Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00143/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Тариалан сум, ...  оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , Д.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй бөгөөд одоогоор Дархан сум, ... тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , П.Б-д холбогдох

 

5 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б нь П.Б болон түүний нөхөр Н.А нарт мал өгөөд үлдэгдэл болох 4 сая төгрөгийг гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болно. П.Б-аас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирсэн элдэв шалтаг тоочоод үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч П.Б-аас үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, түүний хүү болох 1 200 000 төгрөг, ирж очсон зардал 250 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Б , түүний өмгөөлөгч Ө.Ө  шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие П.Б нь Д.Б гэж хүнтэй малын наймаа хийгээгүй. 2018 оны 23 дугаар сарын сүүлээр би гэртээ байж байхад Б  гэж хүн гэрт орж ирээд манай нөхөр А-ийг асууж, мал авсан мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Би нөхөр хөдөө явсан утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Та нар нэг гэр бүлийн хүмүүс ялгаа юу байсан юм, надтай явж нотариатаар гэрээ хий гэж тулгасан юм. Би татгалзаж, А-тэй тооцоо байвал өөртэй нь хий, би яахаараа нөхрөөсөө асууж зөвшөөрөл авалгүй тантай гэрээ хийдэг юм гэхэд. Би тэгвэл танай нөхрийг цагдаад хандаж хориулж шалгуулна гэж сүрдүүлсэн. Тэр үед би он гараад удахгүй төрөх дөхсөн том гэдэстэй байсан учир төрөх үеэр А-ийг хоригдсон байвал бүр хэцүүднэ гэж айсан. Малын тооцооны учир нь олдох байлгүй гэж бодоод бас намайг элдвээр загнаж их сүртэй байсан болохоор нь айгаад нотариатын газар очиж гэрээ хийсэн. Би сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй, боловсрол эзэмшээгүй хүн юм. Ингээд тэр Б  том гэдэстэй намайг дагуулж нотариат дээр авч ирээд бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Тус гэрээнд юу гэж тохирсон байсныг уншиж мэдэхгүй ч гарын үсэг зурсан. Манай нөхөр А- байсхийгээд хөдөө явдаг хүн юм. Би нөхөр А-д Б  гэж хүн Хөвсгөлөөс ирлээ малын тооцоо хий гээд загнаад чамайг хориулж, шалгуулж чадна гээд загнаад байхаар нь би айгаад чиний өмнөөс нотариат дээр орж гэрээ байгуулсан гэдгээ би бүр сүүлд цагаан сарын өмнө хэлсэн. Энэ хугацаанд би өөрөө бас хүндрэлтэй төрж нялх нойтон хүүхэдтэй болсон. Нөхөр гэрээний талаар сонсоод чи юу мэдэж Б тай гэрээ хийсэн юм гэж их уурласан. Энэ хүн нэхэмжлэлдээ надаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж, 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирж байсан гээд бас замын зардал нэхэмжилсэн байна. Гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа ирж байгаагүй, сая он гараад 01 сарын 29-ний өдөр намайг шүүхэд өгсөн байна. Би нэхэмжлэл гаргасан Б  гэж хүнийг сайн танихгүй. Энэ хүнтэй нөхрийнхөө урдуур ороод малын наймаа хийсэн асуудал байхгүй. Манай нөхөртэй хэдэн мал өгч авалцаад хэдэн төгрөгийн тооцоо байгааг би нарийн сайн мэдэхгүй, жирэмсэн байхад ирж загнаж айлгаж сүрдүүлж байгаад бичиг үсэггүй надтай гэрээ хйиж авсан зээлийн гэрээг хүчингүй болгож, надаас нэхэмжилсэн 5 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг, түүний хүү 1 200 000 төгрөг, замын зардал 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь би малын наймаа хийгээгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнийг сүрдүүлж байж гарын үсэг зуруулж гэрээ хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг П.Б болон нөхөр Н.А нар Хөвсгөл аймгийн Тариалан суманд ирж 60 хонь 10 шар үхэр авсан. 60 хонины мөнгийг тухайн өдрөө өгөөд, 10 шар үхэрийн мөнгөө өгөөгүй. 1 шар үхрийг 1 000 000 төгрөгөөр тооцсон бөгөөд 6 шарын мөнгө 6 000 000 төгрөгийг аваад үлдэгдэл болох 4 сая төгрөг өгөхгүй байсан. Иймд Б  эхнэрийн хамт Дарханд хэд хэдэн удаа ирж Б-тай хамт нотариат дээр гэрээ хийж 4 сая төгрөгийг 10 сард төлнө гэсэн гэрээ хийсэн. Тэр гэрээний дагуу үндсэн төлбөр 4 сая төгрөг, хугацаандаа өгөөгүй хүү 1 200 000 төгрөг замын зардал 250 000 төгрөг нийт 5 450 000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон болно.

 

Хариуцагч нь би Д.Б гэдэг хүнтэй малын наймаа хийгээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хэлцэл гэх баримтаар П.Б Д.Б т 4 сая төгрөгийг бэлнээр болон дансаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана, хэрэв энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцож талууд гарын үсэг зурсан баримт, 2018 оны 3 дугаар сарын 12-ны Гэрээ гэх баримтад П.Б , Н.А нар 10 шар үхэр, 51 хонины үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэрэг баримтуудаар талуудын хооронд 10 шар үхэр, 51 хонь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх хэлцлүүдэд зурсан гарын үсгийг биш болохыг нотлох баримт ирүүлээгүй, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хэлцэл гэх баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэл, айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан, бичиг үсэг мэдэхгүй гэж маргаж Дархан-Уул аймгийн Малчин сумын Засаг даргын гарын үсгийн чадваргүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн боловч гарын үсгийг өөрөө зурсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д ...бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ гэж заасан боловч П.Б нь хэлцлийн агуулгыг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсгээ зурсан нь мөн хуулийн 42.2-т Энгийн бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс  үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч П.Б-аас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлээр хүү тохироогүй байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байх бөгөөд замын зардалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгож, үлдэх 1 450 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Б-аас 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгож, 1 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА