Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 116/ШШ2021/0019

 

                                               

              Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...-р хороо, “...” гудамж, ...д төвийн ... тоотод байрлах, “М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

               Нэхэмжлэлийн шаардлага: тус аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 9/496 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр, түүний өмгөөлөгч М.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч “М М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэнтий аймгийн Засаг даргын 2021.03.05-ны өдрийн 9/496 дугаартай гэрээ цуцалсан захиргааны  акт нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байна.

             Манай компани нь Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх УТБУ-01/2015 дугаартай гэрээг 2015.08.25-ны өдөр байгуулсан.

              Гэрээний дагуу Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажлыг 90 орчим хувьтай гүйцэтгэж байх явцад буюу 2021.03.05-ны өдрийн 9/496 дугаартай гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг 2021.03.08-ны өдөр шуудангаар хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэрэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч нь захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, зайлшгүй захиргааны акт гарган гэрээг цуцлах нөхцөл байдал бүрдсэн эсэхийг судалж тогтоогоогүйн дээр цар тахалтай, орон нутгийн орох, гарах хөдөлгөөн зогссон, бүх нийтийн бэлэн байдалд Улаанбаатар хот болон Хэнтий аймаг шилжсэн цаг хугацааг харгалзан үзэлгүй гэрээг цуцалсанд гомдолтой байна.

             Хэнтий аймгийн Засаг дарга нь дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

           1. Манай компани УБТУ-01/2015 тоот гэрээг 2020.07.07-ны өдөр сунган ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 1,3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 773 сая төгрөгийн санхүүжилтийг авсан ба үлдэгдэл 500 гаран сая төгрөгийн ажлын санхүүжилт нь төсөв магадлалаар ороогүй гэдэг шалтгааны улмаас авч чадалгүй өнөөдрийг хүрсэн.

          2. Өөрсдийн нөөц бололцоогоор ажлаа явуулж байсан боловч Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн 178 дугаартай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, түүнчлэн Хэнтий аймагт ч мөн бэлэн байдал зарласан нь барилгын ажлыг шууд зогсооход хүрсэн.

           3. Тайзны дээд араг Р13-д сам тайзыг бэхлэх ажлын зургийг зургийн компани болох "А" ХХК туслан гүйцэтгэгч "С" ХХК нар нь тус хэсгийн зургийг хамтран хийсэн бөгөөд ажлын зураг гүйцэтгэгчид гаргаж өгөх тал дээр цаг хугацаа их алдсаныг хариуцагч мэдэж байгаа бөгөөд энэ нь манайхаас шалтгаалахгүй.

             4. Хөгжмийн хонгилын тайзны төмөр бетон хийц зүсэх нь хийцлэлтэй холбоотой ажил тул манайх автор компанийн зөвшөөрөл болон зөвлөмжгүй хийх ажил биш ба яах талаар зөвлөгөө авахаар удаа дараа "А" ХХК-д хандсан боловч эцэслэн шийд гаргаж өгөөгүй.

             5. Тайз технологийн захиалгыг хийх үетэй давхцан цар тахлаас үүдэлтэй хилийн хорио тогтоосон тул захиалгын ажил цаг хугацааны хувьд хоцрогдолтой яваа талаараа албан бичиг удаа дараа өгч, хурал хийсэн боловч ямар нэгэн хариу албан бичиг, ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй.

             6. Төсөв магадлангаар орох ажил зургийн компаниас болж удааширсан ба одоог хүртэл үлдэгдэл ажил магадлангаар орж амжаагүй нь захиалагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас болсон.

            7. Захиалагчийн өмнө ажлын үр дүнг ерөнхий гүйцэтгэгч хариуцах бөгөөд санхүүжилтийн болон ажлаа актаар хүлээлгэн өгөх нь гэрээний талуудын үүрэг байхад хариуцагч нь шууд туслан гүйцэтгэгч "С" ХХК-тай нэгдмэл байр суурь, уялдаа холбоотой ажиллаж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.

              8. Засгийн газрын тогтоолын дагуу 2021.02.11-ний өдрөөс 2021.02.23-ны хооронд хатуу хол хорио тогтоосон байхад Хэнтий аймгийн Засаг дарга нь 2021.02.15-ны өдөр ажлаа эхлүүлэхгүй бол гэрээг цуцална гэсэн шахалт үзүүлсэн.

              Мөн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөвгүйгээр хийх нь Барилгын тухай хуулиар хориотой ба барилгын ажил явуулах зураг төсөв өнөөдрийг хүртэл бүрэн гараагүй нь захиалагчтай шууд холбоотой.

               Иймд ажилтай холбогдолтой үүссэн нөхцөл байдал болон улс орны өмнө тулгараад байгаа цаг үеийн байдал зэрэг хүндрэлүүдийг харгалзан үзэлгүйн зэрэгцээ "ХАН ХЭНТИЙ ЧУУЛГА"-ын ажлыг бүрэн дуусган захиалагчид хүлээлгэн өгөх хүртэлх ажилд биднийг дэмжиж хамтран ажиллахыг удаа дараа хүссэн байхад ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй.

               Иймээс Хэнтий аймгийн Засаг даргын 2021.03.05-ны өдрийн 9/496 дугаартай Гэрээ цуцалсан захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М М” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргасан. Гэрээ цуцлах тухай актыг хүчингүй болгуулах санал гаргасан. Анх 2015.08.25-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил үргэлжлэх хугацаа нь өмнөх байгууллагын чанаргүй барилгатай холбоотой удааширч, гэрээг нийт 4 удаа сунгасан байдаг. 2019.07.08-ны өдөр 3 дахь гэрээ сунгалт хийгдсэн. 2019.05.23-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргатай эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гаргасан байгаа. Үүн дээр тодорхой хугацааны дотор барилгыг барьж дуусгах, гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцсон. Шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш 2021.03.05-ны өдөр гэрээг цуцлах хүртэл хийгдсэн ажлыг тооцох ёстой.  Мөн 2020.07.07-ны өдөр гэрээ сунгалт хийгдсэн байдаг. Үндсэндээ энэ өдрийг хүртэл гэрээгүй ажиллаж байсан бөгөөд гэрээ цуцлах өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ямар нөхцөл байдал тогтоогдож гэрээг цуцлах болсон бэ гэдэг асуудал яригдана. 2020.07.07-ны өдөр гэрээ сунгахдаа барилга угсралтын ажлыг 2 шаттайгаар хийж гүйцэтгэхээр тохирсон. Эхний шат нь 1.712.060.739 төгрөгөөр тайз угсралтын ажлыг хийх, дараагийн дугаарт халаалт, агаар сэлгэлт, гал унтраах автомат систем, дотор засал, гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг 1.523.033.858 төгрөгт багтаан, 2021.01.15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон. Барилга угсралтын ажил нь зураг төсөлгүйгээр үргэлжлэх боломжгүй юм. Энэ бол улсын төсвөөр хийгдэж байгаа ажил байгаа.  Гэрээг цуцлахдаа: 1. удаан хугацаанд хийсэн. 2. "С" ХХК-д 200 000 000 төгрөг өгөөгүй гэж цуцалсан.

                 Яагаад барилга угсралтын ажил удааширсан бэ? гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. А ХХК-ийн хувьд зураг төслийн ажлыг гүйцэтгэх ёстой ба зураг өгөөгүй, одоо ч зураг гаргаж өгөөгүй байна. Бидэнд зурагнаас шалтгаалахгүй ажлыг хийж гүйцэтгэх даалгаврыг өгсөн.  Бид үүний дагуу ажиллагааг бүрэн хийсэн. Зураг харах шаардлагагүй ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн "С" ХХК-д 200.000.000 төгрөг өгөөгүй гэж үзэж байгаа. Бид туслан гүйцэтгэгч компанидаа ажил гүйцэтгэж дууссаны дараа төлбөрийг өгөхөөр тохиролцсон. Уг компанийн зүгээс бидэнд “Хил хаасны улмаас урьдчилж захиалсан бараа материал ирж чадахгүй байна” гэсэн албан тоотыг өгсөн. Гэтэл хариуцагч талаас туслан гүйцэтгэгчид мөнгө өгөхгүй байна гэж гэрээ цуцлаад байх юм. Туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчид ажлаа тайлагнах үүрэгтэй байдаг. Гэтэл захиалагчтай нийлж биднийг хавчиж болохгүй. Захиалагчийн хувьд барилгын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ энэ үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын гэрээгээр зохицуулсан үүрэгт халдаж, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болж байгаад харамсаж байна. “Ковид-19” цар тахал нь зөвхөн Монгол Улсад биш дэлхий нийтээр хол хорио тогтоосон, хилээ ч хаасан байдаг. Биднийг хөл хориотой байхад “барилгаа бариач” гэж байнга дарамталж, Улаанбаатар хотоос ирж барилгаа барихыг шаарддаг байсан. 2020.11.07-ны өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Хэнтий аймгийн Засаг даргын хувьд аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хориглосон байсан. “М М” ХХК-ийн ажилчдыг Хэнтий аймагт зорчуулахгүй, бид ирж ажилласан ч бусад салбар хаалттай тэр дундаа барилгын материалын дэлгүүр хүртэл хаалттай байсан. Бид цар тахлын үед ажилчдаа хамгаалах үүрэг хүлээдэг. Ажилчид ч гэсэн өвчлөлтэй байгаа үед ажиллахгүй шүү дээ. Бид гэрээг сунгаж 1.3 тэр бум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс 773.000.000 төгрөгийн санхүүжилт авсан. Гэтэл одоо 500 гаруй сая төгрөгийг буцаан авч чадаагүй байна. Ингээд энэ мөнгөн дүнг нэхэмжлэхэд зураг төсөл баталгаажаагүй гэдэг шалтгаан руу шилждэг.

               “А ХХК нь бетон хийцлэлийг зүсэхтэй холбоотой зургийг гаргаж өгөөгүй байна . Захиалагчийн өмнө ажлын үр дүнг ерөнхий гүйцэтгэгч тайлагнах ёстой байтал "С" ХХК нь шууд хариуцагчтай харьцаж нэг талд орж байгааг гайхаж байна. Одоо энэ барилга дуусах гэж байна шүү дээ. Бид энэ хугацаанд бүх нөхцөл боломжоор тухайн барилга руу хандаж орсон. Бидний хөлөлмөрийг үнэлэх ёстой. Одоо барилгын материалын үнэ маш их өссөн. Гэхдээ л бид үргэлжүүлэн барих ёстой. Биднийг зураггүй байхад яагаад барилгаа барь гэж шаардаад байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга Ц.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа: Нэхэмжлэлд “Хариуцагч захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй талаар” дурдсан байна. 2021.03.01-ний өдрийн 2 талын удирдлагуудын уулзалтын үеэр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу биечлэн уулзаж, захиргааны шийдвэр гаргахын өмнөх нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох үүднээс тайз технологийн ажлыг бүрэн гүйцэтгэх хэмжээний санхүүжилтийг туслан гүйцэтгэгч компанид олгохыг санал болгосон. Саналыг хүлээн авсан тохиолдолд гэрээг сунгах, татгалзвал гэрээг цаашид сунгах боломжгүй талаар мэдэгдэл өгсөн. “М М” ХХК нь 2021.03.03-ны өдрийн 021/005 тоот албан бичгээр туслан гүйцэтгэгч компанид ажил гүйцэтгэх хэмжээний санхүүжилтийг олгох боломжгүй тухай  хариу ирүүлсэн  тул гэрээний сунгалт  №08-д заасны дагуу 2020.07.07-ны өдөр №УТБУ-01/2015 тоот гэрээг цаашид сунгахгүйгээр цуцалсан болно. Тус компани нь 2015.08.25-ны өдрийн гэрээгээр 4,689,604,935 төгрөгийн төсөвт өртгөөр 2017 онд бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4 удаа гэрээг сунгаж, барилгын ажил гүйцэтгэх боломжоор хангасан. Мөн цар тахалтай холбоотойгоор 2020.11.11-ний өдрөөс 12.01-ний өдөр хүртэл орон нутгийн орох гарах хөдөлгөөн хаагдсан тул гэрээнд заасан 2021.01.15-ны дотор гэрээг дүгнэх хугацааг 2021.02.15-ны өдөр хүртэл сунгаж ажлыг зөвхөн эхлүүлэх шаардлага хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээн авалгүйгээр өнөөдрийг хүрсэн.

              Хэнтий аймгийн хэмжээнд 2020.11.11-ний өдрөөс 12.01-ний өдрийг хүртэл, 2021.03.26-ны өдрөөс 05.08-ны өдрийг хүртэлх өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, аймаг, сумдын хооронд хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэ хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр аймгийн нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнийг албан томилолтын ангилалд тооцож, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ц.Чогсомжавын шийдвэрээр нэвтрүүлж, байсан.  Дээрх хугацаанд тус компанийн зүгээс аймгийн шуурхай штабт барилгын ажил гүйцэтгүүлэх ажилтан болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүсэлтийг ирүүлж байгаагүй тул энэ үндэслэлээр барилгын ажил зогссон гэж үзэхгүй байна. Зураг төсөв магадлангаар ороогүй, гүйцэтгэгчид ажлын зураг хүлээлгэн өгөх ажил удааширсан зэрэг асуудлын хувь сам тайз, тайзны технологийн ажлын 1,7 тэрбум төгрөгний зураг, төсөв магадлалаар баталгаажсанаар 2020.08.11-ний өдөр  ГХБХБГ-т хүлээлгэн өгч, 2020.08.12-ны өдөр “М М” ХХК-д ГХБХБГ зураг төслийг хүлээлгэн өгсөн. Барилга угсралтын ажлын технологийн дарааллаар гүйцэтгэх ажил нь тайзны технологийн ажлын гүйцэтгэлээс хамаарч дараагийн үе шатны ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь 1.7 тэр бум төгрөгийн төсөвт өртөг бүхий зураг төсөлтэй тайзны технологийн ажлаас гүйцэтгэх 435 сая төгрөгийн санхүүжилтийг авсан боловч тухайн үнийн дүнгийн ажлаас 150 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч угсраагүй, туслан гүйцэтгэх компаний санхүүжилтийг өгөөгүй зэрэг асуудлаас болж тус компанийн ажил шууд зогссон болно.

             Туслан гүйцэтгэгч “С” ХХК-тай нэгдмэл байр суурь, уялдаа холбоотой ажилласан гэх асуудал нь гэрээ цуцалсан үйл ажиллагаатай холбогдолгүй бөгөөд хэрэв энэ асуудлаар гомдолтой бол холбогдох хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цар тахлын нөхцөл байдал, санхүүжилт, зургийн талаар ярьж байна. Хэнтий аймагт хөл хорио тогтоосон. Гэхдээ энэ хугацаанд УОК-оос бүх аймагт тодорхой хэмжээний үйл ажиллагааг зөвшөөрч байсан. Ганц чуулгын асуудал биш Хэнтий аймагт олон тооны барилга баригдаж байсан. Аймгийн онцгой комисст хүсэлт гаргаад ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Энэ компанийн хувьд төсвөө хүлээж аваад л ажлаа үргэлжлүүлэхээ больж, ажил нь удааширч эхэлсэн. Тэгээд сүүлдээ холбогдох хүмүүс нь утсаа ч авахаа больсон. “М М” ХХК-ийн хувьд 773.000.000 төгрөгийн санхүүжилт авсан байгаа. Ингэхдээ зураг төсөлгүйгээр өгнө гэж байхгүй шүү дээ. Санхүүжилт аваад л өөрсдөө ажлаа явуулахаа больсон. Зураг төсөл нь бэлэн болчихсон байгаа, гол нь магадлалаар орж баталгаажаагүй л хүлээгдэж байгаа шүү дээ. Мөн туслан гүйцэтгэгч компанитай бид харилцаад байгаа юм биш. “Ерөнхий захиалагч бидэнд мөнгө өгөхгүй байна. Санхүүжилт олгохгүй байна” гэдэг саналыг бидэнд тавьж байсан. Туслан гүйцэтгэгч компанийн хувьд мөнгөгүй болсон тул ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байна гэдгээ тайлбарласан.

             Одоо яагаад 500 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ? Хаана байна ийм хэмжээний ажил гүйцэтгэсэн байдал чинь. Үнийн өсөлттэй холбоотой асуудал гарч байгаа тул бид санхүүжилт өгч чадахгүй яваад байсан юм. Бид 150.000.000 төгрөгийн зураг төсөл, хийсэн гүйцэтгэлээс чинь илүү гаргаж өгсөн байгаа. Бид яагаад 1.4 тэрбум төгрөгийн асуудлыг магадлалаар батлахгүй байна вэ гэхээр яг тухайн дүнгээр баталчихаар барилгын материалын үнэ өссөн тул багтахгүй, хийж гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд орох гээд байна. Бид сонсох ажиллагааг хийснийг сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Бид хийгээгүй ажлаас нь болж мөнгө санхүүжилт олгож болохгүй. Ингэвэл авилгын асуудал яригдана. Улс хийгээгүй ажлын төлөө санхүүжилт олгож болохгүй. Өөрсдөө санхүүжилтээ босгож туслан гүйцэтгэгч компанийг санхүүжүүлж, ажлаа эхлэх ёстой талаар хэлсэн. Гэтэл “бидэнд мөнгө байхгүй” гэдэг. Арга ядаад гэрээгээ цуцлах саналыг гаргаж байгаа. Бидэнд мөнгө олох боломж олгооч гэж тайлбарлаад байх юм. Бид хууль зөрчиж мөнгө олгох боломж байхгүй. Бид бусдын эрх ашгийг хүндэтгэж байгаа. Энэ бол нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудал юм. Уг барилгын ажил эхлээд 10 гаруй жил болж байна. Урьд нь өөр компани барьж байсан нь үнэн. Гэхдээ өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийж гүйцэтгэхгүй байна. Бид илүү хэмжээний санхүүжилт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдсан. Үүнээс 710 сая төгрөгийг өгсөн байдаг. Энэ байдал нь гүйлгээний баримтаар нотлогдож байгаа. 226.000.000 төгрөгийг сүүлд 12 дугаар сард өгсөн. Ингэхдээ аймгийн Засаг даргын өрөөнд Золоо захиралтай ярьж, тайзны ажлыг түрүүлж хийх хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Яагаад энийг яриад байна гэхээр бид 150.000.000 төгрөг илүү өгсөн юм. Энэ байдлаа өөрсдөд нь ч тайлбарлаж хэлж байсан. Аймгийн удирдлагын зүгээс магадлалаар ороогүй хэдий ч санхүүжилтийг өгөх хэрэгтэй байна гэдгийг мэдэгдэж ярьж байсан. Байнга сангийн яам руу холбогдож туслан гүйцэтгэгч компанийн талд орж байгаа юм шиг ярьж болохгүй. Бид чадах чинээгээрээ л сангийн яам руу холбогдож аль болох болгох талаас нь хэлэлцэж, дэмжиж байсан. Ерөнхийдөө зураг гаргах процессийн 99 хувь нь батлагдсан гэж ойлгож байна. Сам тайзны төсөлтэй холбоотой асуудалд санхүүжилт гаргаж өгсөн. Туслан гүйцэтгэгч компанийн хувьд 600 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүнээс 30 орчим сая төгрөг л өгсөн байна. Үлдэгдэл мөнгийг өөр зүйлд зарцуулж байна гэдэг хүсэлтийг бидэнд гаргаж байсан. Одоо ч гэсэн энэ компанийг шүүхэд өгч төлбөр нэхэмжилж байгаа. Тайзны хэсгийн ажил явчих юм бол цаашлаад ажиллагаа үргэлжлэх ёстой. Бид шууд гэрээг цуцлаагүй, энэ бүхэн тэмдэглэлд бичигдсэн байгаа. Тайзны ажиллагааны төлбөрийг төлөх хүсэлтийг гаргасан. Ингээд тодорхой хугацааны боломжийг олгосон. Гэтэл хугацаандаа багтаж чадаагүй юм. Бид орон нутгийн сонгуулийн үеэр барилга дээр нь очиж уулзаж байсан. Анх итгэлцэл дээр тогтож ажил явагдаж байсан. Мөн бид чадах чинээгээрээ дэмжиж ирсэн боловч өөрсдөөс нь шалтгаалж итгэл алдарсан. Ард иргэдийн хувьд чуулгын ажлын удааширлын талаар хүртэл хэлэлцэж байсан. Бид өөрсдөө хүртэл ард иргэддээ худалч нэртэй болж байна. Дэмжээд байхад ажил нь явахгүй байгаа тул гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон гэв. 

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч “М М” ХХК нь, Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 9/496 дугаар  “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан[1].

                “М М ХХК нь  Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай  Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх  УТБУ-01/2015   гэрээг,   2015 оны  8 дугаар сарын 25-ны  өдөр байгуулж[2], /гэрээний нийт дүн 4.689.604.935 төг, улсын төсвөөс  2015 онд-2.426.800.000 төг, 2016 онд-2.262.804.935 төг/, 2015.08.30-ны өдөр эхэлж 2016.05.01-ний өдөр ашиглалтад  оруулж,  2016.07.01-ний  өдөр дүгнэхээр харилцан тохиролцсон боловч барилгын ажлын гүйцэтгэл хугацаа алдагдсантай холбогдуулан дээрхи гэрээний хэлэлцээрийг үндэслэн, 2017.02.16, 2019.07.08-ны өдрүүдэд тодорхой ...нөхцөл болзлоор ажил гүйцэтгэх гэрээ сунгагдаж[3] байсан байна.

              Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.23-ны өдрийн 06 дугаар захирамж[4], “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу[5], хоёр тал 2020.07.07-ны өдөр  тодорхой ...нөхцөл болзлоор барилгын ажил гүйцэтгэх гэрээг сунгаж[6],  гэрээний нийт дүн 7.796.004.935 төгрөг, үүнээс улсын төсвөөс 2020 онд 3.106.400.000 төгрөг, Захиалагчийн хяналтын зардал зураг төсвийн үнийг 2020 онд нэмэгдсэн эх үүсвэрийн магадлалаар батлагдсан төсөвт тусгагдсан дүнгээр санхүүжилтээс суутгана... 2020.12.25-ны өдрийн дотор ашиглалтад оруулж,  2021.01.15-ны өдөр гэрээгээ  дүгнэхээр харилцан тохиролцжээ.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 ”аХарьяалах нутаг дэвсгэрийнхээ болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хоорондын түүнчлэн бус нутгийн чанартай үйлдвэрлэл үйлчилгээ нийгэм соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжиж зохион байгуулах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавих талаар хуульчилсан. Хэнтий  аймгийн Засаг дарга нь  2021.03.05-ны өдрийн  9/496 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрээр[7] ... 2020.07.07-ны өдрийн УТБУ-01/2015 дугаар гэрээг сунгахгүйгээр цуцалсан үндэслэлээ, “М М” ХХК нь ...тайзны технологийн ажлыг гүйцэтгэсэн  “С” ХХК-д  гүйцэтгэлийн санхүүжилт бүрэн олгоогүй, ...хийж гүйцэтгэх ажлаа хийгээгүй,  /тайзны дээд араг  Р13-д сам тайзыг бэхлэх ажлын зургийг цаг тухайд нь туслан гүйцэтгэгчид өгөөгүй, ...тайзны төхөөрөмжийн захиалга хийгээгүй, ...зохион байгуулалтыг оновчтой шийдлийг цаашид хэрэгжүүлэх чадамжгүй...дурьдаж, гэрээг цааш сунгахгүйгээр  цуцалж байгаагаа мэдэгдсэн агуулга бүхий  шийдвэр гаргасан.

              Засаг даргын нийтлэг бүрэн эрхэд ... дэд бүтцийн талаар, нийгэм соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулах чиглэлийн ажлууд хамааралтай учир  ...захиргааны гэрээ  байгуулах,  гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа  холбогдох материаллаг хуулийг хэрэглэж  хэрэгжүүлэх зохицуулалттай.      

            Хариуцагч тал “М М” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг  сунгахгүйгээр цуцалж  байгаа нь   гэрээний эрх зүйн үйлчлэлийг  дуусгавар  болгоход чиглэгдэж,  ...нэхэмжлэлийн зүйл нь маргаан бүхий захиргааны гэрээтэй холбоотой гэж  ойлгогдохоор байх тул   нэхэмжлэгч  компанийн  эрх,  хууль ёсны  ашиг сонирхол хөндсөн,  нийтийн эрх зүйн хүрээнд  гадагш чиглэсэн, эрх зүйн үр  дагаварт хүрсэн шинжийг агуулсан захиргааны акт гэж үзсэн.

               Нэхэмжлэгч “М М” ХХК нь тайзны дээд араг Р13-д сам тайзыг бэхлэх ажлын зургийг зургийн компани болох "А" ХХК, туслан гүйцэтгэгч  "“С” " ХХК нь тус хэсгийн зургийг хамтран хийсэн, ажлын зураг гүйцэтгэгчид гаргаж өгөх  хугацаа  алдсаныг  хариуцагч  мэдэж байгаа, энэ нь манайхаас шалтгаалахгүй,  тайз технологийн захиалгын талаар  … албан  бичиг удаа дараа өгч, хурал хийсэн боловч  ...ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй, төсөв магадлангаар орох ажил зургийн компаниас болж удааширсан...,  захиалагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас болсон, …санхүүжилтийн болон ажлаа актаар хүлээлгэн өгөх нь гэрээний талуудын үүрэг байхад хариуцагч нь шууд туслан гүйцэтгэгч “С” ХХК-тай  нэгдмэл байр суурь, уялдаа холбоотой ажиллаж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн тайлбарлан  мэтгэлзэж байна[8].

                 Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. “барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд тулгуурлан боловсруулах”, хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 “зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ”,  хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 “Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” зохицуулалттай. Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, "А" констракшин хооронд “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г 2020.08.07-ны өдөр /“тайз технологи, сантайз, галарейн ажил”.../  байгуулсан[9] байгаа бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Э.З нь ... аймгийн удирдлагуудтай уулзсан, бидний зүгээс болж ажил зогссон асуудал байхгүй гэх,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Ц нь  2020.07.07-ны өдөр гэрээ сунгахдаа барилга угсралтын ажлыг хоёр шаттайгаар  хийж гүйцэтгэхээр тохирсон эхний шат нь 1.712.060.739 төгрөгийн тайз угсралтын ажлыг хийх, дараа нь халаалт, агаар сэлгэлт, гал унтраах автомат систем, дотор засал гадна тохижилт, ногоон байгууламж гэрэлтүүлгийн ажлыг 1.523.033.858 төгрөгт багтаан 2021.01.15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон, ... барилга угсралтын ажил нь зураг төсөлгүйгээр үргэлжлэх...  боломжгүй  гэсний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Д нь... зураг төсөл нь бэлэн болчихсон байгаа, гол нь магадлалаар орж баталгаажаагүй гэх, Э.М нь ...ерөнхийдөө  зураг гарах процессийн 99 хувь батлагдсан гэж ойлгож байгаа хэмээн тайлбарлаж[10] байгаа болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2021.03.05-ны өдөр дээрхи асуудал бүрэн  шийдэгдээгүй байсан гэж үзэхээр байна.  

                Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 Захиргааны акттай холбоотой шийдвэр гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, төсөл бэлтгэх болон эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 Энэ хуулийн 24.1-д заасан “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх , нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. “оролцогчийг сонсож, хамааралтай нөхцөл байдлын талаар тайлбар гаргуулах”,  25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах,  25.1.6. шаардлагатай бол туршилт хийх, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 ...шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар “тайлбар”, “санал” гаргах боломж олгоно гэжээ. Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай  “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажлын суурь, каркас, хучилт, хана, дээврийн ажлуудыг 2012-2014 онуудад “Хөвсгөл геологи” ХХК гүйцэтгэж байсан нь цуцлагдаж,  2015.05.30-ны өдөр барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх тендер зарлаж, “М М” ХХК нь үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа учир, ...дээрхи хугацааны ажлын гүйцэтгэл, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд удаашралтай байгаа нөхцөл байдлыг судлах, оролцогчийн  тайлбар  санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байсан талаар,  ...холбогдох зураг төслийн ажиллагаа  тэдний уялдаа холбоо, нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэлийг  90 хувь, хариуцагч тал 80 орчим хувь[11] гэж тайлбарладаг, барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байгаа болон үнэлгээ, бодит дүгнэлтийг гаргаж  ... арга замыг тодорхойлоогүй байна.

                Түүнчлэн нэхэмжлэгч компани нь 2020.07.07-ны өдрөөс 2021.01.15-ны  хугацаанд ...барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хангах талаар  Хэнтий аймгийн  “Санхүү төрийн сан”, “Барилгын хяналт гүйцэтгэлийн гэрээ байгуулах”, “Барилгын хөгжлийн төвд магадлалын нэгтгэсэн дүгнэлт” гаргуулах, /сам тайз, галерей, тайзны технологи-механик”-н ажлын төсөв, “Эрчим хүчээр хангах тооцоо нийлэх”...  зэрэг эрх  бүхий  байгууллагад асуудал шийдвэрлүүлэх  албан бичгийг явуулж,  энэ хугацаанд ойролцоогоор 1,3 тэр бум төгрөгийн ажил хийгдэж, 773 сая төгрөгийн санхүүжилтийг авсан, үлдэгдэл 500 гаруй сая төгрөгийн ажлын  санхүүжилт төсөв магадлангаар ороогүй ...өөрсдийн нөөц бололцоогоор ажлаа явуулж байсан талаархи нотлох баримтыг[12] шүүхэд ирүүлсэн байгаагаас гадна Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021.05.04-ний өдрийн  03/207 албан бичгээр[13] “М М” ХХК нь гадна заслын ажлыг 100 хувь гүйцэтгэсэн...”  зэрэг  хэрэгт  авагдсан бусад  нотлох  баримтаас  үзэхэд,  тус компани нь  дээрхи  хугацаанд  өөрсдийн нөөц  боломжоор  барилгын ажлыг явуулж, шийдвэрлэх асуудлуудыг эрх бүхий байгууллагад хандаж байсан болохыг дурдах нь зүйтэй.

                 Тэрээр Монгол улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол[14],  2020.11.11-ний өдрийн “Улсын онцгой комиссын даргын тушаал”[15], Монгол Улсын Засгийн газрын 2020.12.21-ний өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 228 дугаар тогтоол[16], Монгол Улсын Засгийн газрын  2021.01.04-ний өдрийн  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2021 .01.11-ний өдрийн 06 цаг хүртэл сунгасан зэрэг тогтоолууд[17]...мөрдөгдөж байсан цаг хугацаатай давхцаж байгаа зэрэг  хүндэтгэн  үзэх шалтгаан  нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй  “Гэрээг цуцлах тухай” шийдвэр гаргасан нь ...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим алдагджээ.

             Иймд “М М” ХХК-ийн, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 9/496 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12,  107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.4. “а”, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.2  дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “М М” ХХК-ийн, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  аймгийн Засаг даргын  2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 9/496 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг  хүчингүй болгосугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  “М М”ХХК-ийн  улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, “М М” ХХК-д  олгосугай.  

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Б.ОЮУН      

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтас хэргийн 1-3-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 10-11-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 12-15-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 211-215-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 216-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 12-15-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 16-р хуудас

[8] Нэхэмжлэл, Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[9] 2-р хавтаст хэргийн 25-29-р хуудас

[10] Шүүх хуралдаааны тэмдэглэлээс

[11] 1-р хавтаст хэргийн 193-р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 20, 223, 224, 247, 2-р хавтаст хэргийн 2, 14-22,

[13] 1-р хавтаст хэргийн 60-р хуудас

[14] 2-р хавтаст хэргийн 77-79-р хуудас

[15] 2-р хавтаст хэргийн 65-76-р хуудас

[16] 2-р хавтаст хэргийн 82-р хуудас

[17] 2-р хавтаст хэргийн 83-р хуудас