Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2019/00009/и |
Дугаар | 102/ШШ2019/00714 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2019/00714
2019 оны 3 сарын 12 өдөр Дугаар102/ШШ2019/00714 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан Стадион оргил гудамж, 30 дугаар байр 13 тоотод оршин суух, рд:ХЖ70051618, Тогтохын Отгонбаатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны хороолол 2-р байр 26 тоотод оршин суух, рд:ЧП81010175, Мижиддоржийн Шинэхүүд холбогдох,
2016 оны 03 сарын 29-ны өдрийн, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, Ш.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Шинэхүү 2016 оны 3 сарын 29-ний өдөр Ласти интернэйшнл ХХК-ийн захирал н.Лхагвасүрэнтэй 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Т.Отгонбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, стадион оргил 17011 Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгө барьцаалж, өмчлөх эрх М.Шинэхүүд шилжүүлсэн. 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба тухайн үед үл хөдлөхийг М.Шинэхүүд худалдах зорилго агуулаагүй. Дээрх орон сууцанд Т.Отгонбаатар гэр бүлийн хамт амьдарч, өмчилж ашигладаг. Н.Лхагвасүрэн М.Шинэхүүгийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлсэн талаар маргаан үүссэн. М.Шинэхүү, Т.Отгонбаатарын эзэмшлийн орон сууцыг бусдад худалдан борлуулахаар байр суллаж өг гэж удаа дараа дарамталж, амгалан тайван байдал алдагдуулж ирсэн. н.Лхагвасүрэн, Т.Отгонбаатарт зээлийн төлбөрт хангалттай буюу 9 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Гэтэл Т.Отгонбаатарын үл хөдлөхийг авахаар шаардаж байгаа нь тэднийг хоорондоо үгсэн хуйвалдсан хардлага төрүүлж байна. Т.Отгонбаатарт анхнаасаа байр худалдах санаа зорилго байгаагүй, найзынхаа зээлийн барьцаанд байр тавьсан гэж ойлгосон. Т.Отгонбаатар зээлийн гэрээгээр М.Шинэхүүгээс нэг ч төгрөг хүлээж аваагүй. Талуудын байгуулсан 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хэлбэр агуулж байх тул хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Т.Отгонбаатарыг болохыг тогтоож өгнө үү... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч тал талуудын байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлж байгуулсан хэлцэл гэдгийг Ласти интернэйшнл ХХК-ийн захирал н.Лхагвасүрэнд зээлсэн 200,000,000 төгрөгийн барьцаа байсан гэж маргаж байна. Хэрэв талуудын байгуулсан хэлцэл дүр үзүүлсэн хэлцэл бол бодит байдал дээр хэрэгжихгүй байх байсан. Дүр үзүүлсэн хэлцлийн үр дагавар биелэгдэхгүй байх ёстой. Гэтэл 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Отгонбаатарын өмчлөлөөс үл хөдлөхийг М.Шинэхүүгийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Т.Отгонбаатарын өмчлөх эрх дуусгавар болж, М.Шинэхүүгийн өмчлөх эрх үүссэн. ...Хэлцлийн үр дагавар биелэгдэж, нэг этгээдийн өмчлөх эрх нөгөө этгээдийн өмчлөх эрхэд шилжиж улсын бүртгэлд бүртгүүлснээр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл болсон. Т.Отгонбаатар барьцааны гэрээ байгуулах хүсэлтэй байсан бол яагаад нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үр дагавар хүлээн зөвшөөрсөн юм бэ. Т.Отгонбаатар хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгодог этгээд. Ласти интернэйшнл ХХК-ийн 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд үл хөдлөх барьцаалсан бол барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулахгүй яасан юм бэ. Талуудын хооронд анхнаасаа барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг байсан. ...Иймд талуудын байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.2-д заасан хэлцэл биш. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах хэлцлийн тухайд халхавчлагдсан хэлцэл байхыг хууль шаардаж байна. ... Т.Отгонбаатар, М.Шинэхүү нарын хооронд 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс өөр төрлийн хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч талын тайлбарласан барьцааны гэрээгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг хавхавчлах зорилготой байгуулсан хэлцэлд орохгүй. Т.Отгонбаатар, М.Шинэхүү нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Иймд талуудын байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56.1.3-д заасан хэлцэлд хамаарахгүй. ...Талуудын хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль ч нөхцөлийг агуулаагүй, хүчин төгөлдөр хэлцэл. Хүчин төгөлдөр хэлцэл болох нь олон зүйлээр батлагдаж байна. 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үл хөдлөх хөрөнгө худалдана, тухайн өдөр төлбөрийг бэлнээр төлөхөөр зохицуулсан. Мөнгө төлөөгүй гэдгийг нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан нэг ч баримтаар нотлоогүй. М.Шинэхүүгээс Т.Отгонбаатар гэрээний дагуу 20,000,000 төгрөг аваагүй гэдгийг баталсан нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчаас бэлнээр 20,000,000 төгрөг аваагүй гэж байгаа бол батал. ... н.Лхагвасүрэн М.Шинэхүүд 200,000,000 төгрөг төлбөл Т.Отгонбаатарт байр шилжүүлнэ гэдгийг гэрээнд оруулснаар хамааралтай гэж үзэж байгаа бол энэ болзол тавьсан буцаан худалдах нөхцөл болохоос 200,000,000 төгрөгийн барьцаа гэдэг агуулга илэрхийлэхгүй. ...Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 39, 196, 109, 110 дугаар зүйлд тус тус зааснаар хүчин төгөлдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэгч тал ажиллагааны үед М.Шинэхүү, Х.Өгөөмөр нарын хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улсын дээд шүүхийн тайлбар болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-ын агуулгыг харвал 2016 оны 3 сарын 29-ны өдрийн Т.Отгонбаатар, М.Шинэхүү нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 5 сарын 27-ны өдрийн гэрээ биш. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа бол 2 тусдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний асуудал яригдаж байна. ... М.Шинэхүү, Х.Өгөөмөр нарын хооронд 2018 оны 5 сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. М.Шинэхүү өөрт нь холбогдуулж нэхэмжлэл гаргасныг мэдээгүй байхад Х.Өгөөмөрт үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан. М.Шинэхүү, Х.Өгөөмөр нарын 2015 оны 5 сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгонбаатар хариуцагч М.Шинэхүүд холбогдуулан 2016 оны 03 сарын 29-ны өдрийн, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...М.Шинэхүү орон сууцыг биечлэн хүлээж аваагүй, худалдагч Т.Отгонбаатар үл хөдлөх хөрөнгийн үнийг хүлээж аваагүй, гэрээ бодит байдал дээр биелээгүй, талуудын хооронд барьцааны гэрээг халхавчилж хэлцэл байгуулагдсан, талуудад үл хөдлөх хөрөнгө худалдах зорилго байгаагүй, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцлийг нотариатч баталсан. Т.Отгонбаатараас М.Шинэхүүд өмчлөх эрх шилжсэн, тиймээс хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Гэрээний төлбөрт мөнгө төлөөгүй асуудал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д хамаарахгүй. Гэрээний төлбөрт мөнгө төлөөгүй бол гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах асуудал яригдах ёстой... гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.2016 оны 03 сарын 29-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2016 оны 03 сарын 29-ны өдөр Ласти интернэйшнл ХХК-ны захирал А.Лхагвасүрэн нь хариуцагч М.Шинэхүүгээс 200.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 7 дугаар тал/
Зээлдэгч буюу Ласти интернэйшнл ХХК-ний захирал А.Лхагвасүрэн нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ...зээлдэгч А.Лхагвасүрэн нь М.Шинэхүүтэй байгуулсан 2016 оны 03 сарын 29-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас... гэх нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдаанд өгсөн ...зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2016 оны 03 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Т.Отгонбаатар нь хариуцагч М.Шинэхүү нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагджээ.
Энэхүү худалдах худалдан авах гэрээний 3.1-д гэрээний зорилго нь Хан-Уул дүүрэг, 1 хороо, Стадион Оргил /17011/, Зайсангийн гудамж 30 байр 13 тоот байршилтай, 91.5м2 талбайтай,3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино, гэрээний 3.3-д энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно, 3.4-т уг гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татварыг худалдагч тал хариуцна, 3.5-д гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, гэрээний 3.6-д нэмэлт нөхцөл: 2016 оны 03 сарын 29-ны өдрийн А.Лхагвасүрэн, М.Шинэхүү нарын хооронд байгуулагдсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болмогц худалдан авагч М.Шинэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдагч Т.Отгонбаатарын өмчлөлд буцаан шилжүүлж өгөх гэсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцож, өмчлөх эрх худалдан авагч М.Шинэхүүд 2016 оны 03 сарын 30-ны өдөр шилжсэн болох нь зохигчдын тайлбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч Х.Батсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-6, 59-64, 181-183 дугаар тал/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Талуудын хооронд бичгээр байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээний агуулга, гэрээний нөхцөл үйл баримтыг судлан үзэхэд гэрээний 3.5, 3.6-д зааснаар насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд, тэгш эрхийн үндсэн дээр ямар нэг дарамт шахалтгүй хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хэлцэл байгуулж буйгаа илэрхийлсэн, нөгөө талаас хэрвээ А.Лхагвасүрэн нь хариуцагч М.Шинэхүүтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний зүйл буюу орон сууц үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг худалдагчид буцаан шилжүүлж өгөхгүй байх болзлыг гэрээндээ тусгаж энэ талаар талууд тохиролцсон, гэрээний энэхүү үр дагаврыг хэн аль нь хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч барьцааны гэрээг хавхавчилж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа боловч халхавчлагдаж байгаа барьцааны гэрээ зохигч талуудын хооронд байгуулагдаагүй, энэ талаар хэрэгт ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй болно.
2016 оны 03 сарын 29-ны өдрийн худалдах худалдан авах хэлцэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг хавхалчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хуулийн үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзлэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийгдсэн дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдэж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлийн шинжийг тус тус зохигч талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ агуулаагүй, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Т.Отгонбаатар, хариуцагч М.Шинэхүү нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд 2016 оны 03 сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Т.Отгонбаатар, хариуцагч М.Шинэхүү нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэгч Т.Отгонбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
2. 2018 оны 05 сарын 25-ны өдрийн хариуцагч М.Шинэхүү, гуравдагч этгээд Х.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2018 оны 05 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч М.Шинэхүү, гуравдагч этгээд Х.Өгөөмөр нарын хооронд Хан-Уул дүүрэг, 1 хороо, Стадион Оргил /17011/, Зайсангийн гудамж 30 байр 13 тоот байршилтай, 91.5м2 талбайтай,3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, өмчлөх эрх Х.Өгөөмөрт шилжсэн байна. /хэргийн 72-80 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ М.Шинэхүү, Х.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан дээрхи хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байна.
2016 оны 03 сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Т.Отгонбаатар, хариуцагч М.Шинэхүү нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч М.Шинэхүү өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан, уг гэрээгээр тохирсон болзлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн /2016 оны 03 сарын 29-ны өдрийн М.Шинэхүү, А.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй, М.Шинэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэг үүсээгүй/ тул хариуцагч тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, өмчлөгч өмчлөлийн зүйлээ захиран зарцуулахдаа өөр хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах шаардлага үүсэхгүй бөгөөд, тухайн худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар М.Шинэхүү, Х.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоох үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 сарын 25-ны өдрийн М.Шинэхүү, гуравдагч этгээд Х.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
2016 оны 03 сарын 29-ны өдрийн, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн хэлцэл тус тус хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Т.Отгонбаатарыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй тул орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай Т.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.486.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцолмонд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлд шүүх хуралдааны тов мэдэгдсэн бөгөөд тэрээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 13.30 минутад орох шүүх хуралын товтой давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Энэ шүүх хуралдааны тов буюу шүүх хуралдаан 11 цагт товлогдсон бөгөөд 13.30 минутад орох хурлын товтой давхацсан гэж үзэх боломжгүй тул хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж түүнийг байцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 234 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч М.Шинэхүүд холбогдуулсан гаргасан 2016 оны 03 сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Т.Отгонбаатар, хариуцагч М.Шинэхүү нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүрэг, 1 хороо, стадион оргил 17011 Зайсангийн гудамж, 30 байрны 13 тоот хаягт байрлах, 91.5м2 талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 25-ны өдөр хариуцагч М.Шинэхүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдах авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч Т.Отгонбаатарыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.486.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ