гэх үйл баримтын тухайд дүгнэлт хийх ёстой байсан.Түүнчлэн хэрэгт талуудын хэн аль нь гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн албан бичиг нотлох баримтаар авагдаагүй, харин нэхэмжлэгч тал 2018.11.20-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлохдоо ...барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөр гаргуулах... гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссаны дараа Содон хаус проперти ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэн барилга угсралтын ажлыг яаралтай хийж гүйцэтгэх талаар амаар болон утсаар мэдэгдэж байсан боловч гүйцэтгэгч нь ажлыг орхин явсан байдаг тул арга буюу 2018.11.20-ны өдөр гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Хэрэв давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн гэрээ хэзээ цуцлагдсан үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн бол гэрээ цуцлагдах хүртэл хугацааны алдангийг нэхэжлэгч шаардах эрхтэй талаар үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байсан. Гэрээ цуцлах хууль зүйн ойлголтын хувьд гэрээг цуцласнаас хойш үүссэн үүрэг, эрх зүйн үр дагаврыг шаардах эрхгүй байдаг тул шүүх хуулийг буруу тайбарласан гэж үзэх үндэслэл болсон.

Магадлалын хянавал хэсэгт ...Нэхэмжлэгч нь 2019.04.20-ны өдөр 27,360,000 төгрөгийг Содон хаус проперти ХХК-д илүү төлсөн тул хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Содон хаус проперти ХХК 2018.04.20-ны өдөр компанийн кассын орлогын ордерийн дагуу нэхэмжлэгч нар нь бэлэн мөнгө өгөөгүй, уг мөнгийг 2018.04.23-ны өдөр шилжүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна гэж шүүх дүгнэн 27,360,000 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаас гаргуулсан үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй байхаас гадна тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тухайн баримт үйлдэх цаг хугацаанд мөнгө аваагүй, харин 2018.04.23-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Энэ үйл баримтаар хариуцагч илүү төлсөн мөнгийг буцаан төлөхгүй гэж татгалздаг бөгөөд энэ дүгнэлт нь хариуцагчийг буруутгасан үндэслэл байх хэрнээ, нэхэмжлэгч нотлоогүй гэх агуулгаар 27,360,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь агуулгын хувьд ойлгомжгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Дээрх тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлийг шүүх бүрэлдэхүүн сайтар анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл эхний хоёр төлөлт нь 27,360,000 төгрөгөөр тооцон төлөх тохиролцоо байдаг. Хэрэгт нотлох баримтаар 2018.04.20-ны өдөр 27,360,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр бэлнээр төлсөн кассын орлогын ордер авагдсан. Уг баримтанд хариуцагч Содон хаус проперти ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан бөгөөд Б.Санчир гарын үсэг зурж баталгаажуулан 27,360,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Мөн хэрэгт 2018.04.23-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг авагдсан бөгөөд 27,360,000 төгрөгийг төлсөн. Мөн 2018.05.22-ны өдөр 11,000,000 төгрөг, 2018.06.07-ны өдөр 34,320,000 төгрөг, 2018.07.05-ны өдөр 34,320,000 төгрөг, нийт 134,360,000 төгрөгийг ажлын хөлсөнд бүрэн төлсөн. Үүнээс гэрээний дагуу төлөх ажлын хөлс нь 107,000,000 төгрөг байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс илүү төлөлт хийсэн тул энэ мөнгө буцаан гаргуулахаар шаардаж байгаа болно. Хариуцагч талын хувьд бэлэн мөнгө хүлээж аваагүй гэх үйл баримтыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотолсон тохиолдолд 2018.04.20-ны өдөр бэлэн мөнгө хүлээж аваагүй гэх нөхцөл байдал нотлогдох ёстой. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3 дугаар зүйлд заасан дарааллын дагуу ажлын хөлсийг төлсөн талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргасан өгсөн байхад энэ талаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нар нь Содон хаус проперти ХХК, Б.Санчир, Б.Энхжин нарт холбогдуулан 2018.04.20-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, барилгын ажилд илүү төлсөн 27,360,000 төгрөг, хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

Содон хаус проперти ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажил 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Содон хаус проперти ХХК-иас 49,969,000 төгрөг гаргуулж Б.Хэнмэдэхбаяр, Ц.Жаргал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,921,285 төгрөг, хариуцагч Б.Санчир, Б.Энхжин нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхэд зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Б.Хэнмэдэхбаяр, Содон хаус проперти ХХК нарын хооронд 2018.04.20-ны өдөр №Х-17/019 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2 дугаар баг, Хөөврийн 9-13 тоотод байрлах 80 м.кв зуслангийн 2 давхар барилгын ажлыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, 2018.04.20-ны өдрөөс 2018.07.20-ны хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.  

Барилгын талбайн хэмжээг 102 м.кв, ажлын хөлсийг нийт 107,000,000 төгрөг байхаар амаар тохирч талууд гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Гэрээний 3.1-д зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх барилгын нийт ажлын хөлс 107,000,000 төгрөгийг Содон хаус проперти ХХК-д шилжүүлсэн болох нь Б.Энхжингийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна. 

Гэрээний 2.2-т ...гэрээний дуусах хугацаа нь 2018.07.23-ны өдөр болно гэж тохиролцсон боловч тогтоосон хугацаанд ажлын үр дүн гараагүй, зохигч гэрээнээс татгалзсан, цаашид Содон хаус проперти ХХК барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс Содон хаус проперти ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоохоор томилогдсон шинжээч Вендо ХХК-ийн 2019.05.01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр маргаан бүхий амины орон сууцны гүйцэтгэлийг 53.3125 хувь гэж тогтоосон байна.  

Содон хаус проперти ХХК-ийн хийж гүйцэтгээгүй 46.7 хувийн ажлын хөлс 49,969,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгийг буцаан гаргуулахаар хоёр шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасантай нийцнэ. 

2. Гэрээний 7.2-т Ажил гүйцэтгэгч графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн зөрчил бүрт гүйцэтгээгүй ажлын нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж тохиролцжээ. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан бөгөөд цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангахгүй. 

Гэрээний 7.2-т заасан алданги нь гэрээг цуцалсантай холбоотой үүсэх нэмэлт үүргийн агуулгыг илэрхийлээгүй ба энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын 2018.07.20-ны өдрөөс 2019.11.20-ны өдрийг хүртэл нийт 92 хоногийн алдангид 4,597,148 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгч нар банкнаас авсан зээлийн хүүд төлсөн хохирол болох 6,021,485 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийг хоёр шатны шүүх гэрээний маргаантай хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй

3. Нэхэмжлэгч нар Содон хаус проперти ХХК-д 2019.04.20-ны өдөр илүү төлсөн төлбөр 27,360,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Содон хаус проперти ХХК-иас 2018.04.20-ны өдрийн компанийн кассын орлогын ордерын дагуу нэхэмжлэгч нар нь бэлэн мөнгө өгөөгүй, харин уг мөнгийг 2018.04.23-ны өдөр шилжүүлсэн гэж маргажээ.

Хэрэгт Содон хаус проперти ХХК-ийн кассын орлогын ордер авагдсан хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т эхний төлбөрийг 2018.04.23-ны өдөр төлөхөөр тохиролцсон байх тул үүнээс хойш төлбөр төлөгдсөн байх учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар Содон хаус проперти ХХК-д 2019.04.20-ны өдөр илүү төлсөн гэх бэлэн 27,360,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бөгөөд Содон хаус проперти ХХК 2018.04.20-ны өдрийн компанийн кассын орлогын ордерын дагуу нэхэмжлэгч нар нь бэлэн мөнгө өгөөгүй, харин уг мөнгийг 2018.04.23-ны өдөр шилжүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлоогүй байна гэж шүүх дүгнэн, 27,360,000 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.  

4. Хоёр шатны шүүх Б.Хэнмэдэхбаяраас 10,700,000 төгрөг гаргуулах тухай Содон хаус проперти ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 8.5-д гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалвал гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлнө гэж тохиролцжээ. 

Содон хаус проперти ХХК гэрээний 2.1-д заасан хугацаанд буюу 2018.07.20-ны өдөр барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.5-д тус тус зааснаар алданги шаардах эрхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд ажил гүйцэтгэх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2111 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 461,295, нэхэмжлэгчийн 319,540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

Д.ЦОЛМОН 

Х.ЭРДЭНЭСУВД