Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 781

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТТ” ХК /РД: 5435528/ -д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.  

                                                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч Э.Б-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анх зохион байгуулагч гэдэг албан тушаал дээр ажилд орж байсан. Ингээд 2014 онд мөн хууль бусаар ажлаас халагдаад шүүхээр ажилдаа эгүүлэнэн тогтоолгож байсан. Тус компанид тогтвортой ажиллаж, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Тус компанийн анхны экспортын ачааг гаргах үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан.

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би хуваарийн дагуу ээлжээр ажиллаж байсан бөгөөд миний хувьд өдрийн цагаар буюу өглөө 7.00 цагаас орой 19.00 цаг хүртэл ажилладаг. Бусад үед шаардлагатай тохиолдолд уурхай дээр дуудагдаж ажилладаг. Тухайн өдөр талбайн мастерт ажил үүргийн наряд өгөөд ажлаасаа буугаад амарч байтал араас талбайн мастер С.Эрдэнэжаргал хэсэг ажилчид согтуу байна гэж хэлсний дагуу уурхайд очиход нэр бүхий 3 ажилтан амралтын цагаар кэмп дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн тайлбартай байсан. ХАБ-ын ажилтнууд анхны тайлбар авсан, драйгераар үлээлгэсэн гэж байсан. Намайг очиход 2 дахь удаагийн сорил авсан бөгөөд тэгэхэд эхнийхээсээ багассан байна гэсэн мэдээлэл өгсөн, би сорилын үр дүнтэй бүрэн танилцаагүй. Яг сүүлд бүрдүүлсэн материал дээр гарын үсэг зурсан. Тухайн 3 ажилтны материалыг бүрдүүлээд байхад сорил авсан н.Шинэбаяр гэдэг ХАБ-ын ажилтан дахин сорил авсны дараа уурхайд ажилтай боллоо гээд явсан ба ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр хамт байсан. Би бас ажилтнуудтай уулзаж яриа хийсэн, талбайн мастер С.Эрдэнэжаргал надаас “энэ хүмүүсийг яах вэ, ажил их байгаа, машин ихтэй, 3 ажилтан буугаад явчихаар ачаалал ихэснэ” гэж асуусан. Би тухайн үед нэгэнт ийм байдал үүссэн, тус хүмүүсийг уурхайгаас гаргасан гэж материал бүрдүүлсэн байна, өөр дуудах ажилтан байхгүй байна, ХАБ-ын ажилтнаас асуучих гэж хэлсэн.С.Эрдэнэжаргал талбайн мастер станцаар “энэ хүмүүсийг яах вэ” гэж асуухад н.Шинэбаяр нь “өөрсдөө шийд” гэдэг хариуг станцаар өгсөн.

Тухайн үед ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр миний хажууд байсан бөгөөд н.Шинэбаяр ингэж хэлж байна, яах вэ гэхэд та шийд гэсэн. Би тухайн үед тодорхой чиглэл өгөөгүй, ХАБ-ын мэргэжилтнүүд зөвшөөрөөд ажилд гаргаж болно гэвэл энэ шөнө ажилд гаргачих, маргааш өглөө шуурхай дээр танилцуулъя гэдэг чиглэл өгсөн. Гаргахаар бол шөнийн хоолны дараа, ХАБ-ын ажилтнуудад дахиж үзүүлээд зөвшөөрлийг нь авч байж гаргаарай гэдэг чиглэлийг амаар өгсөн. Ингээд би явсан. Маргааш нь ажилдаа ирсэн боловч тэр өдөр ар гэрт гачигдал гараад чөлөө аваад явсан. Тухайн үед болж өнгөрсөн процесс бол энэ.

Миний хувьд талбайн мастеруудад ажлын наряд өгдөг бөгөөд талбайн мастерууд нь  ажилтнууд болон бусад талбай дээр ажилладаг ажилчдад наряд өгдөг. Гаалийн бүртгэлийн ажилтанд гаалийн хяналтын бүртгэлийн хэлтсийн эрхлэгч нь наряд өгдөг. Ийм ажил үүргийн хуваарийн дагуу явдаг. Тухайн үед хэлтсийн даргыг орлож ажилласан ч миний өөрийн үндсэн чиг үүрэг өөрчлөгддөггүй, би талбайн мастерыг даваад бусад ажилчдад нярад өгөх ёстой үүрэг байхгүй, зөвхөн хэлтсийн даргын шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсан үед хэлтсийн даргыг төлөөлж ажилладаг.

Эдгээр ажилтнууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээр ирсэн гэдэг нь олон талын хүчин зүйл нөлөөлсөн гэж би боддог. Ажилтнуудыг кэмп дээр яагаад архи уулгасан бэ, кэмпээс ирж байх үед нь ХАБ-ын ажилтнууд хамт ирсэн байсан мөртлөө яагаад ажлаас нь буулгахгүй шууд уурхай дээр авч ирж байгаа юм, тэгээд уурхай дээр ирсний дараа шалгаж нотлох баримт бүрдүүлж, дараа нь ахлах ажилтанд хүлээлгэж өгсөн гэдэг тайлбар өгснийг би ойлгохгүй байна. Уурхай дээр ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд тэр хүнийг уурхайгаас гаргах, эс гаргах гэдэг эрх нь ХАБ-ын ажилтанд олгосон эрх байдаг. Манай компанийн ХАБ-ын ажилтнууд гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажилладаг, аюулгүй байдал талаасаа төлөөлж ажилладаг хүмүүс юм. Тэгээд намайг амраад кэмп рүү явсны дараа тухайн хүмүүсийг ажилд гаргачихаад дараа нь миний буруу байсан мэтээр удирдлагууд шийдвэр гаргаж надад ийм арга хэмжээ авч байгаад би харамсаж байгаа юм. Би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.  ХАБ-ын ажилтан тухайн 3 ажилтныг  надад хүлээлгэж өглөө, энэ хүмүүсийг уурхайн бүсээс гаргах ёстой гэсэн цаасан дээр үйлдсэн баримт байхгүй байна. ХАБ-ын ажилтан хэзээ ч ахлах ажилтнуудад зөрчил гаргасан, ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилчдыг ахлах ажилтан, хэлтсийн удирдлагуудад хүлээлгэж өгдөггүй, тийм журам ч байхгүй. Шууд уурхайн бүсээс гаргах эрх нь ХАБ-ын ажилтанд байдаг.

Миний хувьд тухайн ажилтнуудыг надад хүлээлгэж өглөө гэдэг зүйлийг сонсоогүй, хэн нь ч надад хэлээгүй. Дараа нь энэ асуудал үүссэний дараа ахлах ажилтанд хүлээлгэж өгсөн гэж тайлбар бичсэн байсан. Би тухайн ажилтнуудыг ХАБ-ын ажилтан ажилд  битгий гарга гэсэн байхад гаргах ёстой гэж зөрж байгаад гаргасан зүйл надад байхгүй. Тэгэхээр би эрх мэдлээ хэтрүүлсэн гэж бодохгүй байна. ХАБ-ын ажилтнууд өөрсдөө нөхцөл байдлаа мэдэж байсан бөгөөд миний оролцоогүйгээр тухайн ажилтнуудыг гаргаж явуулахад надад татгалзах зүйл байхгүй байсан гэв.

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ЭТТ” ХК-ийн ХАБ-ын мэргэжилтэн н.Энхбаяр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухай шөнийн ээлжинд ажиллахаар ирсэн Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг Э.Бтай хамт шалгаж тогтоосон. Тэгээд тухайн ажилтнуудыг шууд хариуцах эрх бүхий албан тушаалтан болох ахлах мэргэжилтэн Э.Б-д хүлээлгэн өгсөн гэдэг хариу тайлбар бичсэн байдаг.

Э.Б нь талбайн мастер С.Эрдэнэжаргалд дээрх ажилчдыг ажилд нь гарга гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Ачилт хариуцсан ахлах ажилтан Э.Б нь дээрх 3 ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэдэг нь шалгалт сорилоор илэрчихээд байхад компанийн дүрэм журмын дагуу таслан зогсоож, ажлын байрнаас явуулах арга хэмжээ аваагүй. Ажилд гаргахгүй байх ёстой байтал ажилд гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн дүрэм журам болох компанийн  дүрмийн 4.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Энэ нь бусдын амь нас, эрүүл мэнд, компанийн эд хөрөнгөд хохирол учруулж болохоор аюултай үйлдэл болсон гэж компанийн зүгээс үзэж байгаа. Э.Бгийн энэхүү үйлдэл нь  хөдөлмөрийн гэрээ, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дараах дүрмийг зөрчсөн. Үүнд: хөдөлмөрийн гэрээний 3.3-д зааснаар ажилтан компанийн хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны талаар гарсан бүх дүрэм журмыг биелүүлэх үүрэгтэй байдаг. 4.2.2-т зааснаар ажилтан нь албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж болохгүй, мөн энэ заалтад компанийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-д хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой заава болон бусад баримт бичгийг мөрдөж ажиллах ёстой, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж заасан байдаг. Мөн 5.2.8-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж болон заавар журмыг дагах ёстой, 8.3.16-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар журмыг зөрчсөн гэсэн заалтууд байдаг.

Түүнчлэн манай компанийн Согтууруулах ундаа мансууруулах бодисын журмын холбогдох заалтыг зөрчсөн. Тус журмын 3.2-т компанийн болон гэрээт ажилд согтууруулах ундаа, мансууруулах бодист хяналт тавих үүрэгтэй бөгөөд сэжигтэй байдал илэрсэн тохиолдолд ХАБ-ын ажилтанд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Мөн ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтны ажлыг зогсоож, ажлын байрнаас явуулах заалтыг зөрчсөн. Ажлын байрны тодорхойлолтын 1.1-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гарсан хууль, дүрэм, журам, заавар зааварчилгааг энэ хүн ажилдаа мөрдлөг болгох ёстой байсан. Мөн ажилтан болон өөрийгөө бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох аливаа аюултай үйлдэл, эс үйлдэл гаргахыг хориглосон.

Дээрх заалтуудыг зөрчсөн тул гүйцэтгэх захирлын тушаалаар энэ хүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь  Э.Бд өмнө нь  2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б\434 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. Үүнийг уурхайн хүний нөөцийн ажилтнаас 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр утсаар болон мэйл хаягаар Э.Бд мэдэгдсэн байдаг. Э.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудыг ажилд гаргасан зөрчлийг давтан зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргасан, мөн түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн бусад гүйцэтгэх захирлын тушаал дээр дурдсан заалтуудыг үндэслээд энэ хүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймээс Э.Бгийн “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тухайн үед хэлтсийн даргыг орлож байсан, хэлтсийн удирдлагыг хэрэгжүүлж  байсан талаар өөрөө тайлбарласан. Түүнчлэн архи уусан ажилтнуудад сорилын шинжилгээг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн архи уусан ажилтнуудыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Нотлох баримтаар компанийн дүрэмтэй танилцсан гэсэн баримтад өөрөө гарын үсгээ зурсан. Энэ дүрэм, журмын нэг хэсэг болох Согтууруулах ундаа мансууруулах бодисын журмын 1.3-д заахдаа компанийн ажилтан гэдэг нь нэгжийн удирдлага, компанийн удирдлага, бүх ажилтанд хамаарах тул энэ журмыг бүх ажилчид дагаж мөрдөх үүрэгтэй. Сорилын шинжилгээний зөвшөөрөгдөх хэмжээ нь 0,02 хувь бөгөөд эдгээр ажилтнууд нь 0,02 хувиас дээш гарсан байгаа гэдэг нь нотлогдсон. Үлээлгэх сорилыг энэ хүн өөрөө хийсэн учраас журмын 10.2-т зааснаар энэ ажлыг зогсоогоод ажилд нь гаргахгүй байх ёстой байсан, мөн энэ журмын хариуцлага хэсэгт дурдагдсан энэ журмаар хориглосон арга хэмжээг зөрчсөн байх юм бол ямар арга хэмжээ авах гэдгийг зохицуулсан, 12.2.1.б-д зааснаар Э.Б нь тухайн ажилтнуудыг ажлын байрнаас явуулах үүргийг биелүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд гүйцэтгэх захирлын тушаалаар нээхмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг   шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “ЭТТ” ХК нь үл зөвшөөрч, Э.Б нь  сахилгын шийтгэлтэй байхдаа  2018 оны 10 дугаар сарын 05-нд согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтныг компанийн батлагдсан дүрэм журмын дагуу таслан зогсоох арга хэмжээ авалгүй, ажилд гаргах ёсгүй байхад нь ажилд гаргаж, хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.2, 4.2.4, хөдөлмөрийн дотоод журмын  5.2.1, 5.2.8, 8.3.16, Согтууруулах ундаа мансууруулах бодисын журмын 3.3.4, ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.5-д заасныг зөрчиж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай хууль, дүрэм журмыг биелүүлэлгүй, бусдын амь нас, эрүүл мэнд, компанийн эд хөрөнгөд аюул учруулж болохоор хор уршигтай, аюултай ноцтой үйлдэл бүхий сахилгын ноцтой зөрчил үйлдсэн нь нотлогдсон, гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугар сарын 29-ний өдрийн Б/539 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Б нь 2011 оноос хойш “ЭТТ” ХК-д ажилласан бөгөөд тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс тус компанийн Ачилт экспортын албаны ачилт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгджээ.

Энэ нь нэхэмжлэгчийн 000218630 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын хооронд 2016 оны 11 дүгээр  сарын 14-нд байгуулсан ЕТТ-296 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/495 тоот “Ажилтнуудыг ажилд томилох тухай” тушаал, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 тоот “Э.Бг ажлаас халах тухай” тушаал, зохигчдын тайлбар зэргээр но тлогдсон.

Ажил олгогч “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх Б/539 тоот тушаалаар Э.Бг ажлаас чөлөөлөхдөө 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/434 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсаны дараа сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шөнийн ээлжинд согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудад ажлын наряд өгч ажилд гаргасан нь давтан зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний  4.2.2, 4.2.4, 4.2.9, хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.8, 8.3.2, 8.3.16, Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.2.1, ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.5, 2.2, 2.5 дахь заалтуудыг үндэслэжээ.

 Талуудын хооронд байгуулсан ЕТТ-296 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т  “Ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн буюу хортойгоор ашигласан”, 4.2.4-т “Ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, компанийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн”, 4.2.9-д “Ажилтан ажлын байрандаа хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй” бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлөөр тооцохоор заасан байна.

“ЭТТ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т “Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор урвуулан ашигласан”, 8.3.16-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, горим зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, үйлдвэрлэлийн осол гаргахад хүргэсэн” гэж, Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2-т “Компанийн болон гэрээт ажилтан бүр согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй ба сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд ХАБ-ын ажилтанд эсхүл энэ журмын 3.1-д заасан албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй”, 7.1.2-т “ Хугацаат сорил. Ажилтнуудыг ээлжийн ажилд гарахын өмнө нь тандах маягаар тогтмол хугацаанд үлээлгэх сорилд хамааруулахыг хэлнэ” гэж тус тус заажээ.

1.Ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/434 тоот тушаалаар уурхайн ачилт, экспортын албыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан, ажлын цагаар харъяалах нэгжийн 2 ажилтнаар үндсэн ажил үүргийн бус ажил хийлгэж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган Э.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байна.

Хариуцагч “ЭТТ” ХК нь  нэхэмжлэгч Э.Бг 2018 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн ЭТТ-ГМ чиглэлд тээвэр хийж байгаа машин бүрт “Хилийн мэргэжлийн мэргэжлийн хяналтын алба /хэлтэс/-ийн мэдэгдлийг олгоогүй, албаны ажилтнуудад уг мэдэгдлийг танилцуулаагүйгээс 2018 оны 08 дугаар сарын 10-нд хил дээр 192 тээврийн хэрэгслийг 2-3 хоног саатуулж, уурхайн ачилт, экспортын албыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан, мөн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажлын цагаар  ажил үүргээ гүйцэтгэж байсан туслах ажилчин Н.Батмөнх, дохиочин П.Энх-Отгон нарыг авч яван, өөр ажил үүрэг буюу байшингийн дээвэр барих ажлыг хийлгэн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.5-д заасан болон ажлын байрны тодорхойлолтын 2.2, 2.5, 2.9-д заасан хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэх, өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх, тушаал, заавар, журам, шийдвэрийг ажилчдад танилцуулах, дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах, шинээр ажил үүрэг өөрчлөгдөх бүрт ажлыг удирдан зохион байгуулж хяналт тавих, албаны үйл ажиллагааг жигд тасралтгүй хангахад хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж  Б/434 тоот тушаалын үндэслэлээ тодорхойлон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.

Энэ талаар хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулахаар санал хүргүүлэх хуудас, мөн өдрийн 04/310 тоот “ЭТТ” ХК-ийн Уурхайн даргын “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, Ачилт экспортын албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Уурхайн захиргаа, удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт, Уурхайн захиргаа удирдлагын хэлтэст гаргасан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ажилтан П.Энх-Отгон, Н.Батмөнх нарын, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  талбайн мастер Д.Ганбатын тайлбарууд, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилтны сахилгын зөрчлийн хуудас” зэрэг баримтууд авагдсан бөгөөд дээрх баримтуудыг үндэслэн Э.Бд сахилгын шийтгэл ноогдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2., 131.2.-т заасныг зөрчөөгүй байна.

2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ачилт экспортын албаны дарга Ц.Баярмагнайг 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны хооронд олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор гадаад улсад албан томилолтоор явах хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртлэх хугацаанд Ачилт экспортын албаны даргын орлон гүйцэтгэгчээр Э.Б түр ажиллаж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой, 2 дугаар ээлжинд улиран ажиллах байсан тус албаны ажилчид болох Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай бүртгэлүүд, мэдэгдлийн хуудсууд, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б.Идэрмаагийн тайлбар, Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт болон талбайн мастер С.Эрдэнэжаргал, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Г.Энхбаяр нарт сахилгын шийтгэл ноогдуулсан тухай гүйцэтгэх захирлын тушаалууд, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/315 тоот гүйцэтгэх захирлын “Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулах тухай” тушаал, 09 дүгээр сарын 21-ний өдрийн түр хугацаагаар ажил орлон гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудаар нотлогджээ.

Ажил олгогч байгууллага нь Э.Бг согтууруулах ундаа хэрэглэсэн дээрх 3 ажилтанд ажлын наряд өгч шөнийн ээлжийн ажилд гаргасан ноцтой зөрчлийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан үйлдсэн гэж буруутгаж түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлээр тодорхойлсон байна.

Хэрэгт  согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтан Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт нэхэмжлэгч Э.Б-гаас ажлын нярад буюу ажлын зааварчилгаа, үүрэг өгсөн гэх баримт авагдаагүй байна.

“ЭТТ” ХК-ийн Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.3-т “ХАБ-ын ажилтан нь...согруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн сэжиг бүхий ажилтныг шалгаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 3.3.4 Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтны ажлыг зогсоож, ажлын байрнаас явуулах...” гэж, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 1.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн хэрэгжилтийг уурхайн хэмжээнд хангуулах”, 1.6-д “Осол, осолд дөхсөн тохиолдлыг дахин давтан гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, 1.8-д “Хөдөлмөрийн аюулүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох...”, 2.2-т “Осол, осолд дөхсөн тохиолдол бүрийг мэдээлэх, хариу арга хэмжээг авдаг, эргэж мэдээлдэг арга барилыг бүх ажилтнуудын дунд хэвшүүлэх” гэж, тус компанийн талбайн мастерын ажлын байрны тодорхойлолтын 1.3-т “шууд удирдлагад ажилладаг ажилтнуудад өдөр тутам шууд удирдлагаар хангах, тэдэнд ХАБОЭА-ын наряд, зааварчилгаа өгч ажиллах” гэж  тус тус заасан байх бөгөөд  эдгээрээс үзэхэд ажлын байранд согтуугаар ирсэн ажилтныг шалгаж, тухайн нөхцөлд ажилтны ажлыг зогсоож, ажлын байрнаас явуулах арга хэмжээг авах, ажлын зааварчилгаа  өгч ажиллах үүрэг нь нэхэмжлэгч Э.Бгийн хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт шууд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч Э.Бгийн ажлын байрны тодорхойлолтоор ачилт хариуцсан ахлах мэргэжилтэн нь гаалийн хяналтын бүсийн эрхлэгч, талбайн мастер, гааль хяналтын талбайн зохицуулагч зэрэг ажилтныг шууд харъяалан удирдаж ажиллахаар, талбайн мастерын ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагч, автожингийн ажилтан, туслах ажилтан, дохиочин зэрэг ажилтныг шууд удирдлагаар хангаж ажиллахаар тус тус зааснаас үзэхэд, дээрх 3 ажилтанд ажлын зааварчилгаа өгөх тэднийг шууд удирдан ажиллах ажилтан нь талбайн мастер байна.

Үүнтэй холбоотойгоор Э.Бгаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж  ажиллах зааварчилгаа өгсөн тухай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажилчдын гарын үсэг бүхий “ЭТТ ХК-ийн Уурхайн ачилт экспортын хэлтсийн өдөр тутмын нярадын хуудас”, талбайн мастер С.Эрдэнэжаргалын аюулгүй ажиллагааны дүрмийн талаар өгсөн үүрэгтэй танилцсан ажилчдын гарын үсэг бүхий баримт, Ачилт экспортын хэлтсийн ажилчдын  2018 оны 10 дугаар сарын  цагийн бүртгэл, гэрч Г.Энхбаярын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иймд Э.Бг дээрх Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.1.2-т заасныг болон ачилт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.5, 2.2, 2.5-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч байгууллага нь Э.Бгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, талбайн мастер С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Г.Энхбаярын 2 удаагийн тус тус бичгээр гаргасан  тайлбарууд, Уурхайн даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04/389 тоот Э.Б-д сахилгын шийтгэл ноогдуулах тухай албан бичиг, 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулахаар санал хүргүүлэх хуудас”, “Ажилтны сахилгын зөрчлийн хуудас” зэргийг нотлох баримтаар гарган, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудыг ажилд гаргах чиглэлийг талбайн мастер С.Эрдэнэжаргалд өгсөн нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмыг зөрчсөн, бусдын амь нас эрүүл мэнд, компанийн эд хөрөнгөд аюул учруулж болохоор хор уршигтай, маш аюултай ноцтой үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.4, 4.2.9, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, 8.3.16-д заасныг зөрчсөн ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлан нэхэмжлэгчийг буруутгасан. 

Дээрх Э.Б, С.Эрдэнэжаргал, Г.Энхбаяр нарын байгууллагадаа гаргаж байсан тайлбар, гэрч Г.Энхбаярын мэдүүлгээс үзэхэд тухайн үед ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байсан, ажиллах  хүчний хүрэлцээгүй байдлаас 2 дугаар ээлжинд үргэлжлүүлэн эдгээр 3 ажилтныг ажиллуулах шаардлагатай байсан байдал, тухайн ажилтнуудын согтуурлын зэргийг 2-3 удаа давтан шалгахад ажилтан Б.Идэрмаа, Н.Цэрэнханд нарын согтуурлын зэрэг буурч байсан, ажилтан О.Бат-Эрдэнийн согтуурлын зэрэг 0 болсон зэрэг байдлыг харгалзан  оройн хоолны дараа буюу шөнийн 00 цагаас хойш ажиллуулахаар  талбайн мастер С.Эрдэнэжаргалд чиглэл өгсөн байна.

Нэхэмжлэгч Э.Бгийн дээрх үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан  ЕТТ-296 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, хортойгоор ашигласан, 4.2.4-т заасан ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, компанийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн, 4.2.9-д заасан  ажилтан ажлын байрандаа хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй гэх ноцтой зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Э.Б нь компанийн ёс дүрмийн ямар заалтыг ноцтой зөрчсөн нь тодорхойгүй, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т заасан ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор урвуулан ашигласан гэх, 8.3.16-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, горим зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, үйлдвэрлэлийн осол гаргахад хүргэсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүйн дээр Э.Бг буруутгасан дээрх үйлдлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож нарийвчлан  зааж тодорхойлоогүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь сөрөг үр дагаварыг бий болгосон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харшилсан, хөдөлмөрийн гэрээнд зааж тодорхойлсон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, дуусгавар болгоход хүргэсэн ноцтой зөрчлийг давтан үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 тоот  тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

Хэрэгт “ЭТТ хувьцаат компанийн ажиллагсадын үйлдвэрчний эвлэлийн хороо”  гэх Үйдвэрчний эвлэлийн байгууллагын 8098719 регисртрийн дугаартай, 9074001060 улсын бүртгэлийн дугаартай, 000051125 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүдийн хурлын 2 дугаартай протокол авагдсан бөгөөд Э.Б нь тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчээр сонгогдсон байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан байх ба  “ЭТТ хувьцаат компанийн ажиллагсадын үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны тэргүүлэгч Э.Бг ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулийн шаардлагыг хангаж, Э.Бгаас болон тухайн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын нийт гишүүдээс санал авсан тухай баримт хэрэгт авагдаагүйг дурдаж байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь ачилт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Б-г “ЭТТ хувьцаат компанийн ажиллагсадын үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны тэргүүлэгч гишүүн биш болох талаар баримт гаргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д “Ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана“ гэсэн байх ба  нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэртэй 2018 оны 11 дүгээр сарын 19-нд танилцаж, 2018 оны 12 дугаар сарын 18-нд  шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь  хуулийн дээрх заалттай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 03 дугаар сарын 05-ны хоорондохь хугацааны Э.Б-д  сахилгын шийтгэл ноогдуулах тухай санал бүхий “Ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулахаар санал хүргүүлэх хуудас”, “Ажилтны сахилгын зөрчлийн хуудас” 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04\68 тоот “ЭТТ” ХК-ийн Уурхайн даргын “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, Ачилт экспортын албаны даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Захиргаа, удирдлагын газарт гаргасан тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Э.Бясгаланг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон тухай “ЭТТ” ХК-ийн Ёс зүйн хорооны 10 тоот дүгнэлт, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “ЭТТ” ХК-ийн Уурхайн шуурхай хурлын тэмдэглэл, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн 02/436 тоот “Мэдээлэл шалгуулах тухай” АТГ-ын Мөрдөн шалгах эхлтэст явуулсан албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5\43 тоот Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, “Эрмүүнсайхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот ЭТТ” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн даргын мэдэгдэл зэрэг баримтууд нь тус компанийн  гүйцэтгэх захирлын  Б/434,  Б/539 тоот тушаалуудтай хамааралгүй, хариуцагчийн татгалзлыг нотлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Хариуцагч байгууллагын  санхүүгийн тэмдэг бүхий  цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2 847 693 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 2019  оны 05  дугаар сарын 03-ныг хүртэл ажлын 122 хоногийн цалинтай тэнцэх олговорт 16 387 669 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос  холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Э.Б-г урьд эрхэлж байсан Ачилт экспортын албаны ачилт хариуцсан ахлах мэргэжилтний  ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор   шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239 888 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

                                                  

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-г урьд эрхэлж байсан “ЭТТ” ХК-ийн Ачилт экспортын албаны ачилт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 387 669 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан  дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.Б-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239 888 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА