Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1000

 

          Х.Т-, Т.Э-, М.А-,

        Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-,

        А.Л- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Х.Т-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Би-, А.Л- нарын өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Т-, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарт холбогдох 201725010613 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Х.Т-, 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. Боржигон овгийн Т.Э-, 1986 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио, телевизийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

3. Дунэй овгийн Б.Ч-, 1989 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

4. Боржигон овгийн М.А-, 1988 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

5. Үржингүн овгийн Б.Би-, 1995 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

6. Цагаангууд овгийн М.А-, 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

7. Боржигон овгийн Б.Б-, 1965 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

8. Авид овгийн А.Л-, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Х.Т- нь Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Т.Э- нь Х.Т-, М.А-, Б.Ч- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Б.Ч- нь Т.Э-, Х.Т- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

М.А- нь Т.Э-, Х.Т- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Б.Би- нь Х.Т-, М.А-, А.Л-, Б.Б- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

М.А- нь Б.Би-, Х.Т- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

А.Л- нь Б.Би-, Х.Т- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Б.Б- нь Б.Би-, Х.Т- нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Х.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Т-г бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Э-, Б.Ч-, М.А-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг бүлэглэн, гүйцэтгэгч цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Х.Т-г 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Т.Э-, Б.Ч-, М.А-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Т- 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын дансанд хадгалагдаж байгаа иргэдээс торгууль устгуулахаар төлсөн 2.372.000 төгрөг, Б.Б-ээс төлсөн 2.775.000 төгрөг, М.А-гаас төлсөн 1.110.000 төгрөг, А.Л-гээс төлсөн 2.540.000 төгрөг, Б.Ч-аас төлсөн 1.300.000 төгрөг, Т.Э-оос төлсөн 1.718.600 төгрөг, М.А-гаас төлсөн 1.718.600 төгрөгийг тус тус улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Acer” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерийн мауз, залгуур, саарал өнгийн цүнх, “IPhone 7” загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Т-д буцаан олгож, “Sandisk” гэсэн бичигтэй флаш 1 ширхэг, СиДи 19 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч нарыг “цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан” гэж буруутгасан бөгөөд яллах дүгнэлтэд “2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд бүлэглэн үйлдсэн” гэж дурьдсан. Үүнээс үзвэл 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ хэрэг үйлдэгдсэн байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл “цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан” тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх “...мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм. Шүүгдэгч нарын үйлдэл нь хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байхад үйлдэгдсэн боловч тэдэнд оногдуулж болох хорих ялын доод хэмжээ нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа хуулиар багассан байх тул шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... 2015 оны Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулах нь зүйтэй...” хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Би-, А.Л- нарын өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Одоогоос 2 жилийн өмнө өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар би гомдол гаргаж байсан. Энэ нь хууль хэрэглээний хувьд анхаарч үзэх ёстой асуудал. ...” гэв.  

            Шүүгдэгч Х.Т-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байгаа. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анх Х.Т- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Х.Т- нар бүлэглэн Замын Хөдөлгөөний Удирдлагын төвийн “torguuli.mn” сайтад хууль бусаар нэвтэрч, тухайн мэдээллийн сангаас торгуулийн мэдээллийг устгаж байгаа үйлдэл нь мэдээллийн сүлжээг сүйтгэж, компьютерийн программыг өөрчилж байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл торгуулийн мэдээллийг устгаснаар тухайн сүлжээнд байршиж байсан төлөх ёстой торгуулийн төлөв бүрэн устгагдаж, мэдээллийн баазад байхгүй болж байгаа юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 3-5 жилийн хорих ялтай байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай болж хорих ялын доод хэмжээ багассан. Иймээс Х.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх заалтыг баримтлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад,  

Х.Т-, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс нийт 16.971.400 төгрөгийг авч, “torguuli.mn” сайтаас тэдгээрийн тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Ц.Ижилмөрөнгийн “...Төрийн санд төвлөрөх ёстой орлогыг төвлөрүүлэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул 79 тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөрийг нэхэмжилсэн. Нийслэлийн төрийн сангийн хүү, торгуулийн орлогын 2 данс байдаг. Нэг нь Замын хөдөлгөөний урирдлагын төвийн данс буюу хяналтын камерын торгууль, нөгөөх нь замын цагдаагийн бэлэн бусаар торгосон торгуулийн орлогыг төвлөрүүлдэг данснууд байгаа юм. ...” /6хх 214/,

гэрч Д.Түвшинбаяр /Үндэсний дата төвийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга/-ын “...Т-гийн устгал хийсэн үйлдэл нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэрэглэгчдийн эрхээр зориулалтын веб интерфэйсээр хандсан тул тус төвөөс торгууль төлсөн хандалт, Т-гийн торгууль төлсөн хандалт хоёрыг ялгах боломжгүй. ...” /1хх 189-190/,

гэрч Ш.Ганхөлөг /Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төлбөр хяналтын хэлтсийн мэргэжилтэн/-ийн “...Манай байгууллагаас хяналтын камераар тухайн өдөрт илэрсэн зөрчлүүд тухайн өдрийн 00 цаг болонгуут автоматаар Үндэсний дата төв рүү мэдээллийг илгээдэг. Үндэсний дата төв цаанаа “torguuli.mn” сайт руу хэрхэн баяжилт хийдэг гэдгийг мэдэхгүй байна. ...” /1хх 192-193/,

гэрч П.Тэгшбаярын “...Т- Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр дамжиж тухайн төвийн ханддаг 10.80.7.8 гэсэн вебд төлөв өөрчилсөн байгаа юм. Харин энэ 10.80.7.8 веб манай дата төв дээр байрладаг. 7 хоногоор нь багцлаад сүүлийн нэг сарын хугацаанд лог бүртгэгддэг. Тиймээс Т-гийн нэвтэрсэн гэх цаг хугацааны ямар нэг лог бүртгэл гарч ирэхгүй. Хадгалагдсан нь устсан байна. ...” /1хх 194/,

яллагдагч Х.Т-гийн “...Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер лүү орж дотоод сүлжээ болох “system.police.gov” сайтын алдааг нь ашиглаж хэрэглэгч, цагдаагийн албан хаагчдын код, нууц дугаарыг олж авсан. Мөн сайтаар дамжуулан “torguuli.mn” сайтын админы эрх, нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, үүгээрээ нэвтрэн ороод торгууль тавигдсан автомашины улсын дугаарыг хийж, торгуулиас хасаж болж байгаа эсэхийг шалгаж үзэхэд болж байсан. Ингээд би ийм аргаар мөнгө олж болох юм байна гэж сэтгээд найз Э-, хуурай дүү Би- нарт “Торгууль арилгуулах хүн олоод өг, би 50 хувийг нь авна, чи 50 хувийг нь ав” гэж хэлээд хүн олуулсан. Би Э-, Би- хоёрт ямар нэгэн байдлаар зар тавьж олны анхаарал татаж болохгүй гэдгийг байнга хэлдэг байсан. ...” /1хх 203-204/,

яллагдагч Т.Э-ын “...Т- надад “Торгуультай хүмүүс байвал хоёулаа хамтарч ажиллаад 50:50 хувиар нь хувааж авч байя” гэсэн саналыг тавьсан. Энэ санааг би зөвшөөрөөд цааш нь А-д хэлэхэд мөн адил зөвшөөрсөн. А- бид хоёр нийлж Т-д торгуультай автомашин олж өгдөг болсон. Ихэнхдээ А- надад дугааруудыг олж өгөөд би Т-д дамжуулж хэлж өгдөг байсан. Миний цаана нэг хүн ажиллаад торгууль устгаад байгааг А- мэддэг байсан. Ч-д мөн адил энэ санаагаа хэлэхэд бас зөвшөөрсөн. Торгууль устгуулж байгаа автомашинуудын дугаарыг бүгдийг нь мэдэхгүй байна. ...” /2хх 58-60, 67/,

яллагдагч Б.Ч-ы “...Э- “Торгууль арилгаж өгдөг хүн байна. Чамд торгуулиа 50 хувиар нь бодоод арилгуулах хүн байна уу” гэхээр нь би “Асууж сураглая” гэж хэлээд салсан. Би найз Баярнэмэх, Батбаяр, А-баатар, Төгөлдөр, ах Нэргүй нарын автомашинуудын торгуулийг устгуулж байсан. Заримыг нь сайн санахгүй байна. Э- надад хэлэхдээ “Чи олж өгсөн хүнээсээ 40 хувийг нь аваад 60 хувийг нь өгөөрэй” гэж байсан. ...” /2хх 214-215/,

яллагдагч М.А-гийн “...Э- “Манай найз “torguuli.mn”-д ажилладаг. Тэр найз маань торгуультай тээврийн хэрэгсэл олоод ирвэл мөнгөний 50 хувийг нь олж ав” гэж байсан. ...” /4хх 1/,

яллагдагч Б.Би-ий “...Т- нь Үүрцайх, Мөөжиг бид гуравт хандан “Та нар надад торгуультай автомашины дугаар олж өгч байхгүй юу, ах нь торгуулийг нь устгаж чадна. Чи өөрөө 20-25 хувийг нь авч байхгүй юу даа” гэж хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд 99051630, 99141213 дугаартай хоёр ахаас Хаан банкны дансаараа мөнгө авч байсан. Энэ хоёр ах над руу автомашины дугаар хэлээд дараа нь мөнгөө шилжүүлдэг байсан. Орж ирсэн мөнгөний 50 хувийг нь Т- ахад өгдөг байсан. ...” /3хх 73, 76/,

яллагдагч Б.А-гийн “...2016 оны 8 дугаар сараас энэ явдал эхэлсэн. Найз Би- нь “Манай ах автотээвэрт ажилладаг, автомашины андуурагдаж ирсэн торгуулиудыг хүчингүй болгодог” гэж хэлж байсан. Хэдэн ах нарын автомашины торгуулийн мөнгийг дансаараа аваад дундаас нь хоолны мөнгө авах зэргээр Би- рүү шилжүүлж торгуулийг нь устгуулсан. ...” /3хх 116/,

яллагдагч Б.Б-ийн “...2016 оны 12 дугаар сарын эхээр Бачка гэдэг залуу “Автомашины торгуулийг 50 хувиар янзалдаг залуу байдаг, та нар гар утасны дугаарыг нь авах уу” гээд 99532544 гэсэн дугаар надад өгсөн. Уг залуу автомашины дугаар, сериэ мессежээр явуулчих гэдэг байсан. Тэгээд би дараа нь шалгаж үзээд мөнгийг нь явуулдаг байсан. ...” /4хх 43/,

яллагдагч М.Л-гийн “...Би-тэй танилцахад “Манай найз “torguuli.mn”-д ажилладаг. Торгуультай автомашин байвал торгуулийн 50 хувиар нь янзалж өгнө” гэсэн. Би- автомашины дугаараа мессежээр явуулчих гэдэг байсан. Тэгээд дараа нь би шалгаж үзээд мөнгийг нь шилжүүлдэг байсан. Би- рүү мөнгө шилжүүлэхдээ 10 хувийг нь би авдаг байсан. ...” /4хх 71-74/ гэсэн мэдүүлгүүд,

Х.Т-гийн “torguuli.mn” сайт руу нэвтрэн орж, тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийг хэрхэн өөрчилж байгаа байдлыг харуулсан дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн “...Т- нь “Ай Түүлс” компаниас түрээслэдэг 43.231.113.20 гэсэн Ай-Пи хаягтай интернэт холболттой веб сервер лүү хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтрэн орсон. Ингэхдээ 50876 гэсэн сүлжээний порт ашиглан холболтын тохиргоог тус программ дээр хийсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер лүү нэвтэрч орсны дараа тус сервер дээр суулгасан программыг ашиглан торгуулийн мэдээллийн өгөгдлийн сан руу рүүтэр төхөөрөмжөөр нэвтрэн орж байна. Пеналти баазын нэгдүгээр эгнээ, улаан гэрэл, хурд хэтрүүлсэн тухай мэдээллийг хадгалдаг тэйблүүдээс тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийж гарч ирсэн үр дүнг шууд устгаж байна. Ингэж өгөгдлийн сангийн түвшинд устгахад сервер дээр ямар нэг лог, түүх үлдэх боломжгүй байдаг. ...” гэх тэмдэглэл /1хх 119-120/,

Үндэсний дата төвөөс ирүүлсэн албан бичиг, тээврийн хэрэгслийн улсын дугаарын жагсаалт, мөн уян дискэнд үзлэг хийсэн “...нийт 71 тээврийн хэрэгслийн 16.971.400 төгрөгийн торгуулийн мэдээллийг устгасан болох нь тогтоогдсон. ...” гэх тэмдэглэл /1хх 136, 138-180/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Х.Т- “torguuli.mn” сайт руу хэрхэн нэвтэрсэн арга зам болон тухайн сайтаас иргэдийн тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж мөнгө олох гэсэн санаа зорилгынхоо талаар, харин Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нар Х.Т-г уг санаа зорилгоо хэрэгжүүлэхэд нь хэрхэн хамтарч оролцсон үүрэг, оролцооныхоо талаар тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйн гадна, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогджээ.     

Гэмт хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Х.Т- нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дотоод сүлжээгээр дамжин “torguuli.mn” сайтад нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар уг сайтад хууль бусаар нэвтрэн иргэдийн тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийг устгаж, тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 50 хувийг өөртөө авч хөрөнгөжих санаа зорилго агуулж, уг санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөрийн танил Т.Э-, Б.Би- нарын нэр бүхий этгээдүүдэд хандан тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой иргэдийг олж өгч, хариуд нь тодорхой хэмжээний хувь ашиг авч болох санал тавьсны дагуу Т.Э- нь М.А-, Б.Ч- нарыг, Б.Би- нь Б.А-, Б.Б-, М.Л- нарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулсан ба тэд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах иргэдийн мэдээллийг цуглуулан Х.Т-д өгч, үүнийхээ хариуд тодорхой хэмжээний хувь ашиг авч байжээ.

Өөрөөр хэлбэл Х.Т- дээрх гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдлээр ханган гүйцэтгэсэн бол Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нар нь Х.Т-гийн гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлэх байдлаар хамжигчийн хэлбэрээр хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Х.Т-, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад, Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орсон өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсэгт заасан “Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэж тохиролцож үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч, оногдуулах хорих ялын доод хэмжээ нь багассан байна.

Дээрх байдлыг үндэслэн, прокуророос Х.Т-г бүлэглэн, цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээлэл устгасан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг бүлэглэн, цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээлэл устгасан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх хянан хэлэлцээд тэдгээрийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Гэвч ийнхүү дүгнэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зааглаж ялгалгүй, хэт ерөнхий байдлаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагад төдийлөн нийцээгүйг, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарын гэм буруугийн шинжийг тусгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ийн хэлбэрээр хамтран оролцсон мэтээр ташаарч бичсэнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэж, зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.Э-, М.А- нарын гэмт үйлдэл 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх цаг хугацаанд үйлдэгдсэн ба энэ хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл “цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан” тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдгээрийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн ба энэ хуулийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсэгт заасан “Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг ... үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг мөн зүйлийн 226.1 дэх хэсэгт “Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол...” хэмээн хуульчлан тогтоосон.

Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Дээд шүүхэд Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг олгосон бөгөөд уг заалт нь Шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг.

Улсын Дээд шүүх мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинж буюу компьютерт хадгалагдаж байгаа мэдээлэл, программыг “өөрчлөх” гэдэгт мэдээллийн агуулгыг бүхэлд нь буюу эсвэл тодорхой хэсгийн утгыг алдагдуулсныг, “гэмтээх” гэдэгт мэдээлэл болон программ, төхөөрөмжийг шинэчлэх, эсвэл дахин зааварлаж ашиглах байдалд хүргэснийг ойлгоно хэмээн тайлбарласан.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол...” хэмээн энэ төрлийн гэмт хэргийн шинжийг өмнөх хуулиас агуулгын хувьд зөрүүгүйгээр, илүү нарийвчлан тусгаж өгсөн байна.

Иймд хууль хэрэглээний асуудлаар маргасан шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Х.Т-г 2 жилийн хугацаагаар, Т.Э-, М.А-, Б.Ч-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг тус бүр 1 жилийн тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт зарим шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон хоног болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нөхөн төлсөн төлбөрийн асуудлыг тусгалгүй орхигдуулсан байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1255 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...гүйцэтгэгч...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Т.Э-, Б.Ч-, М.А-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-, Б.Ч-, М.А-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Х.Т- нь 15 хоног цагдан хоригдсон...” гэсний дараа “...Т.Э-, Б.Ч-, М.А-, Б.Би-, М.А-, Б.Б-, А.Л- нар цагдан хоригдсон хоноггүй...” гэсэн нэмэлт,

- 5 дахь заалтын “...М.А-гаас төлсөн 1.718.600 төгрөгийг...” гэсний дараа “...Х.Т-гээс төлсөн 1.718.600 төгрөг, Б.Би-ээс  төлсөн 1.718.600 төгрөгийг...” гэсэн нэмэлт тус тус оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Т.Э-, М.А- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН