Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01734

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01734

 

 

 

Б.Х.Яны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02014 дугаар шийдвэртэй, Б.Х.Яны нэхэмжлэлтэй хариуцагч “Х.О” ББНөхөрлөл, М.Н нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч “Х.О” ББНөхөрлөлийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч А.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалахын сайдын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор Өмнөговь аймаг дахь Х.О нөхөрлөлөөс 1102 м2 талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилгыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 48 500 000 төгрөгөөр худалдан авч, 2004 онд Х.О нөхөрлөл болон Б.Х.Яны хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл байгуулагдсан. Хэлцлийн гол нөхцөл бол Х.О нөхөрлөлийн өмчлөлд байсан 1102 м2 талбай бүхий 2 давхар, хуучин тээврийн товчооны конторын зориулалттай барилгыг Б.Х.Яанд шилжүүлэх, харин Б.Х.Я нь 48 500 000 төгрөгийг Х.О нөхөрлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Худалдан авсан барилгад 2007 онд 25 000 000 төгрөгөөр их засвар хийж, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж, одоог хүртэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 16 офицер, ахлагч нар гэр бүлийн нийт 60 орчим гишүүдийн хамтаар амьдарч байна. Гэтэл Х.О нөхөрлөлийн захирал Н.Мөнхжаргалын төрсөн охин болох М.Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах манай барилгыг Өмнөговь аймаг дахь Хасбанкинд барьцаанд тавьсан ба уг зээлээ төлөх чадваргүй болж, барилгаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэтгэлийг хангуулахаар Хас банктай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх барьцаанд байгаа барилгыг зээлийн үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн нь Б.Х.Яны эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод төрийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж хуульчилсны дагуу Б.Х.Яны өмчлөлд байгаа төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүргүүлдэггүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авдаггүй байсан. Дээрх маргаан бүхий барилгатай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус асуудлыг залилан мэхлэх шинж чанартай гэмт хэрэгт тооцуулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хандан шалгуулж, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад маргаан бүхий барилгатай холбоотой бүхий л нотлох баримтуудыг бүрдүүлж, шалгасан бөгөөд Өмнөговь аймгийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор яллагдагч М.Н, Н.Мөнхжаргал нарыг бусдыг залилсан болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгагдсан төрийн өмчийн 16 айлын албан тушаалын орон сууц болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт оршин байрлах 1102 м.кв талбайтай хоёр давхар, конторын зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгчөөр Б.Х.Яыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х.О” ББНөхөрлөл шүүхэд болон захирал М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.О” ББНөхөрлөлийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээслэсэн гэх үндэслэлээр газрын татвараа төлж байсан. Би Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн даргатай уулзах гэж 2, 3 удаа очсон боловч уулзаж чадаагүй гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Уг хэрэгт иргэнийхээ хувьд яагаад холбогдож байгааг болон Хас банкнаас зээл авахад аж ахуй нэгжээр зээл авсан атлаа яагаад хувь хүнээр холбогдож байгааг ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х.Яыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1105000436 дугаар бүхий, хоёр давхар барилгын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч М.Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Х.О ББН-өөс 400,450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х.О” ББНөхөрлөл давж заалдах гомдолдоо: Хариуцагч М.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч “Х.О” ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж санаатайгаар шүүх хуралдааны товыг ташаа мэдэгдсэнээс хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцох эрхийг хязгаарласан, шүүх хуралдааны даргалагч шүүгчээс хариуцагч нарын төлөөлөгч нар татгалзсан татгалзлыг шийдвэрлэсэн тогтоолыг шүүх хуралдаан болох 2020 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл ёсчлоогүй байснаас хэргийн оролцогч нарт уг тогтоолыг танилцуулах ажиллагааг хийгээгүйгээр шүүх хурлыг хуралдуулсан. Нөгөө талаар “Х.О” ББН-ийн дарга М.Н нь хариуцагч байгууллагыг төлөөлөх итгэмжлэлийг 2020 оны 05 сарын 20-ны өдөр Р.Пүрэвлхамд, хариуцагч иргэн М.Нын зүгээс итгэмжлэлийг Б.Баярмаад олгосон байхад М.Ныг шүүхийн хэлэлцүүлэгт шууд хэргийн оролцогчийн хувиар оролцуулан, Р.Пүрэвлхамыг хариуцагчийн өмгөөлөгч гэж, М.Ныг “Х.О ” БНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан. Р.Пүрэвлхам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох тухай гэрээ болон хүсэлт байхгүй. Хариуцагч талаас маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгч талаас шилжүүлсэн төлбөр нь “Х.О” ББН-ийн дансаар шилжигдэн ороогүй учир уг 48 500 000 төгрөгийн төлбөр хийгдсэн данс нь иргэн Н.Мөнхжаргалын дансаар орсон болохыг нотолсон баримт авагдсан байсан. Мөн Өмнөговь аймаг дахь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн эсэх тухайд ямар ч бүртгэл хийгдээгүй талаарх нотлох баримтыг гарган өгсөн байдаг. Анхан шатны шүүх нь Б.Х.Я болон иргэн Н.Мөнхжаргал нарын хооронд хийгдсэн тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл энэ харилцаа нь мөн хуулийн 75 дугаар зүйл, 75.2.2-т заасан хөөн хэлцэх тусгай хугацаагаар зохицуулагдахаар хуульчлагдсан байхад нэхэмжлэгч Б.Х.Я 2004 оны 08 сараас 2016 он хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх энэ тухайд ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талд үйлчилсэн шийдвэрийг гаргасан. Дээрхи байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэр нь илт үндэслэлгүй гарсан болох нь тогтоогдож байгаа учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Х.Я нь хариуцагч Х.О ББНөхөрлөл, М.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Батлан хамгаалахын сайдын 2004 оны 6 сарын 24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар хариуцагч “Х.О” ББНөхөрлөлөөс 1,102 м.кв талбайтай 2 давхар конторын зориулалттай барилгыг 48 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд төлбөрийг Н.Мөнхжаргалын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орон сууцны барилгыг хүлээлцсэн нотломж, Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна./3хх10-11, 131-132, 2хх-223-224 /

Гэрээний нэг тал эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, нөгөө тал эд хөрөнгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээн тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагч “Хэрлэн Од” ББН-ийн 2004 оны 06 сарын 06-ны өдрийн 85 тоот албан бичигт “...“Хэрлэн Од” нөхөрлөлөөс авахыг зөвшөөрсөн 2 давхар барилгын үнэ 48 500 000 төгрөгийг Өмнөговь аймгийн ХААН банкин дахь 5585047139 тоот дансанд 2004 оны 08 дугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг хүлээн авах бүрэлдэхүүнийг ирүүлэхийг хүсье”гэжээ./3хх-5/

“Хэрлэн Од” ББН нь дээр дурдсан албан бичгийг илгээн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хэзээ, хэрхэн шилжүүлэх талаар нэрлэн заан мэдэгдсэн учир нэхэмжлэгч нь төлбөр болох 48 500 000 төгрөгийг ХААН банкин дахь Н.Мөнхжаргалын 5585047139 тоот дансанд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг төлөх үүргийг мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд, тохиролцсон хэмжээгээр зохих ёсоор биелүүлсэн байна.

Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Худалдан авагч болох Б.Х.Я нь худалдан авсан эд хөрөнгийг “улаан байр 15 айлын байр” гэх нэрээр төрийн өмчид болон үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Архивын ерөнхий газраас ирүүлсэн БХЯ ЗХ-ний 167, 186, 150 дугаар ангийн  2008 оны тооллогын материал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12/2051 тоот албан бичиг зэргээр нотлогдсон. /3хх- 6-8,183/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заажээ. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Х.О” ББНөхөрлөлийн нэрээс буюу бүртгэлийг улсын бүртгэлээс хасуулах эрх, үүргээ худалдагч, худалдан авагч нарын хэн нь ч хэрэгжүүлээгүй.

Хариуцагч нар өөрийн татгалзлын үндэслэлээ 2 давхар конторын зориулалттай барилгыг түрээслэсэн,  гэрч Б. Дэнсмаагийн мэдүүлгээр болон үл хөдлөх хөрөнгө, газрын татварыг 2004 оноос хойш “Хэрлэн Од” ББН төлж байгаагаар нотлогдоно гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар эргэлзээгүй нотлосон баримт авагдаагүй, холбогдох татварыг 2013 оноос хойш хугацаанд төлөөгүй, гэрчийн мэдүүлэг нь өөр нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна./1хх-132-133/

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Х.Я нь хариуцагч “Хэрлэн Од” ББНөхөрлөлөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт оршин байрлах хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, хоёр давхар, барилгын өмчлөх эрхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч 2004 оноос тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшин ашиглаж, эд хөрөнгийн балансад бүртгэсэн, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, ажилчин, албан хаагчид уг байшинд амьдарч ирсэн байна. Тэрээр Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 04-ний өдрийн захирамжийн дагуу Хас банкны Өмнөговь салбарт М.Н нь 17 132 922 төгрөгийг төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйл болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах Ү-1105000836 улсын бүртгэлийн дугаартай газар, Ү-1105000436 улсын бүртгэлийн дугаартай хуучин тээврийн товчооны конторын барилгаар хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болон Б.Х.Яны төрийн өмчийн өмчлөх эрх зөрчигдөж байгааг мэдэж холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж, хөөцөлдөж эхэлсэн,  хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхэлж тоолно гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. /3хх-135-136,137-138/

Гуравдагч этгээд Хасбанк ХХК болон хариуцагч М.Н нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээний нэмэлт, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баталгаат ипотекийн гэрээгээр маргаан бүхий барилга нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө нь барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг учиртай. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байх юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын маргааныг шийдвэрлэхдээ баримтлах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой сонгож хэрэглэж чадаагүй алдааг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой болно.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... шүүгчийн татгалзал шийдвэрлэсэн тогтоол танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэжээ.

Шүүгчийн татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол, хэргийн оролцогчид хэрэг танилцуулсан баримт зэрэг нь 3 дугаар хавтас хэргийн 177-182, 184 дүгээр талд авагджээ. Хариуцагч М.Над шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэд хэдэн удаа хэргийн материалыг танилцуулсан, тэрээр хамгийн сүүлд 2020 оны 06 сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцахад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэсэн тогтоол гарсан байх тул уг тогтоолыг танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /3хх-142,143/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 2020 оны 05 сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн зүгээс тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргаснаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно. /3хх-176/ Шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Н нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, М.Н нь “Х.О” ББНөхөрлөлийн даргын хувьд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцож мэтгэлцсэн байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй.

Харин тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргажээ. Хэргийн оролцогчид эрх, үүргийг 2018 оны 08 сарын 14-ний өдөр танилцуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд үүнээс хойш 2 жил гаруй хугацаанд өмгөөлөгчийг сонгон авч эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан ба зохигч эрхээ хэрэгжүүлэх эсэх нь өөрийнх нь эрхэд хамаарах юм. Иймд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөх эрхээр хангаагүй гэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1-д гэснийг “... 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт...” гэж  өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                           Б.НАРМАНДАХ