Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00925

 

 

*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлалтай,

*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.07-ны өдрийн 03232 дугаар шийдвэрээр Г.Тунамал-Эрдэнэ нараас 236.725.993 төгрөг гаргуулж, Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу******* нь *******гийн хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байр, 27 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаартай орон сууцыг шинжээчээр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулсан байна.******* ийнхүү шинжээч томилж үнэлүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч *******гаас үнийн санал аваагүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д шийдвэр гүйцэтгэгч талуудаас үнийн санал авна. Үнийн санал нийлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх тухай зохицуулалттай. Гэтэл******* нь дээрх зохицуулалтыг зөрчин *******гаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон байна.******* энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлж 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3232 дугаар шийдвэрээр Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нараас 236.725.993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.06.18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоот, мөн байрны 43 тоот хаягт байрлах орон сууцыг 2018.08.08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож, тогтоолуудын нэг хувийг төлөгч, өмчлөгч Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нарт танилцуулж, гарын үсэг зуруулан энэ тухай тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөрт битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч Г.Тунамал- Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нарыг байлцуулан 2018.10.02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нараас үнийн санал авахад 27 тоот хаягт байрлах 109,72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 540 саяар, 43 тоот хаягт байрлах 77,02 м.кв талбайтай орон сууцыг 250 сая төгрөгөөр тус тус үнэлсэн тухай 2018.10.02-ны өдөр бичгээр ирүүлснийг төлбөр авагч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь 2018.10.15-ны өдрийн 18/1126 дугаар албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Төлбөр хураагдсан хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул 2018.10.23-ны өдрийн 261 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход, 27 тоот орон сууцыг 180.200.000 төгрөгөөр, 43 тоот орон сууцыг 126.600.000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2018.10.31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Г.Тунамал-Эрдэнэд биечлэн, Ү.Дамдинсүрэнд 95956077 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, №54-01, №54-02 дугаартай үнэлгээний тайланг танилцуулж хуулбарлан өгч энэ тухай тэмдэглэл хөтөлсөн. Баянзүрх дүүргийн шүүгчийн 1331 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 2019.11.12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд 27 тоот орон сууц нь 92.100.000 төгрөгөөр, 43 тоот орон сууц нь 65.300.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Мөн төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нар нь хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019.12.16-ны өдөр барьцаа хөрөнгөнүүд худалдан борлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаа авах талаар тайлбар гаргаж, 2019.12.12-ны өдөр төлбөр төлөх баталгаа гаргаж төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнээс орж ирэх хөрөнгө оруулалтаар төлбөрөө төлж барьцаа хөрөнгөнүүдээ буцааж авна гэдгээ илэрхийлсэн боловч одоог хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоох буюу үнийн санал авах ажиллагаа явуулах үед 18 наснаас хүрээгүй буюу 17 настай хүүхэд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******г түүний төрсөн эцэг Ү.Дамдинсүрэн, эх Г.Тунамал-Эрдэнэ нар нь бүрэн төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч*******т холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018.10.26-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 0050 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2020.10.22-ны өдөр шүүх хуралдаан заралсанг мэдэж 10-р сарын 21-ны өдөр очиж шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурж хэргийн материалтай танилцахад хариуцагч газраас хариу тайлбараа өгөөгүй... бас ямар ч нотлох баримт ирүүлээгүй байсан. 2020.10.22-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хурал давхцаж байсан учир төлөөлөгч Н.Батбаяр миний бие ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэлээр хүсэлт бичиж өгөөд, явсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ИХШХШТХ-ийн нотлох баримт гаргаж өгөх тухай журам зөрчиж шүүх хуралдаан дээр 51 хуудас нотлох баримт гаргаж өгсөн байсан. Шүүх нотлох баримтыг хүлээн авсан боловч уг баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулах арга хэмжээ авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдэх ёстой байсан боловч давж заалдах шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.******* төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэнараас үнийн санал авсан боловч *******-д тухайлан хандаж үнийн санал аваагүй байхад Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нарыг *******гийн төрсөн эцэг, эх гэсэн ойлголтоор *******угаас үнийн санал авсан хэмээн тооцсоныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үүнийгээ илэрхийлсээр ирсэн билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү бодит байдлыг үл хэрэгсэн, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгөн үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр,*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунмал-Эрдэнэ нар Капитал континент инвестмент ББСБ ХХК-д 235,391,088 төгрөг төлөх үүрэгтэй ба шийдвэрийн 3 дахь заалтад БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37р байр 27 тоотод байрлах Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн, БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 43 тоотод байрлах Ү.Дамдинсүрэнгийн өмчлөлийн орон сууцнууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-7-11/

 Төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны хүрээнд барьцааны дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилжээ. Шинжээч Баянзүрх дүүргийн 4 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 байр, 27 тоотод байрлах 109,72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 180,200,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 4 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 байр, 43 тоотод байрлах 77.02 мк.в талбайтай 2 өрөө орон сууцыг 126,600,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилон, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолд ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт гаргаж өгөх тухай журам зөрчин шүүх хуралдаан дээр 51 хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Шүүх нотлох баримтыг хүлээн авсан боловч нэхэмжлэгч талд танилцуулах арга хэмжээ авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй. ... Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нарыг нэхэмжлэгч *******гийн төрсөн эцэг, эх гэсэн ойлголтоор үнийн санал авсан хэмээн тооцсон. ... гэх агуулга тусгажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хурлын үед 51 хуудас нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Харин Эд хөрөнгийг чөлөөлөх тухай мэдэгдэл 1 хуудас баримтыг өгсөн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 3661 дугаар тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-169-173/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд нэхэмжлэгч ******* насанд хүрээгүй байсан тул эцэг, эх болох төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нар түүнийг төлөөлөн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай танилцах зэрэг эрхийг эдэлж оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасантай нийцжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ                                        Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                      П.ЗОЛЗАЯА
                                                                             Х.СОНИНБАЯР