Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02447

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2019/02447             Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө аймаг, Х сум, Хөөвөрийн 0 тоотод оршин суух, Б.Х,

 

Нэхэмжлэгч: Ө аймаг, Х сум, Хөөвөрийн 0 тоотод оршин суух, Ц.Ж нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 төв, тоотод байрлах “С” ХХК,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б.С,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б.Э нарт холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү төлсөн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу гүйцэтгэсэн ажил 10,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х, Ц.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х миний бие “С” ХХК-тай харилцан тохиролцон 2018 оны 04 сарын 20-ны өдөр X-17/019 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын 0 дугаар баг, хөөврийн 0 тоот хаягт байрлах өөрийн газарт 80 мкв талбай бүхий зуслангийн 2 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан бөгөөд баригдах нийт талбайн хэмжээг барилгын дотор талын цэвэр хэмжээгээр нь тооцож 80 мкв гэж харилцан тохиролцов. Гэрээг байгуулсаны дараа ажил гүйцэтгэгч “С” ХХК-ийн захирал гэх Б.Э, Б.С нар нь өөрийн Sodon house Properti гэсэн Page хуудаснаас өөрийн компанийн барьж буй барилгын фото зургуудыг үзүүлэн та 102 мкв талбайтай зуслангийн байшин биднээр бариулбал зүгээр гэж надад санал болгосон, миний бие 102 мкв талбайтай зуслангийн байшингийн фото зургийг үзээд тэдний саналыг хүлээн зөвшөөрч гэрээний үнийг нийт 107.200.000 /нэг зуун долоон сая хоёр зуу мянга/ төгрөг гэж тохиролцсон. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 80 мкв талбай бүхий байшин 91.200.000 /ерэн нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөг болохоор байсан бөгөөд 102 мкв болж байгаа талаар амаар тохиролцсон бөгөөд гэрээнд энэ талар тусгаагүй болно. “С” ХХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн дотор 3 үе шаттайгаар хийж өгөхөөр болж хөлсийг мөн 3 хувааж төлөхөөр гэрээгээр бид тохиролцсон. Б.Х миний бие гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж 2018 оны 04 сарын 20-ны өдөр эхний төлбөр болох 27,360,000  төгрөгийг бэлнээр төлж кассын орлогын ордер үйлдэн баталгаажуулж авсан болно. Харин “С” ХХК-ийн зүгээс та гэрээнд заасан график харгалзахгүйгээр төлбөрөө төлөөч, бидэнд мөнгө хэрэгтэй байна, таны барилгыг бид хурдан шуурхай хугацаанд нь барьж өгсний дагуу миний бие 2018 оны 04 сарын 23-ны өдөр 27,360,000 төгрөг, 2018 оны 05 сарын 22-ны өдөр 11,000,000төгрөг, 2018 оны 06 сарын 07-ны өдөр 34.,320,000 төгрөг 2018 оны 07 сарын 05-ны өдөр 34,320,000 төгрөг нийт 134,360,000 төгрөгийг бэлнээр болон компанийн захирал Б.Э-ийн Хаан Банкны дансанд зуслангийн байрны мөнгөнд бүрэн төлсөн байна. Гэрээний дагуу амаар тохиролцсоноор захиалагч Б.Х миний нийт 107,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч одоогийн байдлаар 27,360,000 төгрөгийг илүү төлж давхар хохирсон байна. Гэрээнд заасны дагуу 1 дүгээр үе шатны ажлыг барилгын зураг батлагдсан өдрөөс эхлэн 21 хоногийн дараа барилга угсралтын ажил 30%-д хүргэж шалгуулан өгнө, 1 дүгээр үе шатны ажил хийгдсэн гэж үзсэн өдрөөс эхлэн 21 хоног буюу барилга угсралтын ажил 60%-д хүргэж шалгуулан өгнө гэж тохиролцсон.

1 дүгээр үе шатны ажил нь барилгын суурийн газар шорооны ажил, суурийн хэв хашмал, арматурчлал, цутгалтын ажил, 1 дүгээр давхрын өрлөг, бүс бетон арматурчлал, цутгалтын ажил, 1 дүгээр давхрын гадна дотор өрлөгийн ажил, 2 дугаар давхрын гадна, дотор өрлөгийн ажил, цонх суулгалтын ажил /Цонх нь 3 давхар хуванцар вакум цонх байна/, дулаалгатай гадна сайдинг хадах /Гадна ханын дулаалга нь шүршдэг полиуртай дулаалга байна/, хөөсөн фасадны ажлуудыг гүйцэтгэнэ гэж гэрээгээр тохиролцсон.

Ажил гүйцэтгэгч “С” ХХК-ийн зүгээс түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээт ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгөлгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна.

Түүнчлэн Б.Э болон Б.С нарын гар утсаар холбогдох гэхээр утсаа авахгүй, дугаарыг блоклох зэргээр асуудалд хандаж бусдыг залилан мэхлэх үйлдэл гаргасаар байгаа болно.

Б.Х-ын зүгээс дээрх барилга угсралтын ажлыг 40 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж байгаа бөгөөд ажил гүйцэтгэгч “С” ХХК нь цаашид барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч чадахгүй гэж үзэж байгаа тул нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзаж байгаа болно.

Гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэм хор хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

Мөн дээрх хугацаанд миний бие “С” ХХК-д гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлэхдээ Голомт банкнаас өөрийнхөө нэр дээр болон эхнэрийнхээ нэр дээр тус тус 40,000,000 төгрөгийн зээл авч төлсөн бөгөөд энэ хугацаанд бид Голомт банкхнд нийт 6,021,485 төгрөгийн /хоёр зээлийн нийлбэр дүнгээр/ зээлийн хүү төлж давхар хохирсоор байгаа болно.

Хэрэв “С” ХХК нь гэрээгээр тохирсон барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор, шударгаар барьж гүйцэтгэхээргүй байсан бол банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага надад байхгүй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл банканд хүү төлж хохирохгүй байсан.

Бидний хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт зааснаар “...Ажил гүйцэтгэгч графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн зөрчил бүрт гүйцэтгээгүй ажлын нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө...” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг нь 2018 оны 7 сарын 21-ны өдрөөс хойш тооцвол өнөөдрийг хүртэл нийт 154 хоног болох бөгөөд 16,508,800 төгрөгийн алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан: “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй...” мөн хуулийн 227.3-т “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол ззрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” мөн хуулийн 227.4 дэх хэсэгт заасан “...Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй...” гэж заасан байх ба “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байсан бол нэхэмжлэгч бид дээрх хохирлуудыг хүлээхгүй байсан.

“С” ХХК нь барилга угсралтын ажлын 2 дугаар үе шатны ажлаас цааш огт ажил хийгээгүй байна. Тухайлбал: Дулааны болон сангийн ажлууд хийгдээгүй, Гадна фасад дутуу, гадна дотно засал огт хийгдээгүй, 00-н 2 өрөө хийгдээгүй, Цонхны тавцангууд хийгдээгүй /2 ширхэг цонх хагарсан байгаа тул солих шааардлагатай/, Хаалганууд бүгд хийгдээгүй /6-7 хаалга суулгах ёстой/,

Дээд талын уналттай таац хийгдээгүй, Хөөсөн фасад хийгдээгүй, блокон хийгдээгүй, Урьд дээд талын саравч байхгүй, төмөр сайтангууд хийгдээгүй, бүх плитанууд хийгдээгүй, гадна талын суурийн хормойгоор наах гоёлын чулуунууд наагдаагүй, шатны бүх бүрхүүл хийгдээгүй, гадна талын өнгө, эмульс хийгдээгүй байгаа болно. 2 болон 3 давхрын барилга угсралтын ажил хийгдээгүй байна, Нэгдүгээр давхрын бетон хийгдээгүй бөгөөд үе давхрын ажлуудыг хүлээлгэж өгөөгүй, үүнээс улмаас болж хучилтын далий тавигдсан, захиалгаар авах материалуудын үнийг нэмж бидэнтэй тооцоо хийсэн, мэргэжлийн ажилчид байхгүй, намайг залилан мэхэлж хүний итгэл дээр дөрөөлж илүү мөнгө авсан.

Б.Х миний бие хариуцагч “С” ХХК-ийг барилга угсралтын ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэн түлхүүр гардуулан өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь тодорхой болсон тул гэрээнээс цуцалж учирсан хохиролоо нэхэмжилж байна.

Иймд “Барилга Угсралтын ажил гүйцэтгэх” гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, нийт 99,890,285 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулан надад олгож, хохиролгүй болгож өгнө үү

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Хэрэгт “С” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн кассын орлогын ордер байгаа. Би буруу сонсоогүй бол энэ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 27,360,000 төгрөг орж ирсэн гэж байна. Хэрэгт байгаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27,360,000 төгрөг нь кассын орлогын ордероор “С” ХХК хүлээн авсан. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 27,300,000 төгрөгийг Б.Э өөрийн дансаар хүлээн авсан. Үнэхээр манай компанид орж ирсэн гэж байгаа бол тэр үндэслэлээ баримтаа нотлоод тухайн үндэслэлээ тайлбарлах ёстой. Ажлын үр дүнг Б.Х-т хэрхэн хүлээлгэн өгсөн бэ, энэ ажлыг хэрхэн бүрэн хийж дуусгасан гэдэг үндэслэлээ нотлох ёстой. Гэтэл өнөөдөр энэ мөнгийг бид нар авах ёстой учраас авсан юм, төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гэм хорын хохирлын хувьд хэрэгт Голомт банктай байгуулсан 2 зээлийн гэрээ байгаа. “С” ХХК-д ажлын хөлсийг төлөх зорилгоор 40,000,000 төгрөгийн зээл авсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээд хувийн орон сууцыг хүлээлгэн өгсөн тохиолдолд бид нар ийм хэмжээний хохирол хүлээхгүй байх байсан.  Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болоод байгаа ажил гүйцэтгэгч өөрөө үүргээ гүйцэтгээгүй хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдоно. Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнээс үүдэн гарч байгаа хохирлоо бид шаардаж байгаа. Бид Иргэний хуулийн 225.3-д зааснаар шаардсан. “С” ХХК-ийн дансанд бэлнээр нэг л удаагийн гүйлгээ байгаа. Бусад 5 удаагийн шилжүүлэг Б.Э гэдэг хүний Хаан банкны дансаар орсон учир хариуцагчаар татсан. Энэ нэхэмжлээд байгаа 99,980,280 төгрөгийг энэ 3 хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Х, Ц.Ж нар нь Баянзүрх дүүргийн шүүхэд “С” ХХК-д болон Б.С, Б.Э нарт холбогдуулж “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээнээс татгалзаж барилгын ажлын хөлсөнд илүү төлсөн 27.360.000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50.000.000 төгрөг, алданги 16.508.800 төгрөг, гэм хорын хохирол 6.021.485 төгрөг, нийт 99.890.285 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээх зөвшөөрөх боломжгүй байна.

“С” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Б.Х нь “С” ХХК-н цахим хаяг дээр байсан зарын дагуу 2018 оны 04 сарын дундуур утсаар холбогдож барилгын үнэ, мкв талбайн талаар мэдээлэл авсан. Үүнээс хойш манай компанийн оффис дээр хэд хэдэн удаа өөрсдийн биеэр ирж уулзаж барьсан барилга болон барилгын талаарх мэдээллийг авч Б.Х нь 80 мкв байшинг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд бариулах саналаа хэлж 1мкв талбайг 990,000 төгрөг, гадна граж маягийн террасыг стандарт 24 мкв-аар 1 мкв-ыг нь 500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Б.Х нь 2018 оны 04 сарын 18-ны өдөр утсаар холбогдож бид гэрээний саналыг хүлээн зөвшөөрч байна. Ханбогд суманд гэрээгээ бэлдээд хүрээд ир гэсний дагуу “С” ХХК-н гүйцэтгэх захирал 2018 оны 04 сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд суманд очиж 16 цагийн үед Б.Х-тай №0 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу Гүйцэтгэгч нь Өмнөговь аймаг, Ханбогд сумын 0-р баг хөөврийн 0 тоотод байрлах 80 мкв талбайтай зуслангийн 2 давхар барилгын ажлыг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай 3 үе шаттайгаар хийж дуусгах, Захиалагчийн зүгээс 2018 оны 04 сарын 23-ны өдөр гэрээний эхний санхүүжилт болох 27.360.000 төгрөг, 2 дугаар ээлжийн санхүүжилтийг барилгын угсралтын ажил эхэлснээс 21 хоногийн дараа буюу 30%-ийн гүйцэтгэл хийгдсэний дараа 30 % болох 27.360.000 төгрөгийг хийх, 3 дугаар үеийн санхүүжилтийг барилга угсралтын ажил 60%-д хүрсэн гэж үзсэн тохиолдолд үлдэгдэл 40 хувийг буюу 36.480.000 төгрөгийг санхүүжилтийг төлөхөөр талууд тус гэрээний дагуу харилцан тохиролцсон.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 дүгээр үеийн санхүүжилт 2018 оны 04 сарын 23-ны өдөр захиалагч тал эхний 30 хувийн урьдчилгаа болох 27.360.000 төгрөгийг урьдчилгаа хийгдсэнээр бэлтгэл ажлууд хийгдэж эхний барилгын материал ачсан шланз машин 2018 оны 04 сарын 25-ны өдөр Ханбогд сумруу хөдөлгөж явуулсан бөгөөд үүнээс хойш 2018 оны 05 сарын 07, 08-ны өдрүүдэд барилгын суурийн хэмжилт, улаан шугам татах зэрэг ажлуудыг эхлүүлсэн. Энэ үед Б. ажилдаа явсан байсан учир түүний эхнэр Ж ажлын явц эхлэхэд дэргэд байсан бөгөөд манай компанийн ажилчид хэмжилт хийж байхад ирж үзээд “Арай жижиг байна.” “Би Х-тай яръя” гээд ажлыг түр зогсоогоод Ц,Ж,  Б.Х-тай утсаар ярьж “Нэг барьж байгаагийнх жаахан томруулахаар боллоо”, гэж хэлээд С-тай Notebook нь дээр 22 мкв-аар томруулж дахин өөрчлүүлсэн бөгөөд өөрчлүүлсэн 22 мкв талбайгаа нийт 21,780,000 төгрөг байхаар амаар тохиролцож урьдчилгаа болгож 11,000,000 төгрөг авч, үлдэгдэл төлбөрийг дотор заслын ажил хийгдэхэд өгөхөөр талууд аман тохиролцоо хийсэн. Манай компанийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр газар шорооны ажлыг эхлүүлж бидний зүгээс дээрх барилгын 1 дүгээр үе шатны ажлыг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Б.Х-тай ажлын явц болон гүйцэтгэлийн талаар бид байнга уулзаж тайлан тавьдаг байсан. Гэрээний дагуу 2 дугаар ээлжийн ажил эхлэхэд бид гэрээний дагуу тохиролцсон ажлын хөлс болох гэрээний 2 дугаар ээлжийн гүйцэтгэлийг шаардахад “Би одоогоор мөнгөгүй байна, банкнаас зээл авч өгнө, та нар ажлаа хийж бай” гэх хариуг Б.Х нь өгсөн учир бидний зүгээс өөрсдийн байгаа барилгын материалдаа тулгуурлаж ажлаа аль болохоор зогсоохгүйгээр ажлаа явуулж байсан.

Хоёр дугаар ээлжийн санхүүжилт 1 дүгээр  ээлжийн ажил дууссанаас хойш 12 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр санхүүжилт орж ирсэн. “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйл 3.4 дэх хэсэгт заасны дагуу бол дээрх санхүүжилт 1 дүгээр үе шатны ажил эхэлсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа 30 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа хоёр ээлжийн санхүүжилт болох 30 хувийн буюу 27,360,000 төгрөгийг санхүүжилтийг олгох ёстой байсан. Хоёрдугаар ээлжийн ажил явц дундаа явж байхад захиалагч зүгээс өөрт хамааралгүй асуудлаар үндэслэлгүй шаардлага тавьж дур мэдэн гражийн хэмжээг өөрчилснөөс болж дээвэр тавих аргагүй болж дахин нурааж шинээр барих болон ажил гүйцэтгэж байгаа ажилчдыг нас, хүйс, бүдүүн нарийнаар ялгаж “Ажиллаа хийж чадахгүй байна. Хэт бүдүүн тарган, Өдрийн халуунд ажиллахгүй байна, Залхуу, хойрго” гэх мэтээр голж шилж байсан учир ажилчдын зүгээс болон ажил гүйцэтгэгчийн зүгээс ажлыг цааш явуулахад хүндрэлтэй байсан.

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 давхрын өнгө шаврын ажил цахилгааны далд монтаж, гражын өрлөгийн ажлууд дууссанаар өрлөгийн бригад Улаанбаатар хотод ирж 06 дугаар сарын 24-ний өдөр мужаан болон заслын гэрээт бригад Ханбогд сумруу явуулсан.

Өмнөх ажилчдын талаар захиалагч гомдол санал хэлж байсан учир цалинждаг ажилчдыг бодвол гэрээт бригад нь цагт баригдалгүй хурдан сайн ажиллана гэж бодож гэрээт бригад явуулсан. Тус бригад ажлынхаа зургийг интернетээр явуулж бидэнтэй холбогдож хоорондоо харилцан ярилцаж ажлаа хэвийн явуулж байсан. Захиалагч Б.Х-ын зүгээс бидний явуулсан заслын брагидыг “Засал хийж чаддаг хүмүүс мөн юм уу, бүдүүн хүүхдүүд хөдөлж ядах юм, хийж дөнгөх юм уу” гэх зэргээр хэл ам хийсээр байгаад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар буцааж дахин өөр ажилчид явуулахыг утсаар ярьж шаардсан тул бидний зүгээс шинэ ажилчид иртэл өөрсдийн байгаа багаарааа ажиллах болсон. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нярав , засалчин М, А, мужаан О, цахилгаанчин У нарыг Эрдэнэт хотод хэвийн ажиллаж байхад нь дуудаж мужаан Г, туслах , Б Мнарыг Ханбогд сумруу явуулсан. Эдгээр ажилчид ажлаа аль болох хурдан шуурхай явуулж байсан бөгөөд ажилчдыг өөлж гоочилж голж шилж нэг бус удаа ажилчинруу дайрч зодох гэж дайрсан үйлдлээс болж ажил тасалдах болон ажлын явц байгалийн давагдашгүй хүчин зүйл болох 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн орсон их хэмжээний бороо уснаас болж барилгын үйл явц удааширсан. Б.Х-ын зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээс “С” ХХК-ийг татгалзсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна.

“С” ХХК-ийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатараас Жолооч , мужаан О нар барилгын ажил дуусгахад шаардлагатай цэвэр усны нөөцийн сав, цахилгаан ялтсан бойлуур хоёроос бусад бүх материалуудыг ачиж Ханбогдруу явуулсан. Ханбогд сум дахь барилгын нярав Т 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр компанитай холбогдож “би нэг өдрийн чөлөө авч амармаар байна. Наадмаас хойш ганц амралтгүй ажиллаа, амарч газар орон нутгийг үзэж сонирхмоор байна” гэсэн учир цалингийн урьдчилгаа олгож амраасан. Нярав Т 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр компанируу залгаж “Би газар үзэж яваад ирлээ. Хамаг ажилчид шартсан байдалтай байна. Захиалагч Б.Х-тай нь ажилчдад архи авч уулгасан байна. Ажилчиддаа ажилд гаргахгүй гэж шаардлага тавьсан чинь Б. нь ажилчдын гэрт орж ирээд “Т-г чи юу сүртэй юм. Би архи авч өгсөн яадаг юм, захирлууддаа хов зөөдөг гэсэн биздээ, гэх мэтээр доромжилж байна” гэж Э рүү  нярав нь ярьсан бөгөөд тэр өдрөө Т дахин утсаар холбогдож “Б. намайг гэрийн униар зодчихлоо, турбо төмрөөр цохих гэж байхад нь харин ажилчид гарж ирж салгаж холдууллаа Засалчин М бид 2 зугтаад гудамжинд явж байна” гэж утсаар ярьсан учир Б.Э-ийн зүгээс захиалагч Б.Х-тай утсаар холбогдож ярихад урдаас нь харааж доромжилж “Яадгийн та нараар байшингаа дуусгуулахгүй, ажилчдаа яг одоо эндээс ав, өнөөдөр энд манай хашаанд хонуулахгүй шүү яг одоо хүмүүсээ ав” гэх мэт шаардаж байсан учир ажилчдаа нэг өдөр Ханбогд суманд хонуулаад маргааш нь Ханбогд суманд барилгын ачаа ачаад очсон шланз машины барааг буулгаж тоолуулаад барилгын зураг болон үлдээсэн материалын зургийг даруулж ажилчдаа хотруу бүгдийг нь татсан.

Захиалагч тал гэрээгээ цааш нь үргэлжлүүлэх сонирхолгүй байгаагаа саналаа тэр даруй буюу тэр дор нь мэдэгдсэн тул бидний зүгээс дээрх гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Бидний барьж байсан барилга 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсан бөгөөд бид барилгыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж шаардлагатай бүхий л материалыг Улаанбаатар хотоос татан авсан байсан бөгөөд захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж барилгыг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон тул бидний зүгээс дээрх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биднээс нэхэмжлэж байгаа үдэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “С” ХХК нь иргэн Б.Х-ын хүсэлтээр түүний оршин суугаа газарт 80 мкв талбай бүхий Зуслангийн байшин барихаар болж, бид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.

Энэхүү гэрээгээр 80 мкв талбайтай зуслангийн байшин нийт 91,200,000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр болсон боловч Б.Х-ын зүгээс гэрээнд заасан талбайн хэмжээг томсгох хүсэлт тавьснаар талбайг 22 мкв-р томсгож, нийт 102 мкв талбай бүхий зуслангийн байшинг барихаар болсон. Харин нэмсэн 22 мкв талбайн үнийг 21,780,000 төгрөг байхаар тохиролцсоныг гэрээнд оруулаагүй байна. Захиалагч Б.Х-аас гэрээнд заасан нэгдүгээр ээлжийн санхүүжилтийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай компанид шилжүүлснээр барилга угсралтын ажлыг эхэлсэн. Гэвч барилгын ажил эхэлснээс хойш захиалагч Б.Х нь гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгүүлэхийг шаардах, ажлыг зургаас нь өөрчилж бариулах шаардлага тавих, барилгын ажилчдын гаднах өнгө үзэмж хувь хүний биеийн хэлбэр галбираар дүгнэж гоочлох зэрэг ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасаар ирсэн.

Манай компанийн зүгээс захиалагчийн ёс бус үйлдэлд хүлээцтэй хандаж, аль болох тавьсан саналыг хүлээн авч ажиллаж ирсэн бөгөөд, захиалагчийн хүсэлтийг биелүүлэх үүднээс барилгын ажилд нэмэлт ажиллах хүн, хүчийг хангалттай явуулаад зогсохгүй захиалагчийн хэлснээр барилгын ажилтныг сольж өөрчлөх хүртэл арга хэмжээ авч байсан.

Гэвч захиалагч Б.Х-ын ааш авир хэрээс хэтэрч 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай компанид нярав ажилтай А.Т-г зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан ба энэ талаарх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай тогтоол гарч, Б.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ.

Дээрх нөхцөл байдлаас болж бидний хооронд байгуулагдсан гэрээ захиалагч Б.Х-аас шалтгаалж цаашид хэрэгжих боломжгүй буюу ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх нөхцөл байдлыг захиалагч Б.Х нь бүрдүүлж, хангаж өгөөгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч манай компанийн зүгээс захиалагч Б.Х-ын энэ ёс бус үйлдлээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай болсон нь Шүүхийн дээрх шийтгэх тогтоолтой холбоотой билээ. Захиалагч Б.Х нь манай компанитай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд гэрээг цуцлах болсон нөхцөл байдлыг захиалагч Б.Х нь өөрөө бүрдүүлж, гэрээний үүргээ зөрчиж, ийнхүү гэрээг цуцлах шаардлагыг гаргаж байгаа нь тодорхой байх тул манай компанийн зүгээс “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг үндэслэн манай компани гүйцэтгэсэн ажилд 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөгийг захиалагч Б.Х-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК үүргээ зөрчсөн гэж байгаа боловч үүргээ яаж зөрчсөн талаарх баримт алга. Хариуцагч “С” ХХК үүргээ зөрчсөн нь баримтаар тогтоогдох ёстой. Иргэний хуулийн 204-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, цуцлах саналаа өгөөгүй. Нэхэмжлэгч Б.Х гэрээнээс цуцлах саналаа өгөөгүй. Гэрээнээс тат цуцлах тохиолдолд хэн хэндээ мэдэгдэх ёстой. Гэрээ цуцлах мэдэгдлээ өгөөгүй. Гэрээ цуцлах асуудал хариуцагчаас болоогүй. Иргэний хуулийн 351.3-д зааснаар ажил гүйцэтгэхэд шаардлагатай аливаа ажлын байрыг бий болгох гэж заасан. Б.Х энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Манайхаас ажилчдаа аваад очиход ажиллах нөхцөлөөр хангаагүй. Эцсийн эцэст хүний биед хүнд гэмтэл учруулсан. Энэ нөхцөл байдлаас болоод гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас биш нэхэмжлэгч Б.Х гэрээ цуцлах нөхцөл байдлыг өөрсдөө бий болгосон.

Иймд гэрээний 8.5 дугаар зүйлд зааснаар 107,000,000 төгрөгийн 10 хувь болох 10,700,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 8.5-д гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалбал гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Үүний дагуу 10,700,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж ойлгож байна. Хэрэгт Ханбогд сумын Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол авагдсан. Өнөөдөр бид “С” ХХК-тай байгуулсан гэрээний үр дагавар шаардаж байгаа. Б гэж хүнтэй Б.Х нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлээд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд энэ дуусаагүй барилгыг Н гэдэг хүнээр ахлуулсан 8 хүнтэй бригадаар барьж дуусгасан ба бараа материалын зардалд 43,607,800 төгрөг, ажлын хөлсөнд 26,100,000 төгрөг төлсөн. Энэ нь “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэдэг нь харагдаж байна. Нийт дүнгээр нь авч үзэхэд 69,452,800 төгрөгийн нэмэлт зардал гаргаж барилгын ажлыг хийж дуусгасан. 107,000,000 төгрөгийн барилга гэж үзвэл тухайн барилга 53 хувьтай гэдэг нь харагдана. Бид нар 2019 оны 4-6 сарыг дуустал хугацаанд бараа материал авсан баримт, Нэмэхдоржтой байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримт зэргийг гарган өгсөн. Эдгээрээ “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь харагдана. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хир нь сөрөг нэхэмжлэл гаргаад 10,700,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, барилгын ажилд илүү төлсөн 27,360,000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөг, алданги 16,508,800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6,021,485 төгрөг, нийт 99,890,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу гүйцэтгэсэн ажил 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Өмнөговь аймаг, Ханбогд сумын 0 дугаар баг, хөөврийн 0 тоотод байрлах 80 м.кв зуслангийн 2 давхар барилгын ажлыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулжээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Гэрээний дагуу 80 м.кв барилгыг 91,200,000 төгрөгөөр тохирсон боловч талууд 102 м.кв барилгыг 107,000,000 төгрөгөөр бариулахаар амаар тохирсон талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар гэрээний дагуу барилгын төлбөр тооцоонд 107,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Б.Э-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан, Голомт банкны төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-12, 132, 151, 164, 191 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 27,360,000 төгрөгийг “С” ХХК-д бэлнээр тушаасан баримт хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан бөгөөд уг мөнгийг илүү төлсөн байгаа тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн компанийн кассын орлогын ордерын дагуу нэхэмжлэгч нар нь бэлэн мөнгө өгөөгүй, харин уг мөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч “С” ХХК-ийг гэрээний үнийн дүнгээс 27,360,000 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, уг мөнгийг тус компаниар гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 Нэхэмжлэгч нар дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д зааснаар хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй юм.

 

Шүүх шинжээч томилж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн дүгнэлтээр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хөөврийн 0 тоот хаягт байрлах амины сууцны гүйцэтгэлийг 55,3125 хувиар тогтоожээ. /1 дүгээр хавтас 82-101 дүгээр тал/

Хариуцагч уг шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй бөгөөд зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд 2 давхар хувийн орон сууцыг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгч, үнийг 107,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгч нь дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 53.3 хувь байгаа бөгөөд үлдэх гүйцэтгээгүй ажил 46.7 хувийн ажлын хөлс буюу 49,969,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэв. /107,000,000 төгрөг 53.3 хувийн гүйцэтгэлийн мөнгө 57,031,000 төгрөг/, /107,000,000-57,031,000=49,969,000/

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах ойлголт юм.

 

Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах шаардлага гаргасан боловч нэгэнт гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжгүй тул гэрээ цуцлах ойлголт хэрэгжих юм.

 

Нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзсаны хохирол 6,021,485 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ банкнаас авсан зээлийн хүү төлж хохирч байгаа гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүү уг ажил гүйцэтгэх гэрээний маргаантай хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацааны алданги 16,508,800 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч “С” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн үүрэг 53.3 хувь буюу 57,031,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Үлдэх 49,969,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нар гэрээний дагуу алданги шаардах эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.-т заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 49,969,000 төгрөгийн 0,1 хувь 49,969 төгрөг байх бөгөөд үүнийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 92 хоног /49,969х92=4,597,148/-ийн алданги 4,597,148 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч “С” ХХК-иас 27,360,000 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 49,969,000 төгрөг, алданги 4,597148 төгрөг, нийт 81,926,148 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х, Ц.Ж нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Х нь ажил гүйцэтгэх гэрээг “С” ХХК-тай байгуулсан бөгөөд хариуцагч Б.С, Б.Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“С” ХХК нэхэмжлэгч Б.Х-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу гүйцэтгэсэн ажил 107,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Өмнөговь аймаг, Ханбогд сумын 0 дугаар баг, хөөврийн 0 тоотод байрлах 80 м.кв зуслангийн 2 давхар барилгын ажлыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр, 2018, оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулжээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Уг гэрээний 8.5-д “гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалвал гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлнө” гэжээ.

 

Гүйцэтгэгч тал буюу “С” ХХК гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй буюу “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 53.3 хувь гүйцэтгэсэн байна.

 

“С” ХХК нэгэнт гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул уг гэрээний 8.5.-д зааснаар 10 хувьтай тэнцэх алданги нэхэмжлэх эрхгүй юм.

 

Хэрэг авагдсан баримт болон талуудын мэтгэлцээний явцад ажил гүйцэтгэх гэрээний дагуу “С” ХХК гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн гэх байдал нотлогдоогүй тул “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 343 дугаар зүйлийн 343.1. 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 81,926,148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х, Ц.Ж нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,964,137 төгрөг, хариуцагч Б.С, Б.Э нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Б.Х-аас 10,700,000 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 657,410 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 567,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО