Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01129

 
 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02301 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2102 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******

 

нэхэмжлэл: хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хувьцаа эзэмших эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар 2020.01.13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч*******, нарийн бичгийн даргад Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* миний бие 2012.01.31-ний өдөр Кан повер монголия энтерпрайс ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани дээр эхлүүлсэн бизнесээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул иргэн*******аас хөрөнгө оруулалт хүсч, хамтран ажиллах болсон.******* нь компанийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдан авъя гэсэн санал тавьж, миний ср[email protected] гэх и-мэйл хаягт хувьцаа худалдаж авах тухай гурван гэрээний төслийг боловсруулан ирүүлснийг нь харилцан ярилцаж, амаар хүлээн зөвшөөрч, 2012.06.27-ны өдөр 70 хувийн хувьцаагаа*******т хуулийн дагуу шилжүүлэн өгсөн юм. Энэ нь цэвэр итгэлцлийн зарчим дээр хийгдсэн гэрээ байсан.******* нь компанийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээний төсөл илгээсэн ч тэр өдөр чиний хувьцааг өндөр үнээр худалдан авч байгаа учраас чамайг хувьцаагаа яг шилжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр эхэлж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, улсын бүртгэлд нэрээ бүртгүүлээд, чамайг хувьцаагаа шилжүүлсний дараа буюу би энэ компанид албан ёсоор бүртгүүлж орсныхоо дараа 200,000 ам.доллараа данс руу чинь шилжүүлье гэж итгэлтэйгээр хэлсэн тул түүнд нь итгэж, 70 хувийнхаа хувьцааг шилжүүлсэн. Гэтэл******* нь энэ аман хэлцлийнхээ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Түүнчлэн******* нь нотариатаар баталгаажуулсан хувьцаа шилжүүлэх гэрээний үнийн төлбөр болох 700,000 төгрөгөө ч мөн өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2012.06.27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс хувьцаа ******* миний бие Иргэний хуулийн 205.1-р татгалзаж дээрх гэрээг цуцалж байна. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд бидний байгуулсан гэрээ нь хиймэгц биелэгдэх шинжтэй гэрээ буюу хариуцагч гэрээ байгуулагдмагц хамгийн багадаа 700,000 төгрөгийг худалдагч тал болох ******* надад шилжүүлснээр гэрээ биелэгдэх ёстой байсан. Миний зүгээс*******т гэрээний болон аман хэлбэрээр тохирсон хувьцааны үнээ төлөхийг удаа дараа шаардсан боловч сүүлдээ миний ээж Б.Хишигжаргалыг эрүүгийн хэрэгт гүтгэх, улмаар их хэмжээний төлбөр нэхэмжлэх зэрэг байдлыг олон жилийн турш гаргаж, миний гэрээгээр шилжүүлсэн хувьцаагаар олж авсан компанийн засаглалын эрхээ бидний эсрэг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгийг завшиж, итгэл алдсан үйлдэл гаргах болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчтай байгуулсан 2012.06.27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан татгалзах эрхийн дагуу уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлуулах эрхээ эдэлж байна. Иймд *******,******* бидний байгуулсан 2012.06.27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж,*******т гэрээгээр шилжүүлсэн 70 хувийн хувьцаагаа эзэмших эрхийг минь сэргээж, Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хариу тайлбар гаргахаас өмнө шүүх энэхүү маргаантай холбоотой асуудалд ойлголт аваасай гэсэн үүднээс дараах ерөнхий тайлбарыг хүргэж байна. 2012 оны хавар миний найз Н.Цогт гэж хүн өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа *******, түүний ээж Б.Хишигжаргал нарыг надад танилцуулсан юм. Уулзаад ямар асуудлын талаар хөрөнгө оруулалт, хамтран ажиллах талаар сонирхож байгааг нь сонсоход тээврийн хэрэгслийн шатахуунд хольж зардаг нано шингэнийг гадаад улсаас оруулж ирж автоплаза төв дээр лангуу түрээсэлж зарж борлуулах жижиглэнгийн худалдааны талаар олж танилцуулж байсан. Тухайн үед миний бие ийм төрлийн бизнес эрхэлдэггүй, мөн жижиглэнгийн худалдааг огт танихгүй хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж нөхцөл байдлаа хэлж тайлбарласан. Гэтэл *******, Б.Хишигжаргал нар нь манай ажлын гадаа өдөр болгон шахуу зогсож хүлээн, ажил тарахад амдаж ирээд уулзаж энэ л асуудлаа дахин дахин ярьж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх талаар ятгадаг байсан. Миний бие сүүлдээ ээж, хүү хоёрыг өрөвдөж, яригдаад байгаа бүтээгдэхүүнийг нь товчхон судалж ойлголт авсан. Ингээд лангуун дээр жижиглэнгээр худалдаалдаггүй юмаа гэхэд Монгол Улсад оруулж ирээд борлуулалт хийхэд бензиний шаталт сайтай, тээврийн хэрэгсэлд эвдрэл багатай, эдийн засгийн хувьд иргэдэд хэмнэлттэй бүтээгдэхүүн гэдгийг ойлгож хамтран ажиллах саналыг хүлээж авсан. Энэ үед Кан повер монголия энтерпрайс" ХХК 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай. Үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, татварт X тайлан гаргадаг, аж ахуй нэгжийн ямар нэгэн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь 100 хувь *******ын нэр дээрх хуулийн этгээд байсан юм. Ингээд миний бие 2012.06.27-ны өдөр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай компанийн 70 хувийн хувьцааг нь 700,000 төгрөгөөр худалдан авч, ******* нь ээж Б.Хишигжаргалдаа 30 хувийн хувьцаагаа шилжүүлэн би гүйцэтгэх захирлаар, ээж нь санхүү хариуцсан захирлаар томилогдож, өөрөө энэ компаниас бүрэн гарсан болно. Тухайн үед хувьцаа худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, миний бие бэлэн боодолтой 1,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг өөртөө авч үлдээд 700,000 төгрөг нь 70 хувийн хувьцааны үнэ, 100,000 төгрөг нь улсын бүртгэлд бүртгүүлэх тэмдэгтийн хураамж бусад зардалдаа хэрэглээрэй гээд нийт 800,000 төгрөгийг өгч явуулж байсан. Мэдээж ямар ч эрүүл ухаантай хүн үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, хов хоосон ямар нэгэн үйл ажиллагаа нь тогтворжоогүй, ашиг олдоггүй компанийг 200,000 ам.доллараар худалдаж, хэзээ, ямар ашиг олно гэж тооцоолхов. Энэ бол дэндүү бодит байдалд нийцээгүй нэхэмжлэлийн үндэслэл болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ биз ээ. *******ын ээж Б.Хишигжаргал нь 2012.06.27-ны өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу мөн оны 7 сарын 05-ны өдөр******* надаас хувийн зорилгоор ашиглах үүднээс хүүгүйгээр 30,000 ам.доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж, гэрээ байгуулан авчихаад эргүүлж өгөөгүй байгаа баримтууд нь одоо ч надад хадгалагдсан хэвээр байна. Хэрэв би *******аас 70 хувийн хувьцааг нь аваад 700,000 төгрөгийг огт өгөөгүй, бүр 200,000 ам.доллараар худалдаж авна гэсэн бол ээж, хүү хоёр надад хувьцаагаа шилжүүлээд 8 хоногийн дараа хувьдаа хэрэглэнэ гэж 30,000 ам.доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж авах байсан уу. Би 700,000 төгрөгийг төлөөгүй байж тэр хүмүүстэй 30,000 ам.доллар зээлэх үү. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодсон авцалдаа, логикгүй зүйл ярьж 7 жилийн дараа өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний бие хувьцаатай болсноор тухайн бүтээгдэхүүнийг бүрэн судлах. Монгол Улсын томоохон хуулийн этгээдүүдэд туршилт хийх, хөрөнгө санхүүжилт, мөн бизнесийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллахын тулд өөрийн хувьцаанаас тодорхой хэсгийг 2012.07.27-ны өдөр бусдад шилжүүлж, компанид хөрөнгө оруулалт босгож эхэлсэн. Ингээд туршилтууд амжилттай явагдаж, бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ ч байгуулагдаж эхэлсэн. Тухайн үед 70, 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд миний бие гэрээнд гарын үсэг зурж, явуулснаар улсын бүртгэлийн бусад асуудалд оролцоогүй юм. Гэтэл Б.Хишигжаргал, ******* хоёр нь улсын бүртгэлийн гадаа хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, бүртгүүлж өгдөг хувь хүмүүсээр хийлгэсэн байдаг бөгөөд компанийн дүрмэнд Б.Хишигжаргалын ч, миний ч гарын үсгийг тухайн хүмүүс нь орлуулж зураад бүртгүүлсэн байсныг миний бие хожим мэдсэн юм. *******, Б.Хишигжаргал нар нь 2012.07.27-ны өдөр надад хувьцаагаа шилжүүлчихээд 7 сард намайг бизнесийн төслөө боловсруулж, хөрөнгө оруулалт босгож эхлэхэд ийм байдлаар мөнгө олох боломжтой юм байна гэдэг өнгөцхөн ойлголт авч, БНХАУ-ын Тайвань улсын J WELL international компанийн нэрийг орчуулан монгол гэсэн үг оруулан надад мэдэгдэлгүй мөн оны 8 сард дахин Жим вэйл монголия интернейшнл" ХХК-ийг үүсгэн байгуулан эрхээ шилжүүлж, авахаар санаархаж байсныг би бүх зүйл болоод өнгөрсний дараа мэдсэн юм. Мөн түүнчлэн Кан повер монголия энтерпрайс ХХК-ийг 2012.01.01 сард үүсгэн байгуулаад мөн оныхоо 02 сарын 13-ны өдөр ******* нь Б.Хишигжаргалд хуулийн эдгээдийн харилцагч банкинд компанийг төлөөлж, нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийж өгснийгөө надад мэдэгдэлгүй, 70 хувийн хувьцаагаа шилжүүлснээс хойш компани тамга тэмдэг, гэрчилгээ, бусад бичиг баримтыг авч явах хүртлээ санхүүгийн баримтад ажлын байран дээр надаар нэгдүгээр гарын үсэг зуруулан яваад банкинд огт ашиглалгүй өөрийнхөө гарын үсгээр компанид мэдэгдсэн, мэдэгдээгүй гүйлгээ хийдэг байсныг компанийн хувьцаа эзэмшигч нар сүүлд мэдсэн юм. Энэ үетэй зэрэгцэн Батсайхан 100,000 ам.доллараа өгчөөд хувьцаагаа шилжүүлж авч чадаагүй байхад нь Б.Хишигжаргал өөрөө нууцаар дистрибьютрийн эрхийг өөрийн дахин үүсгэн байгуулагдсан компанид шилжүүлэн авч Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн төслийг зогсоосныг сонсоод цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Түүнээс биш миний бие хувь хүнийхээ үүднээс болон Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд *******, Б.Хишигжаргал хоёрын энэ залилан мэхэлж, завшсан үйлдлүүдэд нь нэг удаа ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин Б.Батсайханы гомдол болон өөрсдийнх нь гаргасан компанийн дүрмэнд гарын үсэг хуурамчаар зурсан гэх зэрэг үндэслэлгүй гомдлуудтай нь холбогдуулан тухайн үед гүйцэтгэх захирал байсныхаа хувьд сүүлийн хэдэн жил шалгагдаж, миний бие гэм буруугүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон болно. Гэтэл аль 2012 онд байгуулагдсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээний асуудлыг өнөөдөр ярьж эрүүгийн хэргээр шалгагдаж хэрэгсэхгүй болсон болон иргэний шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг эс тооцон нэхэмжлэл гаргасан байна. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02301 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч*******ын өмчлөлөөс Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн 37 хувийн энгийн хувьцааг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн 37 хувийн энгийн хувьцааг*******ын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, *******ын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс Кан повер монголия энтерпрайс ХХК-ийн 33 хувийн энгийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж,*******аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2102 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн буюу ИХ-ийн 75.2.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгосон байна. Давж заалдах шатны шүүх гомдлыг 2019.12.13-ны өдрийн 2102 тоот магадлалаар ИХШХШТХ-ийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалыг хянавал хэсгийн 5 дахь догол мөрт БЗД-ийн Прокурорын газраас ирүүлсэн 74-дугаартай, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хэдэн оны тогтоол болох нь тодорхой бус байна. /хх-ийн 126-р тал/ Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон огноо тодорхойгүй байх тул нэхэмжлэгч ******* нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжийг хэн хаанаас ямар журмаар бүрдүүлсэнд бодиттой дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Хувьцаа нь төрлийн шинжээр тодорхойлогддог эд хөрөнгө, эсхүл зах зээлд эргэлтэнд орж буй биет төгрөг, валют, үнэт цаас биш бөгөөд Компанийн тухай хуулийн 3.2.Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй, мөн хуулийн 32.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд[5] заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж хувьцааг эдийн бус эрх болохыг тодорхой хуульчилсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай зэрэг хуулиудыг хэрэглэж компанийн хувьцааг эд эсхүл эдийн бус эрх болох талаар хууль зүйн дүгнэлтийг өгөх ёстой байсан бөгөөд ийнхүү дүгнэлт гаргасны дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хууль зүйн зохицуулалтуудын аль хэм хэмжээг хэрэглэх талаар дүгнэлтийг хийсэн бол магадлал хууль ёсны бөгөөд үнэн зөв болох байсан. Компанийн тухай хуулийн 3.2,32.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1.Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна, 5.2.1 .хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа дэхь хэсгүүдийг үндэслэн Иргэний хуулийн 74.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэх хуулийг заавал хэрэглэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг хохироход хүрч байна. Гэтэл магадлалд Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон огноо тодорхойгүй байх тул нэхэмжлэгч ******* нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 74.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн болохыг харуулах ба нөгөө талаар Иргэний хуулийн 75, 78, 79-р зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Хариуцагч анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтайгаар ямар нэгэн татгалзал гаргаагүй түүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба энэ талаар маргаагүй үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй бас хариуцагч Иргэний хуулийн 75.2.1-ийг үндэслэл болгон хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарласан байна. Талууд хооронд хийгдсэн хувьцааг худалдах худалдан авах гэрээ нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх хувьцаа гэх биет бус эрхийг шилжүүлэхтэй холбоотой асуудал бөгөөд тухайн үед гэрээ хэрэгжиж нэхэмжлэлийн шаардлага болсон хувьцаа хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэнээр гэрээний харилцаа дуусгавар болж хувьцаа гэх эдийн бус хөрөнгийг эзэмших эрхтэй холбоотой маргаан үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно. Нотлох баримтуудыг БЗД-ийн Прокурорын газраас шүүхийн журмаар татан авсан бичгийн нотлох баримтууд байсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх бүрэн боломжтой болно. Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж болон баримтыг хүргүүлсэн албан тоотууд хэрэгт авагдсан болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.06.28-ны өдөр*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хувьцаа эзэмших эрхийг сэргээхийг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа ...хэрэгт буй баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна... гэсэн үндэслэл заажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т нийцээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй, эрх ашиг нь зөрчигдөж болох этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлээгүй нь дутагдалтай болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад этгээдийг татан оролцуулах эсэхийг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 145,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД