Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 158/ШШ2021/0012

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

................... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ................... аймгийн ................... сумын иргэн Ш.Дуламсүрэн, Н.Амгаланбаатар, О.Мөнхбат, Б.Солонго, Д.Бямбажаргал нарын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: ................... сумын Засаг дарга /П.Нөхөрлөлбаяр/-д холбогдох  

            “................... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дуламсүрэнг ажлаас чөлөөлөх тухай”, Б/13 дугаартай “Н.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/14 дугаартай “О.Мөнхбатыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/15 дугаартай “Б.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/16 дугаартай “Д.Бямбажаргалыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/17 дугаартай “Ж.Батзаяаг Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/18 дугаартай “Э.Даваажаргалыг Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/19 дугаартай “Б.Мөнгөншагайг Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/20 дугаартай “М.Энхтайваныг Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/21 дугаартай “Ч.Оюундэлгэрийг ................... багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 158/2021/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Амгаланбаатар, Б.Солонго, Д.Бямбажаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч ................... сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, гуравдагч этгээд Ж.Батзаяа, Б.Мөнгөншагай, М.Энхтайван, Ч.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Бид 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар тус тусын багийн Засаг даргад багийн иргэдийн нийтийн Хурлаас нэр дэвшиж, сумын Засаг даргын захирамжаар багийн Засаг дарга болсон. Гэтэл 2021 онд багийн иргэдийн нийтийн хурал хийгдээгүй, шинээр багийн Засаг даргыг сонгож, уламжлаагүй байхад сумын Засаг даргаас дур мэдэн, бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Бид сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяртай уулзан өмнө нь 7 хоног бүр Засаг даргатай уулзан, ажлын үүрэг чиглэл авч байсан талаараа танилцуулахад ковидтой үед хурал цуглаанаар яах вэ гэж хэлсэн атлаа, биднийг хамтарч ажиллаагүй, ажил хийхгүй байна гэх мэтээр удаа дараа удирдах ажилтны цуглаан дээр танилцуулж байсан нь биднийг улс төрийн өнцгөөс харсан гэж үзэж байгаа. 2021 оны 2 дугаар сарын 27,28-ны үед биднийг дуудаж 3 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлнө гэж захирамжийн төсөл танилцуулахад, бид хуульд заасан 6 сарын тэтгэмжийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Ингээд захирамжийн төслөө өөр дээрээ байлгая, аймагтай тэтгэмжийн асуудлыг ярья гэсэн. Гэтэл 3 дугаар сарын 11-ний үдээс хойш ажлаа хүлээлгэж өг гэсэн. Бид бичиг баримтаа хүлээлгэн өгөөд багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй хүнд төрийн тамгыг өгөхгүй гээд Засаг даргад өөрт нь өгсөн. Бидний тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байсан. Багийн иргэдийн нийтийн Хурлаар нэр дэвшигч тодроогүй байхад биднийг чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул биднийг ажлаас чөлөөлсөн захирамж, бидний оронд багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргав” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Агуйт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу тус багийн Засаг даргаар ажилласан. Багийн иргэдийн нийтийн хурал болоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байгаа. Иймд уг шийдвэрүүдийг хүчингүй болгож, намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 12 дугаар сард ................... сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлаас багийн даргад нэр дэвшин олонхын санал авсан тул 2017 оны 01 дүгээр сарын 10-ны Б/02 тоот захирамжаар 2 дугаар багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Багийн иргэдийн нийтийн хурлаар дараагийн Засаг дарга тодроогүй байхад ................... сумын Засаг дарга ажлаас чөлөөлсөн учир ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгч Д.Бямбажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багийн иргэдийн нийтийн хурлаар нэр дэвшигч тодорч сумын Засаг даргад өргөн мэдүүлээгүй байхад ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Дуламсүрэн, О.Мөнхбат нар мөн адил энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан. ................... сумын Засаг даргын багийн Засаг дарга нарыг чөлөөлж, томилсон захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анх эдгээр хүмүүс нь нэг нэхэмжлэл гаргаж ирсэн байсан. Шүүхээс нэхэмжлэгч тус бүр нэхэмжлэл гарга гэсэн шаардлагын дагуу хүн тус бүр нэхэмжлэл гаргасан. Ингэхэд О.Мөнхбат тухайн үед байхгүй байсан учраас яг тэр нэхэмжлэл дээр гарын үсэг зураагүй. Харин сүүлд нэхэмжлэлийн зарим хэсэгт техникийн шинжтэй гарсан алдаа гарч зөрүүтэй байсан учраас О.Мөнхбат, Б.Солонго, Н.Амгаланбаатар нар тайлбар гаргаж шүүхэд өгсөн. Ингэхдээ өөрийн өмнө гаргасан нэхэмжлэлээ дэмжиж гарын үсэг зурсан байгаа. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нарын зүгээс багийн Засаг дарга нарыг чөлөөлсөн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй учраас захирамжийг хүчингүй болгуулж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага гаргасан. энэхүү шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг урьдчилан шийдвэрлэх байдлаар хийлгэх ёстой байсан. Захиргааны хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хүлээж авсан гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн албаны хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 8 дугаар тогтоол байгаа. Уг тогтоолын 19 дүгээр зүйлд хүний нөөцтэй холбоотой маргааныг Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд дээд шатны албан тушаалтан доод шатны албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох асуудал хүний нөөцтэй хамааралгүй гэдгийг тайлбарлаж өгсөн байгаа учраас дээд шатны Засаг даргад хандан шийдвэрлүүлэх зохицуулалт байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар багийн Засаг дарга нар 4 жилийн хугацаагаар сонгогдох учраас энэ хугацаанд чөлөөлөгдсөн гэдэг зүйл яригдаж байх шиг байна. Хуульд хэдийгээр ингэж заасан байгаа хэдий ч хуулийн ерөнхий зохицуулалт нь юу вэ? гэхээр багийн иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшиж гарч ирсэн хүнийг Засаг даргад өргөн мэдүүлнэ. Үүний дараа Засаг дарга томилох үүрэгтэй, эрхтэй. Томилохгүй бол 5 хоногийн дотор томилохгүй шалтгаанаа тодорхойлсон татгалзсан хариугаа хэлнэ. Дахин 14 хоногийн дотор нэр дэвшүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл энэ зохицуулалт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн нийтийн хурал хуралдаагүй байхад багийн Засаг даргыг чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн улс төрийн албан хаагчийг төрийн албаны хуулиар ажлаас чөлөөлөх асуудал төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй. Зөвхөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан. Үүний дагуу багийн иргэдийн нийтийн хуралд санал оруулж шийдвэрлүүлдэг журам байгаа. Багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэдэг ойлголт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан зохицуулалт байхгүй. Зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журам байгаа. Энэхүү журмаар ямар ямар тохиолдолд түр орлон гүйцэтгэх талаар тодорхой зааж өгсөн байгаа. Энэ хуульд төрийн албаны хуулийг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гээд хориглосон зохицуулалт хийсэн байна. Иймд ................... сумын Засаг даргын багийн Засаг дарга нарыг чөлөөлсөн захирамж хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаагүй тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тоот, сонсох ажиллагаа явуулаагүй тухай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот хавтаст хэргийн 33 тал, 37 талд авагдсан байгаа. Иймд багийн засаг дарга нарыг чөлөөлсөн захирамжуудыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар ажлаас чөлөөлсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Нөхөн олговрыг гаргахдаа Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн яам нийгмийн хамгааллын яамны хамтарсан тушаалаар дундаж цалинг бодох 2005 оны 5 дугаартай тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ журамд сүүлийн 3 сарын дундаж цалинг хувааж тооцохоор заасны дагуу тооцож үзэхэд эдгээр хүмүүс нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 80 хоног ажилгүй байгаа. Ингээд Н.Амгаланбаатарт 80 хоногт тохирох цалин 2956057 төгрөг, О.Мөнхбат 2955839 төгрөг, Ш.Дуламсүрэн 2971856 төгрөг, Б.Солонго 3010391 төгрөг, Д.Бямбажаргал 3070884 төгрөгний нөхөн олговор гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэгэнт багийн засаг дарга нарыг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй учраас тэдгээрийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж нь хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй  гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв. 

     Хариуцагч ................... сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь сумын Засаг даргын 2017, 2018 оны захирамжуудаар багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатай томилогдсон. Хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасныг үндэслэж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулахын тулд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус бүрд нь захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдлоо гаргах ёстой атал шууд шүүхэд гаргасан нь үндэслэлгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нар нь тэтгэмж авсан тохиолдолд маргаан гаргахгүй, цаашид ажиллах хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсний дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж тайлбар гаргасан. Шүүх хуралдаанд тайлбар байхгүй, өмгөөлөгч тайлбараа хэлнэ” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас гаргах тайлбар гэвэл 5 нэхэмжлэгчтэй үндсэндээ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу 4 жилийн хугацаагаар томилогдоод томилогдсон хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, нэхэмжлэгч талаас Засаг дарга нарт олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгочих гэсэн учир энэ маргаан үүсч тэтгэмжийг олгоод явсан байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн тэтгэмж анх ярьснаараа биш хангалтгүй байгаад нэмж нэхэмжлэл гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эдгээр хүмүүс нь шууд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тал дээр хуулийн зохицуулалтыг хангаагүй байна гэж харж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд дээд шатны байгууллагад хандахаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч нарыг шууд шүүхэд хандах талаар хуульд хуульчилсан зүйл байхгүй. Харин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой талаар зохицуулагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа аймгийн Засаг даргад хандаж сумын Засаг дарга үндэслэл бүхий шийдвэр гаргасан эсэх талаар хянуулалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өөрөө Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна гэж үзэж байна. Багийн Засаг дарга нь Улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан томилогдох, огцрох бүх асуудлыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын тухай хууль зохицуулсан. Төрийн албаны тухай хууль нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай хууль юм аа. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дэх заалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн байгаа. 2017 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл захиргааны акт өөрөө зорилгодоо нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах эрхийг олгосон хууль байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар багийн засаг дарга өөрийг нь ажлаас халсан, чөлөөлсөн тушаалд маргах тохиолдолд шууд шүүхэд хандах хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэж байгаа учраас тусгайлсан зохицуулалт байхгүй учраас үндсэндээ 5 багийн Засаг дарга, аймгийн Засаг дарга буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар дээд шатны засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.  

Гуравдагч этгээд нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өмнөх багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, ажлаас чөлөөлөгдсөн учир сумын Засаг даргад хүсэлт тавьж, тус тусын багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Бидний зүгээс өмнө нь ажиллаж байсан багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлөхөд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй болохыг үүгээр тайлбарлаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ................... сумын 2 дугаар багийн Засаг даргын ажлын үүргийг гүйцэтгээд өнөөдрийг хүртэл явж байна. Миний хувьд тайлбарлаад байх зүйл алга байна. Хамгийн гол нь багийн Засаг дарга нь сумын Засаг даргатай тохиролцож ажлаа өгөөд ажлаа хүлээлгэж өгсний үндсэн дээрээс би ажлаа авсан гэж ойлгосон. Өөр гаргах тайлбар байхгүй байна” гэв.

Гуравдагч этгээд М.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад тайлбар гээд байх зүйл үндсэндээ байхгүй байна. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ” гэв.

Гуравдагч этгээд Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Батзаяагийн гаргасан тайлбартай санал нэг байна” гэв.

Гуравдагч этгээд Ч.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргах “Тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн, Н.Амгаланбаатар, О.Мөнхбат, Б.Солонго, Д.Бямбажаргал нараас ................... сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дуламсүрэнг ажлаас чөлөөлөх тухай”, Б/13 дугаартай “Н.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/14 дугаартай “О.Мөнхбатыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/15 дугаартай “Б.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/16 дугаартай “Д.Бямбажаргалыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/17 дугаартай “Ж.Батзаяаг Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/18 дугаартай “Э.Даваажаргалыг Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/19 дугаартай “Б.Мөнгөншагайг Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/20 дугаартай “М.Энхтайваныг Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/21 дугаартай “Ч.Оюундэлгэрийг ................... багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх явцад иргэн Ж.Батзаяа, Э.Даваажаргал, Б.Мөнгөншагай, М.Энхтайван, Ч.Оюундэлгэр нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 68, 69, 70, 71, 72 дугаартай захирамжуудаар дээрх иргэдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Мөн нэхэмжлэгч нараас тус тусдаа ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч нь ижил байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу О.Мөнхбат, Ш.Дуламсүрэн, Б.Солонго, Д.Бямбажаргал нарын нэхэмжлэлээр үүсгэсэн хэргүүдийг Н.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэсэн байна.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч О.Мөнхбат, Ш.Дуламсүрэн, гуравдагч этгээд Э.Даваажаргал нарт мэдэгдсэн боловч тэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, эдгээр оролцогч нарт эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулсан, өмнө нь шүүхэд тайлбараа ирүүлсэн зэргийг харгалзан тэднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд харшлах зүйлгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “багийн иргэдийн нийтийн хурлаас шинээр багийн Засаг даргыг сонгож, томилуулах шийдвэр гараагүй байхад биднийг бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхэд халдсан” гэж

Хариуцагч талаас “багийн Засаг даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалтан тул анх томилогдсон бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуучин багийн Засаг дарга нарыг чөлөөлсөн, шинээр багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилохдоо багийн иргэдийн нийтийн хуралд багийн Засаг даргад өрсөлдөх хүмүүсийг өөрсөдтэй нь ярилцаж томилсон тул хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 92 -94 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх боломжтой байхад шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй, аймгийн Засаг даргад хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой” гэж маргажээ.

................... сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар[1] нэхэмжлэгч Н.Амгаланбаатарыг 3 дугаар /Агуйт/ багийн, О.Мөнхбатыг 4 дүгээр /Рашаант/ багийн, Б.Солонгыг 5 дугаар /Жаргалант/ багийн, Д.Бямбажаргалыг 6 дугаар /.................../ багийн Засаг даргаар тус тус, Ш.Дуламсүрэнг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар[2] 2 дугаар /Хужирт/ багийн Засаг даргын албан тушаалд томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нарыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12, Б/13, Б/14, Б/15, Б/16 тоот[3] сумын Засаг даргын захирамжуудаар үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн байна.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Ж.Батзаяаг Хужирт багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/18 дугаартай захирамжаар Э.Даваажаргалыг Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/19 дугаартай захирамжаар Б.Мөнгөншагайг Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр,  Б/20 дугаартай захирамжаар М.Энхтайваныг Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/21 дугаартай захирамжаар Ч.Оюундэлгэрийг ................... багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр[4] тус тус түр томилжээ.   

Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргад хандаж, хянуулах боломжтой тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч нар зөрчсөн гэж маргаж байгаа боловч Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоолын 18 дугаарт “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэр /захиргааны акт/-т хамаарахгүй” гэжээ. Энэхүү Монгол улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд дурдсан Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон боловч уг тогтоолд дурдагдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба энэ хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар аймгийн Засаг даргад хандах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч нарыг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болно.  

Нэг. “................... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дуламсүрэнг ажлаас чөлөөлөх тухай”, Б/13 дугаартай “Н.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/14 дугаартай “О.Мөнхбатыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/15 дугаартай “Б.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/16 дугаартай “Д.Бямбажаргалыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “бүрэн эрхийн хугацаа дууссан” гэж тодорхойлжээ. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол улсын Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заажээ. Хуулийн энэхүү заалт нь Засаг даргыг томилох асуудлыг зохицуулсан байна. Харин дээрх хуулийн дагуу томилогдсон Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийн шинээр сонгогдсон Засаг даргыг эрх бүхий албан тушаалтан батламжилж, Засаг даргаар томилсон шийдвэр гарснаар дуусна. Учир нь Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан ба дараагийн ээлжит сонгууль болох хугацаа 4 жил байдаг тул энэхүү орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурал, тус хурлаас сонгогдсон Засаг даргын албан үүргээ гүйцэтгэх ерөнхий хугацаа гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүн гарсны дараа шинээр сонгогдсон хүнд албан тушаалаа хүлээлгэн өгдөг улс төрийн албан тушаалтныг шинэ хүн сонгогдоогүй байхад дээрх 4 жилийн хугацааг барьж бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм. ................... сумын нийт зургаан багийн Засаг даргыг сонгох ээлжит багийн иргэдийн нийтийн Хурал 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа хийгдэх байсан боловч Улсын онцгой комисс болон ................... аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаатай уялдан цар тахлын улмаас хийгдээгүй байх ба Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж тус тус заасны дагуу багийн иргэдийн нийтийн Хурлыг зарлан хуралдуулах эрхийг тухайн багийн иргэдийн нийтийн Хурал эдлэхээр хуульчилсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлын талаар багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр тусгажээ. Гэтэл багийн иргэдийн нийтийн Хурлыг зарлан хуралдуулаагүй байх ба багийн Засаг даргыг чөлөөлөх, шинээр багийн Засаг дарга сонгох асуудлын талаар эрх бүхий Хурал хэлэлцэж, санал хураалт явагдаагүй, шинээр багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан хүн тодроогүй байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа багийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр /захиргааны акт/ - ийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг 4 жилийн хугацаагаар томилогдоод ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан үүрэгтэй хайнга хандсан гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актын үндэслэлд энэ талаар дурдаагүй байх ба багийн иргэдийн нийтийн Хурлаас багийн Засаг даргыг хангалтгүй ажилласан талаар сумын Засаг даргад ирүүлсэн баримт байхгүйн дээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нотлох баримтаа хариуцагч шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.    

Хоёр. “................... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай “Ж.Батзаяаг Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/18 дугаартай “Э.Даваажаргалыг Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/19 дугаартай “Б.Мөнгөншагайг Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/20 дугаартай “М.Энхтайваныг Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/21 дугаартай “Ч.Оюундэлгэрийг ................... багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “Монгол улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан ба энэхүү эрхээ эдлэх боломж нь ээлжит Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль түүний дотор анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргаа сонгох хэлбэрээр илэрдэг. Үүний дагуу багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш /50+1/ хувийн саналыг авч тухайн багийн Засаг даргаар ажиллахаар нэр дэвшсэн хүнийг сумын Засаг дарга батлаж, багийн Засаг даргаар томилдог. Багийн иргэдийн нийтийн Хурал нь тухайн багт оршин суух иргэдээс бүрдэх ба багийн Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох эрхийг хуулиар олгосон гэж ойлгоно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан байх бөгөөд багийн иргэдийн нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. 2020 оны ээлжит орон нутгийн сонгууль явагдсанаас хойш цар тахалтай холбогдуулан дээрх хуулийн дагуу багийн иргэдийн нийтийн Хурал хийгдээгүй, шинээр багийн Засаг даргыг сонгох ажиллагаа явагдаагүй болох нь хариуцагчийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/335 дугаар албан бичиг[5] болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна: 10.1.1. төрийн улс төрийн албан тушаал, 10.1.2. төрийн захиргааны албан тушаал, 10.1.3. төрийн тусгай албан тушаал, 10.1.4. төрийн үйлчилгээний албан тушаал” гээд 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэжээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:“ гээд 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтаас харахад багийн Засаг даргын албан тушаал нь улс төрийн албан тушаал байх бөгөөд сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, өөрчлөгддөг албан тушаал юм.

Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байх ба хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, гүйцэтгүүлэх талаар зохицуулсан зохицуулалт байна. Харин улс төрийн албан хаагчийн хувьд түүний албан үүргийг өөр этгээдээр орлон гүйцэтгүүлэх зохицуулалтыг хуульд тусгаагүй байх ба сонгуулийн үр дүнгээс шалтгаалж өөрчлөгддөг, иргэд, сонгогчдын саналаар томилогддог улс төрийн албан тушаалтны ажил үүргийг хэн нэгэн сонгогдоогүй этгээд түр орлон гүйцэтгэх боломжгүй юм. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд ................... сумын 2,3,4,5,6 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль болоогүй, багийн иргэдийн нийтийн Хурлаас хэн нэгнийг шинээр Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлээгүй байхад сумын Засаг даргаас дур мэдэн багийн Засаг дарга нарын үүрэгт ажлыг хэн нэгэнд хариуцуулахаар шийдвэрлэж, түр орлон гүйцэтгэгч томилсон нь үндэслэлгүй болжээ.  

Хариуцагч ................... сумын Засаг даргын нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн, Н.Амгаланбаатар, О.Мөнхбат, Б.Солонго, Д.Бямбажаргал нарыг ажлаас чөлөөлсөн болон гуравдагч этгээд Ж.Батзаяа, Э.Даваажаргал, Б.Мөнгөншагай, М.Энхтайван, Ч.Оюундэлгэр нарыг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон маргаан бүхий захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан байх бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 /Засаг дарга, түүнийг томилох/ дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гарсан шийдвэр /захиргааны акт/ байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдэж, захирамжийн төслийг танилцуулж, нэхэмжлэгч нараас нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьсан талаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар[6]-т дурдсанаас харахад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан ажиллагааг хийж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.  

Гурав. “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд: ................... сумын Засаг даргын нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн, Н.Амгаланбаатар, О.Мөнхбат, Б.Солонго, Д.Бямбажаргал нарыг ажлаас чөлөөлсөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12, Б/13, Б/14, Б/15, Б/16 дугаартай захирамжууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд багийн Засаг дарга нарыг чөлөөлөх шийдвэр /захиргааны акт/ гаргах урьдчилсан нөхцөл үүсээгүй, хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Ш.Дуламсүрэнг 2 дугаар багийн буюу Хужирт багийн Засаг даргын, Н.Амгаланбаатарыг 3 дугаар багийн буюу Агуйт багийн Засаг даргын, О.Мөнхбатыг 4 дүгээр багийн буюу Рашаант багийн Засаг даргын, Б.Солонгыг 5 дугаар багийн буюу Жаргалант багийн Засаг даргын, Д.Бямбажаргалыг 6 дугаар багийн буюу ................... багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн /хөдөлмөрлөх/ эрхийг сэргээх нь зүйтэй байна.

Дөрөв. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагын тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар хөдөлмөрлүүлж болохгүй”, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж тус тус заажээ. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин, хөлс тодорхойлох журам” ын 7-ийн “а”-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнгээр тооцож, тэдний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[7], цалингийн карт[8]-д үндэслэн нийт 80 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд буюу сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаас тооцон бодвол:

нэхэмжлэгч Ш.Дуламсүрэнд нийт цалин 2.362.696 /3 сар = 787.565 /дундаж цалин/, 787.565 / 21.2 = 37.149 /1 хүн өдрийн хөлс/,  37.149*80 = 2.971.920 /хоёр сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөг,

 нэхэмжлэгч Н.Амгаланбаатарт нийт цалин 2.351.656 /3 = 783.885 /дундаж цалин/, 783.885 /21.2=36.975 /1 хүн өдрийн хөлс/, 36.975*80 = 2.958.000 /хоёр сая есөн зуун тавин найман мянган/ төгрөг,  

нэхэмжлэгч О.Мөнхбатад нийт цалин 2.349.892 /3 = 783.297 /дундаж цалин/, 783.297 /21.2=36.948 /1 хүн өдрийн хөлс/, 36.948*80 = 2.955.840 /хоёр сая есөн зуун тавин таванмянга найман зуун дөчин/ төгрөг, 

нэхэмжлэгч Б.Солонгод нийт цалин 2.393.261 /3 = 797.754 /дундаж цалин/, 783.885 /21.2=37.630 /1 хүн өдрийн хөлс/, 37.630*80 = 3.010.400 /гурван сая арван мянга дөрвөн зуун/ төгрөг, 

нэхэмжлэгч Д.Бямбажаргалд нийт цалин 2.441.353 /3 = 813.784 /дундаж цалин/, 813.784 /21.2 = 38.386 /1 хүн өдрийн хөлс/, 38.386*80 = 3.070.880 /гурван сая далан мянга найман зуун наян/ төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэсний дагуу Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг дээрх хуульд зааснаар сумын Засаг дарга хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт 14967040 /арван дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга дөчин/ төгрөгийг ................... сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн, О.Мөнхбат, Б.Солонго, Д.Бямбажаргал нарын нэхэмжлэлээр үүгэсэн захиргааны хэргийг Н.Амгаланбаатарын нэхэмжлэлээр үүсгэсэн хэрэгт нэгтгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тус тусдаа улсын тэмдэгтийн хураамж төлснийг нэгтгэн, 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт 14.040 /арван дөрвөн мянга дөчин/ төгрөг, илүү төлөгдсөн 280.800 /хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт 56.160 /тавин зургаан мянга нэг зуун жаран/ төгрөг олгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтыг тус тус баримтлан ................... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дуламсүрэнг ажлаас чөлөөлөх тухай”, Б/13 дугаартай “Н.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/14 дугаартай “О.Мөнхбатыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/15 дугаартай “Б.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/16 дугаартай “Д.Бямбажаргалыг ажлаас чөлөөлөх тухай”, Б/17 дугаартай “Ж.Батзаяаг Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/18 дугаартай “Э.Даваажаргалыг Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/19 дугаартай “Б.Мөнгөншагайг Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/20 дугаартай “М.Энхтайваныг Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, Б/21 дугаартай “Ч.Оюундэлгэрийг ................... багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Дуламсүрэнг Хужирт /2/ багийн Засаг даргын, Н.Амгаланбаатарыг Агуйт /3/ багийн Засаг даргын, О.Мөнхбатыг Рашаант /4/ багийн Засаг даргын, Б.Солонгыг Жаргалант /5/ багийн Засаг даргын, Д.Бямбажаргалыг ................... /6/ багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 80 өдрийн цалинтай тэнцэх олговор 14967040 /арван дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга дөчин/ төгрөгийг  ................... сумын Засаг даргаас гаргуулан Ш.Дуламсүрэнд 2971920 /хоёр сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөг, Н.Амгаланбаатарт 2958000 /хоёр сая есөн зуун тавин найман мянган/ төгрөг, О.Мөнхбатад 2955840 /хоёр сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөчин/ төгрөг, Б.Солонгод 3010400 /гурван сая арван мянга дөрвөн зуун/ төгрөг, Д.Бямбажаргалд 3070880 /гурван сая далан мянга найман зуун наян/ төгрөгийг тус тус олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 14040 /арван дөрвөн мянга дөчин/ төгрөгийг, төрийн сангаас 280800 /хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч тус бүрт 56160 /тавин зургаан мянга нэг зуун жаран/ төгрөгийг олгосугай.  
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар болон тэдний өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 

[1