Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00943

 

 “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00719 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98 293 789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр №3022-14/01 тоот зээлийн болон №3022-14/01А, №3022-14/01Б тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 200 000 000 төгрөгийн зээлийг 47 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байрны 57 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201018673 дугаартай, 000281773 гэрчилгээний дугаартай 64.39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастай гудамжны 318 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204047304 дугаартай, 000411396 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204003630 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1 017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ц ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 128 173 731 төгрөг, үндсэн хүүнд 36 062 840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 060 179 төгрөг, нийт 178 296 750 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2017 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй байна. Иймд хариуцагчаас төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 71 826 269 төгрөг, зээлийн хүү 34 900 679 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 433 177 төгрөг, нийт 98 293 789 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Ц ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан. Хариуцагч тал хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Хариуцагч компанийн хуулийн этгээдийн гэрчилгээн дэх хаягт өөрчлөлт орсон зүйл байхгүй учраас уг хаягийнх нь харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хариуцагч байгууллагын захиралтай холбогдоход бусдаас авах 1 000 000 000 төгрөгийн авлага бий, тэр хэрэг нь Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээгээч гэсэн хариуг өгдөг байсан. Тус хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдсэн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “КБ” ХХК нь Ц ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь манай компанийн хаягийг буруу бичиж, хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй байна. “Ц” ХХК нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18-02 тоот хаягт оршин байрладаггүй, уг хаяг дээр манай компанийн удирдах байгууллага нь байхгүй, ажил хэргээ байнга явуулдаггүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “КБ” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98 293 789 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байрны 57 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201018673 дугаартай, 000281773 гэрчилгээний дугаартай 64.39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастай гудамжны 318 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204047304 дугаартай, 000411396 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204003630 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1 017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719 618 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 719 618 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Ц” ХХК-ийн оршин байгаа хаяг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байр, Баяжих цогцолборын 02 тоот болно. Манай компани өөрийн оршин суугаа газрын талаар шүүхэд үнэн зөв мэдүүлсэн. Гэвч анхан шатны шүүх манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд байх оршин суудаггүй хаягыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь заалтуудыг зөрчсөн. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18-02 тоот хаягт манай компани оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон. Энэ хаяг дээр манай компани огт үйл ажиллагаа явуулдаггүй, манай компанийн удирдах байгууллага ч байдаггүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Эдгээр барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нь хариуцагч “Ц” ХХК биш юм. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/1 дүгээр байрны 57 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан бөгөөд энэ орон сууцны өмчлөгч нь Г.Ганбаяр, Г.Үүрцайх нар юм. Харин бусад барьцаа хөрөнгийн өмчлөгч нь С.Баярт болно. Үүний учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлага үүрэг гүйцэтгэгчээс гадна барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хамаарах юм. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр татаагүй, тодорхойлоогүй байдаг. Ийм байтал нэхэмжлэгчийн гаргасан “...шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98 293 789.38 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлжээ./хх36/

Хариуцагч “Ц” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4 жилийн хугацаагаар 200 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр зээл авахаар КБ ХХК-д хүсэлт гаргаснаар /хх21/, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3022-14/01 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч 200 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байрны 57 тоот 64.39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастай гудамжны 318 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204047304 дугаартай, 000411396 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204003630 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1 017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалж, зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна. /хх8-11/

Улмаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3022-14/01Б тоот зээлийн барьцааны гэрээ, 3022-14/01 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, талууд гарын үсэг зуржээ.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээнд заасан зээлийг авсан эсэхэд маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул зээлдэгч нь зээлээ төлөх үүрэгтэй, үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй нь тогтоогдсон тул зээлдүүлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

“Ц” ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 128 173 731 төгрөг, зээлийн хүүд 36 062 840 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14 060 179 төгрөг, нийт 178 286 750 төгрөгийг төлсөн, одоо зээлийн үлдэгдэл 71 826 269 төгрөг, зээлийн хүү 34 900 679 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 433 177 төгрөг, нийт 98 293 789 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг нэхэмжлэгч зээлийн тооцооллоор гаргасныг /хх26/ хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

Зээлдэгч “Ц” ХХК нь зээлийн гэрээний үүргээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчсөн тул үүргээ биелүүлэхийг 2017 оны 9 дүгээр сарын 7, 2018 оны 01 дүгээр сарын 19, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шаардаж /хх22-24/ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийх талаар 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус тус мэдэгдсэн байна.

Зээлдүүлэгчийн удаа дараа шаардсаныг зээлдэгч биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсноор нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт нийцнэ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байрны 57 тоот 64.39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастай гудамжны 318 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204047304 дугаартай, 000411396 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204003630 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1 017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үзэж байгаа талаар хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй боловч зээлийн гэрээний үүрэг хүлээснээ үгүйсгээгүй. Шүүх хариуцагч “Ц” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, зээлийн гэрээнд тодорхойлсон хаягаар нэхэмжлэлийг хүргүүлснийг хариуцагч хүлээн авч, нэхэмжлэлийг гардаж авсан, хаяг өөрчлөгдсөн талаарх өөрчлөлтийг бүртгүүлсэн, мөн зээлдүүлэгчид мэдэгдсэн баримтгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан хаягт байрладаггүй гэх үндэслэлээр гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 720 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ