Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2019/00174/И |
Дугаар | 135/ШШ2019/00384 |
Огноо | 2019-04-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2019/00384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00174/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, харилцах утас ......, *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******аранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* цогцолбор сургуулийн захирал Ж.М-н 2018.05.08-ны өдрийн ******* тоот тушаалаар халсныг тус шүүхийн 2018.08.09-ний өдрийн 861 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн ******* захирлын ******* тоот тушаалын дагуу ажилд эгүүлэн томилогдон ажиллаж байсан ба 2018.12.20-д Холбооны бүгд найрамдах Герман улсад явах шаардлага гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1-д заасан мөн сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-аас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын чөлөө хүсч, 2018 оны 12 дугаар сарын 15-18-ны хооронд нягтлан бодогч Б.О-д ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иртэл захирал Ж.М чамаар ажил хийлгэхгүй, өөр хүн авсан бас халах тушаал өгөхгүй, чи шүүхдээд ордог биз дээ гэж хэлсэн. Сургуулийн хүүхдийн амралт сунгагдаад ажил бага байгаа болохоор бас надад халах тушаал өгөөгүй болохоор ажилдаа эргээд орох байх гэж бодож байтал удаа дараагийн уулзалтад шүүхээр шийдүүлбэл шийдүүл гэж хэлсээр ирсэн. Цаг хугацаа явж намайг ажлаас халаагүй бас ажлын байраар хангалгүй хохироож байгаа тул намайг ажлын байраар хангаж чөлөөтэй байсан хугацаанаас бусад ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг бодож олгох ба эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.М, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* нь тус шүүхэд ажлаа үргэлжлүүлэн хийх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх гомдол гаргасныг эс зөвшөөрч байна.
Учир нь ******* нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус сургуульд няравын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирлын А/28 тоот тушаалаар томилогдсон тооллогын комисс нь сургуулийн эд хөрөнгөд тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хөтлөөгүй, данс бүртгэлийг шинэчлээгүй, мөн хүнсний агуулахад тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн цахим програмын хүнсний материалын дансны үлдэгдэл мөнгөн дүнгээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 10 878 854 төгрөгийн хүнсний материал дутсан байсныг илрүүлэн захиралд танилцуулж, нябо нарт богино хугацаанд өр төлбөрийг барагдуулахыг сануулсан байдаг.
******* нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа ирээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй, мөн албан ёсны чөлөө авалгүйгээр гадаад явж байгууллагын жилийн эцсийн тайлангийн үеэр үүрэгт ажлаа биелүүлээгүй болно. Тайлан мэдээг хоцроож зарим хүнсний болон аж ахуйн тайланг бид бүхэн өөрсдөө нөхөн хийж мэдээ тайлангаа гаргаж байсан. Ингээд ажилдаа огт ирэхгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирж өөр ажилд шилжин ажиллах, ажилгүйдлийн тэтгэмж авах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн тушаал хүсч, захирлын ******* тоот тушаалыг авч явсан. ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 861 тоот шийдвэрийг үндэслэн ******* захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа бараа материалын болон хүнсний тайлангуудыг хугацаанд нь тайлагнаж нягтлан бодогчоор хянуулаагүй байна. ******* нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Герман улс руу аялах болсон тул 1 сарын чөлөө хүсч өргөдөл бичсэн өргөдлийн хариуд нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот албан бичгээр нягтлан бодогч солигдож байгаа болон хүнсний 9, 10, 11, 12 дугаар сарын тайлан хийгдээгүй, хянагдаагүй байгаа ба жилийн эцсийн тооллого, мэдээ тайлан хийхэд нярав зайлшгүй байх шаардлагатай тул 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл чөлөө олгохгүйг мэдэгдсэн.
Ингээд ******* нь “би чөлөө өгсөн ч явна, өгөөгүй ч явна гэдгээ чамд болон захиралд хэлсэн” гээд өөрийн дутаа хийсэн хүнсний тайлангуудаа хянуулахгүйгээр нягтланд орхисон ба бараа материалын болон аж ахуйн тайланг 9, 10, 11, 12 саруудын тайланг огт өгөөгүй бөгөөд хүнээр хийлгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгөөд явуулна гээд санхүүгийн анхан шатны баримт болох шаардах хуудсууд, зарлага, орлогын баримтуудыг авч явсан. Мөн нягтлан Б.О-д гэсэн өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагт агуулахуудын түлхүүрүүдийн хамт нягтлангийн ширээн дээр орхиод нөхрийн хамт явсан.
******* нь санхүүгийн анхан шатны баримтуудыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авч яван жилийн эцсийн тайлан өгөх хугацааг хоцроож, тус сургуулийн нягтлан бодогч болон аудитын газраас удаа дараа баримт нэхсэн боловч өгөхгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгч, нөхөн тайлан хийснийг аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. ******* нь өөрийн хувийн ажлыг урьтал болгож, төрийн ажлыг өөрт хамаагүй мэтээр ойлгож, бусдыг элдвээр доромжилж, бусдыг алдаатай мэтээр ойлгуулж, өөрөө алдаагүй мэтээр худал мэдээллийг өгч ёс зүйгүй авирладаг нэгэн.
Иймээс *******-ын Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ....дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ажлаа орхиод явсан, ажилд орох хүсэлтээ өгвөл шийдвэрлэх боломжтой байхад хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ... 2018 оны 12 сард сургуулийн захирал Ж.М-д ХБНГУ-д явах шаардлагатай байгаагаа амаар хэлэхэд болно гэж зөвшөөрсний дагуу материалаа бүрдүүлсэн, виз гарсны дараа чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ өгөхөд боломжгүй талаар албан бичгээр хариу өгсөн. Өмнө нь зөвшилцсөн байсан тул нэг өрөөнд суудаг нягтлан Б.О-д ажлаа хүлээлгэн өгсөн, чөлөөний хугацаа дуусч 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ажлаа үргэлжлүүлэн хийхээр ирэхэд нярав ажилд авсан байсан. Ажлаас чөлөөлсөн бол тушаал шийдвэрээ гаргаж өг гэхэд гаргахгүй гэж амаар тайлбар өгсөн тул энэ өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж тодорхойлсон болно.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 861 дугаартай шийдвэрээр *******-н нэхэмжлэлтэй Дархан сумын Э цогцолбор сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******-ыг Э цогцолбор сургуулийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Э цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 1 268 936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Дархан сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаалаар *******-г ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ руу дүүгийн урилгаар аялах болсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, байгууллагын Дотоод журмын 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай чөлөө хүссэн өргөдлийг сургуулийн захирал Ж.М-д хүлээлгэн өгсөн байх бөгөөд тус сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаартай албан бичгээр чөлөө олгохгүй болохыг мэдэгдэж, албан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан болох нь хэрэгт авагдсан ирсэн, явсан бичгийн дэвтэр, шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан албан бичиг хүлээлгэн өгөх баримт, *******-н өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь нягтлан бодогч Б.О-д чөлөө аваад явах гэж байгаа үндэслэл дурдаж, хүнсний агуулах, аж ахуйн агуулах, 2018 оны 9, 10, 11, 12 сарын хүнсний бараа материал, дотуур байр, үдийн цайны тайланг хүлээлгэн өгч үлдэгдэл тайлангуудыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүлээлгэн өгөхөөр өөрийн гарын үсэг зурж баримт үйлдсэн, мөн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл баримтуудыг нягтлан Б.О-д хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Буянт ухаа боомтоор гарч 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн байх бөгөөд энэ хугацаанд ажил тасалснаар тооцож бүртгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт хүлээн авсан протокол, *******-н нягтлан Б.О-д гаргасан өргөдөл, баримт хүлээлгэн өгсөн тайлбар, / хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.О-ы шүүх хуралд өгсөн тайлбар, гадаадад зорчигчийн даатгал, гадаад паспортын хуулбар, Ажлын цаг ашиглалтын бүртгэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан, 38.1.2-т зааснаар ажил олгогч санаачилсанаар цуцална гэж зохицуулсан байна.
Нэхэмжлэгч ******* нь ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй гэж маргаж байгаа боловч чөлөө олгоогүй болохыг мэдсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нягтлан Б.О-д ажил хүлээлгэн өгсөн гэж нотлох баримт ирүүлж, тайлбар гаргаж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар ажлаас халагдсан өдөр буюу хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан өдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл ажлаас гарч буй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа нь уг ажилтан ажлаас хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрөөр дуусгавар болох бөгөөд ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн Дархан сумын .... дугаар сургуульд холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 18-ны ажилдаа ирэхэд өөр хүн авсан байсан, халагдсан тушаал гаргаж өгөөгүй тул энэ өдрөөс ажлаас халагдсанд тооцсон гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Э цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/28, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/47 тоот, Дархан-Уул аймгийн Э цогцолбор сургуулийн тавилга, тоног төхөөрөмж, аж ахуйн эд хогшил, хүнсний хэрэглээний бараа материалыг тоолсон тухай тооллогын комиссын тайлан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны Сургуулийн дотоод хяналт шалгалтын нэгжийн комиссын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/44 тоот Жилийн эцсийн тооллогын комисс томилох тухай тушаал, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр согтуурлын зэрэг шалгасан талаарх гэрэл зураг, санхүүгийн аудитын тайлан зэрэг нотлох баримтууд нь дээрх үйл баримтаас өмнө буюу хойно бий болсон баримтууд байх бөгөөд хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* нэхэмжлэлтэй Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА