Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00940

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00940

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10-р хороолол, Чингүнжавын гудамж, 47/2 байрны ... тоотод оршин суух Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамж, ... тоотод оршин суух, Б.З

хариуцагч- Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 86 дугаар байр, 99 тоотод оршин суух, Б.О нарт холбогдох,

хамтран ажиллах эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн тул хариуцагч Б.З-гоос 12.290.000 төгрөгийг,

 хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.О-ээс 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой тохиролцоо гэх нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн 210.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Згийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Н, Л.Б/1580/, хариуцагч Б.О, хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.О найзын хамтаар 2014 оны 06-р сараас эхлэн Баянзүрх дүүргийн 7-р хороо, сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах, гаражийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэл бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн. Тухайн үед зах зээлд нэлээн өндөр зэрэглэлийн авто угаалгын газрыг бий болгож чадсан. 2014 оны 11 дүгээр сараас Б.Оийн найз З харагдах болсон. З нь тухайн авто угаалгын газарт камер суулгаж өгснөөр бидний ажилд тус болсон. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын 4-5-ны үеэр ажилдаа ирэхэд Б.О ярилцах хэрэг байна гэж машиндаа дуудаж суулгаад бид ажлынхаа талаар ярилцаж байтал “...хаврын цагт авто угаалга уналтанд ордог, өвөл, цагаан сарын өмнөх үеүдэд ашигтай байдаг тул өөр хүнд давхар түрээслэх талаар боломжтой юм шиг санагдаж байна...” гэж Б.О хэлж 2-3 сар түрээслээд ашгаа 3 хувааж авья гэсэн саналыг тавихад нь хоёулаа эхэлсэн ажлыг яагаад 3 хувааж байгаа юм чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед З хамт байсан. Гэтэл О нь З бидний ажилд ингэж их тус болж байхад яагаад гурав хувааж болохгүй гэж, авто угаалгын газрыг босгоход бид хоёр маш их ажилласан гэхэд нь би сар, сараар нь ажиллуулья гэсэн санал тавьсан. Иймэрхүү байдлаас болж бидний яриа Зд таалагдаагүй юм шиг байгаа юм тэгээд намайг хэдэн төгрөг зарцуулсан юм чамд наадам гэхэд 25.000.000 төгрөг гаргаад өгье, үүнээс хойших асуудлыг бид өөрсдөө авч явна гэх зүйлийг яриад салсан. Анх З, О нарыг найзууд гэж байсан боловч үерхэж, хосууд болсон байсан учир би өөрөө явчихья гэж бодоод тэр цагаас хойш оролцоогүй. Энэ яриа болсноос хойш 2 сарын дараа машинаа угаалгах гээд очиход угаалгын газрыг Даваасүрэн гэдэг хүнд түрээсэлсэн байсан. Би машинаа үнэгүй угаалгах санаатай байхад надаас тооцоо нэхээд Даваасүрэн бид хоёрын дунд яриа болсон. Тохиролцооны дагуу наадам болсон тул Б.З мөнгөө өгөөгүй тул 8 дугаар сарын эхээр угаалгын газар очиход Ган-Эрдэнэ гэх хүнд түрээслэсэн байсан. Энэ үед нь угаалгын газрыг хүнд түрээслэж мөнгөтэй болоод байна тохирсон мөнгөө өгөөч гэж шаардахад болоогүй хүлээж бай гээд 8 дугаар сарын 1-ний өдөр 210.000 төгрөгийг Б.З шилжүүлсэн. Бидний хооронд болсон үйл явдлыг анхнаас нь мэдэж байсан хүн нь Б.О байгаа. 2015 оны 2 сараас эхлэн угаалгын газрыг өөр хүмүүст түрээслэж мөнгийг нь авч байсан. Бид тухайн үед гэрээг дүгнэж байсан. Бидэнд түрээсийн төлбөрийн асуудал бол байсан. Б.Г, Б.О нар хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон адил тэнцүү хөрөнгө оруулсан. 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулснаа 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан. Б.Г хамтран ажиллах гэрээнээс гарсан үндэслэл нь оруулсан хөрөнгө 25.000.000 төгрөгийг Б.З 2015 оны наадмаар өгнө гэсэн учраас, З, О нар хамтын амьдралтай болж үр хүүхэд нь гарсан учраас нэг тал болсон. Тиймээс ч гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжид авах давуу эрхээ давхар эдэлсэн. Тиймээс З, О хоёр нь Гийн 50 хувийг шилжүүлж, гэрээнээс гарч байгаа тал мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар зөвшөөрсөн. 2015 оны 2 дугаар сараас эхэлнэ шуурхай зар сонинд давхар түрээслэх зар тавьсан байдаг. Дан ганц мөнгө төгрөгийн асуудал биш Гийг хамтран ажиллах гэрээнээс гарснаас хойш бүх үйл ажиллагааг Б.О, Б.З нар хариуцаж байсан тул Г.Энхбаттай түрээсийн гэрээний харилцаатай байсан асуудлаа дуусгаж 2015 оны 2 дугаар сарыг дуустал ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй. Үүнээс хойш З, О нар ашиг, орлого, зарлагаа хариуцсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 3 дугаар сарын 4-нд амаар тохиролцсон боловч ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй тул боловч ар гэр найз нөхдийн зөвлөсний үндсэн дээр баталгаажуулахгүй бол болохгүй юм байна гэж ойлгоод 2015 оны 4 дүгээр сарын 2-нд Зтой тохиролцоо байгуулсан. Бидний тохиролцоо 3 дугаар сарын 4-нд хийгдсэн байгаад дараа нь бичгээр болгож бичсэн зүйл байгаа. Надад 210.000 төгрөгийг өгч байгаа үйлдэл нь тохиролцоог зөвшөөрсний дагуу л өгч байгаа. Өөрөөр хэлбэл автоугаалгын үйл ажиллагааны 50 хувийг хүлээж авсан гэдгээ нотлож төлсөн. Энэ бол хамтран ажиллах гэрээний 50 хувийг заавал бичгээр, нотариатаар орно гэсэн зүйл байхгүй. Амаар хийсэн хэлцлээ цаасан дээр буулгасан хэлбэр. Хамтран ажиллах гэрээний 50 хувийг эзэмшиж ашиглах, эрх шилжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа Г.Энхбат гэж хүнтэй байгуулсан түрээсийн гэрээтэй хольж хутгаад байна. Хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний харилцаа тусдаа ойлголт юм гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хүнээс зээлж байсан удаа надад байхгүй, мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Бид хамтран ажиллахаар иргэн Д.Энхбатын объектыг түрээслэж гэрээ байгуулсанаар бид гэрээний нэг тал болсон. Уг гэрээг дүгнэж 2014-12-20-ны өдөр акт үйлдэж бид гарын үсэг зурсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний түрээс болон ашиглалтын зардлаа төлж барагдуулах гэрээ дуусгавар болох заалтаар гэрээ хүчингүй болсон. Удалгүй тог усаар хангахгүй, түрээсийн хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар хөөж гаргаж, иргэн Пүрэвцэрэнд авто угаалгын газрыг түрээслэсэн. Г түрээсийн гэрээг хүчингүй болгосон актыг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад, ямар ч хамаагүй аргаар хохирлоо барагдуулах гэж надад мэдэгдэлгүй ашиг орлого ихтэй гэж худал хэлж Б.Зтой тохиролцсон байсан. Г бид хамтран ажиллах явцдаа гэрээний талаар огт дүгнэж ярилцаж байгаагүй. Одоо санахад “зээл авч аавтайгаа барилга барьж байгаа, байраа барьцаанд тавьж байгаа бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна, туслаач” гэж баахан бичиг баримт бүрдүүлээд ирэхэд нь уншихгүйгээр гарын үсэг зурсан тохиолдол надад бий. Бид хамтран ажиллаж байсан учир алдагдлаа хуваамаар байна. Би Б.Г-снэг дахин илүү хөрөнгө оруулсан. Энэ хүн оруулсан хөрөнгөө надаас нэхэх үндэслэлгүй. Яагаад гэвэл бид гэрээний нэг тал. Харин бидний хөрөнгө оруулсан объектын эзэн Г.Энхбат гэж хүн байгаа. Энэ хүнээс хөрөнгө оруулалтаа шаардах эрхтэй байх. Бид тухайн обьектод 2 сар 14 хоног засвар хийж, түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн тохижуулалт, тог усны зардал гээд нийт 154.308.000 төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байдаг. Г.Энхбат нь авто угаалгын газраас хөөж гаргасан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, энэ үед Гийг ирээд өргөдөлд гарын үсэг зураад өг гэж удаа дараа, гуйсан ч ирээгүй. Одоо надаас мөнгө нэхээд байгаа нь хувийн өс хонзонгийн сэдэлтэй гэж дүгнэж байна. Их хэмжээний өрнөөс авто угаалгын газар өндийх аргагүй болж өр нэхсэн хүмүүс ирж касс сахиж өрөө авах болж түрээсээ төлж чадахгүй, ус, тогоо байнга таслуулж хүнд байдалд ороод байхад Г ирээгүй, “аавтайгаа барилга бариад завгүй байна, очиж амжихгүй” гэдэг тайлбар өгч байсан. Тухайн үед энэ хүн намайг их өрөнд хаяад явсан атлаа хэдэн жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Давж заалдах шатны шүүх З хамтран ажиллах гэрээний нэг тал биш байхад түүнээс оруулсан хөрөнгөө шаардах үндэслэлтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Үүнд би өөрийн биеэр оролцож, гуравдагч этгээдийг оролцуулах талаар зөвшөөрөөгүй. Энэ хоёрын хоорондын тохиролцоог би огт мэдээгүй. Хэзээ гарын үсэг зурж тохиролцоо хийсэн талаар шүүхэд хариуцагчаар татагдсаны дараа мэдсэн. Энэ хүний өмнө би үүрэг хүлээгээгүй. Өртэй, хэцүү үед намайг орхиод явсан, хамтран ажиллах гэрээний нэг тал байж хариуцлагаа хамт үүрэх ёстой. Даваасүрэнд би дангаар төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байгаа, одоо Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэрэг шүүхээр хянагда байна. Энэ хоёр хүн яагаад надаас мөнгө нэхэмжлээд байна гэвэл Г бидний 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр объектын өмчлөгч Г.Энхбаттай байгуулсан актаар 5 жилийн түрээсийн гэрээ хүчингүй болсон учир хуулийн хүрээнд явахад мөнгө төлөх үүрэг гарч байгаа. Энэ хүн надтай цуг өөрөө гэрээгээ хүчингүй болгочхоод өнөөдөр ямар ч үндэслэлгүй зүйл яриад байна. Ямар нэгэн эрх шилжсэн, би хүлээн зөвшөөрөөд гуравдагч этгээдээр оролцуулья гэсэн зүйл байхгүй. Бид гэрээний нэг тал адилхан хохирогч. Г.Энхбатын хөрөнгөнд бид их хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг Энхбат хүлээн зөвшөөрсөн байдаг. Түрээсийн гэрээг дүгнэсэн акт дээр зөвшөөрсөн. Энхбатын объектод засвар хийчихээд тэр оруулан хөрөнгөө яагаад надаас нэхээд байгаа юм? Харин Энхбатаас хоёулаа нэхэмжлэх хэрэгтэй юм бишүү. 5 жилийн гэрээ байгуулж балгас шиг байсан объектоо засаж янзлуулчихаад ганц жил ажиллуулсан. Тэр ганц жилдээ ашиг орлого олоогүй, харин ч аймшигтай их өрөнд орсон. Түрээсийн төлбөрөөс Г төлж байгаагүй, эхний жилдээ дан алдагдал хүлээсэн, нэг жил обьектоо түрээслүүлээд больсон тул би дангаар нэхэмжлэл гаргах гэхээр гэрээний нэг талын хүсэл зориг заавал шаардлагатай болчихоод байдаг. Б.Г бид байдаг хөрөнгөө тавиад алдахыг нь алдаж мөнгө зээлэх боломжтой бүх хүнээс  мөнгө зээлж байсан. Арга мухардаад Г авто тээврийн газраас гэрчилгээ хууль бусаар авч бичээд банк бусд тавьж зээл аваад баригдаж Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад би батлан даалтаар гаргаж байсан. Ийм хэмжээнд хүртлээ бид хохирсон. Мөнгө зээлэх боломжтой бүх аргаа хэрэглэж мөнгө зээлж, дандаа 5-10 хувийн хүүтэй байсан. Гэрээний нэг тал болж хамтран ажиллаад адилхан хохирч зовсон нэгнээсээ мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Энхбатаас өнөөдөр гаргаж өгсөн баримт нь ямар нэгэн түрээсийн төлбөр, ашиглалтын зардлын төлбөр байхгүй талаар бичсэн байна. Б.Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014-6-4-ний өдөр Б.Г, Б.О нарын Энхбаттай байгуулсан түрээсийн гэрээнд З гэрээний тал болгоогүй тул Г нь Зтой тохиролцоо хийх байсан бол гэрээний талуудаас зөвшөөрөл авч байж хэлцэл хийх байсан. Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тал нөгөө талынхаа эрхийг хөндөхгүйгээр гэрээнээс гарах ёстой. Мөн гэрээнээс гарч байгаа талын хувийг хамтран ажиллаж байгаа буюу О давуу эрхээр авах эрхтэй боловч энэ талаарх баримт байхгүй. Г нь найзууд байсан учир ямар нэгэн бичиг баримт үйлдэх шаардлагагүй байсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар гэж үзэхээр байна. Учир нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ цуцалж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор байгаа. Түрээсийн гэрээг цуцалсан байхад Даваасүрэн, Ган-Эрдэнэ нартай давхар түрээслэх гэрээ байгуулж, дуусгавар болсон гэрээний үндсэн дээр гэрээ байгуулсан гэж маргаан үүсгэж зарим нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр мөнгөө авж байгаа асуудал байгаа юм байна. З, О нар хамтын амьдралтай учир хоёулангаас нь шаардаж байна гэж тайлбрлаад байна. Гэрлэлтийн гэрчилгээтэй гэр бүлээс ямар нэгэн юм шаардахад хүртэл заагтай байдаг. Даваасүрэн, Ган-Эрдэнэ нарт давхар түрээслээд 51.000.000 төгрөгийн орлого олсон гэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод талууд өгсөн авсан зүйлээ буцааж байгаа тул ямар нэгэн байдлаар орлого олоогүй нь Даваасүрэн, Ган-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Гтой Брилиант авто угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч, авалцахаар тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй нь 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн түрээсийн гэрээний нэг тал болох Г, О нар байхад Зг түрээсийн гэрээний нэг тал болгоогүй, хэлцэл хийхээс өмнө  2015 оны 3 дугаар сарын 14-нд тухайн авто угаалгын газрыг С.Даваасүрэн гэгчид түрээслэсэн байсан тул Гтой бичгээр хэлцэл хийснээс хойш авто угаалгын газраас нэг ч төгрөгийн ашиг аваагүй тул түрээслэгч, хамтран ажиллах гэрээний нэг талаас зөвшөөрөл аваагүй, бодит байдал дээр биелэх боломжгүй хийсэн, тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн 210 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Түрээсийн гэрээ байгуулахдаа хамтран ажиллах гэрээтэйгээр гурвуулаа байгуулаад, гэрээг дүгнэхдээ гурвуулаа дүгнээд байдаг хэрнээ ашиг орлого, алдагдлаа яагаад тооцож болдоггүй юм. Хэрвээ гэрээнээс гарч байгаа бол Г.Энхбат, Б.О нартай хийсэн хэлцэлд Зг нэмэлтээр оруулах байсан. Найз нөхдийн харилцаатай байсан учир бичиг цаас үйлдэх хэрэггүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байгаад байгаа. Харин ч хэрэгт байгаа нотлох баримтуудаас харахад сайн цуглуулж байсан байгаа. Нэгэнт талуудын хооронд байгуулсан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өгсөн авсан зүйлээ харилцан буцаах тул Згоос Гт шилжүүлсэн 210.000 төгрөгийг шаардаж байгаа. Харин Гоос Зд авсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.З, Б.О нарт холбогдуулан гаргасан “тохиролцооны дагуу 24.790.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтран ажиллах гэрэээний эрх, үүргийг олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн тул хариуцагч Б.Згоос 12.290.000 төгрөгийг, хамтран ажиллах гэрээний дагуу олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулах гэж тодорхойлсон /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэлийн 17-19/.

 

Хариуцагч Б.З нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой тохиролцоо гэх нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн 210.000 төгрөгийг Б.Г-сгаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1-р хх-128/.

 

Хариуцагч Б.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Т.Сайнбаярт гурван жилийн хугацаагаар олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” боловч нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Отэй хамтран Баянцээл үйлчилгээний төвд байрлах, гаражийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэл бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн бөгөөд Оийн найз залуу Згийн хүсэлтээр тухайн бизнесээс гарч хамтран ажиллах гэрээний эрх болоод үүргийг Зд шилжүүлсэн, З нь хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгө оруулалт болох 25.000.000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн. Гийг хамтран ажиллах гэрээнээс гарснаас хойш бүх үйл ажиллагааг Б.О, Б.З нар хариуцан ажиллахаар тохирсон. Хамтран ажиллах гэрээний 50 хувийг шилжүүлж байгаа нь заавал бичгээр байгуулж, нотариатаар орно гэсэн зүйл байхгүй. Амаар тохиролцсон байсан зүйлээ хожим цаасан дээр буулгасан хэлбэр...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.О татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хүнд мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Бид хамтран ажиллахаар иргэн Д.Энхбатын объектыг түрээслэж гэрээ байгуулсанаар бид гэрээний нэг тал болсон. Г түрээсийн гэрээг хүчингүй болгосон актыг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад, ямар ч хамаагүй аргаар хохирлоо барагдуулах гэж надад мэдэгдэлгүй ашиг орлого ихтэй гэж худал хэлж Б.Зтой тохиролцсон байсан. Энэ хүн оруулсан хөрөнгөө надаас нэхэх үндэслэлгүй. Яагаад гэвэл бид гэрээний нэг тал. Харин бидний хөрөнгө оруулсан объектын эзэн Г.Энхбат гэж хүн байгаа. Энэ хүнээс хөрөнгө оруулалтаа шаардах эрхтэй байх. Тухайн үед бидний түрээслэн ажиллуулж байсан авто угаалгын газар их хэмжээний өрөнд орсон байхад Г үйл ажиллагаанд оролцохгүй хаяад явсан. З, Г нар гарын үсэг зурж тохиролцоо хийсэн талаар шүүхэд хариуцагчаар татагдсаны дараа би мэдсэн. Энэ хүний өмнө би үүрэг хүлээгээгүй. Бид хамтран ажиллах гэрээний нэг тал байж хариуцлагаа хамт үүрэх ёстой...” гэж,

хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь 2014-6-4-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээнд Зг оролцуулаагүй тул Г нь Зтой тохиролцоо хийхдээ гэрээний талуудаас зөвшөөрөл авах байсан. Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тал нөгөө талынхаа эрхийг хөндөхгүйгээр гэрээнээс гарах ёстой. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 20-нд түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болсон. Даваасүрэн, Ган-Эрдэнэ нарт давхар түрээслээд орлого олсон гэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод талууд өгсөн авсан зүйлээ буцааж байгаа тул ямар нэгэн байдлаар орлого олоогүй нь Даваасүрэн, Ган-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Б.Г, З нарын 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тохиролцоо нэртэй хэлцэл нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй. Хэлцэл хийхээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 14-нд тухайн авто угаалгын газрыг С.Даваасүрэн гэгчид түрээслэсэн байсан, түрээслэгч, хамтран ажиллах гэрээний нэг талаас зөвшөөрөл аваагүй, бодит байдал дээр биелэх боломжгүй хийсэн тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн 210 000 төгрөгийг Гоос гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарлан зохигчид мэтгэлцсэн.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нар Г.Энхбаттай түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 7-р хороо, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг түрээслэх, гэрээний хугацаа 2014-06-10-ны өдрөөс 2019-06-10-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үргэлжилэхээр тохирсон байна /1-р хх-4-5, 2-р хх-35-37/.

 

Дээрх түрээсийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 7-р хороо, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг засварлан тохижуулах ажлыг нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нар хийсэн, засварын зардал гарсан талаар зохигчид тайлбарлаж маргаагүй бөгөөд энэ талаар 2015-07-22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх /2-р хх-33/ бөгөөд тухайн актанд хариуцагч Б.О гарын үсэг зурсан байдлын талаар 4314 дугаартай шинжээчийн дүгнэлт 2018-07-27-ны өдөр гарсан байна /2-р хх-15-24/.

 

Харин түрээсийн гэрээг дүгнэсэн актыг тухайн гэрээний талууд буюу түрээслүүлэгч Г.Энхбат, түрээслэгч Б.Г, Б.О нар 2014-12-20-ны өдөр үйлдэж, түрээсийн төлбөрийн үлдэгдэлийн талаар тохиролцож, 2014-12-31-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээг хүчингүй болгож, гэрээг шинэчлэн байгуулахаар тохирсон байх /2-р хх-59-60/ боловч үүнээс хойш дахин түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаагүй болохыг зохигчид тайлбарлаж энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хэргийн дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нарын хооронд түрээсийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Баянцээл ХХК-ний байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг засварлан тохижуулж, орчин үеийн өндөр зэрэглэлийн авто угаалгын газар болгон тохижуулан ажиллуулахаар тохиролцож, улмаар 2014 оны 6-р сард засварын ажил эхэлж 2 сар гаруй хугацаанд үргэлжилж, ашиглалтанд оруулсанаар хамтран ажиллах гэрээг талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар амаар байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул зохигчид хамтран ажиллах, хүн тус бүр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Ийнхүү хамтран ажиллаж байгаа этгээдүүдийн гол зорилго нь тодорхой үйл ажиллагааны үр дүнд зохих хэмжээний ашиг олох явдал байдаг бөгөөд зохигчид ингэж хамтран ажиллах хэлцэл хийсэн болон “Бриллант” нэртэй авто угаалгын газрыг ажиллуулж, түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлж, авто угаалгын газрын ашиглалтад оруулах, засварлахад хүн тус бүрээс 30.000.000 төгрөг гаргасан, ажилчдын цалин хөлс, тоног төхөөрөмжийн зардал гарсан үйл баримтын талаар хамтран ажиллах гэрээний талууд маргаагүй болно.

 

Б.Г, Б.О нар дээрх түрээсийн гэрээг 2014-12-20-ны өдөр түрээслүүлэгчтэй дүгнэж акт үйлдсэн байх бөгөөд үүнээс хойш талууд ашиг хуваах асуудалд маргаагүй, ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь бидний хамтран ажиллах харилцаанд Б.З оролцох хүсэлт гаргаснаар тухайн үед Б.З, Б.О нар гэр бүлийн харилцаатай дотно болсон тул хамтран ажиллах гэрээний эрх, үүргийг Б.Зд шилжүүлж, гэрээнээс олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргээ Б.Зд шилжүүлж би гарсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ болон ашиг орлого, хөрөнгө оруулалтын талаар маргаан гараагүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг олох байсан ашиг буюу эрх, хүлээх байсан үүргийг хариуцагч Б.Зтой тохиролцооны дагуу шилжүүлсэн гэж тайлбарлан шаардсан тул эхлээд хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх шаардлага үүсэж байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Б.З нь Б.Гтой “Бриллант” нэртэй авто угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч авалцахаар тохиролцон 2015-04-02-ны өдөр тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн байх боловч Б.Г, Б.О нар нь Г.Энхбаттай байгуулсан түрээсийн гэрээний нэг тал болгоогүй, Б.Г нь надтай хэлцэл хийхээс өмнө тухайн авто угаалгын газрыг С.Даваасүрэн гэгчид давхар түрээслэсэн байсан тул хэлцэл хийснээс хойш би авто угаалгын газраас нэг ч төгрөгний орлого, ашиг аваагүй. Түрээслүүлэгч болон хамтран ажиллах гэрээний нэг талаасаа зөвшөөрөл аваагүй хийсэн бодит байдалд биелэх боломжгүй 2015-04-02-ны өдрийн тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 210.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан /1-р хх-128/.

 

Хамтран ажиллах гэрээний үндсэн шинж нь хоёр ба түүнээс дээш этгээдүүд ашиг олох болон бусад тодорхой зорилгод хүрэхийн тулд талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээнд хоёр этгээд оролцсон, оролцогч бүр ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамж буюу хөрөнгө оруулах талаар, засварын зардал, хамтын хувь хөрөнгөд хамтын үйл ажиллагааг хэрхэн хуваарлах болон хөрөнгө оруулах, ажил үйлчилгээг хэрхэн, хэн хариуцах талаарх тохиролцоо огт хийгдээгүй байх боловч хүн тус бүр 30.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн гэж 2015-07-22-ны өдрийн тооцоо нийлсэн актанд дурдсан байна /2-р хх-33/.

 

Гэрээний оролцогч тал өөрийн хөрөнгийг тодорхой зорилгод хүрэхийн тулд бусадтай нийлж захиран зарцуулахаар сайн дураар хураамж болгон төлж байгаа тохиолдолд уг хөрөнгө нь дундын өмчлөлийн зүйл болох нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцэхээр байна. Тиймээс ч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т ...талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасан бөгөөд гэрээнд оролцогч талууд тус бүрийнхээ оруулсан хөрөнгө оруулалтыг хэний өмчлөлд байх талаар ямар нэгэн тохиролцоо мөн хийгдээгүй байна.

 

Түүнчлэн хамтран ажиллах гэрээний талууд нь хөрөнгө нийлүүлэх буюу хураамж төлөхөөс гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.4-т зааснаар хамтын ажиллагааг хэрхэн явуулахыг тохиролцох ёстой ба талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эсхүл хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцох боломжтой боловч ингэж тохиролцоогүйгээс нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нарын авто угаалгын газрыг түрээслэн ажиллуулж байгаа үйл ажиллагаанд хариуцагч Б.З оролцох хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.З нарын хооронд 2015-04-02-ны өдөр тохиролцоо хийгдэж /1-р хх-6/ Б.Г, Б.О нарын хамтран ажиллах гэрээний харилцаанд Б.З орж, Б.Г гарахаар тохиролцсон байна.

 

Гэтэл Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д “гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно” гэж, 479.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хамтран ажиллах гэрээнээс хэдийд ч оролцогч гарч болох бөгөөд хохирол учруулахааргүй гэдгийг гэрээний оролцогч тал гэрээнээс гарснаар тухайн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болох эсхүл үйл ажиллагаа зогсох зэрэг нөхцлүүдийг харгалзан үзэх ёстой байна.

 

Тиймээс хамтран ажиллах гэрээнд оролцож буй хоёр этгээд санаа нийлж, хүсэл зоригоо илэрхийлэн хамтарч ажиллахаар тохиролцдог тул энэхүү тохиролцоо хийсэн хүмүүсээс нэг нь гарснаар тохиролцсон хамтын ажиллагаа дуусгавар болох нь тодорхой тул нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Отэй тохиролцсон хамтын ажиллагаанаас гарсан бол тэдгээрийн хамтын ажиллагаа дуусгавар болох байтал Б.Г нь тухайн хамтын ажиллагаанаас өөрөө гарч Б.Зг оруулах хүсэл зоригийг илэрхийлж хариуцагч Б.Зтой тохиролцоо буюу хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэтэл хариуцагч Б.З нь Б.Г, Б.О нарын хамтран ажиллах гэрээний тал биш тул нэхэмжлэгч Б.Г гэрээнээс гарахдаа хамтран ажиллагааны нэг тал болох хариуцагч Б.От мэдэгдэж Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5-д зааснаар зөвшөөрөл авсан тохиолдолд нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарч болохоор байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний онцлог нь тодорхой нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө, үйл ажиллагааг нэгтгэж буй оролцогчдын хүсэл зориг байгаа тул өөрийн дангаар өмчлөх эрхээсээ татгалзаж байгаа гишүүний үүрэг нь хураамжид төлсөн эд хөрөнгө гишүүдийн дундын өмчлөл болдог тул гэрээний оролцогч бүрийн ногдох хэсэг тодорхой боловч нэгэнт хамтран ажиллах гэрээний эрхээ бусад өмчлөгч буюу Б.Оийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Б.Г хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан боловч маргааны зүйл болох хамтран ажиллах гэрээний нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээний оролцогч Б.Г нь өөрийн эрх, үүргийг хариуцагч Б.Зд шилжүүлэх эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 56.1.8-д заасан. Б.Г, Б.О нар хамтын ажиллагааны нэг тал байхад хамтран ажиллах гэрээнээс гишүүн гарах тохиолдолд өөрийн оронд шинэ гишүүнийг оруулж хамтын ажиллагааг зогсоохгүй байх талаар гэрээний талууд тохиролцож болох хэдий ч гэрээний нэг тал зөвшөөрөхгүй бол гишүүн хасагдах, нэмэгдэх  боломжгүй тул хамтын ажиллагаа дуусгавар болох бөгөөд хариуцагч Б.О нь гэрээний тал Б.Гтой энэ талаар тохиролцоо хийгээгүй, надад мэдэгдээгүй гэж маргасан.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан.

 

Б.Г, Б.О нарын хамтын үйл ажиллагаа хэрэгжиж байсан түрээсийн гэрээ 2014-12-31-ний өдрөөр дуусгавар болсон талаар нэхэмжлэгч Б.Г мэдэж байсан бөгөөд зохих этгээдийн буюу гэрээний нэг тал Б.Оийн зөвшөөрөлгүй Б.Зтой тохиролцсон хэлцэл нь хуулиар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан тул нэхэмжлэгч Б.Г-схүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 210.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Зд олгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хамтран ажиллах гэрэээний эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Згоос 12.290.000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Харин олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12.500.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах бөгөөд гэрээний талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах тул гишүүд алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй бол өөрийн оруулсан хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцах учиртай.

 

Нэхэмжлэгч Б.Г хамтран ажиллах гэрээнээс гарах хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлийг хариуцагч Б.Отэй амаар тохиролцож, 2015-04-02-ны өдөр бичгээр баталгаажуулсан талаар тайлбарлаж байх боловч хариуцагч Б.О энэ талаар мэдээгүй, надаас зөвшөөрөл аваагүй, хамтын үйл ажиллагаанд оролцоогүй дуудаад ирдэггүй байсан гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээ 2014-12-31-ний өдрөөр дуусгавар /2-р хх-59-60/ болсон, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан хариуцагч Б.Оийн гомдлыг шалгасан /2-р хх-6-13, 66/ байх боловч нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нарын хамтран ажиллуулж байсан “Бриллант” нэртэй авто угаалгын газрыг хариуцагч нар түрээслэхээр зар тавьж байсан /1-р хх-41-42, 143-150/ болон Ган-Эрдэнэ /1-р хх-36-37, 2-р хх-67-68/, Даваасүрэн /1-р хх-62-64/ нарт тодорхой хугацаанд түрээслэж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шүүхийн шийдвэрээр Даваасүрэнд төлбөр төлөх үүргийг хариуцагч Б.О хүлээсэн/1-р хх-67/, Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг өөр дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа талаар хариуцагч нар тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нарын гол зорилго нь авто угаалгын газрыг ажиллуулж ашиг олох бөгөөд хөрөнгө оруулалт оруулсны дараа авто угаалгын газрыг засварлаж ажиллуулсан байх боловч 5 жилийн хугацаанд үргэлжлэхээр байсан гэрээг 2014-12-31-ний өдрөөр дуусгавар болгож, тухайн авто угаалгын газрыг ажиллуулснаар орлого, ашиг олоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хамтран ажилласан гэрээний талуудад хуваагдах ашиг болон орлого олсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасан.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж мөнгө гаргасан, хамтран ажиллах гэрээний эрх, үүргийг Б.Зд шилжүүлсэн тул ашиг олсон, орлого олоогүй байсан ч олох байсан орлого, ашиг хүртэх эрхтэй болохыг нотлоогүй байхад гэрээний эрх чөлөөг зөрчих эрхгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан нь гэрээний оролцогчдын хоорондын хүлээх хариуцлага гэхээс илүү хамтын үйл ажиллагааны явцад үүссэн алдагдлыг гишүүд хоорондоо хэрхэн хуваарилах асуудалд хамааралтай юм.

 

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.О нар хамтран ажиллах гэрээний нэг тал бөгөөд хамтран “Бриллант” нэртэй авто угаалгын газрыг ажилуулж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч хамтран ажиллах гэрээний үр дүнд талууд ашиг, орлого олохоос гадна үйл ажиллагааны үр дүнд эд хөрөнгийн алдагдал гарах бөгөөд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаанд хэн аль нь оролцсон, эсхүл оролцохоос татгалзсан байхаас үл хамааран хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдлыг хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтран хариуцах үүрэгтэй, гэрээний нэг талын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч нь өөрт ногдох хувиа гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хүсэлтээр гэрчээр оролцсон У.Чинзориг, Т.Ганбаатар, Г.Ган-Эрдэнэ, С.Даваасүрэн нар нь ...авто угаалгын газрыг ажиллуулж байсан, түрээсийн төлбөрөө төлөхийн тулд тодорхой эд зүйл ломбарданд тавьдаг байсан, түрээслүүлэгч Г.Энхбат түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, цахилгаан болон ус тасалдаг байсан, Б.Г авто угаалгын газар ирдэггүй байсан, олсон орлогоороо түрээс болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар ажилчид ярилцдаг байсан, 2015 оны 7 сарын үед зарын дагуу З, О нартай холбогдож авто угаалгын газрыг түрээслэн ажиллуулж байхад эзэн нь гэх Энхбат гэж хүн ирснээр тухайн авто угаалгын газрын түрээслэн ажиллуулах боломжгүй болсон талаар Отэй холбоотой түрээсийн төлбөрт шилжүүлсэн өглөг авлагын асуудал шүүхээр шийдэгдээгүй, Даваасүрэнд хариуцагч О төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсан байгаа талаар болон Б.О нь “бриллант” нэртэй авто угаалгын газрыг Ган-Эрдэнэ, Даваасүрэн нарт түрээслэн гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрт 18.900.000 төгрөгийг Ган-Эрдэнээс, 30.000.000 төгрөгийг Даваасүрэнгээс авсан талаар тус тус мэдүүлсэн болно /2-р хх-111-115, 2019-04-12-ны өдрийн гэрч Даваасүрэнгийн мэдүүлэгийн тэмдэглэл/.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан яриа хуулсан 1 ширхэг CD-нд 2019-04-19-ний өдрийн огноотой 115 кв, 419 кв гэсэн бичлэг хуулагдсан ба тухайн яриаг хуралдааны танхимд тавьж хэргийн оролцогч нарт сонсгоход 4,28 сек, 1,13 сек үргэлжилсэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын яриа байх бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө утсанд бичигдсэн байсан яриаг хуулсан гэж тайлбарлаж байх боловч уг бичлэгүүд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар мөн хуулийн 38.5-д заасныг зөрчсөн буюу дуу бичлэгийг хууль бус аргаар хийсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх- CD-1 ширхэг/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 281.900 төгрөгийг, хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-с282.950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Зд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.3, 477.5-д заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрэээний эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн үндэслэлээр хариуцагч Б.Згоос 12.290.000 төгрөгийг, хамтран ажиллах гэрээний дагуу олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Балган овогт Батчулууны Г /УУ89061952/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г, Б.З нарын хооронд хийгдсэн тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 210.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г-сгаргуулж хариуцагч Б.Зд олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.900 /хоёр зуун наян нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг, хариуцагч Б.Згоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282.950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-с282.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Зд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.Я