Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00982

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 04 сарын 24 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00982

                  Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: О-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У-д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд 69.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч У, нарийн бичгийн дарга Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн өмчлөлийн байрыг Ц.С-д барьцаалж, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээлж аваад У-д өгсөн, мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийг Ц.С-ос зээлж аван У-д өгсөн. У- нь уг мөнгийг орон сууцаа томруулна гэж авсан. Ингээд би Ц.С-ос нийт 35.000.000 төгрөг зээлсэн бөгөөд үндсэн зээлээ төлж чадаагүй тул алданги 17.500.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, нийт 69.700.000 төгрөгийн барьцаанд өөрийн байрыг шүүхийн шийдвэрийн дагуу хураалгасан. Иймээс У-ас 69.700.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, би Ц.С-оос авсан 35.000.000 төгрөгийг У-д буцаан өгөх нөхцөлтэйгээр хугацаагүй зээлдүүлсэн тул У-д зээлдүүлсэн 35.000.000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу Ц.С-д төлсөн алданги 17.500.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, нийт 69.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь У миний бие О гэх хүнтэй ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй, бидний хооронд эрх, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч О нь өөрийн найз Ц.С гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж, зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс би уг төлбөрийг барагдуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлд орон сууц худалдан авах зорилгоор мөнгө өгсөн гэж байгааг миний бие дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч О-ны төрсөн хүү Б.Эн, түүний хүү Э.Э нар нь тухайн үед надтай гэр бүл хэвээр байсан. Иймд төлбөрт гэр бүлийн гишүүд ижил тэнцүү хариуцлага хүлээх үүрэгтэй. О-ны гаргасан 69.700.000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

            О-ы нэхэмжлэлтэй, У-д холбогдох, үүргийн гүйцэтгэлд 69.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан “...би Ц.С-ос авсан 35.000.000 төгрөгийг У-д буцаан өгөх нөхцөлтэйгээр хугацаагүй зээлдүүлсэн тул У-д зээлдүүлсэн 35.000.000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу Ц.С-д төлсөн алданги 17.500.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, нийт 69.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч У- хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...би О- гэх хүнтэй ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй, бидний хооронд эрх, үүргийн харилцаа үүсээгүй...” гэж тайлбар гаргаж, талууд мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “О нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг,  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийг У-д шилжүүлсэн, У- нь 35.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч О нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар О, У нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийн,  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч О нь зээлдүүлсэн гэх 35.000.000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу Ц.С-д төлсөн алданги 17.500.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, нийт 69.700.000 төгрөгийг хариуцагч У-аас шаардах эрхгүй юм.

 

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч У нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан О-ы нэхэмжлэлтэй, У-д холбогдох, үүргийн гүйцэтгэлд 69.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамжид 506.450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД