Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 01150

 

Д.О-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.У-д холбогдох

Үүргийн гүйцэтгэлд 69 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн байрыг Ц.Солонгод барьцаалж, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлж аваад С.У-д өгсөн, мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг Ц.Солонгоогоос зээлж аваад С.У-д өгсөн. С.У уг мөнгийг орон сууцаа томруулна гэж авсан. Ингээд би Ц.Солонгоогоос нийт 35 000 000 төгрөг зээлсэн бөгөөд үндсэн зээлээ төлж чадаагүй тул алданги 17 500 000 төгрөг, зээлийн хүү 17 200 000 төгрөг, нийт 69 700 000 төгрөгийн барьцаанд өөрийн байрыг шүүхийн шийдвэрийн дагуу хураалгасан. Би Ц.Солонгоос авсан 35 000 000 төгрөгийг С.У-д буцаан өгөх нөхцөлтэй хугацаагүй зээлдүүлсэн тул С.У-аас 35 000 000 төгрөг, шүүхийн шийдвэрийн  дагуу  Ц.Солонгод  төлсөн  алданги 17 500 000 төгрөг, зээлийн хүү 17 200 000 төгрөг, нийт 69 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О гэх хүнтэй ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй, бидний хооронд эрх, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.О өөрийн найз Ц.Солонго гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж, зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс би уг төлбөрийг барагдуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлд орон сууц худалдан авах зорилгоор мөнгө өгсөн гэж байгааг миний бие дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Д.О-ны төрсөн хүү Б.Энхжаргал, түүний хүү Э.Энхбаясгалан нар тухайн үед надтай гэр бүл байсан. Иймд төлбөрт гэр бүлийн гишүүд ижил тэнцүү хариуцлага хүлээх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.О-ны нэхэмжлэлтэй, С.У-д холбогдох, үүргийн гүйцэтгэлд 69 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжид 506.450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О давж заалдах гомдолдоо: Миний бие 2014 онд хүүгийн эхнэр болох С.У-ын гуйлтаар 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Солонго гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулан өөрийн хөрөнгө болох 2 орон сууцыг барьцаанд тавьж 20 000 000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулан зээл авч, С.У, Б.Энхжаргал нарт өгсөн. Тэр намар байраа томруулах шаардлагатай байна, ээж та нөгөө хүнээсээ мөнгө нэмж зээлээд өгөөч гэхээр нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр нэмж зээлж өгсөн. Гэтэл жил гарангийн дараа Ц.Солонго над руу ярьж хүү, бэр 2 чинь мөнгөө төлөхгүй бол шүүхээр шийдүүлнэ гэж ярьсан. Ингээд асуудал үүсэх үед С.У манай хүүтэй таарамжгүй харилцаатай болсон байсан. С.У-ыг тухайн үед зээлсэн мөнгөө төлж миний байрыг чөлөөлж өг гэхэд, таны байрыг алдахгүй, та жаахан хүлээчих гэж хэлсэн боловч төлөөгүй. Миний хүү гэрээсээ хөөгдөөд С.У-аас салсан. Тэгээд Ц.Солонго намайг шүүхэд өгөөд бид эвлэрсэн. Энэ эвлэрсэн захирамжийн дагуу мөнгийг төлж чадаагүй тул байрыг минь өрөнд шилжүүлсэн.

Харицагч С.У шүүхэд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэлд орон сууц худалдан авах зорилгоор мөнгө өгсөн гэж байгааг миний бие дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Ц.О-ны төрсөн хүү Б.Энхжаргал түүний хүү Э.Энхбаясгалан нар түхайн үед надтай гэр бүл хэвээр байсан. Иймд төлбөрт гэр бүлийн гишүүд ижил тэнцүү хариуцлага хүлээх үүрэгтэй” гэж мөн С.У шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Тухайн үед би Д.О-ны хүү Б.Энхжаргалтай амьдарч байсан. Бид хоёр 2013 онд Д.О-аас мөнгө аваад нэг өрөө байр худалдаж авсан” гээд 23 536 000 төгрөгийг Д.О надаас шилжүүлж авсан” гэжээ.

Түүнчлэн С.У шүүх хуралдаан даргалагчийн “35 000 000 төгрөгөөр байр авч өгсөн нь үнэн үү” гэсэн асуултад С.У “Үнэн” гэж хариулсан. Мөн даргалагчийн "35 000 000 төгрөгөөс төлөлт хийсэн үү" гэсэн асуултад С.У "Таван удаа 7 900 000 төгрөг төлсөн” гэж хариулсан байдаг. Дээрх хариу тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, даргалагчийн асуултад хариулсан тайлбар зэргээс дүгнэхэд С.У 35 000 000 төгрөгийг надаас авсан, түүгээрээ байр авсан, хүүтэй нь амьдарч байсан тул хувааж хариуцах ёстой, 7 900 000 төгрөг буцаан төлсөн үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлүүд тогтоогдож байгаа. Гэтэл шүүх хариуцагчийн “35 000 000 төгрөгийг Д.О-аас авсан, үүнээс 7 900 000 төгрөг төлсөн, энэ мөнгийг хүүтэй нь хамт хариуцана” гэх тайлбараар талуудын маргааны үйл баримт тогтоогдсон байхад хуульзүйн үнэлэлт дүгнэлт өгч чадаахгүй. Миний хүү Б.Энхжаргал нь С.У-аас нэг ч төгрөгийн хөрөнгө, хогшилгүй салсан. С.У миний нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гомдолтой байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С.У-д холбогдуулан гэрээний үүрэгт 96 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие өөрийн өмчлөлийн байрыг Ц.Солонгод барьцаалж, 35 000 000 төгрөгийг зээлж С.У-д өгсөн, үндсэн зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Солонгод алданги 17 500 000 төгрөг, зээлийн хүү 17 200 000 төгрөг, нийт 69 700 000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.О нь хариуцагчид зээл олгосон гэж, С.У нь уг мөнгийг зээл бус харин нэхэмжлэгч хүү Б.Энхжаргалын хамт орон сууц худалдан авахад зориулж өгсөн гэх тайлбар гарган маргасан. Иймд хариуцагч С.У зээлийн төлбөрийн үүргийг дангаар хариуцах эсэх нөхцөл байдал тодорхой бус, нэхэмжлэгч нь хариуцагч С.У- болон хүү Б.Энхжаргал нарт орон сууц авч өгөхтэй холбоотойгоор өр төлбөрт орж, түүнээс үүссэн хохирол шаардаж байгаа эсэх тодорхойгүй байна.

Хэрэв хариуцагч нь зээл авснаа хүлээн зөвшөөрч байвал зээлийг буцаан төлсөн гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг, эсхүл нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдын өмнө хамтран хүлээсэн төлбөрийн үүргийг гүйцэтгэснээс шаардах эрх үүссэн, аль төрлийн эрх зүйн харилцаанд үндэслэн шаардаж байгааг тодруулах шаардлагатай. Иймд талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаарх мэтгэлцээн зохих ёсоор явагдаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны хэргийн материалыг танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагч С.У-д тус тус танилцуулсан байх бөгөөд хэргийн оролцогч хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцаж, няцаах баримтууд гаргаж өгөх эрхээ эдлэх боломжоор хангагдаагүй байна. /хэргийн 25 дугаар тал/

Анхан шатны шүүх эрхзүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, уг маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2019/06352 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.О-ыг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

                                                                                                           Д.БАЙГАЛМАА