Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Э.Чулуунбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтөрийн Чулуунбаатарт холбогдох эрүүгийн 201614000193 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Боржигон овогт Энхтөрийн Чулуунбаатар, Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны 19-20 тоотод оршин  суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:ГК92052910/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч Э.Чулуунбаатар нь 2016 оны 03 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутны байрны 12 тоот өрөөнд нэвтэрч Б.Азантунгалагийн Аser загварын зөөврийн компьютер, Sky 820 L загварын гар утас зэргийг хулгайлж 530 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Азантунгалагийн “Аser маркийн хар өнгийн дэлгэцтэй, хажуу талдаа товчлуур байхгүй нотебүүк байсан. Нотебүүкийн дэлгэц нь наалттай, онгойлгоход ямар нэгэн наалт байхгүй, Сонорхайрхан төвөөс худалдаж авч байсан. Sky маркийн мобикомын утас алдагдсан. Манай өрөөнд хулгай орсны дараа буюу 2016 оны 06 сарын сүүлээр дотуур байрны жижүүр ажлын байран дээрээ байгаагүй үед гадны хүн орж хулгай хийсэн тул миний хохирлыг барагдуулсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-р хуудас/

            2. Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхзулын “Би Азантунгалагийн алдагдсан эд зүйлийн хохирол гэж 530 000 төгрөгийг өөрийнхөө цалин дээрээс өгсөн. Яагаад гэвэл миний ээлжин дээр хулгайч дотуур байранд орж оюутны өрөөнөөс эд зүйл хулгайлсан. Гэхдээ би буруутай этгээдээс Азантунгалагт өгсөн 530 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-р хуудас/

            3. Гэрч Б.Даваамягмарын “Надад харуулсан хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүнийг харлаа. Бичлэгт байгаа хүн нь миний хойд ээж Мэндсайханы хүү Чулуунбаатар байна. Бичлэгт бичигдсэн хүний чих болон явж байгаа явдал зэргээс үзэхэд Чулуунбаатартай адилхан байна. Чулуунбаатар нь 2016 оны 09 сард цүнхтэй хувцасаа алдчихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67-р хуудас/

            4. Гэрч А.Мэндсайханы “2016 оны 10 сарын 10-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Энхбаяр гэдэг нэртэй залуу надтай уулзаад гар утаснаас бичлэг үзүүлсэн. Надад үзүүлсэн бичлэгт миний хүү Чулуунбаатар мөн юм шиг харагдахаар нь мөн байна гэж мэдүүлэг өгсөн. Надад үзүүлсэн хяналтын камерт бичигдсэн эрэгтэй хүн нь миний хүү Чулуунбаатартай адил төстэй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-р хуудас/

            5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 12-13-р хуудас/

            6. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, бичлэг бүхийн CD 1 ширхэг, /хх-ийн 14-р хуудас/

            7. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33-35-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чулуунбаатар мэдүүлэхдээ “Энэ хэргийг би үйлдээгүй. Энэ хэрэг гарах үед Улаанбаатар хотод ажил хийж байсан. Хяналтын камерт бичигдсэн хүн би биш. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Шүүгдэгч энэ хэргийг үйлдээгүй. Хэрэг гарах үеэр Улаанбаатар хотод ажил хийж байсан гэж мэдүүлдэг. Эрдэнэт хотод ирсэн эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй. Хяналтын камерын бичлэг нь чанар муутай, хэн гэдэг нь тодорхой харагддаггүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч санал дүгнэлтдээ “Хяналтын камерын бичлэгийг Чулуунбаатарын ээж болон ах дүү нарт үзүүлж таниулсан. Тэд мэдүүлэхдээ Чулуунбаатар мөн гэдэг. Мөн хэрэг гарах үеэр Чулуунбаатар Эрдэнэт хотод байсан талаар гэрч мэдүүлэг өгсөн байгаа. Өмсөж явсан хувцасыг нь гэрч таньж байгаа. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Чулуунбаатар нь 2016 оны 03 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутны байрны 12 тоот өрөөнд нэвтэрч Б.Азантунгалагийн Аser загварын зөөврийн компьютер, Sky 820 L загварын гар утас зэргийг хулгайлж 530 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Э.Чулуунбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхзул нь 530 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэстэй байх тул шүүгдэгч Э.Чулуунбаатараас гаргуулж Т.Мөнхзулд олгуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хурагцаа дуусах хүртэл хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Энхтөрийн Чулуунбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Э.Чулуунбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.Чулуунбаатарт оногдуулсан 4 /дөрөв/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Чулуунбаатараас 530 000 /таван зуун гүчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Тосгоны 11-22 тоотод оршин суух Түмэн-Өлзийгийн Мөнхзул /РД:ФД70032703, Утас: 95364496/-д олгосугай.

 

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хурагцаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.

 

            6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чулуунбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНГАДАС