Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2020/03072/И |
Дугаар | 001/ХТ2021/01059 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01059
Ж.Баасанчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2418 дугаар магадлалтай,
Ж.Баасанчимэгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр Ж.Баасанчимэгээс 17,686,158 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Ж.Баасанчимэг миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205017183 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14Б-60 тоот байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 38,500,000 төгрөгөөр үнэлсэнд их гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж харьцуулан бодит үнийг тогтоогоогүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлгээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 1 орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 60-80 сая төгрөгийн үнэ ханштай байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14Б-60 тоот байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 38,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул4ийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Ж.Баасанчимэг болон төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасны дагуу Мөнх Оргил Трейд ХХК-д шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход тухайн орон сууцыг 55,000,000 төгрөгөөр үнэлж, талуудад 2020.06.25-ны өдрийн 4-154/24142, 4-154/24143 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 55,000,000 төгрөгийн 70 хувь буюу 38,500,000 төгрөгөөр дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020.09.06-ны өдөр оруулахад 41,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар 2020 оны 4/154-30430, 4/154-30431 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...нэхэмжлэгчийн орон сууцыг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч орон сууцыг 60,000,000 төгрөгийн үнэтэй гэж хэлдэг бөгөөд өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан боловч орон сууц зарагдаагүй. Мөн нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2020/11832 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2418 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг миний бие нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь миний өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн болох нь миний шүүхэд гаргаж өгсөн баримтаас нотлогдож байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр эрх ашиг нь хөндөгдсөн иргэнийг шүүх хохироож хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Миний энэхүү маргаан бүхий өөрийн орон сууцны үнэлгээг хамгийн багадаа 60-80 төгрөг болно гэж бодож байна. Гэтэл энэ орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй бага үнээр буюу 38,500,000 төгрөгөөр тооцон дуудлага худалдаанд оруулж байгаа нь иргэн намайг хохироосон үйлдэл байна. Мөн миний бие нь Ориент инвест ББСБ ХХК-д шүүхийн шийдвэр гарснаас хойш өөрийн боломжоороо 3,500,000 төгрөгийн төлөлт хийсэн цаашид ч бас төлөлт хийнэ гэдгээ илэрхийлсэн . Шүүгч энэ талаар ямар нэгэн тайлбарыг өгөөгүй. Бас түүнчлэн миний эд хөрөнгийг 38,500,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлэгдсэн болохыг шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн тайлбараас нотлогддог. Тухайн орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулахад шууд зарагдсан нь үүнийг нотолж байна. Мөн дуудлага худалдаанд оролцуулаагүйд гомдолтой байгаа. Хэрвээ анхны дуудлага худалдаанд зарагдахгүй бол 2 дахь шатны дуудлага худалдаанд оруулдаг. 2 дахь шатны дуудлага худалдаагаар бус анхны дуудлага худалдаагаар зарагдсан нь үүнийг нотолж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед байр орон сууцны худалдаа битгий хэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт буурсан үед энэхүү орон сууц анхны дуудлага худалдаагаар борлогдсон нь зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн болохыг нотолж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг ганцхан шалтгаанаар бусдын өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа үйлдлийг шүүх зөвтгөж байгаад гомдолтой байна. Монгол Улсын Дээд шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд иргэн хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа үйлдлийг зогсоож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, шинжээч хуулийн дагуу үнэлгээ тогтоосон гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ориент инвест ББСБ ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...нэхэмжлэгч шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ...нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар захирамжаар Ж.Баасанчимэг нь Ориент инвест ББСБ ХХК-д 17,493,250 төгрөг төлөх үүрэгтэй болсон, уг шүүгчийн захирамжид төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар заасан, Ориент инвест ББСБ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлүүлэх албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тогтоогджээ.
Дээрх ажиллагааны явцад Ж.Баасанчимэгийн өмчлөлийн барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 60 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна.
Анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч /өмчлөгч/, төлбөр авагч нар харилцан тохиролцож тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүйгээс шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх ба Ж.Баасанчимэгт үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, түүний 2020.06.29-ний өдөр гаргасан орон сууцыг өөрөө худалдан борлуулах хүсэлтээр 1 сарын хугацаа олгосон үйл баримтыг шүүх тогтоож, нэхэмжлэгч 2020.09.02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасныг 55.7-д заасан ...үнэлгээний талаарх гомдлоо... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэснийг зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.
Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргийг хүлээх ба шүүхэд баримт гаргаагүй байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2418 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 хороо, 10 хороолол, 14б байр 60 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэ тогтоосон Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 78/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ