Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01061

 

 

 

 

Ч.Нямбаяр, Б.Жавзандулам нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр магадлалтай,

 

Ч.Нямбаяр, Б.Жавзандулам нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Нямбаяр, Б.Жавзандулам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбатын гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарт холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019.04.03-ны өдөр хянан хэлэлцээд 300 тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас олгож, уг гүйцэтгэх хуудсыг өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч нь Голомт банк ХХК гэдэг хуулийн этгээд буюу эрх зүйн этгээд байгаа. Гэтэл Голомт банк ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасны дагуу оролцоогүй. Яагаад гэвэл Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай байдаг. Салбар нь Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй этгээд байгаа. Үүнээс үзэхэд Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар гэдэг нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын зүгээс хуулийн этгээдээс олгогдсон эрх хэмжээ, итгэмжлэл, төлөөлөл байж үйл ажиллагаа явуулах ёстой. Б.Жавзандулам болон Ц.Нямбаяр нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Голомт банк ХХК-ийн зүгээс Голомт банк ХХК гэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн олгосон итгэмжлэлийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно. Дээрх олгосон итгэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу талууд үнэлгээний талаар харилцан тохиролцох асуудал яригдах байсан. Гэтэл энэ ажиллагаанд анхнаасаа Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирал буюу ямар ч итгэмжлэл олгогдоогүй этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнийн санал, үнэлгээ гэх мэт бүх зүйл дээр оролцоод явсан нь анхнаасаа хуульд нийцээгүй болсон учраас хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Ц.Нямбаяр болон Б.Жавзандулам нарын өмчлөлийн, Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийхээр шинжээчээр томилогдсон байхад Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн зүгээс шинжээчээр ажиллах шинжээчийг томилоогүй атлаа хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Г.Отгонбаяр гэгч этгээд гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. Уг хөрөнгийн үнэлгээ гаргасан Г.Отгонбаяр нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн ажилтан биш бөгөөд гүйцэтгэх хуудсанд авагдсан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2020.03.06-ны өдрийн 41 тоот итгэмжлэл гэх баримтаас харахад тодорхой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байхад уг шинжээчид хамааралгүй этгээд шинжээчийн хувиар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын үсэг зуруулсан байх учиртай. Гэтэл шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.01-ний өдрийн №4/173 дугаартай тогтоолоор Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу уг компанийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээчин О.Бат-Эрдэнэ дүгнэлт гаргасан. Гэтэл уг этгээдэд хуульд заасны дагуу хууль сануулж, эрх, үүрэг тайлбарлаж өгөлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын үсэг зуруулсан байх учиртай. Гэтэл Виннер вэй ХХК-ийн томилсон ажилтан нь шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020.03.20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.1, 27.1.4-т заасныг үндэслэн 2020.03.31-ний өдөр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс дуудлага худалдаа зарлагдаагүй учир гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй. Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас анхны дуудлага худалдааг 2020.04.17-ны өдөр зарласан тухай мэдэгдэх хуудсыг авч, улмаар 2020.04.10-ны өдөр дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.15-ны өдрийн 05847 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс уг захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу 2020.04.16-ны өдөр хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяад гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай утсаар мэдэгдсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяагийн туслах болон бичиг хүргэгчийн үл ойлголцлын улмаас 2020.04.15-ны өдрийн 05847 тоот гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг бус нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг андуурч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээс шалтгаалан 2020.04.17-ны өдөр Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоотод байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулах анхны дуудлага худалдаа явагдсан. Уг дуудлага худалдаа 2020.04.17-ны өдөр явагдсан бол уг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн 5847 тоот захирамж нь 2020.04.15-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс санаатайгаар анхны дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020.04.17-ны өдөр явагдсан Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.03-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нараас 135,525,268 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2003017988 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 40.53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 мкв 2 өрөө орон сууцыг 400,000,000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 мкв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг 2020.03.06-ны өдрийн 140 дугаар тогтоолоор, Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 5 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Виннер вэй ХХК-ийг 2020.04.01-ний өдрийн 173 дугаар тогтоолоор тус тус хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020,03,16-ны өдрийн 4/8802 тоот мэдэгдлээр, Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.04.06-ны өдрийн 4/11525 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ 98,488,530 төгрөгийн 70 хувь болох 68,941,971 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2020.04.17-ны өдрийн болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг 2020.04.01-ний өдрийн 4/11058 дугаар албан бичгээр мэдэгджээ. Бид нар шинжээч томилсон бол шинжээчээ дуудаад эрх үүргээ заавал эхний удаа танилцуулдаг. Хэзээ ч танилцуулахгүй хийнэ гэж байхгүй угаасаа энэ асуудал маргаантай үнийн санал дээр маргаж байхад материал дээр нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй юм. Шинжээч томилсон тогтоол өгөхдөө энэ шийдвэр гүйцэтгэгч хууль танилцуулсан уу, дараа нь танилцуулсан уу гэдгээ тодруулах боломж байсан. Энэ ажиллагаа хийгээгүй учир нөхөж хийсэн гэдэг тайлбарыг угаасаа нөхөж хийгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн захирал Н.Дэлгэрсүрэн гэдэг захирал хуульд заасан үндэслэлийн дагуу тус компанийн үнэлгээчин Н.Отгонбаярын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа байх ба тэр дагуу үнэлгээгээ гаргасан. Үнэлгээний тайлан дээр ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Төлбөр авагч банк гэдэг статусаар оролцоогүй Дархан салбар өөрөө хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй ажиллагаанд оролцох эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол байсан бол мэдэгдэх эрхтэй байсан. Гэтэл эднийх тэр хугацаанд ямар нэг мэдэгдэл хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага дээрээ ийм зүйл тусгаагүй байж гэнэт ийм зүйл ярьж байна. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр авагч Голомт банк ХХК-ийг оролцуулах ёстой байтал Дархан салбар оролцоод байна гэдэг талаар мэдэгдсэн, гомдол гаргасан бол энэ асуудал шийдэгдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байгаа тул гомдол гаргах тодорхой хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ тусгаагүй байж байгаад гэнэт шүүх хурал дээр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад танай шүүхийн шүүгчийн 2020.04.08-ны өдрийн 102/Ш32020/05467 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй тухай захирамжийг 2020.04.16-ны өдөр ирүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Хариуцагч байгууллага нь шүүхээс ирүүлсэн захирамжийг биелүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд манайд дуудлага худалдааг түдгэлзүүлсэн тухай захирамж дуудлага худалдаа явагдахаас өмнө ирээгүй тул албадан дуудлага худалдааг санаатайгаар зохион байгуулсан гэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан Ү-2205048025 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Ү-2205048025 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Ү-2003017988 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Нямбаяр, Б.Жавзандулам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын иргэн Ц.Нямбаяр болон Б.Жавзандулам нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.02.05-ны өдөр хянан хэлэлцээд 321 дүгээр магадлал гаргасан. Уг магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн авч танилцаж, магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан журмаар хяналтын гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэрийн үндэслэлийг буруутгасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг буруу хэрэглэж, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч-д гомдол гаргаагүй гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх буруутгасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд тайлбар өгөхгүйгээр ганцхан Сэлэнгэ- Эстимэйт ХХК болон Виннер Вэй ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээдүүд гарын үсэг зурсан гэж үзэж гомдлыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргахдаа Төлбөр төлөгчийг төлөөлөх эрхгүй этгээдээр дамжуулан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг явуулсан, Хууль сануулж, тайлбарлуулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцож дүгнэлтэнд гарын үсэг зурсан, Томилогдсон шинжээч эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлж, шинжээч бус этгээд дүгнэлт гаргасан, Эрх, үүрэг тайлбарлах ёстой этгээд болох ахлах шийдвэр гүйцэтгэгч шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй зэрэг үндэслэлүүдийг дурдсан. Уг тайлбарууд нь Хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгох эрх зүйн үндэслэлүүд юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хэрэгжүүлсэн Хөрөнгийн үнэлгээ-г хийлгэх процесс ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй бол түүний үндсэн дээр хийгдсэн Хөрөнгийн үнэлгээ буюу Шинжээчийн дүгнэлт нь хүчингүй байх ёстой. Түүнчлэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн ажиллагааг жирийн иргэн мэдэхгүй бөгөөд тусгай мэргэжлийн хүнийг оролцуулж байж мэдэх боломжтой. Нэхэмжлэгч нарын зүгээс уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд уг хууль зөрчсөн ажиллагааг мэдээгүй болно. Хэдий тийм боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хуулиа мөрдөх, хуулийн дагуу ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл уг асуудлуудад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүйгээр гомдлыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Иймд, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Нямбаяр, Б.Жавзандулам нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх ...анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.03-ны өдрийн 300 дугаар захирамжаар Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нараас 135,377,849.79 төгрөг гаргуулан, Голомт банк ХХК-ийн Дархан салбарт олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан.

 

Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тул захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017988 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг, 2 хороолол, 49 дүгээр байр 406 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хураажээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан байна. Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ Эстимэйт ХХК болон Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилсон.

 

Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Баянгол дүүргийн, ...2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр, Виннер вэй ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ...2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.03.16-ны өдрийн 4/8802 тоот албан бичиг, 2020.04.06-ны өдрийн 4/11526 тоот албан бичгээр Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарт мэдэгдсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, үнэлгээг ...эс зөвшөөрч 2020.03.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр, Виннер вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнэ нарт эрх, үүрэг тайлбарласан, мөн Сэлэнгэ Эстимэйт ХХК нь шинжээч Г.Отгонбаярт үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл олгосон тухай баримт хавтаст хэрэгт тус тус авагдсан байна. /хх-ийн 128-129, 147, 156-158-р тал/

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, томилогдсон шинжээч эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаас үзвэл, шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцөлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.15-ны өдрийн 102/ШЗ2020/05847 дугаар захирамжаар Б.Жавзандулам, Ц.Нямбаяр нарын улсын бүртгэлийн Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ...2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг 2021.04.17-ны өдөр зохион байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж уг дуудлага худалдааг хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбатын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбатын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.26-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ