Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/00776

 

2019 оны 3 сарын 20 өдөр Дугаар102/ШШ2019/00776 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Голомт банкны төв байр, Жанжин Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар хот 15160 хаягтай, рд:2075377, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг төвийн байр 401 тоот хаягтай, рд:2040999, Намнантрейд ХХК-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 477.488.888 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Цолмон нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намнантрейд ХХК нь 2013 оны 4 сарын 12-ны өдөр ЗГ-1805031099 дугаартай зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, 1.065.350.000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ЗБ-1805031099 дугаартай ипотекийн гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Москва рестораны зүүн тал байрлах 2592 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 сарын 12-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 426.000.010 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч төлбөр төлөгдөхгүй удсанаар зээлийн хүү бодогдсоор байгаа. 2019 оны 1 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээр үндсэн зээлийн үлдэгдэл 330.474.628.74 төгрөг, хүү 122.809.027.92 төгрөг нэмэгдүүлсэн хүү 24.205.231.43 төгрөг нийт 477.488.888 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч Намнан трейд ХХК-иас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхээр хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...зээлийн үндсэн төлбөр 330,474,628 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 1,065,350,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Намнан трейд ХХК Голомт банк ХХК-д 1,5 хувийн хүүтэй, 2,300,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Голомт банк ХХК 1.8 хувийн хүүтэй, 1,065,350,000 төгрөг зээлсэн. 2018 оны 5 сарын 01-ний өдрийн 09/957 дугаартай албан бичгээр шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй байна. Намнан трейд ХХК-ийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талийгаач С.Баяраагийн өв хөрөнгийн маргаан гарч, иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Миний зүгээс өвийн маргаан шийдэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдэх боломжгүй гэдгийг Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж байсан. Шүүх хуралдаан дээр удаа дараа энэ байр сууриа илэрхийлсэн. Хариуцагч Намнан трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан С.Баяраа нас барснаар хариуцагч Намнан трейд ХХК хууль ёсны төлөөлөгчгүй болсон. Тийм учраас өвийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч Намнан трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Жанчив Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журам зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулж ажиллагаанд оролцоно гэж заасан. Намнан трейд ХХК хуулийн этгээд, хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийг төлөөлж аливаа эрх зүйн харилцаанд оролцох этгээд компанийн гүйцэтгэх удирдлага байна гэж заасан. Хавтаст хэрэгт Намнан трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа нотлох баримтаар авагдсан. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц этгээд талийгаач С.Баяраа байсан гэдэг нь нотлогдож байна. С.Баярааг нас барснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй болсон. Намнан трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг өвлөгчид ямар хэмжээгээр өвлөж авсныг тогтоосны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн шинэ гүйцэтгэх удирдлага томилох боломжтой. Өвийн хэрэг шийдэгдэх хүртэл компанийн зээлтэй холбоотой маргааныг шүүх шийдэх боломжгүй байна. Намнан трейд ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэгээс Г.Жанчивд олгосон итгэмжлэл хуульд нийцэхгүй байна. ...зээлийн гэрээтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэх явцад миний хоёр хүүгийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай байна. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор миний хоёр хүүгийн эрх ашиг сонирхол эрсдэл дагуулж байгаа учраас миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмнөөс тайлбар гаргаж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Намнан трейд ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 477.488.888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Намнантрейд ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдөр ЗГ1805031099 тоот зээлийн гэрээ нэхэмжлэгч Голомт банк ХХК-тай байгуулж, 1.065.350.000 төгрөгийг хөрөнгө оруулалт зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлжээ. /хэргийн 6-13 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2013 оны 04 сарын 12-ны өдөр ЗБ1805031099 тоот ипотекийн гэрээгээр Намнантрейд ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилга байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 14-16, 76-106 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан банкны зээлийн болон үйлчилгээний зориулалттай барилга, газар барьцаалан барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 1.065.350.000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 1.065.350.000 төгрөгийг нэхэмжлэгч 2013 оны 04 сарын 12-ны өдөр 839.350.000 төгрөг, 2013 оны 05 сарын 31-ны өдөр 166.000.000 төгрөг, 2013 оны 08 сарын 26-ны өдөр 60.000.000 төгрөг хэсэгчлэн хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны 1102037441 дугаарын төгрөгийн данс руу шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 41-42 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 12-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2018 оны 05 сарын 01-ны өдрийн байдлаар үндсэн зээл 330.474.628 төгрөг, зээлийн хүү 80.109.895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.665.404 төгрөг нийт 426.249.928 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж үндсэн зээл 330.474.628 төгрөг, зээлийн хүү 122.809.027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.205.231 төгрөг зээлийн гэрээний үүрэг нийт 477.488.888 төгрөг болгож, зохих улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа ирүүлснийг шүүх хүлээн авсан. /хэргийн 43 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч зээлдэгчийг гэрээгээр тохирсон 2.300.000.000 төгрөгийг шилжүүлээгүй 1.065.350.000 шилжүүлж тохирсон мөнгөө бүрэн шилжүүлээгүйгээс компани алдагдал хүлээсэн, банк зээлийн жилийн хүүг хэдэн хувиар тооцож олгосн, нээлттэй зарласан хүүмэн үү, эсхүл өндрөөр зээлсэн үү гэдэг асуудал байгаа, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 80.109.895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.665.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн маргаан шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж тодорхойлжээ.

 

Дээрхи зохицуулалтын агуулгаас үзэхэд зээлийн хүүг талууд гэрээгээр тохирох бөгөөд зээлийн гэрээнд хүүг жилийн 18 хувь гэж тогтоосон нь хуульд нийцэж байна. Иймд хариуцагчийн зээлийн хүүг өндөр хувиар тооцсон тухай татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 3.1.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 477.488.888 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Зохигч талуудын хооронд 2.300.000.000 төгрөгийн зээл олгох тухай зээлийн гэрээ байгуулсан хэдий ч зээлдэгчид 1.065.350.000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр зээл, хүү нэмэгдүүлсэн хүү тооцон зээлдэгч буюу хариуцагчаас нэхэмжилж байгааг шүүх буруутгах боломжгүй, мөн хариуцагч 1.065.350.000 төгрөг болж зээлийн хэмжээ буурснаас шалтгаалан Намнантрейд ХХК алдагдалд орсон, хохирсон талаар шүүхэд ямар нэг баримт сэлт гарган маргаж мэтгэлцээгүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан Намнантрейд ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилга байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722м2 газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.703.343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн ордлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.773.543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул ...Намнантрейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяраа нас барсан, харин үлдэх 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш тул У.Ганчимэгээс Г.Жанчивт олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журмыг зөрчиж байна... гэжээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн удаа дараагийн лавлагаа баримтаар хариуцагч Намнантрейд ХХК-ний 90 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяраа, 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Баяраа болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч компаний 90 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяраа 2015 оны 12 сарын 16-ны өдөр нас баржээ. Энэ талаар зохигчид маргаагүй. /хэргийн 72-74 дүгээр тал/

 

Хариуцагч Намнантрейд ХХК-ний дүрмийн 3.13-т компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Ухнаа овогт Ганчимэг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, мөн дүрмийн 8.3-т компанийн хувьцаа эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал байж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй, мөн дүрмийн 8.1-т компанийн гүйцэтгэх удирдлага компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал ... компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна...гэжээ. /хэргийн 24-26 дугаар тал/

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэхь хэсэгт клмпанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал ... компаний албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно...гэжээ.

 

Хууль болон компанийн дүрэмд зааснаар Намнантрейд ХХК-ний эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал У.Ганчимэг бөгөөд тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ хэлцэл хийх эрх бүхий этгээд мөн гэж үзнэ.

 

Хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар Намнантрейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Ганчимэг болох талаар тэмдэглэгдээгүй боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн тэмдэг дарж баталгаажуулсан дээрхи компанийн дүрмийг шүүх хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүхээс гарах шийдвэр миний хүүхдүүдийн эрх ашгийг хөндөх магадлалтай. Ирээдүйд гарах үр дагавраас сэргийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Энэ шүүхээс гарах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад миний хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөнө, хэрэв зээлийн төлбөрт барилгын тодорхой хэсгийг тооцож өгвөл хууль ёсны өвлөгчдөд очих хөрөнгийн хэмжээ буурна... гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг шүүх урьдчилан таамаглаж дүгнэлт өгөх боломжгүй, компанийн хувьцаа эзэмшигч өвийн маргаан нь нэхэмжлэгч Голомт банк ХХК болон хариуцагч Намнантрейд ХХК-ны хоорондын зээлийн маргаантай хамааралгүй, харин ч энэ зээлийн маргааныг шийдвэрлэхгүй удаах нь зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй.

 

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Намнантрейд ХХК-иас зээлийн гэрээний үүрэг нийт 477.488.888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Намнантрейд ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилга байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722м2 газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.703.343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн ордлогод, хариуцагч Намнантрейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.773.543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ