Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00872

 

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00872

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******, 4 дүгээр хороо,******* тоот хаягт байрлах, Э ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******,*******,******* ...тоотод оршин суух, Тугчин овогт Б.Э д холбогдох,

сургалтын төлбөрт 22.563.739,35 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар дахь ******* 2012 оны 9-р сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сурагч Э.БЭ.Б нар манай сургуульд 2014 оны 10-р сарын 28-ны өдөр элсэн суралцаж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд эрх зүйн зарим чадамжтай тул бид Иргэний хуулийн 17-р зүйлийн 17.2-т зааснаар түүний эцэг Эрдэнэбат, эх ******* нартай сургууль эцэг эхтэй байгуулах гэрээ байгуулан сурагчийг суралцуулсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сурагчид чанартай боловсрол олгохыг зорин ажиллаж өдийг хүрсэн. Дээрх гэрээгээр Эрдэнэбат, ******* нарын хүүхдэд боловсрол олгох үүргийг манай сургууль хүлээж, эцэг, эх нь тухайн жилийн сургалтын урьдчилгаанд тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ эцэг, эх нь биелүүлэхгүй 2017 оны сургалтын төлбөрийн үлдэгдэлийг төлөөгүй тул бид удаа дараа үүргээ биелүүлэн төлбөр төлөхийг шаардсан боловч бодитой үр дүн гараагүй. Эдгээр хүүхдүүд манай сургуулиас 2017-04-18-ны өдөр хасагдсан байгаа. 2017 оны 3-р сард хариуцагчийн хүүхэд Б нь ангийн хүүхдийнхээ тоглодог хөзөр шиг тоглоомыг авснаас, энэ нь сургуулийн хувьд бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан ноцтой зөрчилд тооцогддог тул тухайн ангид хичээл орж байсан П Нбагш ангийн хүүхдүүдийн өмнө гаргаж уучлалт гуйлгасан байдаг. Эдгээр хүүхдүүдийн сургуулиас гарсан асуудал шалтгаант холбоо нь тоглоом нуусан, сурагчийн ёс зүйн зөрчил, тухайн тоглоомийг олоход нэг өдрийн хичээл алдсан учир анги хамт олноос л уучлалт гуйлгасан байдаг болохоос биш сургуулиар авч явсан зүйл байхгүй. Энэ маргаан сурагчийн ёс зүйн доголдлоос үүссэн, багшийн ёс зүйтэй асуудал тусдаа шалгагдаж байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагч тал хүүхдүүдээ сургуулиас гаргахдаа сургалтын төлбөрийг төлөөгүй. Эдгээр хүүхдүүд хичээлийн 3-р улиралын эхний өдөр сургуулиас гарсан гэж үзээд хоёр хүүхдийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийлээд 9.565 ам.долларыг монгол банкны валютын ханшаар хөрвүүлж тооцоод 22.563.739,35 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний дагуу тухайн хүүхэд манай сургуульд элсэн суралцаад жил бүр анги дэвшихдээ дахин бүртгэлийн маягт бөглөдөг байгаа. Сургалтын төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцдоггүй, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул компаний захирал тухайн жилийн сургалтын төлбөрийг тогтоож тушаал гаргадаг. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14.970 ам.доллараар тогтоосон бөгөөд хариуцагч тал хүүхдүүдийн суралцсан хугацаанд маргаж байгаа тул сургуулиас хасагдсан өдрөөр тооцож үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа. Бидний зүгээс сургалтын гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гэж шаардаж байгаа гэв.

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б, Б нар нь ихэр хүүхдүүд байгаа. Бид хүүхдүүдээ энэ сургуульд 2014 онд оруулахдаа гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй. Хүүхдүүдийг суралцах хугацаанд сургалтын төлбөрөө асуудалгүй төлж байсан. Гэтэл 2017-03-28-ны өдөр ангийн багш П Ннь хүүхдийг уйлуулж, энэ хүүхэд хулгай хийсэн гэж 1-5 дугаар ангиудаар оруулж, хүүхдийг харааж загнан, хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан учраас энэ өдөр сургуулиас гаргасан. Маргааш нь тухайн сургуулийн захиргаанд гомдол гаргаж, хүүхэд хамгаалах газарт хандсан. Хүүхдүүдийн хоорондоо тоглодог тоглоомноос болж миний хүүхдийг хулгайч гэж цоллон хүүхдийг сэтгэл санааны дарамтанд оруулж хохирол учруулсан тул бид тухайн сургуульд холбогдуулан Бритиш сургуулийн энэ үйлдлийг хууль бусад тооцуулж, энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хүүхдүүд 2 дугаар улиралд суралцаагүй. Тус сургуулийн багшийн увайгүй үйлдлээс болж миний хоёр хүүхэд ихэр учраас тэдгээрийн сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн байдалтай болж сэтгэл зүйчид хандаж, тухайн сургуульд суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан. Энэ талаар Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн илтгэх хуудас бичигдсэн. Би хоёр хүүхдээ 2017-04-11-ний өдөр Улаанбаатар дахь Америк сургуульд оруулж төлбөрийг төлсөн. Ингэж өөр сургуульд ороход хичээлийн жилийн сүүлийн улирал гээд анги ухрааж оруулаад одоо миний хүүхдүүд 5-р ангид сурч байна. Мөн тухайн сургуульд орж суралцахад түвшин хүрэлцэхгүй байсан тул Бритиш сургуулийн сургалтын түвшин хангалтгүй байсан. Гэхдээ миний хүүхдүүд тодорхой хугацаанд суралцсан учраас 10.000.000 төгрөгт эвлэрэх саналтай байна. Бритиш сургуулийн ажилтан болох багшийн хууль бус үйлдлээс шалтгаалан хүүхдүүдээ энэ сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болсонд сургууль буруутай гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагчаар Б.Э, Ж.Б нарыг татан, тэдгээрийн хүүхдүүд болох Б, Б нарын 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 9565 ам.доллар буюу 22.563.739,35 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох итгэмжлэлийг Ж.Э, Б.О, Г.О нарт 2019-01-07-ны өдөр нэг жилийн хугацаатай олгосон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг төлөөлөгч болох Б.Онь дангаар оролцож бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцохгүй гэх тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ооролцсон болно /1-р хх-181/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй төдийгүй төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах учиртай. Нэхэмжлэгч компаниас дээрх гурван итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан талаарх мэдэгдэл шүүхэд ирээгүй бөгөөд нэг төлөөлөгч ганцаар оролцохоо илэрхийлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Ж.*******ыг оролцуулахаас татгалзсан болно /1-р хх-37/.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сурагч Э.БЭ.Б нар 2014 оны хичээлийн жилд тус сургуульд элсэн суралцсан, сургууль эцэг эхтэй байгуулах гэрээг хүүхдүүдийн эцэг, эхтэй байгуулсан. Гэрээгээр Эрдэнэбат, ******* нарын хүүхдэд боловсрол олгох үүргийг сургууль хүлээж, эцэг, эх тухайн жилийн сургалтын төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ эцэг, эх нь биелүүлэхгүй 2017 оны сургалтын төлбөрийн үлдэгдэлийг төлөөгүй бөгөөд хариуцагчийн хүүхдүүд манай сургуулийн бүртгэлээс 2017-04-18-ны өдөр хасагдсан. Хариуцагч хүүхдүүдээ сургуулиас гаргасан шалтгаанаа багшийн ёс зүйтэй холбоотой талаар тайлбарлаж байх боловч энэ асуудал тусдаа шалгагдаж байгаа тул гэрээний үүрэг болох төлбөр төлөх энэ маргаанд хамааралгүй. Сургалтын төлбөрийг гэрээгээр тохиролцдоггүй, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаний захирал тухайн жилийн сургалтын төлбөрийг тогтоож тушаал гаргадаг. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14.970 ам.доллараар тогтоосон бөгөөд хариуцагчийн хоёр хүүхдийн суралцсан хугацаанд маргаж байгаа тул сургуулиас хасагдсан өдрөөр тооцож үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардаж байна...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал татгалзаж байгаа үндэслэлээ “...бид хүүхдүүдээ *******д 2014 онд оруулсан, хүүхдүүдийн суралцсан хугацааны төлбөрийг төлж байсан бөгөөд 2017-03-28-ны өдөр ангийн багш П Нхүүхдийг уйлуулж, энэ хүүхэд хулгай хийсэн гэж 1-5 дугаар ангиудаар оруулж, хүүхдийг харааж загнан, хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан шалтгааны улмаас хүүхдүүдийг тухайн сургуульд үргэлжүүлэн суралцуулах боломжгүй болсон. Энэ сургуулийн багшийн увайгүй үйлдлээс болжхүүхдүүдийн сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн байдалтай болж сэтгэл зүйчид хандаж, тухайн сургуульд суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан учраас үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болж, 2017-04-11-ний өдрөөс Улаанбаатар дахь Америк сургуульд оруулсан. Бритиш сургуулийн ажилтанын хууль бус үйлдлээс шалтгаалан хүүхдүүдээ энэ сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болсонд сургууль буруутай...” гэж тайлбарлан маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч нь Э.Б, Э.Б нарын 2016-2017 оны хичээлийн жилд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрдэнэбатын Б, Эрдэнэбатын Б нар 2014-10-08-ны өдөр сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар дахь Британи сургуульд суралцсан болох нь сургуулийн тодорхойлолт /1-р хх-5-6/, 2014-10-08-ны өдрийн сургууль эцэг эхтэй байгуулах гэрээ /1-р хх-8-9/, 2016-2017 оны дахин бүртгэлийн маягт /1-р хх-10, 11/, 2014-08-19-ний өдрийн элсэх өргөдөл /1-р хх-17-20/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож, хариуцагч тал маргаагүй бөгөөд сурагч Э.БЭ.Б нарыг 2016-09-01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017-04-18-ны өдрийг, хариуцагч тал 2017-03-28-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн сургуульд суралцсан талаар тус тус тайлбар гаргаж, тухайн сургуулиас гарсан, хасагдсан хугацаан дээр талууд маргасан.

 

Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгч тал сургуулийн бүртгэлийн программаас хасагдсан 2017-04-18-ны өдрөөр тооцож сургуулиас гарсан гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч тал тус сургуулийн багшийн буруутай үйлдлээс болж хүүхдүүдээ 2017-03-29-ний өдрөөс тухайн сургуульд явуулаагүй, 2017-04-11-ний өдрөөс өөр сургуульд суралцуулсан гэж тайлбарлан нотлох баримтаар Улаанбаатар дахь Америк сургуулийн 2017-10-24-ний өдрийн 17/286 дугаартай албан бичиг, Америк сургуулийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1-р хх-51-53/ ******* гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017-04-27-ны өдрийн огноотой илтгэх хуудас /1-р хх-46-48/ зэргийг гаргаж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Хэдийгээр хариуцагч тал багшийн зүй бус үйлдлийн улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, сэтгэл санааны хүнд байдалд орсны улмаас нэхэмжлэгчийн сургуульд үргэлжлүүлэн суралцуулаагүй талаарх үйл баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд зохигчийн хооронд маргаан гаргах болсон тус сургуулийн багш П Нгэгч нь 2017-06-22-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019-01-17-ны өдрийн 2/560 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /1-р хх-192-193/.

 

Нэхэмжлэгч тал сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний 5-д “сурагчийг өөр сургуульд шилжүүлэх, сургуулиас гаргах тохиолдолд хичээлийн жилийн олон нийтэд гаргасан хуваарийн дагуу нэг бүтэн улирлын өмнө сургуульд бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү бичгээр мэдэгдэлгүй сурагчийг сургуулиас гаргах ба шилжүүлэх тохиолдолд хичээлийн бүтэн улирлын төлбөрийг бүтнээр төлнө” гэж зааснаар гэрээний үүрэг шаардсан.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар уг гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажиллах процесс өөрөө байх тул гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран ажиллагч тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байж болно. Уг гэрээний онцлог нь эхлээд ажиллагч нь ажил үйлчилгээгээ гүйцэтгэж дараа нь ажиллуулагч хөлсийг төлөх үүрэгтэй боловч хариуцагч Б.Э нь хүүхдүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүндэтгэн үзэх шалтгаан нөхцлийн улмаас сургууль эцэг эхтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хэргийн үйл баримт, ******* гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017-04-27-ны өдрийн огноотой илтгэх хуудсанд бичигдсэн “...2017-04-17-ны өдөр захирал Жэйн грийнфүүд, ангийн багш Петр Нортон, сургалтын албаны зохицуулагч Индра, Саранчимэг нартай уулзалт хийсэн, багш нь хүүхдүүд хулгай хийсэн, нуун дарагдуулсан, худлаа хэлсэн гэсэн гурван шалтгаанаар буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн учир хүүхдүүдийг 4 ангиар дагуулж явсан нь зөв шийдвэр гэж үзэж байна...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул Э.БЭ.Б нарын суралцсан хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүүхдүүд 2016-2017 оны хичээлийн жилийн эхнээс 2017-03-28-ны өдрийг дуусталх цаг хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож, гэрээг цуцлахад хүргэсэн шалтгаан нөхцөл нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан буюу ангийн багш П Ннь хүүхдүүдийг хулгай хийсэн, нуун дарагдуулсан, худлаа хэлсэн гэх шалтгаанаар бурууг хүлээн зөвшөөрүүлэхээр хүүхдүүдийг 4 ангиар дагуулж явсан үйлдэл нь хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болох талаар ******* гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017-04-27-ны илтгэх хуудсанд бичигдсэн, нэхэмжлэгч тал дээрх үйл баримтыг үгүйсгэж нотлоогүй тул сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний 5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч сурагчийг сургуулийн бүртгэлээс хасагдсан гэх өдрөөр тооцон сургалтын төлбөр шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Харин хүүхдүүд *******д үргэлжлүүлэн суралцаагүй шалтгаантай холбоо хамааралтай нэхэмжлэгч компанид холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах, сургуулийн үйлдлийг хууль бусд тооцуулах, уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэлийгхариуцагч Б.Э гаргасан маргаан шийдвэрлэгдээгүй талаар зохигчид тайлбарлаж, хариуцагч тал сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний нөхцөлийн талаар сөрөг шаарлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Э ХХК-ийг үүсгэн байгуулах 2010-07-28-ны өдрийн 01 дугаар шийдвэр, үүсгэн байгуулагчдын мөн өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрэм /1-р хх-21-28/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018-01-19-ний өдрийн 12/722 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Х.Батжаргал байх бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй /1-р хх-91-92/  байна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0002030 дугаартай гэрчилгээнд, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын англи сургууль нэртэй /1-р хх-99-100/ Англи улсын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагааг эхэлсэн, нэхэмжлэгч компаний хувь нийлүүлэгчдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан 2016-2017 оны хичээлийн жилийн төлбөр төлөлтийн мэдээлэл буюу хариуцагч Б.Э-с Барнууд бүлгийн Б, Арслангууд бүлгийн Б нарын сургалтын төлбөр төлсөн дүнгийн талаар хариуцагч маргаагүй /1-р хх-104/ боловч сургалтын хугацаа буюу хичээллэсэн цаг хугацаа хичээлийн улиралын талаар зохигчид маргасан.

 

Маргааны зүйлтэй холбоотой сурагчдын суралцсан анги болох Барнууд, Арслангууд бүлгийн 2016-2017 оны хичээлийн жилийн ангийн журналыг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус сургууль цаасаар бүртгэл хөтөлдөггүй бүх зүйл цахимаар бүртгэгдэж хөтөлдөг талаар тайлбар гарсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр цахим бүртгэлд үзлэг хийсэн. Үзлэгээр Улаанбаатар дахь Англи сургуулийн сургалтын албанд очиход бүртгэлийн бүх программ англи хэл дээр хөтлөгддөг, сурагч сургуулиас гарсан тохиолдолд суралцсан хугацааны мэдээлэл архивлагддаг гэж тайлбарлаж, хариуцагчийн хүүхдийн нэрийг латин үсгээр бичиж хайхад Э.БЭ.Б нар 2014-09-01-ний өдөр тус сургуульд элсэн орж 2017-04-18-ны өдөр хасагдсан, гарсан гэх бүртгэл хийгдсэн байна. Одоо суралцаж байгаа сурагчийн мэдээллийг жишээ болгон гаргаж харахад улиралаар 4 сартай, 31 хоногоор хүснэгттэй, тухайн хүснэгт доторх бичвэр англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд тухайн сурагч хичээлд ирсэн, ирээгүй, тасалсан, өвчтэй, чөлөөтэй гэх байдал нь өөр өөр өнгөөр тэмдэглэгдэн бүртгэгддэг байх бөгөөд суралцагчдын бүртгэлийн дэлгэрэнгүй “Лог сервер” байдаг эсэхийг мэдэхгүй, хэрвээ байдаг бол АНУлсад байдаг байж магадгүй гэх тайлбарыг сургуулийн дэд захирал Э тайлбарласан болно /2-р хх 2019-04-09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл/.

 

Бага дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д зааснаар сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх нь суралцагчийн үүрэг байна.

 

Зохигчид хүүхдүүдийн суралцсан цаг хугацааны талаар маргасан тул хэргийн 1-р хавтасны 106-108 дугаар хуудсанд авагдсан 2016-2017 сургуулийн хуанли гэх баримтаас тооцоход

1-р улирал буюу 1-р үе-2016-09-01-ний өдрөөс 2016-12-19-ний өдөр хүртэлх хугацаа хамаарч нийт 77 хоног,

2-р улирал буюу 2-р үе-2017-01-09-ний өдрөөс 2017-04-07-ны өдөр хүртэлх хугацаа хамаарч нийт 70 хоног,

3-р улирал буюу 3-р үе-2017-04-17-ны өдрөөс 2017-06-19-ний өдөр хүртэлх хугацаа хамаарч нийт 45 хоног байх бөгөөд тухайн хичээлийн жилд нийт хичээллэх хоног нь 192 өдөр байна.

 

Э.БЭ.Б нар 2017-03-28-ны өдрийн сургалтанд хамрагдаж түүнээс хойш сургууль эцэг эхтэй байгуулсан гэрээний дагуу сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан болох нь нотлогдон тогтоогдоогүй тул эдгээр хүүхдүүд 2016-09-01-ний өдрөөс 2017-03-28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 139 хоног суралцсан байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн ерөнхий захирлын баталсан 2016-2017 оны хичээлийн жилийн 4 дүгээр ангийн төлбөр 14.970 ам.доллар гэж тогтоосон баримт хэргийн 1-р хавтасны 74-р талд авагдсан бөгөөд хариуцагч талаас үгүйсгэж маргаагүй тул

Э.Б сурагчийн төлбөрийг тооцоход 14.970 ам.долларыг : 192 өдөр /тухайн жилийн хичээллэх өдөр/= 77.9 ам.доллар /1 өдөр/ х 139 өдөр /хүүхэд суралцсан өдөр/=10.828 ам.доллар үүнээс төлсөн 6343 ам.долларыг хасвал төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 4485 ам.доллар байна.

 

Э.Б сурагчийн төлбөрийг тооцоход 14.970 ам.долларыг : 192 өдөр /тухайн жилийн хичээллэх өдөр/= 77.9 ам.доллар /1 өдөр/ х 139 өдөр /хүүхэд суралцсан өдөр/=10.828 ам.доллар үүнээс төлсөн 6025,85 ам.долларыг хасвал төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 4802,15 ам.доллар байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг Монголбанкны зарласан ханшаар тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох тул нэхэмжлэгч шүүхэд 2017-09-27-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2017-07-20-ны өдрийн ханшийн лавлагааг хавсаргаж өгсөн тул тухайн өдрийн ханшаар 2418,84 төгрөгөөр тооцоход 4485+4802,15=9287,15 ам.доллар= 22.464.129 төгрөгийг хариуцагч Б.Э-с гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99.610,35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 270.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг баримтлан хариуцагч Тугчин овогт Батбаярын Эрдэнэбат //-аас 22.464.129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 99.610 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.800 /хоёр зуун далан мянга найман зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с хангагдсан шаардлагад ногдох 270.270 /хоёр зуун далан мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                         Д.Я