Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/00814

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00814                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн.......  тоотод оршин суух, Э.У /РД:ЧС......./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ............... байрлах, Н.  /РД:........ /-т холбогдох,

анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , нарийн бичгийн дарга Т нар оролцов.

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01282 дугаартай шийдвэрээр А.У-аас 923,531,700 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан гэх боловч өнөөдрийг хүртэл өмчлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудаж уулзаагүй, мэдэгдлийг гардуулж өгөхгүй дуудлага худалдаа явуулсан. Д  шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдлийг удаа дараа нэхсэн боловч 3 сарын 1 нээс хойш өгнө гээд өгөөгүй бидний эрх ашиг зөрчигдөж байгаа учир анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А.У-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1282 дугаар шийдвэрээр А.У-аас 923 сая төгрөгийг гаргуулж Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Мөн Иргэний хуулийн 177, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байдаг. Тус үнэлгээг 2017.12.07-ны өдрийн 29836, 29837 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн байдаг. Барьцаа хөрөнгийг 2018.01.19-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг түүний оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста, 2202 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлээд, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтанбилэгт утсаар холбогдож мэдэгдсэн. Эдгээр баримт хэрэгт авагдсан байгаа. Тус газраас 2018.01.19-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй тул дахиад 2018.02.15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018.02.07-ны өдрийн мэдэгдлийг А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтанбилэгт 2018.02.12-ын өдөр гардуулсан байдаг. Энэ нь шүүхэд өгүүлсэн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тухайн мэдэгдлийг хүлээж авсан мэдэгдэл дээр тэмдэглэгээ хийсэн байдлаар гарын үсэг, он сараар нь тогтоогдож байгаа. Тэгэхээр барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдээгүй, өөрөө нэхсэн боловч өгөөгүй, бидний эрх ашгийг хөндөж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх А.У-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Н. т холбогдуулан гаргажээ.

            Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 01282 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч А.У-аас 918,779,860 төгрөг гаргуулж Э  ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхоны гудамжны ......... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, ......... нэгж талбарын дугаартай амины орон сууцны газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамжны .... тоот хаягт байрлах 236 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-...... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 157 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

           Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч А.У д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 2017.02.16-ны өдрийн ...... дугаар тогтоол гарсан, 2017.06.05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор БЗД-ийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхоны гудамжны ........ тоот хувийн орон сууцыг, 2017.09.06-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамжны ...... тоот хаягт байрлах 236 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилж, 2017.11.14-ны өдөр ......... дугаар, 2017.11.14-ний өдөр .......... дугаар эд хөрөнгө хураах тогтоол тус тус гарсан, улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

         Төлбөр авагч Э  ББСБ ХХК болон төлбөр төлөгч А.У  нар нь үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд 2017.11.28-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлүүдийг дуудлага худалдаанд оруулах үнийн мэдэгдлийн хамт төлбөр төлөгчид тухай бүрт нь хүргүүлсэн байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, 72 дугаар зүйлийн 72.2-т “төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ” гэж тус тус заасан байна.

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2019.01.16-ны өдрийн 00877 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.    

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй, шүүх хуралдаанд эмнэлгийн магадлагаа ирүүлсэнийг хүсэлт гэж үзэхгүй, шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг  хариуцагч талаас гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар Н. т холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн А.У-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.01.08-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.16-ны өдрийн 00877 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосныг дурдсугай.   

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ