Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 229

 

Ц.Батмөнхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0230 дугаар магадлалтай, Ц.Батмөнхийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 6. дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохийг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0230 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “Өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлтийг хүлээж авахгүй татгалзсан хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч Ц.Батмөнх нь өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221 тоот магадлалд: Ц.Батмөнхийн нэхэмжлэхтэй захиргааны хэргийн хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар тогтоосон байна.

Энэ нь өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн хуулийн заалттай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан заалт зөрчилдөж уялдахгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил ажилласан эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын  шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ заалтад тухайн даатгуулагчийн ажил мэргэжлийн онцлог мэргэжлээрээ ажилласан хугацааг тодорхой зааж өгснийг орхигдуулан даатгуулагч өөрөө хүсвэл нас хязгаарлахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж ойлгосон нь нийт даатгуулагчид нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй мэтээр ташаа ойлгосон шийдвэр гаржээ гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлахдаа Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтыг 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалттай нийцүүлэхгүйгээр баталсан нь хуулийг хэрэгжүүлж ажиллах боломжгүй, нийгмийн даатгалын байгууллага нь аль нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэгжүүлэх бөгөөд энэ тохиолдолд хуульд заагаагүй үндэслэлд тэтгэвэр тогтоох, тэтгэврийг нөхөн олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй, нийгмийн даатгалын сангийн зохицуулалттай эрс зөрчилдөнө.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.Батмөнх нь 55 нас хүрч, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж “өндөр насны тэтгэвэр тогтоолгох”-оор гаргасан түүний хүсэлтэд “... 60 нас хүрээгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариу өгсөн, нэхэмжлэгчээс “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.6-д 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болохоор заасан байхад ... тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “...өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль .../-иар/ ... 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, ... нэхэмжлэгч 60 нас хүрээгүй /тул/ ... татгалзсан нь хуульд нийцсэн” гэж маргасан, нэхэмжлэгч Ц.Батмөнх нь “... 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн”, “60 нас хүрээгүй” гэх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “...тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болох”-оор заасан атлаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс уг маргаан үүсчээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар “...тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох” субьектив эрхийг баталгаажуулсан, уг хуулийн заалт хүчин төгөлдөр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”-аар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл “50 нас”, “55 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.

Тухайлбал, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр...”, 3-т “газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, … нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах”-аар, 6-д “…гоцлол дуучин, бүжигчин … хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “...60 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд “өөр байж болох”-оор заасан, даатгуулагч “өөрөө хүссэн” тохиолдолд “50 нас”, “55 нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хориглогдсон” гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

Иймд, иргэний эрхийг дордуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч Ц.Батмөнхийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг “...хуульд дурдаагүй” гэх үндэслэлээр эдлүүлэхээс татгалзах биш, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “... /онцгой тохиолдолд/ нийтдээ 20-иос доошгүй жил ... тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол /өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй/” гэж заасныг баримтлан өндөр насны тэтгэвэрийг тогтоон олгох боломжтой, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон “иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуулийн заалтууд зөрчилдөж уялдахгүй ... /байгаагаас/ хуулийг хэрэгжүүлж ажиллах боломжгүй, ... шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй” гэх тайлбар гаргасныг хяналтын шатны шүүх харгалзан үзэж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3” гэсэн нэмэлт оруулж, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0230 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...24.6” гэсний дараа “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА