Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 171/2016/0229/Э |
Дугаар | 211 |
Огноо | 2016-12-14 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2016/0229/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Хохирогч О.Оюунтуяа,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Энх-Амгаланбаатар,
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Эрдэнэзаяа нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хэрэгт Сартуул овогт Энх-Амгаланбаатарын Эрдэнэзаяаг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000551 дугаартай хэргийг тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, Дархан дээд сургуулийн лицей 11 а ангид сурдаг, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй Сартуул овогт Энх-Амгаланбаатарын Эрдэнэзаяа /РД:ТА00280424/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Эрдэнэзаяа нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн спорт заалны гадна О.Оюунтуяаг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй яллагдагч Э.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээн дуусаад бид нар заалнаас гараад явж байхад нөгөө багийн алдаатай тоглоод байсан Оюунжаргал гэж охин зогсож байхад нь би түүнд хандаж “чи яагаад алдаатай тоглоод байгаа юм бэ?” гээд тухайн охиныг татаж Нандинцэцэгтэй уулзуулсан. Тэр үед цаанаас Оюунжаргалын ангийн охин Оюунтуяа гэх эмэгтэй бид нар дээр хүрч ирээд “та нар жаахан юм байж яах гээд байгаан” гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжлоод хараалын үг хэлээд намайг толгойгоороо мөргөчих гээд нүүрэн дээр тулж ирээд байхаар нь би түүнийг нэг гараараа цаашаа гээд түлхчихсэн чинь тэр толгой руу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Оюунтуяаг үснээс нь нэг гараараа зулгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай ангийнхан буцаад орох гэтэл Нандинцэцэг Оюунжаргалтай тааралдаад уулзуулах гэтэл Оюунтуяа дундуур нь орж ирэхээр би түүнийг түлхэхэд, хариуд нь Оюунтуяа намайг цохисон. Би эргэж хараад Оюунтуяагийн үснээс нь татаад бид хоёр газарт хамт унасан, цаашид төлөв томоотой байж чадна, Оюунтуяагаас уучлалт гуйж бид 2 эвлэрсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай сургуулийн сагсны тэмцээн болсон. Эрдэнэзаяа гэдэг охин Оюунжаргалын цүнхнээс зулгааж татаад “чи яаж тоглоод байгаа юм” гээд орилохоор нь би дундуур нь ороод Эрдэнэзаяагийн гарыг нь тавиулж “би ангийнхаа хүүхдүүдийг аваад явлаа “гэсэн чинь Эрдэнэзаяа “чи дуугүй бай гээд намайг шат руу түлхэж унагаах гэхээр нь би Эрдэнэзаяаг өөрөөсөө түлхэх үед Эрдэнэзаяа миний үснээс татаж толгойн дагзаар газар савж, үснээс татаад газар чирсэн. Би нэг мэдэхэд хаан алдаад сэрэхэд багш нар ирчихсэн намайг босгож бид нарыг салгаад явсан. Манай ангийнхан залаанд сууж байгаад гадаа гарсан чинь сургуулийн үүдэнд Эрдэнэзаяа болон хамт байсан охидуудтай таараад Эрдэнэзаяа би та нарыг алчихна шүү” гээд орилоод байсан. Хамт явж байсан залуу нь аваад цааш явсан. Миний толгой хавдаж доргисон хүзүүнд өвчин орчихсон байсан. Тухайн үед Эрдэнэзаяа манай ангийн Оюунжаргалтай маргалдахаар нь “би дундуур нь ороод салгаад боль” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд цохисон өөр шалтгаан байхгүй ээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрдэнэзаяа намайг чамд хамаагүй чи цаашаа бай гээд түлхсэн. Би эргэж ирээд Оюунжаргалыг аваад явах гэтэл үснээс татаад, миний нүд харанхуйлаад газар унасан байсан. Би Эрдэнэзаяаг мөрлүү нь түлхсэн, толгой руу цохиогүй, эмчилгээний зардал 600,000 төгрөг болсноос 150,000 төгрөг авсан үлдэх зардлыг нэхэмжилнэ, мөн цаашид хотод очиж зураг авхуулж шинжилгээ хийлгэхэд гарах зардлаа нэхэмжилнэ, Э.Эрдэнэзаяад гомдолгүй, бид 2 эвлэрсэн” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Энх-Амгаланбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би группт байдаг юм. Хохирол төлбөрийг төлнө. Миний охин элдэв янзын үг хэлсэн талаар мэдэхгүй байна. Миний хүүхэд ийм хүмүүжилтэй хүүхэд биш гэж бодож байна. Хохирол төлбөрийг энэ ондоо багтааж төлнө” гэх тайлбар,
Гэрч О.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “... манайх хожоод тэмцээн дуусч би Оюунжаргал, Оюунтуяа, Маралмаа, Хонгор нарын хамт заалнаас гарахад үүдэн дээр 11 дүгээр ангийн лицей ангийн охидууд, банди нартайгаа зогсож байсан. Тэгээд Оюунжаргалыг лицей ангийн Эрдэнэзаяа гэх охин дагуулаад явахад нь Оюунтуяаг түлхээд газар унагаасан. Оюунтуяа газар унахдаа толгойгоороо унасан. Намайг Анхилуунцэцэг нь өдөөд хэл амаар доромжлоод байсан. Яг зодолдож байхыг нь хараагүй. Эрдэнэзаяа Оюунжаргал руу дайрахаар нь Оюунтуяа дундуур нь ороод болиулах гэтэл Эрдэнэзаяа түлхэж унагаагаад марган зодоон эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч С.Маралмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Оюунжаргал, Оюунтуяа, Оюунтунгалаг, Хонгор нарын хамт заалнаас гарахад үүдэн дээр 11 дүгээр ангийн лицейгийн охидууд банди нартайгаа зогсож байсан. Оюунжаргалыг лицей ангийн Эрдэнэзаяа гэх охин дагуулаад явахад нь Оюунтуяа очиж салгахад Эрдэнэзаяа Оюунтуяаг түлхээд газар унагаасан. Оюунтуяа газар унахдаа толгойгоороо унасан. Оюунтуяа дундуур нь ороод болиулах гэхэд нь Эрдэнэзаяа түлхэж унагаагаад маргаан, зодоон эхэлсэн. Би хажууд нь байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/,
Гэрч З.Хонгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...заалнаас гарахад ард Оюунтуяа, Оюунжаргал нарыг Эрдэнэзаяа татаад үлдсэн би тэд нарын хооронд юу болсныг хараагүй. Сүүлд Оюунтуяа хэлэхдээ намайг Эрдэнэзаяа түлхээд би газар савж унасан гэж байсан би юу болсон талаар хараагүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1072 дугаартай “...О.Оюунтуяагийн биед тархи доргилт, хуйхны цус хуралт тогтоогдлоо, уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
Эмчилгээний зардал 150,000 төгрөг хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 75 дугаар/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад насанд хүрээгүй шүүгдэгч Э.Эрдэнэзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохироогүй байна гэж үзлээ.
Хохирогч О.Оюунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрдэнэзаяа намайг чамд хамаагүй чи цаашаа бай гээд түлхсэн. Би эргэж ирээд Оюунжаргалыг аваад явах гэтэл үснээс татаад, миний нүд харанхуйлаад газар унасан байсан. Би Эрдэнэзаяаг мөрлүү нь түлхсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “... Оюунжаргалыг лицей ангийн Эрдэнэзаяа гэх охин дагуулаад явахад нь Оюунтуяаг түлхээд газар унагаасан, Оюунтуяа газар унахдаа толгойгоороо унасан. Оюунтуяа дундуур нь ороод болиулах гэхэд нь Эрдэнэзаяа түлхэж унагаагаад маргаан, зодоон эхэлсэн” гэрч С.Маралмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Оюунтуяа дундуур нь ороод болиулах гэхэд нь Эрдэнэзаяа түлхэж унагаагаад маргаан, зодоон эхэлсэн. Би хажууд нь байсан”, шүүгдэгч Э.Эрдэнэзаяагийн “...тэр үед цаанаас Оюунжаргалын ангийн охин Оюунтуяа гэх эмэгтэй бид нар дээр хүрч ирээд “та нар жаахан юм байж яах гээд байгаан” гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжлоод хараалын үг хэлээд намайг толгойгоороо мөргөчих гээд нүүрэн дээр тулж ирээд байхаар нь би түүнийг нэг гараараа цаашаа гээд түлхчихсэн чинь тэр толгой руу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Оюунтуяаг үснээс нь нэг гараараа зулгаасан” гэх мэдүүлгүүдээр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Танхайрах гэмт хэрэг нь эрээ цээргүй авирлах, хүмүүсийг басан доромжлох, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайн сэдэлтээр үйлдэгддэг.
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Эрдэнэзаяа нь сургуулиас зохион байгуулсан тэмцээний үед илт бохир тоглосон үндэслэлээр маргалдаж харилцан бие биетэйгээ хүндэтгэлгүй хандсанаас өөрөөр хэлбэл хувийн таарамжгүй харьцаанаас болж дээрхи хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчийн хувьд эрээ цээргүй авирлаж, эргэн тойрны хүмүүсийг илтэд үл хүндэтгэж, бүдүүлэг үйлдэл гаргая гэсэн санаа зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Э.Эрдэнэзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч О.Оюунтуяа эмчилгээний зардалтай холбогдолтой нийт 600,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “...би 150,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлнө, иргэний нэхэмжлэлийн талаар маргахгүй” гэжээ. Шүүх хуралдааны өмнө хохирогчид эмчилгээний зардлын урьдчилгаа төлбөр 150,000 төгрөгийг /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ хүлээлгэн өгсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар иргэний хариуцагчаас 450,000 төгрөг гаргуулж хохирогч О.Оюунтуяад олгохоор шийдвэрлэж, хохирогч О.Оюунтуяа нь цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаар бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Эрдэнэзаяа нь насанд хүрээгүй байхдаа анх удаагаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний нас сэтгэхүйн онцлог зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Эрдэнэзаяад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй
2.Шүүгдэгч Сартуул овогт Энх-Амгаланбаатарын Эрдэнэзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21-р зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэзаяад засарч хүмүүжихийг 6 /зургаа/ сарын хугацаагаар даалгаж, эцэг С.Энх-Амгаланбаатарын хяналтад өгсүгэй.
4.Шүүгдэгч Э.Эрдэнэзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Сэсээрийн Энх-Амгаланбаатар /РД:ТЕ67012398/-аас 450,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 5-р баг, 2-60-15 тоотод оршин суух Хонин овгийн Орхончимэгийн Оюунтуяа /РД: МЙ98061308/-д олгож, цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1,4-т зааснаар Э.Эрдэнэзаяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Эрдэнэзаяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД