Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 60

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00143/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч П.Б-д холбогдох

"5.450.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Туяацэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батсайхан нараас:

Миний бие Д.Б- нь П.Б- болон түүний нөхөр Н.А- нарт мал өгөөд үлдэгдэл болох 4 сая төгрөгийг гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр. П.Б-гаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирсэн элдэв шалтаг тоочоод үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч П.Б-гаас үндсэн мөнгө 4.000.000 төгрөг, түүний хүү болох 1.200.000 төгрөг, ирж очсон зардал 250.000 төгрөг, нийт 5.450.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие П.Б- нь Д.Б- гэж хүнтэй малын наймаа хийгээгүй. 2018 оны 23 дугаар сарын сүүлээр би гэртээ байж байхад Б- гэж хүн гэрт орж ирээд манай нөхөр А-ийг асууж, мал авсан мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Би нөхөр хөдөө явсан утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Та нар нэг гэр бүлийн хүмүүс ялгаа юу байсан юм, надтай явж нотариатаар гэрээ хий гэж тулгасан юм. Би татгалзаж, А-тэй тооцоо байвал өөртэй нь хий, би яахаараа нөхрөөсөө асууж зөвшөөрөл авалгүй тантай гэрээ хийдэг юм гэхэд. Би тэгвэл танай нөхрийг цагдаад хандаж хориулж шалгуулна гэж сүрдүүлсэн. Малын тооцооны учир нь олдох байлгүй гэж бодоод бас намайг элдвээр загнаж их сүртэй байсан болохоор нь айгаад нотариатын газар очиж гэрээ хийсэн. Би сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй, боловсрол эзэмшээгүй хүн юм. Ингээд тэр Б- том гэдэстэй намайг дагуулж нотариат дээр авч ирээд бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Тус гэрээнд юу гэж тохирсон байсныг уншиж мэдэхгүй ч гарын үсэг зурсан. Манай нөхөр А- байсхийгээд хөдөө явдаг хүн юм. Би нөхөр А-д Б- гэж хүн Хөвсгөлөөс ирлээ малын тооцоо хий гээд загнаад чамайг хориулж, шалгуулж чадна гээд загнаад байхаар нь би айгаад чиний өмнөөс нотариат дээр орж гэрээ байгуулсан гэдгээ би бүр сүүлд цагаан сарын өмнө хэлсэн. Энэ хугацаанд би өөрөө бас хүндрэлтэй төрж нялх нойтон хүүхэдтэй болсон. Нөхөр гэрээний талаар сонсоод чи юу мэдэж Б-тай гэрээ хийсэн юм гэж их уурласан. Энэ хүн нэхэмжлэлдээ надаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж, 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирж байсан гээд бас замын зардал нэхэмжилсэн байна. Гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа ирж байгаагүй, сая он гараад 01 сарын 29-ний өдөр намайг шүүхэд өгсөн байна. Би нэхэмжлэл гаргасан Б- гэж хүнийг сайн танихгүй. Энэ хүнтэй нөхрийнхөө урдуур ороод малын наймаа хийсэн асуудал байхгүй. Манай нөхөртэй хэдэн мал өгч авалцаад хэдэн төгрөгийн тооцоо байгааг би нарийн сайн мэдэхгүй, жирэмсэн байхад ирж загнаж айлгаж сүрдүүлж байгаад бичиг үсэггүй надтай гэрээ хийж авсан зээлийн гэрээг хүчингүй болгож, надаас нэхэмжилсэн 5.450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Б-гаас 4.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, 1.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Б- надад холбогдуулж 5.450.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг, /үний хүү 1.200.000 төгрөг, замын зардал 250.000 төгрөг гаргуулах шаардлагаас л малын наймаа хийгээгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнийг сүрдүүлж байж гарын үсэг зуруулж гэрээ хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан. Би Д.Б- гэж хүнээс 4 сая төгрөг бэлнээр болон дансаар аваагүй. Манай нөхөр А-тэй малын тооцоотой гэж асууж ирээд нөхөр чинь мал авсан мөнгөө өгөхгүй байна. Та хоёр нэг гэр бүлийн хүмүүс юм чинь мөнгө өгнө гэж хэлцэл хий тэгэхгүй бол нөхрийг чинь цагдаад барьж өгнө гэхээр нь би төрөх дөхсөн байсан учир тухайн үед айгаад хэлснээр нь Д.Б-иас мөнгө авч байгаагүй байж мөнгө өгнө гэж хэлцэл дээр гарын үсэг зурсан. Надаар гарын үсэг зуруулж авсан хэлцэл дээр малын тооцооны талаар юу ч бичээгүй зөвхөн мөнгө хүлээж авна гэж бичсэн байсан байна лээ. Би Д.Б- гэж хүнээс бэлэн мөнгө аваагүй тэр хүний хүсэлт дарамт шахалтаар хэлцэлд гарын үсэг зурсан. Би хэлцэл хийхийг хүсээгүй. Би сургуульд сураагүй боловсрол эзэмшээгүй хүн юм. Гэтэл анхан шатны шүүх хэлцлийн агуулгыг уншиж мэдэхгүй байх хамаагүй өөрөө гарын үсэг зурсан, Д.Б-тай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ гээд 4.000.000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг сүрдүүлж хийсэн хэлцэлд худалдах, худалдан авах гэрээний харилцаа түүний үр дагаврыг хэлцэлд агуулаагүй, зээлийн гэрээний харилцааны үр дагаврыг агуулсан хэлцэл хийсэн байхад анхан шатны шүүх тус хэлцлийн худалдах, худалдан авах гэрээний хэлцэл гэж дүгнэснийг би буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч П.Байгальмаад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үнэ 4.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, ирж очсон  зардал 250.000 төгрөг нийт 5.450.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний  харилцаа үүссэн  гэж  дүгнэж, нэхэмжлэлийн  шаардлагын зарим буюу  4.000.000 төгрөг  гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсэг буюу 1.450.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Б- нь Н.А-, П.Байгальмаа  нартай 2018 оны  03 дугаар сарын 12-ны өдөр  мал худалдах худалдан авах гэрээ  байгуулж \хэргийн 34 дүгээр тал\, дараа нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  Д.Б-, П.Б- нар 4.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны  дотор төлнө, төлөхгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх хэлцэл хийсэн байна.\хэргийн  8 дугаар тал\

Өөрөөр хэлбэл малын үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа тохирсон, төлөхгүй бол алданги тооцох гэрээ хийжээ.

Хариуцагч малын наймаа хийгээгүй, мөнгө төлөх тухай  гэрээнд айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан, би бичиг үсэг мэдэхгүй  гэрээний агуулгыг ойлгоогүй гэж маргасан байна.

Хариуцагч П.Байгальмаа шүүхэд Д.Б-тай байгуулсан мөнгө төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр байдаг тул түүний үр дагаврыг шийдүүлэх тодорхой шаардлага гаргаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.11-д заасан үндэслэлээр гаргаж байгаа  захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй байхаар хуульд заасан.

Дээрх үндэслэлээр өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлоогүй тохиолдолд шүүх  нэхэмжлэлийг хэрхэн зөв мэдүүлэх , түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засах талаар зааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан байна .

Энэ шаардлагыг хангаагүй захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч  2018  оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний  үүргийг   шаардсан, хариуцагч нь мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ зөвхөн хариуцагчийг уг гэрээнд гарын үсэг зурсан байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар шүүхэд маргаагүй харин зурах болсон үндэслэлийг дурдаж сөрөг нэхэмжлэл гаргаж байхад шүүх анхаараагүй байна.

Шүүх  талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх  болон гэрээний үлдэгдэл төлбөрийн маргаж байхад энэ талаар үнэн зөв эргэлзээгүй баримтанд тулгуурлан үйл баримтыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны   талуудын зарчмыг хангаж, зохигчдыг  мэтгэлцэх боломжоор хангаагүй байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хариуцагч П.Байгальмаа болон түүний нөхөр нартай гэрээ хийсэн талаар дурдсан байна.

Хариуцагчаар татагдсан П.Байгальмаа нь бичиг үсэг мэдэхгүй талаар тайлбар гаргаж  энэ талаар багийн Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичгийг мэдэхгүй хүнд орчуулагч хэлмэрч байх шаардлагатай гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тэгш эрхийн зарчмаар явуулж хэргийн оролцогчийн эрхийг хангах шүүхийн ажиллагааны зохицуулалт юм.

Хэргийн хариуцагч монгол хэлтэй боловч бичиг мэдэхгүй байгаа тохиолдолд шүүх уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа анхаарах, хамтран хариуцагчийг оролцуулах боломжийг анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын талаар П.Б-тай хийсэн хэлцэлд алдангийн талаар тохиролцсоноо дурдаж энэ алдангийг нэхэмжлэхдээ хүү гэж бичсэнийг хүү алдангийн алийг нь нэхэмжилж байгаа талаар  тодруулалгүйгээр  шүүх хүү 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шүүх  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг  тодруулах үүргээ биелүүлээгүй гэж  буруутгах үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасныг зөрчсөн  тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцааж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ