Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү” ХХК/РД: /-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б миний бие 2012 онд Монгол Улсын их сургуулийн Мэдээллийн технологийн сургуулийг Компьютер график дизайны мэргэжлээр төгсөж, 2013-2014 онд Май Тэйч ХХК-д хэвлэлийн эх бэлтгэгч, 2014-2015 онд Римакс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газарт ерөнхий дизайнерын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан.

Үинд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтсийн маркетингийн дизайнераар ажилласан. Миний бие Үинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан.

Гэтэл Үны Гүйцэтгэх захирал Г.Одонтуулын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/349 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн “Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дизайнерийн орон тоог хассан” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилтан Б.Б миний ажиллаж байсан ажил, албан тушаалын нэршлийг өөрчилсөн болохоос Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтсийн маркетингийн дизайнерийн орон тоо бодитой хасагдаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “орон тоо хасагдсан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тoo хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарлажээ.

Үны бүтцээс ажилтан Б.Б миний ажиллаж байсан Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтсийн маркетингийн дизайнерийн ажил, апбан тушаапын ажлын байр үгүй болоогүй, “Дизайнер”-ийн ажил, албан тушаалын нэршлийг “мэргэжилтэн” гэж өөрчилсөн байна. Ажил, албан тушаалын нэршлийг ажил олгогчийн санаачилгаар өөрчилсөн нь ажилтан Б.Б надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр дуцалж, ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй тул ажлаас халсан ажил олгогч байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Иймд ажилтан Б.Б миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Үндэсний хөрөнгө оруулаптын банк” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Урьд эрхэлж байсан ажил, апбан тушаал болох Үны Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн албаны Дизайнерийн албан тушаалд эгуүлэн тогтоолгох;

Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх  хэмжээний нөхөн олговрыг гаргуулах,

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Ү” ХХК-д даалгуулах.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч М.Түмэннаст шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүтэц орон тоогоо өөрчлөөд, дизайнерын орон тоог алга болгоод, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой болсон. Энэ орон тоогоор ямар ажил үүргийг ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл энэ баримтаа үйлдээгүйгээр, чиг үүргээ ажилтнуудад гүйцэд хуваарилахгүйгээр гаргаж байгаа нь хууль бус үндэслэлгүй. Чиг үүрэг, ажлын байр, орон тоо хасагдсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин бүтэц өөрчлөгдсөн. Дахин бүтэц өөрчлөлтөөр орон тоо нь нэмэгдэж 3-4 хүнтэй болсон. 3-4 сарын зайтай хугацаанд бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа нь тодорхой хүмүүсийг ажлын байрнаас нь зөвхөн чөлөөлөх зорилго харагдаж байна. Түүнээс үнэхээр ажлын байрны чиг үүрэг алга болсон эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн шинээр ирсэн баримт дээр маркетингийн мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг харахаар нэхэмжлэгчийн үндсэн чиг үүрэг болох банкны мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгааны загваруудыг хэвлэлийн байгууллагаар хийлгүүлж, хяналт тавина гэсэн байгаа, 2.3.6-д заагдсан. Түүнчлэн маркетингийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтод мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгаа, реклам, салбар тохижилтын стандарт болон хэвлэлтэд хяналт тавина гэж байгаа. Улсын дээд шүүхийн зөвлөмжид зааснаар орон тоо хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаал байхгүй болохыг, өөрөөр хэлбэл энэ чиг үүрэг банкинд огт байхгүй болохыг хэлж байгаа. Гэтэл энэ чиг үүрэг нь байгаад байна. Энэ төрлийн чиг үүрэг компанид шаардлагатай нь харагдаж байна. Чиг үүрэг огт алга болсон зүйл байхгүй. Чиг үүрэг нь бүрэн гүйцэд хадгалагдаж, нэхэмжлэгчийн хийж байсан ажлын чиг үүрэг банканд зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээр орон тоо хасагдсан, ажлын байр огт байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй байна.” гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Азжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Бийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

ҮХОБанкны ТУЗ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/14 дугаар тогтоолоор тус банкны 2018 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол оруулж, баталсантай холбогдуулан банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ҮХОБанкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 тоот тушаал гарсан. Тушаалын дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М-18/10 дугаартай мэдэгдлийг Б.Бт мэдэгдэж хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон.

Иймд Б.Бийн “Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шинэ бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу Б.Бийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаал гарахаас өмнө шинэ бүтэц батлагдсаны дараа 10 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Бт 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэсэн мэдэгдлийг өгсөн. Ингээд 11 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гараад, тушаалдаа 11 дүгээр сарын 15-ны өдөр тасалбар болгоно гэж заасан. Тушаал гарсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу бүтэц орон тоонд өөрчлөлт орж, дизайнерын орон тоо хасагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн болон 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, бодлогыг биелүүлсэн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчид олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Банкны тухай хуулийн 3.1.3 дахь заалт нь агуулгаараа манай тохиолдолд 100 хувь таарахгүй байна Банкны бүтцэд өөрчлөлт оруулах, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн байдлыг сайжруулах, алдагдлыг багасгах, зохион байгуулалт, санхүүгийн болон бусад холбогдох арга хэмжээг гэдэг агуулгад ерөнхийдөө багтаж байгаа гэж үзэж байна. Банкны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд үндэслээд Компанийн тухай хуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Ажлаас халагдсан тэтгэмжийг өгсөн. Ажлаас халах тухай 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдээд, 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож байгаа гэж дурдсан байдаг. Хавтаст хэрэгт 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн акт авагдсан байгаа. Нэхэмжлэгч талаас сахилгын шийтгэл авч байгаагүй, ажил үүргээ сайн биелүүлж байсан гэдэг. Сахилгын шийтгэл авагдсан баримт хавтаст хэрэгт байгаа. Мөн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинэчилсэн бүтцээр 4 орон тооны хувьд ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт нь дизайнерын албан тушаалаас өөр. Мөн тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага нь өөр болсон байгаа. Үүнийг анхаарч үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан Бүтээгдэхүүн хөгжил, марктенгийн албаны дизайнерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Ү” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар бүтэц орон тоонд өөрчлөлт орж, дизайнерын орон тоо хасагдсан гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Бүтээгдэхүүн хөгжил, марктенгийн албаны дизайнерийн албан тушаалд ажиллаж байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № ХГ-01/16 Хөдөлмөрийн гэрээний болон № А0684372 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/349 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Дизайнерийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/349 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон ... нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан ...” гэж заасан.

 

Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18-03 дугаар Ээлжит хурлын шийдвэр, Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаар тушаалаар хариуцагчийн орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталж, маркетингийн алба нь 2/хоёр/ орон тоотой болж, дизайнерийн орон тоо хасагдсан болох нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18-03 дугаар Ээлжит хурлын тэмдэглэлийн болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № М-18/10 мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин бүтэц өөрчлөгдсөн, маркетингийн мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг харахаар нэхэмжлэгчийн үндсэн чиг үүрэг болох банкны мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгааны загваруудыг хэвлэлийн байгууллагаар хийлгүүлж, хяналт тавина гэсэн байгаа гэж маргаж байна.

Хариуцагчийн Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн хэлтэс нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1/нэг/ хэлтсийн захирал, 3/гурав/ мэргэжилтэн, 1/нэг/ харилцагчийн зөвлөх, нийт 5/тав/ орон тоотой болсон болох нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ/19-02 дугаар тогтоолын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/53 дугаар тушаалын болон Хавсралт № 01-ийн хуулбар, Маркетингийн хэлтсийн мэргэжилтний болон харилцагчийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна.

 

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан орон тоогоор дизайнерийн орон тоо батлагдаагүй болох нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ/19-02 тогтоолын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/53 дугаар тушаалын болон Хавсралт № 01-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маркетингийн мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг болох “... банкны мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгааны загваруудыг хэвлэлийн байгууллагаар хийлгүүлж, хяналт тавих ...” чиг үүрэг нэхэмжлэгчийн хариуцаж байсан чиг үүрэгтэй давхцаж байна гэж маргаж байна.

 

Хариуцагчийн маркетингийн мэргэжилтэн нь орон тоо хасахаас өмнө болон дараа “... банкны мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулах материал, сурталчилгаа рекламны эх загварыг боловсруулах ...” чиг үүргийг хүлээж байсан болох нь маркетингийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын болон маркетингийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн дизайнер болон маркетингийн ажилтан/мэргэжилтэн/-ы хэн аль нь “... мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулах материал, сурталчилгаа рекламны эх загварыг боловсруулах ...” чиг үүрэг хүлээж байсан болох нь дизайнерийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, маркетингийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын болон маркетингийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь дизайнерийн орон тоог дахин бий болгоогүй болох нь маркетингийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын болон маркетингийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн дизайнерийн орон тоо 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хасагдсан болох нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18-03 дугаар Ээлжит хурлын тэмдэглэлийн болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаар тушаалын хуулбар, маркетингийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын болон маркетингийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

  

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, марктенгийн албаны дизайнерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, марктенгийн албаны дизайнерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ