Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ү.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К Б-” ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18 495 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Идэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.М- нь “К Б-” ХХК-ийн 989 дүгээр салбарын эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот орон сууцны санхүүжилтын гэрээ болон 366 тоот ажилчдын орон сууц санхүүжилтын гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9 дүгээр байрны 7 дугаар давхар, 52 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 1 өрөө байрны 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр буюу нийт 55 485 000 төгрөгөөр тооцон “К Б-” ХХК-тай тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл “К Б-” ХХК-иас 2013 онд 1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөг буюу нийт байрны үнийг 73 980 000 төгрөг болгож өсгөсөн байдаг. Ингэхдээ өмнөх байгуулсан гэрээг шинэчилж байгуулна, байрны зөрүү болох урьдчилгаа 30 хувийг төл гэж банкны удирдлагаас шаардсан. Ү.М- нь 2013 оны 10 дугаар сарын 30-нд 18 495 000 төгрөгийг дансаар төлсөн. Энэ мөнгө нь банкны зээл болох 55 485 000 төгрөгөөс огт хасагдаагүй. Хариуцагч нь уг мөнгийг байрны урьдчилгаанд төлсөн, үндсэн зээлээс хасагдах үндэслэлгүй гэж тайлбарладаг. Зээлийн эдийн засагч дотоод гүйлгээ хийдэг. “Би энд си” ХХК руу нэхэмжлэгч өөрөө шилжүүлэх гүйлгээ хийгээгүй, үүнтэй холбоотой баримт авагдаагүй. 18 495 000 төгрөгийг “Би энд си” ХХК руу шилжүүлэх Ү.М-гийн хүсэлт болон түүний гарын үсэгтэй баримт байхгүй. 2012 оны 5 дугаар сарын 21-нд Ү.М- нь “Би энд си” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2012 оны 3 дугаар сард банк нь 1 800 000 төгрөгөөр барилгын компанитай захиалгын гэрээ байгуулсан бол тухайн компани нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 сарын дараа иргэн Ү.М-тай 1 350 000 төгрөгөөр тооцон орон сууцны захиалгын гэрээ давхар байгуулах үндэслэл байхгүй. Захиалгаар орон сууц бариулах гэрээнд үндэслэж, 2012 оны 6 дугаар сарын 06-нд 55 485 000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөргүйгээр банк захиалгын гэрээ байгуулсан. 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 366 тоот гэрээний 3.1-д “1 м.кв үнэ 1 350 000 төгрөг” гэж тодорхой байгаа. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот зээлийн гэрээний 3.1-д “олгосон зээлийн хэмжээг 55 340 000 төгрөг” гэж заасан. Уг 2 зээлийн гэрээний сүүлийнх нь 1 жилийн дараа байгуулагдсан. 2012 оны зээлийн гэрээний хавсралтын төлбөрийн хуваарьт үлдэж байгаа үнийн дүнгээр 2 дахь гэрээ байгуулагдсан. 2012 онд нэхэмжлэгч нь “Би энд си” ХХК-тай 1 350 000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, энэ үнийн дүнгээр 366 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Гэтэл банк бол барилгын компани биш, 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөг болгосон нь үндэслэлгүй. 2013 оны 8 дугаар сард үнийн дүн өөрчлөгдөж байгаа асуудал нь Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн ипотекийн зээл батлагдсантай холбогдуулан банк өөрийн эх үүсвэрээс 100 хувь олгосон байсан зээлийг МИК-д багцаар зарж, мөнгөө гаргаж авах гэсэн ажиллагаа байдаг. МИК-ийн тавьсан журмын шаардлагад орон сууцны 30 хувийг төлөх ёстой байдаг. Банкнаас урьдчилгаа мөнгийг төл, эсхүл байраа өг гэдэг асуудал үүссэн. Бодит байдалд нэхэмжлэгчийн төлсөн 18 495 000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Барилгын үнийг банк тогтоохгүй, барилгын компани өөрөө тогтоох ёстой. Урьдчилгаа төлбөрт 18 495 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, банк өөрөө шилжүүлсэнийг зөвшөөрөхгүй учраас энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд хандсан. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул 18 495 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “К Б-” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажил олгогч болон ажилтан нар хоорондоо харилцан тохиролцож, 2012 оны 6 дугаар сарын 06-нд 366 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9-р байрны 7-р давхар, 52 тоотод байрлах 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж, 73 980 000 төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс 18 495 000 төгрөг нь байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь гэж үзсэн. Анх тохиролцсон ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд “1 м.кв талбайн үнэ 1 350 000 төгрөг” байсан. “К Б-” ХХК болон “Би энд си” ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д “1м.кв үнийг 1 800 000 төгрөг” гэж заасан байдаг. Ажиллагсдын орон сууцны зээл олгох зориулалт бол банкинд тогтвортой ажиллах нөхцөлд 1 м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг байсан. Гэтэл 2013 онд Засгийн газрын орон сууцны 8 хувийн санхүүжилтын журам батлагдаж, үүнтэй холбогдуулан ажиллагсдын орон сууцны зээлийн хүү жилийн 12 хувь байсныг 8 хувь руу шилжүүлсэн. 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу “1 м.кв үнийг 1 800 000 төгрөг” гэж дахин санхүүжилт хийсэн. Хэрвээ 8 хувийн зээлд хамаарахгүй тохиолдолд м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг, жилийн 12 хувийн хүүтэй байж болно гэдэг тохиролцоо байсан боловч нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 18 495 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. “К Б-” ХХК-ийн зүгээс ажиллагсдын орон сууцны гэрээний үнийг бөөнд нь шилжүүлсэн. Гэрээг шинэчилж хийнэ гэсэн тохиролцоо байсан учир дахин санхүүжилт хийсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь мөнгөө төлөхгүй байсан учир Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч талууд эвлэрсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. “Би энд си” ХХК болон Ү.М- нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалах гэрээ байдаг. Гэхдээ сүүлд дахин санхүүжилт хийж м.кв-ын үнийг 1 800 000 төгрөг болгоход Ү.М- өөрөө урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн учраас банк “Би энд си” ХХК руу шилжүүлсэн тул нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “К Б-” ХХК-иас 18 495 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 250 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудас 3 дугаар зүйлийн 2 дахь догол мөрөнд "Хэрэгт авагдсан “К Б-” ХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулгаар Ү.М-гийн тус банк дахь 2023002128 тоот зээлийн дансанд 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 18 495 000 төгрөгийг "орлого хийв" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх ба уг данс нь нэхэмжлэгчийн зээлийн данс мөн болох талаар дансанд дээрх дүн бүхий мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн талаар хариуцагч тал маргаагүй байна" гэжээ. Хариуцагч "К Б-" ХХК-ийн зүгээс зөвхөн энэхүү үндэслэлээр шүүхэд маргаан бүхий хариу тайлбар хүргүүлж, энэ талаар маргасан байхад анхан шатны шүүх дээрх үндэслэлээр буюу "хариуцагч тал маргаагүй" байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч Ү.М-г нь тус 18 495 000 төгрөгийг өөрөө хүсч сайн дураараа төлж, “К Б-” ХХК-ийн 2023002128 тоот дансанд төлсөн байдаг бөгөөд энэ нь депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нь нотлогдсон байдаг бөгөөд энэхүү нотлох баримтаар нотлогдсоор байхад шүүгч хэргийн гол маргааны үндэслэлийг үгүйсгэж, энэ талаар маргаагүй гэх үндэслэлээр үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тал бүрээс нь бодитой үнэлээгүй гагцхүү нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудас 3 дугаар зүйлийн 3 дахь догол мөрөнд "...2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг "Байрны урьдчилгаа шилжүүлэв Мухамедалт Үсип 52 тоот" гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр "Би энд си" ХХК-ийн 2000016786 тоот дансанд шилжүүлсэнийг орон сууцны урьдчилгаа үнийг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм" гэжээ. Ү.М- нь тус 18 495 000 төгрөгийг 2023002128 тоот дансанд төлөхдөө байрны урьдчилгаа төлбөр м.кв-ийн зөрүүг бүрэн мэдэж энэхүү мөнгийг төлсөн байх бөгөөд энэхүү төлбөрөө өөрийн дансаар дамжуулан төлсөн бөгөөд ингэж төлөхдөө өөрийн гарын үсэг болон холбогдох гүйлгээний баримтаар дамжуулан төлсөн байдаг ба энэхүү баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэсэн заалтыг илтэд зөрчин шүүгчийг төөрөгдүүлж баримт байхгүй мэтээр мэтгэлцсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хуралдааны явцад харилцагч талаас "депозит дансны харилцагчийн монгол хуулга" гүйлгээний баримт болох уу гэх асуултыг тавьсан бөгөөд энэхүү хуулга нь гүйлгээний баримт мөн бөгөөд гагцхүү харилцагчийн зөвшөөрлийг үндэслэж "Би энд си" ХХК-ийн 2000016786 тоот дансанд гүйлгээ хийгдсэн байдаг ба энэ талаар шүүгч үнэлэлт өгөлгүй дээрх дүгнэлт хийсэн нь мөн буруу шийдвэр болсон байна. Үүнээс гадна "К Б-" ХХК, "Би энд си" ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн "орон сууц захиалгаар бариулах гэрээ", "К Б-" ХХК. "Би энд си" ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "тооцоо нийлсэн акт" зэргийг бодитой үнэлээгүй бөгөөд Ү.М- нь энэхүү үрьдчилгаа төлбөрийг өөрөө хүсч өөрийн дансаар дамжуулан, өөрийн гарын үсгийг зурж "Би энд си" ХХК-ийн данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримтуудыг шүүгч харгалзан үзээгүй шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ болон нотлох баримтуудыг тус тус бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ү.М- нь хариуцагч “К Б-” ХХК-д холбогдуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18 495 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Нэхэмжлэгч Ү.М- нь “К Б-”-ны 989 дүгээр салбарт эдийн засагчаар ажиллаж байхдаа, “Би энд си” ХХК-тай 2012 оны 5 сарын 21-ний өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулж, “К Б-” ХХК-ийн захиалгаар бариулж байсан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 1 дүгээр орц, 52 тоотод байрлах, 41,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон, нийт 55 485 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 70-71-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Ү.М- нь “К Б-”-тай 2012 оны 6 сарын 6-ны өдөр 366 тоот, ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 55 485 000 төгрөгийг “К Б-”-наас зээлдэн авах, мөн өдөр орон сууцны санхүүжилтийн гэрээг “К Б-”, “Би энд си” ХХК-тай тус тус байгуулсан нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ болон бусад баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 6-15-р тал/

 

Нэхэмжлэгч Ү.М-гийн данснаас 2013 оны 10 сарын 30-ны өдөр 18 495 000 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар орон сууцны зээлийн 366 тоот гэрээний үүрэгт 57 794 384 төгрөгийг Ү.М-, М.Хуат нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “Би энд си” ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууц бариулах гэрээнд 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 55 485 000 болсон, мөн “К Б-”-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 55 485 000 төгрөгийн зээл авсан атал үндэслэлгүйгээр 18 495 000 төгрөгийг төлүүлсэн” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар болон давж заалдах гомдолдоо: “... “К Б-” болон “Би энд си” ХХК-ний байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 1м.кв үнийг 1 800 000 төгрөг гэж заасан ...” гэх боловч энэ нь нэхэмжлэгч Ү.М- болон “Би энд си” ХХК-ний байгуулсан 2012 оны 5 сарын 21-ний өдрийн гэрээний үүнийг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ү.М-гаас төлөгдсөн 18 495 000 төгрөг нь шүүгчийн захирамжийн дагуу төлөхийг зөвшөөрсөн 57 794 384 төгрөгөөс хасагдаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба хариуцагчаас үндэслэлгүйгээр олж авсан 18 495 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дансанд мөнгө орсон талаар маргасан байхад маргаагүй гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэжээ. Гэвч бодит байдалд 18 495 000 төгрөг дансанд орсон эсэхэд талууд маргаагүй, харин нэхэмжлэгч өөрөө хүсэж сайн дураараа мөнгийг төлсөн, эсхүл хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй түүний данснаас мөнгийг шилжүүлсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                                  А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                                                                        Г.ДАВААДОРЖ