Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00719

 

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/00719

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,293,789 /ерэн найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Ц ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр №3022-14/01 тоот зээлийн болон №3022-14/01А, №3022-14/01Б тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 200,000,000 төгрөгийн зээлийг 47 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

- 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц,

- 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ц ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 128,173,731 төгрөг, үндсэн хүүнд 36,062,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,060,179 төгрөг, нийт 178,296,750 төгрөг төлсөн байгаа. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2017 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц ХХК-иас төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 71,826,269 төгрөг, зээлийн хүү 34,900,679 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,433,177 төгрөг, нийт 98,293,789 төгрөгийг гаргуулж К Х-д олгож өгнө үү. Хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Г.Э нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж өгсөн байдаг. Хариуцагч тал хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Хариуцагч компанийн хуулийн этгээдийн гэрчилгээн дэх хаягт өөрчлөлт орсон зүйл байхгүй учраас уг хаягийнх нь харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хариуцагч байгууллагын захиралтай холбогдоход Бусдаас авах 1,000,000,000 төгрөгийн авлага бий, тэр хэрэг нь Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээгээч гэсэн хариуг өгдөг байсан. Тус хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдсэн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

К Х нь Ц ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь манай компанийн хаягийг буруу бичиж, хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй байна. Ц ХХК нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18-02 тоот хаягт оршин байрладаггүй, уг хаяг дээр манай компанийн удиардах байгууллага нь байхгүй, ажил хэргээ байнга явуулдаггүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус үндэслэн К Х-ийн нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К Х нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан, 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр №3022-14/01 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 71,826,269 төгрөг, зээлийн хүү 34,900,679 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,433,177 төгрөг, нийт 98,293,789 /ерэн найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №3022-14/01А, №3022-14/01Б тоот барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаалсан:

- 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц,

- 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнд 2019 оны 1 дүгээр сарын 16, 30-ны өдрүүдэд К Х-ийн нэхэмжлэлийн шаардлага болон, ихэсгэсэн шаардлага зэргийг тус тус гардуулсан боловч хариуцагч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Харин хариуцагч Ц ХХК-ийн захирал Г.Надмидцэрэнгээс шүүхэд хандан, тус компани нэхэмжлэлд дурдсан хаягт оршин байрладаггүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу К Х-ийн нэхэмжлэлд үүсгэсэн Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаалгах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлжээ.

К Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг ханган, тус компанийн оноосон нэр болон, байрлах хаяг, оршин байгаа газар зэргийг нэхэмжлэлд тусгасан байна. /хэргийн 1 дүгээр тал/

Нэхэмжлэлд дурдсан Ц ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 18-02 тоот дахь хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлснээр хариуцагч байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнг томилж, тэрээр нэхэмжлэлийн хувь болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тус тус гардан авчээ. /хэргийн 31, 28, 32, 38 дугаар тал/

Хэдийгээр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Надмидцэрэнгийн зүгээс нэхэмжлэлд дурдсан хаягт Ц ХХК байрладаггүй гэх тайлбар гаргаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тус хороонд бүртгэлгүй гэх тодорхойлолтыг хавсарган, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 18-01 гэх хаяг бүхий албан тоотыг шүүхэд ирүүлсэн боловч, тус компанийн Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн албан ёсны хаяг өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн, шүүхээс одоогийн оршин байгаа гэх дээрх хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 710 тоот тодорхойлолтоор Ц ХХК-ийг бүртгэлгүй бөгөөд, үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тодорхойлсон байх тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр К Х-ийн Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

К Х нь Ц ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 3022-14/01 тоот зээлийн гэрээ байгуулж 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн зориулалтаар 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлжээ. /хэргийн 4-7 дугаар тал/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс талууд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 3022-14/01А, 3022-14/01Б тоот Зээлийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан, зээлдэгч Ц ХХК нь 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц; 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 000236649 гэрчилгээний дугаартай 302,4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалуулсан байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

Улмаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3022-2015/28 дугаартай 3022-14/01Б тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан, барьцаа хөрөнгө болох 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 000236649 гэрчилгээний дугаартай 302,4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 592,32 м.кв болгон өөрчлөхөөр харилцан тохиролжээ. /хэргийн 12 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан болон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Ц ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 128,173,731 төгрөг, зээлийн хүүд 36,062,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,060,179 төгрөг, нийт 178,296,750 төгрөгийн төлөлт хийж, зээлийн үлдэгдэл 71,826,269 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 34,900,679 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,433,177 төгрөг, нийт 98,293,789 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7, 26 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч К Х-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсчээ.

Хариуцагч Ц ХХК нь зээл авснаас хойш 2017 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл, түүнчлэн Капитал банк ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч нь зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан болох нь Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна. /хэргийн 22-25 дугаар тал/

Зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 719,618 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 719,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,293,789 /ерэн найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргууланнэхэмжлэгч К Х-д олгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719,618 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 719,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА