Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2019/00076/И |
Дугаар | 01015 |
Огноо | 2019-04-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 01015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................... оршин суух, ......... 0000000 регистртэй, Б овогт И.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................... тоотод оршин суух, ..............., 000000000000 регистртэй, Н овогт Б.О,
Хариуцагч: ................ оршин суух, ..................., 000000000000 регистртэй, Д овогт Д.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Т, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Б.О, хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Би өөрийн танил Б.Огийн гуйлтаар 2015 оны 1 дүгээр сарын 09-нд Д.Б тай Зээлийн гэрээ байгуулж, Д.Б-д 6 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ Б.Огийн Хаан банкны дансаар мөнгийг шилжүүлсэн. Улмаар гэрээгээ 2015 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 1 дүгээр сарын 19-нд тус тус сунгаж, шинэчлэн байгуулж байсан. Зээлийн нөхцөл, хугацаа нь адилхан 6 сар бөгөөд, сар бүр 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээлсэн. Хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 29-нд хүүгээ төлсөн. Иймд Б.О, Д.Б нараас үндсэн зээл 10,000,000 төгрөгийг хүү 3,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийн хамт, нийт 18,000,000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Д.Б надтай тооцоо нийлье гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би л мөнгөө нэхдэг. Нэхэхээр би таны мөнгийг боломжоороо өгөөд байгаа л гэдэг. Зээлийг бэлнээр огт төлж байгаагүй. Хөдөө байдаг хүн шүү дээ. Би тэр хүнийг хөдөө ажиллаж байхад нь машинаар очоод мөнгөө аваагүй. Миний данс руу л хийдэг шүү дээ. Д.Б ыг зээлээ төлөөч гэж утсаар нэхдэг байсан. Хариуд нь мөнгөтэй болохоороо өгнө л гэж хэлдэг, эсвэл эхнэрт нь загнуулдаг. 2018 онд миний аав нас барахад би уйлаад ажил явдалд нь хэрэглэх мөнгө өгөөч гэтэл би хүүгээрээ төлөөд дуусчихсан гэж хэлсэн. Тэгээд Б.О дээр очиход надад 300,000 төгрөгийг өгөөд, Д.Б руу яриад би өөрт байгаа 300,000 төгрөгөө өглөө, чи мөнгийг нь өгөөч гээд миний хажууд залгахад та мөнгийг нь өгвөл надаас мөнгө авна гэж байхгүй шүү гэж байсан. Эхнэр нь утсаар ярихад их доромжилдог. Д.Б өөрөө бол гайгүй яриа хөөрөөтэй, фасад, газар шорооны ажил хийгээд мөнгийг нь өгнө л гэдэг юм.
Өмгөөлөгч: Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар зээлийн гэрээнд хүү тооцвол бичгээр гэрээг хийнэ гэсэн нөхцлийг хангасан. Иргэний хуулийн 232.3 дахь хэсэгт анз, алданги авах бол бичгээр гэрээг байгуулна гэсэн шаардлагыг хангаж, хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байгаа нь хуулийн дагуу хийгдсэн үндэслэл бүхий гэрээ мөн гэж нотлогдож байна. Тооцоо нийлээгүй учир алданги төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Гэрээний оролцогч талууд адил тэгш эрхтэй. Гэрээ бүгд бичгээр байгуулагдаж, талууд хэн аль нь гэрээний хувь нотариатаар гэрчлүүлж авсан. Зээлийн төлбөрийг дансаар шилжүүлдэг байсан учир өөрсдийн дансны хуулгыг хараад хяначих боломжтой. Нийт зээлийн хүүгийн төлбөрт 9,000,000 төлөх ёстой. Хариуцагч тал нийт 11,525,000 төгрөг төлсөн гэдэг нь дансны хуулгуудаар батлагдаж байна. И.Т нь Б.Огээр дамжуулж Д.Б-д мөнгө зээлсэн. Б.Огийн дансаар мөнгө орсон учир түүнийг хамтран хариуцагчаар татсан гэв.
Хариуцагч Б.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 1 дүгээр сард 2 тал харилцан санал тавьсны дагуу иргэн И.Т -ийн 10,000,000 төгрөгийг иргэн Д.Дэлгэр өөрийн ах Д.Б тай хамтарч бизнес хийх гэж байгаа гэсний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Д.Дэлгэрийн саналын дагуу Хаан банкны ........ дансанд шилжүүлсэн. Хоёр тал уулзаад гэрээгээ надгүйгээр байгуулсан. Иймээс миний бие ямар нэгэн сонирхол, ашиг хонжоо хараагүй болно. Мөн Д.Дэлгэр, Д.Б хоёртой төрөл садангийн холбоо байхгүй. Хоёр талаас ямар нэгэн байдлаар шагнал урамшуулал, хувь аваагүй. Би дунд нь хохироод байна. Д.Б-ын эхнэрт доромжлуулсан. И.Т -ийн аав нь нас бараад, би өөрт байгаагаа өгөөд, эхнэр лүү нь ярихад чи мөнгө өгвөл надаас авна гэж байхгүй шүү гэж байсан. Зүгээр л хоёр хүнийг хооронд нь холбож өгсөн. Одоо ингээд өөрөө цаг зав, сэтгэл санаагаараа хохироод явж байна. Д.Дэлгэрт ч бас би хэлсэн. Гэтэл намайг фейсбүүк найзаасаа блоклсон. Миний сайхан сэтгэлийг харлууллаа. И.Тийг хохиролгүй болгож өгнө үү. Миний дансаар мөнгө орж гарсан нь үнэн. Би энэ мөнгийг 1 хоног ч хэрэглээгүй. Би өөрийгөө энд хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр И.Ттэй зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 0,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг дахин 6 сарын хугацаатайгаар сунгасан. Дээрх гэрээний хугацаа дуусахад 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шинэчилсэн гэрээ байгуулж, гэрээний хугацааг дахин 6 сараар сунгасан ба, зээлдэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн шинэчилсэн гэрээний хугацаа дуусахад талууд амаар зээлийн гэрээг үргэлжлүүлж, зөвхөн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл И.Т -ийн нэхэмжлэлд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000, хүү 3,000,000, алданги 5,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл нийт 19,000,000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшдэг Хаан банкны 00000000000000, 00000000000000 дугаартай данс болон түүний эзэмшдэг бусад Хаан банкны дансанд өөрийн дансаар дамжуулж, эсхүл банкинд бэлнээр тушааж шилжүүлдэг байсан. Нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгуудыг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаргуулснаар хариуцагчийн зүгээс 19,000,000 орчим төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоно. Мөн ямар хугацаанд хэдэн төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн болохыг нь тогтоосноор цаашид хэдэн төгрөгийн үүрэг гүйцэтгэх эсэхийг тогтоох боломжтой болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан энэхүү гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан байсан. Д.Б зээлийн эргэн төлөлтийг тогтвортой төлөөд явж байсан. Сард 500,000 төгрөгийн хүү төлөөд явах чанга байна гэж И.Т -д ойлгуулаад алданги, хүү авахгүй, тодорхой хугацаа заахгүй үргэлжлүүлээд явсан. Д.Б нийт хэдэн төгрөг төлснөө мэдэхгүй байсан. Зарим тохиолдолд хөдөө орон нутагт ажилладаг байсан учраас шууд банкинд очоод тушаах явдал ч байсан. И.Т -д тооцоо нийлье, яг хэдэн төгрөгийн үлдэгдэл байна гэж хэлэхэд за хоёулаа нэг тооцоо гарганаа, тэр болтол чи өөрийнхөө тооцоогоор төлж бай гэсэн байсан. Ингээд Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг өгөөд, миний тооцоогоор 10,000,000 төгрөгөө төлөөд дуусчихлаа гэхэд нь И.Т үүний дараагаар чи 18,000,000 төгрөг өгөх ёстой гэдэг зүйл ярьсан. Д.Б хариуд нь би төлбөрөө төлөөд дуусгачихсан, хоёулаа тооцоо нийлье гэхэд И.Т тийм юм байхгүй, чи өгөх ёстой мөнгөө өг гэсэн. Тооцоо нийлээд гаргаад өгсөн бол энэнээс өмнө төлөөд дуусгачих байсан. Энд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай ажиллагаа харагдаад байна. Үлдэгдлээ мэдэж байсан бол тэр хүн мэдээж төлөх л байсан. Иймд хариуцагчийн зүгээс 7,475,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Эхний байгуулсан зээлийн гэрээ болон сунгагдсан гэрээний зүйл заалттай маргаагүй. Алдангийг төлөхгүй гэх шалтгаан нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Т нь хариуцагч Б.О, Д.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл, үндсэн зээл 10,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 3,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулж мөнгө аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан бол, хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол ойлгомжгүй, ...Д.Б нийт 19,000,000 орчим төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн..., 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан шинэчилсэн гэрээний хугацаа дуусахад талууд амаар зээлийн гэрээг үргэлжлүүлэхдээ зөвхөн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон, мөн нэхэмжлэгч тооцоо нийлээгүйгээс төлбөр тооцоо дууссан гэж үзсэн учир алданги шаардах эрхгүй...нэхэмжлэлээс 7,475,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэх агуулга бүхий тайлбар гаргаж, түүнийгээ нотлохоор өөрсдийн банк дахь харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б-аас 13,212,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Т -д олгон, илүү шаардсан 4,787,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр И.Т, Д.Б нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч И.Т нь зээлдэгч Д.Б-д 10,000,000 /арван сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр /нэг сарын 500,000 төгрөг/, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, тийнхүү эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан байна. /хх 6/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдүүлэгч И.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 10,000,000 төгрөгийг Б.Огээр дамжуулан зээлдэгч Д.Б-д олгогдсон болох нь зохигчдын тайлбар, Б.Огийн Хаан банк дахь харилцах дансны хуулга, Д.Б-ын эхнэр С.Батжаргалын Хаан банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Харин хариуцагч Б.Огийн хувьд зээлийн мөнгийг өөрийн дансаар зээлдүүлэгчээс хүлээн авч, улмаар зээлдэгчид шилжүүлэн өгснөөр талуудын байгуулсан зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд, уг гэрээний дагуу хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас Б.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Д.Б нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг төлөхөөс хүүгийн төлбөрт 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 6 удаагийн төлөлтөөр нийт 2,800,000 төгрөг төлсөн байх бөгөөд, талууд харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгаж, анзын хэмжээг 0,5 хувь болгон өөрчилсөн байна.
Дээрх хугацаа дуусах үед зээлдэгч нь 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 удаагийн төлөлтөөр зээлийн хүүгийн төлбөрт 2,605,000 төгрөг төлж, талууд дахин гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгаж, үндсэн зээл 10,000,000 төгрөгийг энэ хугацааны эцэст төлөхөөр тохиролцжээ. /хх 8/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд, тийнхүү гэрээний дагуу хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр зохицуулсан хуулийн шаардлагыг хангаж, Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тусгасан, зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байгаа нь хуульд нийцсэн байна.
Зээлийн гэрээний хугацаа сунгасан сүүлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дуусч, энэ үеэс нэхэмжлэгчид гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн бөгөөд, хариуцагч дээрх сунгасан 6 сарын хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 4 удаагийн төлөлтөөр 1,770,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг төлж, бүгд 7,525,000 төгрөг төлсөн нь зээлийн хүүгийн 9,000,000 төгрөгөөс хасагдаж 1,475,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 10,000,000 төгрөг тус тус төлөгдөөгүй байжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтэх үүрэгтэй.
Гэтэл хариуцагч Д.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх бөгөөд, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа буюу 150 гаруй хоногийн дараа, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэмж төлөлт хийсэн ба, энэ үед 11,475,000 төгрөгийн үүрэг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байсныг, Зээлийн гэрээний 2.6 дахь хэсэг болон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар алданги тооцвол 1 хоногийн алданги 57,375 төгрөгийг нийт хугацаа хэтэрсэн хоногт тооцоход 8,606,250 төгрөгийн алдангийг зээлдүүлэгч шаардах эрх үүссэн байжээ.
Гэвч дээрх анзын хэмжээ зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 11,475,000 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 11,475,000 төгрөгийн 50 хувиар анзыг тооцвол 5,737,500 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэгтгэн нийт 17,212,500 төгрөг шаардах эрх үүссэн байна.
Улмаар хариуцагч Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн төлөлтөөр 4,000,000 төгрөг нэмж төлсөн бөгөөд, үүнийг төлвөл зохих нийт үүрэг болох 17,212,500 төгрөгөөс хасч, үлдэх 13,212,500 төгрөгийг нэхэмжлэгч И.Т нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аын зүгээс Д.Б-аас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгч И.Тийг ...тооцоо нийлээгүйгээс Д.Б хоорондын тооцоо дууссан гэж бодсон учир зээлдүүлэгч тооцоо нийлээгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас төлбөрийн үлдэгдлийг харилцан тооцох боломжгүй болсон, мөн 2016 оноос хүү тооцохгүйгээр үндсэн зээлээс хасахаар тохиролцсон... гэх агуулга бүхий тайлбар гаргаж, анз төлөхөөс татгалзсан.
Хариуцагчийн дээрх тайлбар, татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, ...хариуцагчийн зүгээс тооцоо нийлэх талаар санал гаргаагүй, хүү тооцохгүй талаар 2017 онд, гэрээний хугацаа дууссанаас хойш утсаар хэлэхдээ мөнгөө бөөнд нь өгье гээд өгөөгүй... гэж тайлбарлан маргав.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамаарч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус хуульчилжээ.
Гэтэл талуудын байгуулсан, маргаан бүхий Зээлийн гэрээ, уг гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээнүүдэд зээлдүүлэгч И.Т -ийн зүгээс зээлийн төлбөрийн тооцоо нийлэх, зээлдэгч Д.Б ыг зээлийн төлбөрийг төлөх нөхцөл бүрдүүлэх зэрэг үүргийг тусгайлан хүлээлгэхээр заагаагүй бөгөөд, зээлдүүлэгчийн зүгээс ямар буруу үйлдэл гаргасан болох нь тодорхойгүй, тооцоо нийлэхээс татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан энэхүү тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Б-аас 224,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Т -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 13,212,500 /арван гурван сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Т -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.О-д холбогдох хэсэг болон 4,787,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 224,012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Т -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА