Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 76

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

           

                                                              Нэхэмжлэгч:  МУБХЯ

                                                                Хариуцагч:  Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р баг Далан   ............................   тоотод              

                                                                                    оршин суух Батхан овогт М.Н  /РД:................./

                                                                Хариуцагч:  “ХО” нөхөрлөл

            Өмчлөх эрх сэргээлгэж, хууль ёсны өмчлөгчөөр МУБХЯ-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э , прокурор Ц.А , хариуцагч М.Н  /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  /онлайнаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , иргэдийн төлөөлөгч Х.Цагаанцэцэг, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МУБХЯ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 15 айлын албан тушаалын орон өмчлөх эрх сэргээлгэж, хууль ёсны өмчлөгчөөр МУБХЯыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Тус барилга нь МУБХЯны хууль ёсны өмч юм. Учир нь Батлан хамгаалахын сайдын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар “Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангах зорилго”-оор Өмнөговь аймаг дахь “ХО” нөхөрлөлөөс 1102 м2 талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилгыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 48.500.000 /дөчин найман сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл 2004 онд “ХО” нөхөрлөл болон МУБХЯны хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу аман хэлцлийг байгуулсан гэж үзэж байгаа. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийг тохиролцсон бол хэлцэл байгуулсанд тооцно гэж заасны дагуу “ХО” нөхөрлөлийн өмчлөлд байсан 1102 м2 талбай бүхий 2 давхар хуучин тээврийн товчооны конторын зориулалттай барилгыг МУБХЯанд шилжүүлэх, харин МУБХЯ нь 48.500.000 төгрөгийг “ХО” нөхөрлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцож, хэлцэл байгуулсан. Мөнгө шилжүүлсэн тухайд: 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 48.500.000 төгрөгийг нэхэмжилсэн ХО нөхөрлөлийн нэхэмжлэх хуудас, мөн ЗХЖШ-ын даргад ирүүлсэн “үлдэгдэл 33.500.000 төгрөгийг 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна уу. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.03 хувийн алданги тооцох саналтай байна. Одоо байрлаж байгаа офицер, ахлагч нарын байрны түрээсийг зогсоосон тул манайд хохиролтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” гэх утга бүхий “ХО” нөхөрлөлийн албан бичиг, МУБХЯны Барилга захиалагчийн албаны 404001846 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас “ХО” нөхөрлөлийн Өмнөговь аймаг дахь Хаан банкны 5585047139 дугаартай дансанд 48.500.000 төгрөгийг 4-5 удаа хувааж шилжүүлсэн дансны хуулга болон МУБХЯны Барилга захиалагчийн албаны төлбөрийн даалгаврууд зэрэг баримт бичиг, материал зэргээр тогтоогддог. Энэхүү худалдан авсан конторын зориулалттай барилгыг МУБХЯны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар /тухайн үеийн албан тушаалтан/, ХБО ХХК-ийн захирал Д.М  нарын хооронд 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Их засварын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-ний дагуу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн их засвар хийж, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж, одоог хүртэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 16 офицер, ахлагч нар гэр бүлийн нийт 60 орчим гишүүдийн хамтаар амьдарч байна. /2007 онд хийгдсэн их засвараас хойшхи урсгал засварыг Зэвсэгт хүчний 167 дугаар анги хийж байгаа болно/. Гэтэл ХО нөхөрлөлийн захирал Н.М ын төрсөн охин болох М.Н  нь тус барилгыг Өмнөговь аймаг дахь Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан ба уг зээлээ төлөх чадваргүй болж, барьцаалсан барилгаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хас банктай харилцан тохиролцож, улмаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр барьцаанд байгаа барилгыг зээлийн үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн нь МУБХЯны эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод төрийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. 2004 онд Батлан хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль/-ыг тус тус үндэслэн “ХО” нөхөрлөлөөс худалдан авсан 1102 м2 талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилгыг худалдан авсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө нь шууд төрийн өмч болох бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн өмчийг захиран зарцуулах эрхтэй юм. Нөгөө талаар “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасны дагуу МУБХЯны өмчлөлд байгаа төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлдэггүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авдаггүй болно. Дээрх маргаан бүхий барилгатай холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус асуудлыг залилан мэхлэх шинж чанартай гэмт хэрэгт тооцуулахаар Цагдаагийн газарт хандан шалгуулсан бөгөөд Өмнөговь аймгийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 04 дүгээр тогтоол гарч эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон.  Прокурорын тогтоолд “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Н.М  овогтой М.Н , Намжил овогтой Н.М  нар нь 2004 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1102 м2 талбай бүхий 2 давхар барилгыг ЗХЖШ-т 48.500.000 төгрөгөөр худалдан төлбөрийг бүрэн авч, барилгыг хүлээлгэн өгсөн атал уг барилгын гэрчилгээг ашиглан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хас банкны барьцаанд ЗХЖШ-т мэдэгдэлгүйгээр тавьж, ноцтой хохирол учруулан бусдыг залилсан болох нь нотлогдож байна” гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч М.Н  өөрт нь холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргийн материалтай биечлэн танилцаж, тогтоолоо гардан авсан байдаг. Эс зөвшөөрч гомдол гаргаагүй байдлаас дүгнэвэл М.Н  нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй. Мөн тус маргаан бүхий барилгын асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг, тус шүүхийн шүүгч Г.Баярдаваа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд, МУБХЯны хөрөнгө, оруулалт барилга захиалагчийн албанаас маргаан бүхий объектын төлбөрт нийт 48.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байдаг. МУБХЯыг “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. МУБХЯыг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Нэхэмжлэл дээр дурьдагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 16 айлын албан тушаалын орон сууцтай гэсэн өнөөдрийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох төрийн өмчийн тооллого дээр 15 айл гэж байгаа учраас үүнийг тодруулж хэлж байна. Уг асуудлыг анх Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 167 дугаар анги, МУБХЯ хэзээ мэдсэн юм бэ гэхээр 2017 оны 01 сард Зэвсэгт хүчний 167 дугаар ангиар дамжуулан мэдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд “Хас банк” ХХК, хариуцагч М.Н  хоёрын хооронд  байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжтай хэргийг хянуулах хүсэлтийг анх энэ шүүхэд хүргүүлж байсан. Энэ дээр бол иргэний хуульд заагдсан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, тасалдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ маргаан бүхий барилга маань анх ямар үндэслэлээр МУБХЯны өмчид шилжиж ирсэн юм бэ гэхээр МУБХЯны сайдын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаар тушаал байдаг. Уг тушаалын 1 дэх хэсэгт “Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын албан тушаалтны орон сууцаар хангах зорилгоор “ХО” нөхөрлөлөөс 1102 м2 талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилгыг худалдан авах үнийн дээд хязгаарыг 48 500 000 төгрөгөөр тогтоосугай. Орон сууцны зориулалтаар худалдаж авах барилгын үнийг Зэвсэгт хүчний анги, байгууллагаас илүүдэлтэй, актлан үнэ тогтоож, материалын зориулалтаар худалдах барилга, объектын борлуулалтын орлогоос гаргахыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, төсвийн Ерөнхий менежер, хошууч генерал С.Баасанхүү, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга дэд хурандаа Т.Сайнжаргал нарт зөвшөөрсүгэй” гэсэн ийм тушаал байгаа. 2004 онд ганц нэг офицер, ахлагч нар уг барилгын 2 давхрын ганц нэг өрөөг түрээсэлдэг байсан. 2004 оноос конторын үйл ажиллагаа явуулдаг барилгыг нь МУБХЯ 48 500 000 төгрөгөөр худалдаж аваад 2008 онд “ХБО” ХХК-тай 25 000 000 төгрөгийн их засварын гэрээ байгуулж засвар хийж одоо орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа. 2004 онд маргаан бүхий 15 айлын улаан байр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үндсэн хөрөнгөнд байсан юм уу гэдгийг төрийн өмчийн тооллогын баримтаас шүүлгэж үзэхэд огт байгаагүй. Харин төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тодорхойлолт, лавлагаанаас үзэхэд 2007 оноос хойш 15 айлын байр буюу маргаан бүхий орон сууц 167 дугаар ангийн үндсэн хөрөнгөнд орж ирсэн байдаг. Тэгэхээр 2007 оноос хойш бүрэн утгаараа халаалт, дулааны системд холбогдсоноороо орон сууцаа ашиглах боломж бүрдэж, орон сууцны зориулалтаар 167 дугаар ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэж өнөөдрийг хүртэл буюу 2007, 2012, 2016 онуудад дахин үнэлгээнүүд хийгдээд өнөөдөр 80 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид данс бүртгэлд тусгагдсан төрийн өмч байгаа юм. Төр өөрөө зардлаа гаргаад авчихсан зүйлээ 4 жилд нэг удаа тоолж байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанд нууцын зэрэглэлтэй гэж гаргаж өгөөд байгаа 2 ботийн 2 хуудас баримт бол 2012, 2016 оны үнэлгээ байгаа. 2012 онд 90 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2016 онд 80 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр 167 дугаар ангийн үндсэн хөрөнгөн дээр явж байгаа. Энэ бол төрийн өмч юм аа гэсэн үг. Хариуцагч талаас 2000 оны гэрчилгээг одоог хүртэл “ХО” нөхөрлөлийн нэр дээр байна гэж ярьдаг. Тухайн үеийн албан тушаалтны хайнга, хариуцлагагүй байдлаас болоод “ХО” нөхөрлөлөөс 2004 онд худалдаж авсан тэр барилгын гэрчилгээг нь хүчингүй болгох ажиллагааг хийгээгүй. Энэ нь манайхны алдаатай ажиллагаа учраас буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс болоод өнөөдөр “Хас банк” ХХК 17 000 000 төгрөгөөр хохирчихсон. МУБХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб 80 000 000 төгрөгөөр хохирчихсон. Нийтдээ энэ маргаан бүхий барилга дээр 97 000 000 төгрөгийн хохирол учирсан. Банк мөнгөн төлбөрийн, манайх эд материалын хохирол учирчихаад байна. Манайх танайд 48 500 000 төгрөгийг төлнө. Танайх манайд барилгаа шилжүүлээ гэж тохирсноороо МУБХЯ бол 48 500 000 төгрөгөө 4, 5 удаагийн байдлаар хувааж хийсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт дээр хариуцагч талын яриад байдаг шиг түрээсэлж, хөлсөлж байсан юм гэсэн ганц ч үг үсэг өгүүлбэр байдаггүй. Нэхэмжлэлийн гол үндэслэл Иргэний хуулийн 106, 112, 120, 121 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий 15 айлын байрны орон сууцны хууль ёсны өмчлөгч МУБХЯ мөн болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч М.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХО” нөхөрлөл болон М.Н ад холбогдуулан МУБХЯны нэхэмжлэлтэй өмчлөх эрх сэргээлгэж, хууль ёсны өмчлөгчөөр МУБХЯыг тогтоолгох тухай” гэх утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний одоогоор захирлын алба хашдаг “ХО” нөхөрлөлийн захирал /даргаар/ Н.М  агсан хэзээ ч эрх бүхий этгээдээр бүртгэлтэй байгаагүй, нөхөрлөлийн өмч хөрөнгийг бусдад худалдах эрх олгоогүй. Иргэн М.Н  миний бие төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, харин “ХО” нөхөрлөлийн хувьд нэхэмжлэлийг гардан аваагүй болно. МУБХЯны нэхэмжлэлтэй холбогдох ХО болон М.Н тай холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж буй М.Н  миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан бол надад хамааралгүй. “ХО” нөхөрлөлийн маргаан гэж ойлгож байгаа. 2014 онд аав энэ байрыг буцаан авна,  түрээс нь дуусч байгаа гэж ярьж байсан. 2014 оны 2 сард аав харвалт өгсөн. Би 167 дугаар цэргийн ангийн захирагчтай уулзах гэж очсон боловч оруулдаггүй юм байна лээ. Тэрнээс хойш аав 2, 3 удаа харвалт өгсөн, аавыгаа харвалт өгсөн байхад ийм юм яриад яах вэ гээд ахиж яриагүй. Захирагчтай 2, 3 удаа уулзах гэж очсон боловч уулзаж чадаагүй, утсаар ярихад яам л мэднэ гэж хариу хэлсэн. Анхнаасаа түрээсэлсэн гэж ойлгож байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХО” нөхөрлөлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. МУБХЯ өөрийгөө нэхэмжлэгч гээд байдаг. МУБХЯ өмчлөх эрхтэй болсон нь тогтоогдоогүй. “ХО” нөхөрлөл  бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл. Хэн нэгний нөхөрлөл, иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн эд хөрөнгийг яамны сайд тушаал гаргаад худалдаад авдаггүй юм. Н.М  гэдэг хүнээс худалдаад авсан бол тухайн үед Н.М  худалдах эрхтэй хүн байгаагүй юм. Худалдах худалдан авах гэрээ хийхийн тулд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүйг нягталж үзэж байж гэрээг бичгээр хийнэ. “ХО” нөхөрлөлийн дарга М.Н, Д.Д , М.М гэдэг иргэд байгаа. Н.М  бол энэ нөхөрлөлтэй ямар ч хамааралгүй этгээд. Үнэхээр энэ хөрөнгийг худалдаж авсан  гээд байгаа юм бол өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэдэг. Өмчлөх эрхтэй холбоотой маш олон хуулийн заалт байдаг. МУБХЯ төрийн өмчит хуулийн этгээд төрийн байгууллага, бүхэл бүтэн байгууллага үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа гэрээ хэлцэл хийхгүйгээр сайдын тушаалаар үл хөдлөх хөрөнгө завшина гэсэн ойлголт байхгүй. Сая тайлбартаа 1102 м2 2 давхар конторын зориулалтай барилгыг худалдаж авсан гээд яриад байх юм. Гэтэл хүчин төгөлдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн, 426 м2 талбайтай, 2 давхар блокон барилга 106*95м2 шулуун төмөр хашаатай байрны гэрчилгээ олгоод байна. 2012 онд 90 000 000 төгрөгөөр, 2016 онд 80 000 000 төгрөгөөр үнэлэгдэж үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгагдчихаар өөрийн өмч болчихно гэж тийм ойлголт байхгүй гэж үзэж байна. 2004 онд өөрийнхөө өмч болгочихсон гэдэг. Төлбөр нь 2005 оны дунд үе хүртэл хуваагдаад төлөгдөөд яваад байдаг. Нэгэнт худалдаад аваад байгаа юм мөнгөө гэрээтэй нь хавсаргаад нэг мөр шилжүүлэхэд авахад яадаг юм гэдэг асуудлыг хэлмээр байна. Төрийн өмчит газрыг бүртгүүлэхгүй гээд байдаг. Үл хөдлөх хөрөнгийг газраасаа салгачихвал ач холбогдол нь алдчихдаг ийм эд хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийн газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг “ХО” нөхөрлөл төлөөд яваад байдаг улсын бүртгэлийн гэрчилгээ хэвээрээ байдаг. Хэн нэгэн итгэмжлэх эрхгүй этгээдтэй хийсэн гэрээ хэлцлийг үндэслээд манайх худалдаж авсан юм аа гээд байдаг. Гэрчийн мэдүүлгээр худалдаж авч байгааг хэн ч хараагүй, хуульд зааснаар гэрч гэж тухайн үйл баримтыг  мэддэг хүнийг хэлдэг. Сонссон, тэгсэн гэж дуулсан тийм тушаал ирсэн байсан гэдэг зүйлийг ярьсан хүнээр нотлогдоно гэж үзэхгүй. Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл  хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэж бий, нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдоогүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглодог. Н.М ыг түрүүчийн удаад хариуцагчаар татсан боловч шүүх шинжилгээний дүгнэлтээр энэ хүн эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзсэн. Мөн “Хас банк” ХХК-ийг буруутгаад байх юм. Бүхэл бүтэн төрийн байгууллага байж хэнийг өнөөдөр хариуцагчаар татахаа мэдэхгүй байна. М.Н  2011 онд зээл авсан, зээл авахдаа ямар ч хуурамч бичиг баримт бүрдүүлж хуурч мэхэлж зээл аваагүй. 10 жилийн хугацаанд энэ орон сууцанд зэвсэгт хүчний 167-р ангийн алба хаагчид амьдарсан. Хэрвээ худалдаж авсан бол гэрээ хэлцлээ хийгээд улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Төрийн өмчийг улсын бүртгэлд бүртгүүлдэггүй юм гэж хэлдэг. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд улсын бүртгэлд бүртгүүлнэ гээд заачихсан байгаа. Анхнаасаа өмчлөгч нь биш байхад ямар өмчлөх эрхээ сэргээлгэх гээд байгаа юм ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хасбанк маргаан бүхий хөрөнгийн барьцааны эрхийг шударгаар олж авсан тухай. Хариуцагч М.Н  нь Хасбанктай 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1180005381 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг авахдаа мөн өдөр байгуулагдсан 1180005381-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг хаягт байрлах Y-110500436 улсын бүртгэлийн дугаартай хуучин тээврийн товчооны конторын барилга, Y-1105000836 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар болон бусад хөрөнгийг барьцаалуулсан. Хасбанк нь хариуцагч М.Н тай баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх 0008080 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЛВГ06/10/2011-203 тоот лавлагаа зэрэг эрх бүхий этгээдийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон албан ёсны баримт бичигт үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч төгөлдөр болсон болно. Хасбанк нь маргаан бүхий хөрөнгийг нэхэмжлэгч 2004 онд “ХО” ББН-аас худалдан авсан үйл баримтын талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дах хэсэгт заасны дагуу шударга эзэмшигч юм. 2. Өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны эрхийг хөндөхгүй тухай Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иймд гуравдагч этгээд Хасбанкны хүчин төгөлдөр барьцааны эрх бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох маргаан бүхийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Хасбанкны хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс шүүхийн шийдвэрт өмчлөгч өөрчлөгдөх нь маргаан бүхий хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй талаар тухайлан дурдаж өгнө үү. Тухайн үед судалгаа шинжилгээг дутуу хийгээгүй. Бүх авах ёстой зүйлүүдээ шаардаж авсан. “ХО” нөхөрлөлийн хурлын протоколыг авсан. Хурлын протокол дээр “ХО” нөхөрлөлийн М.Н , Н.М  нар хуралд оролцож дараах шийдвэрийг гаргаж зөвшөөрлийг М.Н ад олгосон. Ингээд гэрээнд М.Н  гарын үсэг зурах эрхтэй болчихож байгаа юм гэв.

Прокурор Ц.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.А  би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж оролцож байна. МУБХЯны нэхэмжлэлтэй “ХО” нөхөрлөл, М.Н ад хариуцагдах өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн хувьд  талийгаач Н.М , түүний охин М.Н  нар нь 2004 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1102 м2 талбай бүхий 2 давхар барилгыг Зэвсэгт хүчний Жанжин штабт 48.500.000 төгрөгөөр худалдан төлбөрийг бүрэн авч, барилгыг хүлээлгэн өгсөн атал уг барилгын гэрчилгээг ашиглан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хас банкны зээлийн барьцаанд тавьж Зэвсэгт хүчний Жанжин штабт ноцтой хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт шалгагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч прокуророос 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талийгаач Н.М  нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1102 м2 талбай бүхий 2 давхар барилгыг Зэвсэгт хүчний Жанжин штабт 48.500.000 төгрөгөөр худалдан төлбөрийг бүрэн авсан болох нь нотлогдож байна. Харин хариуцагч М.Н  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь уг орон сууцыг 10 жилийн хугацаатай түрээслүүлж байсан гэх боловч үүнийг нотлох нэг ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1102 м2 талбай бүхий 2 давхар барилгыг өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Х.Цагаанцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2004 онд “ХО” нөхөрлөл нь МУБХЯанд 1102 м2 талбайтай хуучин 2 давхар байрыг 48 500 000 төгрөгөөр худалдаж нэхэмжлэх, албан тоот, байр худалдан авахдаа байраа хүлээлцэх акт зэргийг үйлдсэн байна. “ХО” нөхөрлөл нь МУБХЯнаас 48 500 000 төгрөгийг Хаан банкны дансандаа 2004-2005 онд шилжүүлэн авсан байна. Талуудын тайлбар, баримт бичиг, нотлох баримт, мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч тал болох МУБХЯанд өмчлөлийг шилжүүлэн өгөх нь зөв гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

МУБХЯ нь М.Н , “ХО ” нөхөрлөлд холбогдуулж Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгагдсан 15 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх сэргээлгэхийг хүсчээ.

Хариуцагч М.Н  болон “ХО ” нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар МУБХЯыг өмчлөгч биш гэж маргана.

2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин тээврийн товчооны контор, буудал 426м2 2 давхар блокон барилга, 106x95м2 чулуу, төмөр хашаа, арьс шир боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бүгд 22500.0 /хорин хоёр сая таван зуу/ мянган төгрөгийн үнэ бүхий хөрөнгө нь Монгол улсын хувийн өмчийн “ХО” ББН /Регистер 2130815, №11/011/. /2 хүний хамтын өмч/ гэж бүртгэгдэж 0008080 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /1-р хавтас хэрэг 248 хуудас/

2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Даланзадгад сумын төв, 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин тээврийн товчооны хашаа” хаягт байршилтай 150502460 нэгж талбарын дугаартай 2628м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Батхан овогтой М.Н ыг бүртгэж Г-1105000836 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /1-р хавтас хэрэг 249 хуудас/

2005 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “ХО ” БГБХ-нөхөрлөлд улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож байжээ. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр М.Н  нь “ХО” нөхөрлөлийн даргаар томилогдож тус “ХО нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдэж байжээ. /1-р хавтас хэрэг 171 хуудас/

Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин тээврийн товчооны контор нь 15 айлын улаан байр нэртэйгээр 2011 он, 2015 онуудад Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн барилга байгууламжийн бүртгэлд бүртгэгджээ /1-р хавтас хэрэг 79, 88-р хуудас/

2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 159 дугаар тушаалаараа тус барилгыг 48 500 000 төгрөгөөр худалдан авахаар дээд үнийг тогтоосон байна. /1-р хавтас хэрэг 50 хуудас/

МУБХЯны хөрөнгө оруулалт барилга захиалагчийн албанаас ”ХО ” нөхөрлөлд 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөг, 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус “ХО” нөхөрлөлийн дансанд шилжүүлжээ. /1-р хавтас хэрэг 56-60 хуудас/

МУБХЯ 2004 онд “ХО ” нөхөрлөлийн дарга гэх Н.М аас маргааны зүйл болсон барилгыг худалдан авсан, худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулсан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон, эд хөрөнгөө шилжүүлж авсан учир гэрээ байгуулагдсан гэсэн тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэжээ.

2004 онд МУБХЯны сайд тухайн барилгын дээд үнийг 48 500 000 тогтоосныг “ХО” нөхөрлөлийн дарга гэх Н.М  хүлээн зөвшөөрч мөнгөө шилжүүлэх хугацаа зааж, барилгаа шилжүүлэхийг зөвшөөрсөн, 2004 оны 10 дугаар сарын 16-нд барилгаа шилжүүлсэн болох нь “ХО ”  нөхөрлөлийн дарга гэх Н.М ын албан бичиг, барилгыг хүлээлцсэн нотломж зэргээр тогтоогдож байх тул талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд барилгаа шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж  үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авах хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт: Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

        Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч тал  /“ХО ” нөхөрлөл/ нь гэрээний зүйл болох барилгыг худалдан авагч тал /Батлах хамгаалах яам/-д шилжүүлэх үүргээ гүйцэтгэжээ. Харин худалдагч тал  уг барилгын өмчлөх эрхээ шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлд “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэжээ.

“ХО” нөхөрлөл нь үл хөдлөх хөрөнгө болох барилгын өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсыг бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хэн аль нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх болон “ХО ” нөхөрлөлийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ.

МУБХЯ нь барилгын үнэд 35 000 000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн даалгаврын баримтаар нотлогдож байх ба барилгын үнийг бүрэн төлөөгүй байх тул тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

  Иймээс МУБХЯ нь гэрээгээр болон хуульд зааснаар өмчлөх эрхийг олж авч чадаагүй байх тул түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.  

2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах  эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэжээ.

МУБХЯ нь төрийн өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлтэй хэдий ч ингэснээрээ өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ. МУБХЯ нь өмчлөгч биш байх тул бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь Хасбанкны хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс шүүхийн шийдвэрт өмчлөгч өөрчлөгдөх нь маргаан бүхий хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй талаар тухайлан дурдаж өгнө үү гэсэн  шаардлагыг гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.5-д Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэснийг баримтлан энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар МУБХЯны нэхэмжлэлтэй “ХО” нөхөрлөл, М.Н  нарт холбогдох өмчлөх эрх сэргээлгэж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Хас банк ХХК-ны шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар МУБХЯ нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.УРАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                        Г.БАЯРДАВАА

                                                        Д.МӨНХТУЯА