Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 796

 

Х.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х-т холбогдох

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Г.Х, нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Х гэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Г.Э-тэй зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг зээлж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-101 тоот 3 өрөө, 5 хүний өмчлөлд байдаг, орон сууцанд минь хууль бусаар орж суусан байх бөгөөд миний бие Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж байгаад ирээд энэ талаар мэдсэн болно. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ иртэл Г.Х нь орон байранд маань суучихаад 15.000.000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээг үзвэл 1 жилийн хугацаатай, хүүгүй, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг бүрэн шилжүүлсэн байна. Зээлийн барьцаанд ямар нэгэн эд хөрөнгө барьцаалаагүй болно. Иймд Г.Х-ыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11- 101 тоот 3 өрөө байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуурхай зар сонин дээр хэвлэгдсэн 15.000.000 төгрөг зээлж 2 өрөө байрандаа суулгана гэсэн зарын дагуу Г.Э гэж хүнтэй холбогдож, уулзсан. Надтай уулзахдаа хүү хөдөө ажиллаж байгаа гэж хэлсэн. Яагаад 3 өрөө байраа 2 өрөө байр гэсэн юм бэ гэхэд бид өөрсдийн эд зүйлээ нэг өрөөндөө хийж цоожилсон. 2 өрөөг нь түрээслүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байгаа. Энэ зээлийг ямар ч байсан дараад өг. Гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллага дээр байгаа учраас түрээсийн гэрээ хийх боломжгүй байна. Зээлийн гэрээ хийе гээд зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би 15.000.000 төгрөгийн зээлийг нь банк бус санхүүгийн байгууллагад төлж өгсөн. Нэг жилийн хугацаатай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл байранд нь амьдрахаар тохиролцоо хийсэн. Г.Э гэж хүн манай хүү ирж хувцас хунараа авна гэж хэлж байсан. 10 дугаар сард хүү нь байранд орж ирээд бидэнтэй зүй бусаар харьцаж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв 15.000.000 төгрөгийг буцаан өгвөл байр чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 101 тоот орон сууцыг хариуцагч Г.Х-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт " ..Г.Э нь хариуцагч Г.Х-тай 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хүүнд нь орон сууцаа хөлслүүлэхээр зээлийн гэрээ, орон сууц хөлслөх хэлцэл хийжээ " гэжээ. Энэ хэргийн нэхэмжлэгч Х.Э, би банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсан боловч ээж маань байрандаа хүн суулгахаар тохирсон, мөнгө зээлсэн талаар мэдээгүй. Энэ талаар хөдөөнөөс ирээд мэдсэн боловч хариуцагчтай тохирохыг хүсээд учраа олоогүй. Хариуцагч надтай холбоотой өрийг төлж байгаа бол өөр хүнтэй гэрээ байгуулж миний өрийг төлөх, миний өрийг төлсөн нь орон сууцанд хууль ёсоор суух эрх болно гэдгийг би зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй. Энэ хэрэгт байхгүй баримт дурьдаж, гэрчээр оролцсон этгээдийн хариуцагчтай хийгээгүй гэрээний талаар шүүх дүгнэлт хийж “Г.Э, Г .Х нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх хэлцэл хуульд заасан агуулга, талуудын хүсэл зоригт нийцсэн хүчин төгөлдөр байна” гэх нь тодорхой бус байна. Түүнчлэн энэ байрыг өмчилдөг 5 хүний зөвшөөрөлгүй зээлийн гэрээ хийсэнг зөвшөөрөхгүй. Иймд Г.Х-ыг миний байрнаас албадан гаргаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Г.Х-т холбогдуулж Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 101 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шаардлага гаргаж буй этгээд эд хөрөнгийн өмчлөх эрхтэй байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай юм. Нэхэмжлэгч Х.Энхболд  маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгч мөн болох нь тогтоогдсон боловч тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын зөвхөн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Г.Х, Г.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр    15 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын    25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, уг зээлийн хүүнд зээлдэгч Г.Э нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 101 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа хөлслүүлж, хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Г.Э-ийн мэдүүлэг, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 4/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч  Х.Э нь “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь  14 930 649 төгрөг төлөх үүрэгтэй байсан, Г.Х нь Х.Э нэрээр зээлийн эргэн төлөлт 14 901 200 төгрөгийг “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон  байна. /хх-ийн 21, 29-37/

 

Шүүх  хариуцагч Г.Х-ыг орон сууц хөлслөх хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмших болсон байдалд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

Хариуцагч Г.Х-ын хувьд хөлслөгч болох тул Иргэний хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт заасан “хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй” гэсэн зохицуулалт хариуцагчид хамааралтай болно.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Н.БАТЗОРИГ